Ч.Ганхуяг: Бондыг амлалт биелүүлэх зорилгоор ашиглавал өрийн дарамт болж үлдэх аюултай
- 2012-12-04
- Улс төр
- 0
Монгол Улс түүхэндээ анх удаа Засгийн газрын бондыг дэлхийн зах зээлд амжилттай арилжаалсан. Энэ нь Засгийн газар таван тэрбум ам.долларын бонд гаргах ажлынхаа эхлэлийг амжилттай хийлээ гэсэн үг. Харин энэхүү их мөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулах, бонд гаргаснаар манай улсын эдийн засагт ямар давуу тал бий болох, ямар эрсдэл хүлээж байгаа талаар Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягийн байр суурийг сонирхлоо.

Монгол Улс түүхэндээ анх удаа Засгийн газрын бондыг дэлхийн зах зээлд амжилттай арилжаалсан. Энэ нь Засгийн газар таван тэрбум ам.долларын бонд гаргах ажлынхаа эхлэлийг амжилттай хийлээ гэсэн үг. Харин энэхүү их мөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулах, бонд гаргаснаар манай улсын эдийн засагт ямар давуу тал бий болох, ямар эрсдэл хүлээж байгаа талаар Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягийн байр суурийг сонирхлоо.

-"Чингис" бондын мөнгийг юунд зарцуулах эсэхээр манай улсын хөгжил хэмжигдэх нь дамжиггүй. Энэ мөнгө эдийн засагт орж ирснээр ямар үр дүн авч ирэх бол?
-Өмнө нь манайд нэг дор ийм их хэмжээний бэлэн мөнгө оруулж ирж байсан түүх байхгүй. Өнгөрсөн хугацаанд бид хаалттай хэлбэрээр дотооддоо бонд арилжаалах ажлыг 2008 оноос эхлүүлсэн. Мөн Хөгжлийн банк баталгаа гаргаж 2010 онд 500 сая ам.долларыг гаргасан. Мэдээж энэ бондын давуу тал гарч ирнэ.
Гэхдээ зөв удирдвал шүү дээ. Дэд бүтэц, төмөр зам аймгуудыг холбосон автозам, цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр, нисэх буудал гэх мэт бүтээн байгуулалтын ажилд энэ мөнгийг зарцуулбал ашигтай. Харин улстөрийн амлалт биелүүлэх зорилгоор ашиглавал бидний болон үр хүүхдийн маань нуруун дээр өрийн дарамт болж үлдэх аюултай.
Нэг талаас энэ асуудалд шийдвэр гаргасан нөхөд хариуцлагатай хандах ёстой. Нөгөө талаас парламент жинхэнэ утгаараа цөөнхтэй болж, хяналттай болбол илүү ил тод, ойлгомжтой, тунгалаг болно. Энэ бол зөвхөн эрх барьж байгаа аль нэг намын ашиг сонирхлын асуудал биш. Монгол Улсын хойч ирээдүйд том үр нөлөө авч ирэх шийдвэр юм.
-Эрх баригчдын зүгээс бонд арилжаалсан мөнгөөр шинэ бүтээн байгуулалт, дэд бүтэц, төмөр зам, хатуу хучилттай зам барих, уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах гэсэн ерөнхий жагсаалт хэлж байгаа нь учир дутагдалтай биш үү?
-Одоо тэгж хэлж байгаа боловч бүдүүн тоймоор ярих нь учир дутагдалтай. Төслүүд бэлэн байх ёстой. Яагаад гэвэл энэ мөнгө арванхоёрдугаар сарын 5-нд орж ирэх үеэс л бид хүү төлж эхэлнэ. Жилдээ монгол мөнгөөр бол 100 орчим тэрбум төгрөгийн хүү гэсэн үг. Өдөрт 25 сая төгрөг орчим болж байна уу даа.
-Зарим эдийн засагч таван тэрбум ам.долларыг ахадсан тоо гэж үзээд байгаа?
