Ч.Улаан: Төлөвлөснөө хэрэгжүүлэхгүй бол дахиад олон улсын зах зээлд гарах боломжгүй

    Засгийн газраас гаргаж буй бондын талаар Сангийн сайд Ч.Улаанаас тодрууллаа.
    Засгийн газраас гаргаж буй бондын талаар Сангийн сайд Ч.Улаанаас тодрууллаа.

-Засгийн газрын бондоор эдийн засгийн үр ашигтай төслийг санхүүжүүлнэ гэсэн. Чухам ямар төслийг санхүүжүүлэх вэ?

-Маш энгийнээр тайлбарлавал эдийн засгийн өндөр үр ашиг авчрах, тухайн үр ашгаараа авсан зээлээ төлж, эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх, төсөвт орлого оруулах төслийг хэлж байгаа юм. Тухайлбал, төмөр замын төсөл байж болно. Манай улс асар их байгалийн баялагтай. Уг баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж олон улсын зах зээлд хүргэхийн тулд хамгийн наад зах нь далайд хүргэх ёстой. 

Энэ ажлыг төмөр замаар л хийнэ. Оюутолгой, Тавантолгой гэх мэт том ордууд эдийн засгийн эргэлтэд ороход бидний жилдээ тээвэрлэдэг ачаа, тээшийн хэмжээ 4-5 дахин нэмэгдэнэ. Төмөр зам бол асар их ажил амжуулж, эргээд ашгаа өгдөг салбар юм. Тиймээс эхний ээлжинд 1800 километр төмөр замыг Монголын нутаг дэвсгэрт барих төслүүдийг боловсруулж байна.

Мөн эрчим хүчний төслийг дэмжинэ. Дотоодын хэрэгцээг хангаж дээрээс нь шинэ хөрөнгө оруулалт бий болгох, уул уурхайн олборлолт, цогцолборын хэрэгцээг хангаж, гаднаас импортоор авахыг орлож чадах эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнээс гадна нүүрс, нефть ашиглаж дотооддоо шатахуун, бензин, түлш үйлдвэрлэх төслийг дэмжинэ.

Ингэснээр нэгдүгээрт, бид байгалийн баялгаа оновчтой ашиглана. Хоёрдугаарт, гадаад улс орнуудаас хамааралгүй байх бололцоо бүрдэнэ. Дараа нь зэс, төмөр хайлуулах үйлдвэр байгуулна. Эдгээрийг эдийн засгийн өндөр үр ашигтай төсөл гэж үзэж байна. Гэхдээ эдгээр төслийг сонгон шалгаруулна. Өнөөдөр сонгон шалгаруулах төслүүдийн түрүүч нь ирж байна.

-Засгийн газрын бондын хүүг өндөр байна гэсэн шүүмжлэл гарч байна. Тухайлбал, хүү нь 3.5 хувиас хэтэрвэл Монголд ашиггүй гэж зарим эдийн засагч хэлж байгаа. Үүнд хариулт өгөөч?

-Монгол Улсад Засгийн газрын шугамаар авч ашиглах хөнгөлөлттэй зээл, тусламжийн хүү гурван хувьд багтвал үр ашигтай гэсэн эдийн засагчдын дүгнэлт бий. Эдгээр зээл, тусламж ихэвчлэн нийгэм, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, төрийн болон төсөвт байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгддэг.

Бидний одоо авч байгаа бондын эх үүсвэр эдийн засгийн өндөр үр ашигтай төсөлд очих юм. Ингэхээр хоёр өөр зориулалтаар ашиглагдахаар байгаа биз. Өндөр үр ашиг өгдөг үйлдвэрт очиж байгаа зээлийг нийгмийн салбарын сургууль, эмнэлэг, цэцэрлэгт очдог зээлтэй харьцуулж дүгнэлт хийж болохгүй.

-Бондыг дэлхийн зах зээлд арилжаалахын тулд хэрхэн ажиллав?

-Бонд арилжихад Засгийн газраас Сангийн сайд, Эдийн засаг хөгжлийн сайдаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй хоёр ажлын хэсэг гарч ажилласан. Энэ ажлын бүрэлдэхүүнд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамнаас гадна Монголбанкны ерөнхийлөгч, Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банк, яамдын ажилтнууд оролцлоо.

Ер нь бонд арилжина гэдэг дуудлага худалдаа явуулдаг шиг индэр дээрээс алх цохихоос арай өөр. Наана нь хөрөнгө оруулагчидтай уулзаж бодлого, зорилго, үр ашиг, бондыг эргээд хэрхэн төлөх вэ гэдэг талаар яриа, хэлцэл өрнүүлдэг. Ингэж харилцан бие биеэсээ бүрэн дүүрэн мэдээлэл авч итгэл үнэмшил олох ажлыг эхлэн зохион байгуулдаг.

Бид 14 хоногийн хугацаанд 50-60 удаа уулзалт хийлээ. Нэг өдөрт 12 хөрөнгө оруулагчтай уулзсан. Харин энэ явцад хөрөнгө оруулагчид манай улсыг маш сайн судалсан нь анзаарагдсан. Ямар нөөцтэй гэдгээс илүү ямар бодлого хэрэгжүүлж, ямар өөрчлөлт гарах гэж байна.

Үүнийг хэрэгжүүлэхэд төр засаг нь хэр бэлэн юм гэдгийг илүү тандаж судалсан байгаа юм. Хэрэв бид төлөвлөж байсан бодлогоо хэрэгжүүлж чадахгүй бол дахиад олон улсын санхүүгийн зах зээлд гарах боломжгүй болно. Улс орнуудын гаргасан бонд тэр бүр ингэж арилжаалагдаад байдаггүй. Сая ОХУ бонд гаргах гээд чадалгүй арилжаа нь цуцлагдсан.

-Арилжааны банкуудаас яагаад Худалдаа хөгжлийн банкийг сонгох болов?

-Бондын эх үүсвэр Монгол Улсын Төрийн сангаар дамжиж орж ирнэ. Энэ бондын эх үүсвэрээр үйлчлэх үндсэн үүргийг Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж гүйцэтгэнэ. Худалдаа хөгжлийн банк урьд нь үнэт цаас гаргаж байсан туршлагатай, хөрөнгө оруулагчтай ажил төрлийн холбоо тогтоосон. Энэ талыг нь эн тэргүүнд харсан. Нөгөө талаар Худалдаа хөгжлийн банк бондыг босгох том ажлыг зохион байгуулсан дөрвөн том банктай хамтарч ажилладаг.

Ц.ЖАРГАЛ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)