С.Дэмбэрэл: Засгийн газарт хэт бяр амтагдах шинж тэмдэг ажиглагдаж байна
- 2012-11-29
- Улс төр
- 0
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Парламентад хамгийн ам бүл цөөнтэй ИЗННаар сонин юу байна даа. Орон нутгийн сонгуульдаа хэр оролцов?
-Би сүүлийн үед эрүүл мэндийн шалтгаанаас болоод ажилдаа хэсэг хугацаанд ирээгүй. Гэхдээ миний авсан мэдээллээр орон нутгийн сонгуульд манай намаас 28 хүн сонгогдсон гэсэн. Ихэнх нь аймаг, дүүргээс сонгогдсон. Чамлахаар чанга атга л гэж бодож байна. Бидэнд орон нутгийн сонгуульд оролцоход санхүүгийн бэрхшээлээс шалтгаалсан зүйл бий. Хэвлэл мэдээллээр өдөр болгон нэр дэвшигчдээ танилцуулаад байх боломж байхгүй.
Сурталчилгаа муу байсан. Мөн бүх тойрог дээр хүн нэр дэвшүүлээгүй. Тийм боломж ч байхгүй. Яагаад гэвэл бид дөнгөж хөлөө олж байна шүү дээ. Ямартай ч УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн зохион байгуулалтын ажлын үр дүнд хэдэн суудалтай боллоо. Сонгуулийн үр дүнг намынхаа Улстөрийн зөвлөлөөр удахгүй ярилцана. 2016 оны сонгуулиар ИЗНН-ыг Монгол Улсын улстөрийн гурав дахь хүчний төвшинд аваачихын тулд үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
-ИЗНН байгуулагдаад удаж буй улстөрийн хүчин шүү дээ. Яагаад дөнгөж хөлөө олж байгаа гэж дүгнэж байгаа юм?
-Орон нутагт гэдэг утгаар нь тэгж хэлж байгаа юм. Бидэнд орон нутагт хөл хэрэгтэй байна л даа. Бүх аймагт ИЗНН-ын салбар байхгүй. Бид цоо шинэ хандлага буюу хатуу намын гишүүнчлэлээс салъя гэж ярилцаж байгаа. Энэ талаар өөрсдөө үлгэр жишээ үзүүлээд бусад улстөрийн намд хандан уриалсан. Ард иргэдийн санаа сэтгэлд нийцсэн тийм дэмжих хүчийг хөл гэж нэрлэж байгаа. Хөл гэдэг нь заавал ИЗННын гишүүн байх албагүй гэсэн үг.
Ингэснээр Монгол Улсын ард иргэдийг намын харьяаллаар нь талцуулдаг эрүүл бус системийг үгүй болгоно. Ер нь бусадтай уралдаж, аймаг, сум болгонд туг, далбаа мандуулж үүр байгуулах нь хэр зөв бэ гэдэгт би шүүмжлэлтэй ханддаг. Тиймээс цаашид нөхөдтэйгөө ярьж байгаад намын хатуу гишүүнчлэлгүй болгох талд ИЗНН ямар санаачлага гаргаж болох вэ, улстөрийн бусад ямар намтай хамтрах уу гэдэг асуудлыг илүү барьж авах нь зүйтэй гэж үзэж байна.
-Парламентад цөөн суудалтай намууд өөрсдийгөө бид гурав дахь хүчин гэж нэрлэх болж. ИЗНН-ын хувьд улстөрийн гурав дахь хүчин болох бололцоо хэр байна вэ?
-Ер нь нэг, хоёр, гуравдугаар гурил гэдэг шиг ингэж ангилж болохгүй л дээ. Яахав хоёр намын тогтолцоо голлосон орнуудад гурав дахь хүчин гэдэг томьёолол байдаг. Гэхдээ миний бодлоор ИЗНН, тэр тусмаа ногоон үзлийг Монгол Улсад анх хэрэгжүүлж, санал болгон Ногоон хөгжлийн яамыг байгуулсан, иргэний эрх чөлөө, тэр дундаа эдийн засгийн эрх чөлөөний талаар хамгийн бодитой бөгөөд дорвитой дуугардаг намын хувьд энэ бол хамгийн бололцоотой асуудал.