-Би дэд сайд байхдаа бонд гаргах талаар нэлээд хөөцөлдсөн. Харамсалтай нь тухайн үед боломж гаргаагүй. Хамтарсан Засгийн үед би "Чоно" бонд гэж гаргая гэж гадаад, дотоодын хэвлэлүүдээр их ярьсан. Ер нь бонд гаргана гэдэг бол хөгжлийг хурдасгах хэлбэр юм. Өнөөдөр Монголын эдийн засагт түгжрэл үүсгээд байгаа зүйлд зарцуулах ёстой. Тухайлбал, Нарны гүүрийг япончууд барилаа.
Үүнийг барьснаар эдийн засгийн эргэлт, хурдад яаж нөлөөлж байна гэдгийг тооцож болно. Жишээлбэл, өглөө ажилдаа очихын тулд бүтэн цаг зарцуулдаг байсан хүн 30 минут хэмнэснээр хагас цагийн хугацаанд үйлдвэрлэж, хийж бүтээх зүйл нь нэмэгдэнэ гэдэг утгаар ч юм уу, арай бага шатахуун түлш зарцуулна гэдэг байдлаар нь ч авч үзэж болно.
Үүнтэй адил шууд бус нөлөөлөл үзүүлдэг хөрөнгө оруулалтууд байгаа. Төмөр замаар нүүрсээ гуравдагч хөршид тээвэрлэх боломж бүрдэнэ гэдэг нь хөгжлийн чухал түлхэц болно. Энэ мэт байдлаар авч үзвэл бонд гэдэг нэг талдаа хариуцлага, нөгөө талаар эдийн засгийн бүтээмжийг бий болгож, 20, 30 жилийн дараа бид үр ашгийг нь хүртсээр байх болно. Хамгийн гол нь зөв зарцуулах ёстой.
-Монголын нэр хүнд дэлхийд сайн байгаа нь бондын арилжаанаас харагдаж байна. Энэ нь манай улсын хувьд том боломж ч байж болох юм. Тийм үү?
-Манай улсыг гаднынхан хангалттай үнэлж байна. Тийм учраас дээр хэлсэнчлэн зарцуулалтдаа анхаарах хэрэгтэй. Нэг удаа нэр хүндээ унагавал Грек, Португал, Испани зэрэг улсын араас хүссэн хүсээгүй орно. Амьдрал дээр хүртэл тэр нөхөр надаас мөнгө авчихаад өгөөгүй гэж гудамжинд яривал дахин тэр хүнд мөнгө өгөх хүн тухайн гудамжинд лав олдохгүй.
Үүнтэй адил чанаргүй зээлдэгч болж хувирна. Өөрөөр хэлбэл, бид энэ мөнгөө буруу зарцуулбал өрөнд унаж, өрөө дарж чадахаа байвал өнөө хүртэл үүний төлөө тэмүүлсэн олон хүний хүсэл мөрөөдлийг талаар болгоно гэсэн үг. Түүхэн үйл явдал бол түүхэн л үйл явдал байх учиртай.
-Засгийн газар бондоор зээл авлаа. Харин үүнийг дагаад хувийн хэвшлийн нэр хүнд, хандлагад өөрчлөлт орох болов уу?
-Өөрчлөлт гаралгүй яах вэ. Засаг өөрөө бондоор зээл авна гэдэг маань хувийн хэвшил очоод зээл авахад боломжтой болно гэсэн үг. Одоо хувийн компаниуд гаднын зах зээл дээрээс мөнгө босгож чаддаггүй, зөвхөн хувьцаагаа л зардаг. Харин энэхүү үйл явдал суурийг нь тодорхойлж өгч байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газар дөрвөн хувиар таван жилийн хугацаатай мөнгө босговол дараа нь Монголын нэг компани очоод таван жилийн хугацаатай мөнгө босгохдоо тухайн компанийн эрсдэлийн хэмжээг нэмээд 6.1 хувиар зээлдэх жишээтэй. Энэ бол нэг давуу тал нь болж байгаа юм. Иймээс үндсэндээ нэг намыг дэмждэг компани тендер авдаг явдлыг цэглэх хэрэгтэй.
