С.Эрдэнэ: Ирэх оны наймдугаар сарын 1-нээс хойш өргөдөл хүлээн авахгүй
- 2012-11-16
- Улс төр
- 0
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль өчигдрөөс эхлэн хэрэгжиж байгаа юм. Энэ талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.


Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль өчигдрөөс эхлэн хэрэгжиж байгаа юм. Энэ талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжиж эхэллээ. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хэр зэрэг хангагдсан бэ?
-Хуулийг тусгай журмаар зохицуулахаар хуульчилсан. Уг хуулийг хэрэгжүүлэх журмыг тухайн салбар хариуцсан сайд баталж мөрдүүлэхээр заасны дагуу бид 21 аймаг, есөн дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд ажлын хэсэг гаргаж удирдамж, заавар, зөвлөмж, танилцуулга хүргэх ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна.
-Хуулийн үндсэн зорилго, агуулгын талаар дурдвал?
-Ерөнхийдөө 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлэх буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил тасарсныг нөхөн тооцох, 1995- 2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, төлөх боломжгүй байсан иргэд, даатгуулагчаас төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлүүлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцох гэсэн үндсэн агуулгатай юм. Уг хуулийг баталж гаргах үндсэн шалтгаан нь 1990-1995 он буюу нийгмийн шилжилтийн он жилүүдтэй холбоотой. Үүнтэй холбоотойгоор тухайн үед олон үйлдвэр, аж ахуй, албан газрууд татан буугдаж өөрчлөгдсөн. Судалгаанаас үзвэл үүнээс үүдэн тухайн үед 300-гаад мянган хүн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн тооцоо бий. Эдгээр хүнийг ажлын байраар хангах, ажилласан жилийг нөхөн тооцох эрх зүйн боломжийг тухайн үеийн төр хангаагүй. Ингэснээр эдгээр иргэний ажилласан жил тасарч, үндсэндээ ирээдүйд учрах эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломжоо тодорхой хэмжээнд алдсан гэж үзэж байгаа.
-Иргэний хүсэлт гаргах хугацаа хэдий хүртэл үргэлжлэх вэ?
-Ажилласан жилээ нөхөн тооцуулах хүсэлтэй, шаардлагатай иргэд амьдарч буй газрынхаа нийгмийн даатгалын хэлтэст очиж, хуульд заасан баримтуудыг бүрдүүлэх юм. Тухайн хүний ажилласан жилийг нөхөн тооцох боломжтой эсэхийг тухайн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс судалж үзээд хуульд нийцэж байна гэж үзвэл ажилласан жилүүдийг нь нөхөн тооцож, бичилт хийн баталгаажуулна. Гэхдээ үүнд тодорхой хугацаа шаардлагатай. Тиймээс өнөөдрөөс эхлээд 2013 оны наймдугаар сарын 1 хүртэл хуулийн бүртгэл, судалгааны ажил явагдана. 2013 оны наймдугаар сарын 1-нээс хойш өргөдөл, хүсэлт хүлээн авахгүй. Учир нь хуулийн үйлчлэх хугацаа дуусч байгаа. Энэ хугацаанд бүртгэгдсэн иргэдийн судалгаа, тооцоог гаргаж ямар хугацаанд ажилласан жилийн нэмэгдэл гарч байна. Үүнтэй холбоотойгоор тэтгэвэр, тэтгэмжид ямар ямар эх үүсвэр шаардлагатай байгааг тооцож 2014 оны улсын төсөвт суулгаж, мөн оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын нэмэгдлүүдийг олгож эхэлнэ.
-Хүсэлтийг хүлээн авснаар иргэнд ямар боломжууд гарч ирэх вэ?
-Тухайлбал, ажилласан жилийг нөхөн тооцсоноор өнөөдөр халамжийн тэтгэвэр авдаг хүн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгож, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг хүн бүрэн тэтгэвэр авах боломжид шилжинэ. Бүрэн тэтгэвэр авч байгаа иргэдийн ажилласан жил нэмэгдсэнээр тэтгэврээ нэмэгдүүлэх боломжтой. Жилийн 1.5 хувиар ажилласан жил нэмэгдвэл тэтгэврийг нэмж тооцох хуультай. Энэ хуулиар явна. Тэгэхээр хуулийн хэрэгжилттэй холбоотой тэтгэврийн сангийн нэмэлт эх үүсвэр шаардагдана. Уг хууль хэрэгжсэнээр олон иргэний ажилласан жил нэмэгдэхээс гадна тэтгэврийн нэмэгдлүүд бий болно. Өнөөдрөөс бүртгэл эхэлж байна.
-Танай яамнаас уг хуулийн талаар иргэдэд мэдээлэл өгөхөд чиглэсэн ямар ажил зохион байгуулж байна?
-Бид ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай иргэдэд зориулсан гарын авлага гаргаж хууль, үүнийг хэрэгжүүлэх журам, иргэдээс байнга асууж байгаа 10-аад төрлийн асуултыг хариулттай нь нийтэлсэн. Иргэд энэ номоос бүрэн мэдээлэл авах боломжтой. Бүх аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүдэд хүргэгдсэн. Өнөөдрөөс эхлэн иргэдэд үнэгүй олгогдоно.
-Цаашид хууль хэрэгжиж эхэлснээр улсын төсөвт хэр ачаалал үүснэ гэж тооцож байна. Ерөнхий барагцаалсан тооцоо бий юу?
-Улсын төсвийн ачааллыг урьдчилж хэлэх боломжгүй. Учир нь өнөөдрөөс эхлээд ирэх оны наймдугаар сарын 1 хүртэл хэдэн иргэн уг хуульд хамрагдаж, дунджаар хэдэн жил ажиллаж, шимтгэл төлсөн, хэдэн жил нэмэгдэх вэ гэдэг бүх нарийн судалгаа гарсны дараа 2014 оны төсөвт суулгах мөнгөн дүн гарна. Урьдчилж гаргах боломжгүй учраас 2013 онд төсвийн эх үүсвэр тавиагүй юм.
Ц.ЖАРГАЛ

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)