Үүнийг ч ард түмэн хүсэн хүлээдэг. Өөрөөр хэлбэл, онолын хувьд бидэнд тэргүүлэгч хүчин болох бүрэн боломж бий. Дээр дурдсан иргэний эрх чөлөө, ногоон хөгжил гэх мэт хүнд мэдэгдэхүйц үйл ажиллагаа явуулаад байвал 2016 оны сонгуульд ямар ч гэсэн Монголын ард түмний саналыг татаж бусад намтай эн тэнцүү өрсөлдөх боломжтой.
-Намын рейтинг, нэр хүнд бол чухал үзүүлэлт. ИЗНН ийм үзүүлэлтээрээ гурав дахь хүчин болж чадах уу?
-Ямар ч гэсэн иргэд маань ногоон хөгжил, эдийн засгийн эрх чөлөөний төлөө саналаа өгдөг болоосой гэж ч бид хүсч байгаа. Энэ нь ч бодит амьдрал дээр асар олон зүйлээр илэрдэг. Бид бусад намыг бодвол өндөр өсөлт ярьдаггүй. Гагцхүү иргэдийн оролцоотой эдийн засгийн үйл ажиллагааг л чухалчилдаг.
Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зүгээр мөнгө олгох биш тэдний бодол сэтгэлийг ажиллуулах талд анхаардаг. Мөн ахмадуудаа тэтгэвэрт гаргаад орхих бус тэдний мэдлэг чадварыг бусдадаа түгээх ёстой гэдэг үүднээс олон ажил хийсэн. Энэ мэтээр жижиг, дунд бизнес эрхлэгчид, иргэдийн хөдөлмөрийн оролцоо, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд гээд бүгд багтаж байгаа.
Бидний хэлээд байгаа эдийн засгийн хөгжил ийм зүйлээр цааш урагшлах ёстой. Түүнээс дээр нэг их том сан байгуулаад тэр нь доошоо явдаг зүйл биш шүү дээ. Харин доороос гарсан санаачлага болгон оролцоотой дэмжигддэг байх ёстой. ИЗНН-ыг хоёр гишүүнтэй л гэдэг. Гэтэл бидний ард олон мянган дэмжигч бий.
-Сүүлийн үед хоёр гишүүн маань харагдахаа болилоо. Хаагуур яваад байна вэ?
-Би бол байдгаараа яваад л байна. 09.00 цагт ажилдаа ирээд орой 17.00 цагт явдаг сахилга баттай гишүүн биш. Яг хариуцлагатай, шаардлагатай асуудал хэлэлцэхэд л суудаг. Гол нь тэнд үзэгдэх нь чухал биш, бүтээлч оролцоо талаасаа асуудалд хандаж байгаа. Харин С.Оюуны хувьд зөвтгөх шалтгаантай. Гүйцэтгэх засаглалын гишүүн учраас ихэнх цагаа яаман дээрээ өнгөрөөж байгаа л даа.
-Тэгэхээр гишүүнийх нь ажил цалгардаад байгаа юм биш үү?
-Цалгардаж гэж үзэх нь хаашаа юм. Ерөнхийд нь хараад байхад хоёр албыг үр дүнтэй зохицуулах л ёстой байх. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хаших нь буруу гэж зарим хүний шүүмжилдэг нь зөв ч байж магадгүй. Гэхдээ энэ асуудлыг бид шийдэхгүй шүү дээ. Олонхи л шийднэ. Одоо УИХ дээр аливаа асуудлыг хэлэлцэхэд олонхиороо шууд гараа өргөчихдөг болохоор бид яаж ч чадахгүй. Энэ бол миний хувьд давагдашгүй хүчин зүйл гэсэн үг.
-Яг одоогийн улстөрийн нөхцөл байдлыг Та хэрхэн харж байна вэ?