Учир нь бид үүнийг босгохын тулд олон Засгийн газар, олон УИХ ажиллаж, хуулийн орчноо бүрдүүлж, Монгол Улсын нэр хүндийг өндөрт гаргах гэж маш уйгагүй ажилласан. Биднийг хэн ч тоодоггүй байхад л ингэж зүтгэдэг байсан. Уулзалт зохион байгуулахад 20 хүн хүрч ирчихээд 20, 30 мянган ам.долларын хөрөнгө оруулалтын тухай яригддаг байсан. Энэ бол 2001-2004 онд шүү дээ.
-Монгол Улс тогтвортой, найдвартай бизнес хийж болох юм байна гэсэн үнэлгээг олж авч чадсан гэж ойлгож болох уу?
-Ийм ойлголтыг төрүүлэхийн л тулд маш олон хүн ажилласан. Түүнээс биш энэ Засгийн газрын дангаараа гаргасан зүйл биш гэдгийг олон хүн мэднэ.
-Монгол Ардын Нам засаг барьж байхдаа бондын тухай ойлголтыг шинэ төвшинд гаргаж тавьсан. Таныг "Чоно эдийн засаг" хэмээх лекц уншиж байхыг чинь хүртэл мэдэх юм. Гэхдээ одоогийн тоймчдын бичиж буй нийтлэлүүдийг ажиглахад Монголын нэр хүнд сайн байгаа нь сайн засаглалаас биш байгалийн баялаг, тогтоогдсон нөөцөөс шалтгаалж байна гэж үзэх нь илүү давамгайлдаг юм билээ?
-Байгалийн баялаг бол байсан зүйл. Одоо орчин нь л чухал. Ардчилсан улс гэдгийг хүлээн зөвшөөрчихлөө. Хэн ч Монгол бол ардчилсан улс биш гэж хэлэхгүй шүү дээ. Харин тийм болгох гээд байгаа сонирхолтой хүн цөөнгүй байгаа байх. Хэт хүчээр далайлгах, шүүх эрх мэдэл, хүчний байгууллагыг ашиглаж улстөрийн зорилгодоо хүрэх тийм ойлголтыг төрүүлэхүйц үйл явдлууд болж байна.
Гэхдээ 20 гаруй жил яваад ирсэн зам, зах зээл үйлчилдэг гэдэг итгэлтэй болгосон учир сүүлийн хэдэн сарын үйл явдал үүнийг арчиж чадахгүй байгаа юм. Одоо бол хувийн хэвшил дээр очоод "Чи үнээ хөдөлгөж байна, хэдэн зуун сая төгрөгөөр чамайг торгоно" гээд яг социализмын үе шиг авирлаж байгааг гаднынхан мэдэх юм бол гайхна шүү дээ.
Очоод л хувийн хэвшил, үндэсний хэдэн компаниудаа дээрэмддэг, хаадаг, бүр хөл гарыг нь боодог тийм улс болж байгаа юм шиг мэдрэмж төрөхүйц хэмжээний үйлдэл бол бий. Тэрийг бидний шилжилтийн үе дуусаагүй, цаашид төлөвших үйл явц л явагдаж байна гэж ойлгохоос өөр аргагүй.
Д.БУЛГАН

Сэтгэгдэл (2)
(112.72.12.23)
tegeed duraaraa unee nemeed baihu malaa
зочин (103.10.21.109)
Ганхуяг аа чи 2009 оны 5 дугаар сард хятадын нэгэн хэсэг хүмүүстэй хуйвалдан нэг дүгээр төрөхийн өмнө байдаг зочид буудлаар хоног төөрүүлж байснаа яриад байна уу? Тэр тухай яривал чи АТГ-т шалгуулах байх шүү