-Орон нутгийн сонгуулиар Ардын нам, АН хоёр гарлаа. Миний бодлоор эрүүл өрсөлдөөн үүсээсэй л гэж бодож байна. Гэхдээ Ардын нам гарсан газруудад зүүний үзэл хэрэгжинэ, АН гарсан газруудад барууны үзэл хэрэгжинэ гэсэн зүйл байхгүй шүү дээ. Энэ хоёр хамтрахаас өөр аргагүй. Засагт Ардын нам ороогүй ч орон нутагт ийм байдал гарч байгаа нь сонин. Энэ чинь л ард түмний сонголт шүү дээ. Эл үйл явдал бол ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьсан л засаглалын бүтэц үйл ажиллагаа байгаасай гэж үзэж байна.
-Орон нутгийн сонгуулийн үеэр Дорнод аймагт ИЗНН-ын хоёр нэр дэвшигчийн нэрийг саналын хуудаст бичээгүй. Асуудлыг яахаар болсон бэ?
-Манай намын ерөнхий нарийн бичгийн дарга холбогдох газарт өргөдөл гаргаад зохицуулсан.
-Маргааш \өнөөдөр\ УИХ бүл нэмнэ. Зарим хүнийг хууль бусаар УИХ-д суух нь ээ гэсэн яриа ч гарч байгаа. Та ямар байр суурьтай байна вэ?
-Надад ямар нэгэн байр суурь байхгүй.
-Яагаад?
-Яагаад би байр сууриа илэрхийлэх ёстой гэж. Хэн, хэн орж ирэх гэж байгаа талаар би мэдэхгүй шүү дээ. Хэвлэл мэдээллээр л нэг хэсэг нь зөвшөөрөөд, нөгөө хэсэг нь эсэргүүцээд байгаа талаар ярьж байсан. Улстөрийн намуудын болон иргэд хоорондын хувийн үзэл бодлыг Дэмбэрэл гэдэг хүн эндээс энэ нь зөв, буруу гэж тайлбарлах ёсгүй. Түүнийг шийддэг байгууллага бий. Тэрхүү шийдвэрийг нь буруу, зөв гэж тогтоодог байгууллага ч бий шүү дээ. Энэ бүх байгууллагын эцсийн дүн гарсны дараа л зөв бурууг хувь хүний үүднээс хэлнэ. Түүнээс биш улстөрчийн үүднээс тийм зүйл ярих ёсгүй.
-ИЗНН-ын гурван дарга хэр гар нийлж байгаа вэ. Д.Энхбат дарга байгаа юу?
-Манайх чинь бас нэг шинэ юм хийчих санаатай хамтын удирдлагын зарчмыг бий болгосон. Гэтэл зарим нь гурван толгойтой нам гээд л муулаад байна лээ. Гэтэл амьдрал дээр энэ зарчмаар явахад болж л байна. Тухайлбал, би дэмжигчид, эдийн засгаа хариуцдаг. Д.Энхбат намын дарга хэвээрээ л байгаа.
Гэхдээ намынхаа ажлаас илүү хувийн шалтгаан буюу бизнесийн томоохон төсөл хэрэгжүүлж байгаа. Түүндээ гол анхаарлаа хандуулаад намын ажилдаа хараахан цаг зарцуулж чадахгүй л байна. Ийм зарчмаар явах нь амар л юм байна. Олон ажилд оролцохгүй өөр өөрийнхөө хариуцсан ажлыг хийчихдэг.
-АН дангаараа засаг барих санаатай байгаа гэсэн яриа энд тэндгүй л цухалзаж байх шиг?
-Гадуур тийм яриа байгаа гэж үү дээ. Хэрвээ тийм яриа гадуур байгаа бол миний бодлоор тэгэхгүй байх аа. Тийм боломж эрх зүйн хувьд гарч ирлээ гэхэд бодлого, алсыг харсан стратеги талаасаа АН тийм алхам хийхгүй.
-Тэр ч бүү хэл ИЗНН АН-тай нэгдэх нь гэсэн яриа ч байна шүү дээ?
-Би дэл сул болон аман ярианд хариулт өгдөггүй л дээ. Тийм асуудал манай нам дээр албан ёсоор яригддаггүй. Харин ганц нэг хүн тийм саналтай байдаг л юм билээ.
-Орон нутгийн сонгууль дуусаад одоо Ерөнхийлөгчийн сонгуульд намууд анхаарлаа хандуулж эхэллээ. ИЗНН энэ талаар ярьж эхэлсэн үү?
-Манай нам энэ бүх асуудлаа Үндэсний хорооны хурлаар шийддэг. Одоогоор манайд энэ асуудал яригдаагүй.
-Та эдийн засагч хүн. Харин одоо хэр сайн улстөрч болж байна вэ?
-Ямар ч гэсэн хичээлдээ яваад л байна. Ирэх дөрвөн жил онц сурахыг л бодно доо.
-Танай намтай хамтран байгуулсан Засгийн газрын 100 дахь хоног тохиож байна. Энэ хугацаанд хэр үр бүтээлтэй ажилласан гэж Та дүгнэж байгаа вэ?
-Би Засгийн газарт ордоггүй ч гэсэн УИХын гишүүний хувьд хэлэхэд Засгийн газар нэлээд амбицтай том том реформуудыг эхлүүлсэн. Тухайлбал, бизнес эрхлэх орчинтой холбоотой хүнд суртлыг арилгах, тусгай зөвшөөрлийг хоёр дахин бууруулах гэхчилэн олон асуудлыг шийдэхээр болж байна.
Монгол Улсын нүүр царайг дандаа халтар харагдуулж байдаг асуудлыг сайжруулах зорилгоор дөрвөн ажлын хэсэг байгуулсан. Тэр ажлын хэсэгт би ч гэсэн оролцож байгаа. 100 хоногт хийсэн үйл ажиллагааг ерөнхийд нь харахад олон түмэн өөрийнхөө үйл ажиллагаа, оролцоог хангасан механизмыг бүрдүүлж чадлаа.
Гэхдээ энэ нь урт настай байх ёстой. Мөн засаглалын бүтэц, яам, агентлаг дээр миний бодлоор бүрэн реформ хийж чадаагүй. Үүн дээр ч цаашид реформ хийгдээсэй гэж бодож байна. Мөн инфляцийг дарахаар Монголбанк, Засгийн газар ханцуй шамлан орсон. Энэ ажил үр дүнтэй болоосой гэж хүсч байна. Энэ мэтчилэн нүдэнд харагдаж буй ажлууд байна. Харин өөр юу хийсэн юм бол доо, би сайн мэдэхгүй байна.
Тайлан уншаад ингэсэн байна гэж дүгнэдэг хүн биш л дээ. Надад мэдэгдэж, мэдрэгдэж байгаа бүхэн бусад хүмүүст мэдрэгдэх ёстой. Бүхий л Засгийн газарт ажиглагддаг нэг дутагдал харагдаж байна. Энэ бол цамаархах явдал. Өөрөөр хэлбэл, цатгалан байх гэдэг ч юм уу, хэт бяр амтагдах гэж хэлж болно. Ийм шинж тэмдэг ажиглагдаж байна. Мөн маргааш, өнөөдрийн асуудлын балансыг муу олоод байх юм. Маргаашид хэтэрхий анхаараад байдаг. Гэтэл бидэнд өнөөдөр л чухал шүү дээ.
Д.МЯГМАРСҮРЭН

Сэтгэгдэл (2)
(202.9.47.131)
ih buurunhii nuhur duu
ИЗНН-ыг дэмжигч (202.126.89.160)
Бас л сайхан худлаа залж байна даа. Ногоон хөгжил гэдэг нь байгаль орчин + ногоон гэсэн үгнээс илүү өргөн утгатай шүү. Та дахиж жаахан юм уншсан нь дээр байх. Ер нь та сургаар мх мэдэмхийрэхээ болиод толгойгоо жаахан цэнэглэмээр юм