З.Баянсэлэнгэ: Засгийн газарт эвссэн нь хууль бус үйлдэлтэй эвлэр гэсэн үг биш

    УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
    УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт МАХНын Засгийн газраас гарна гэсэн шийдвэр шуугиан дэгдээсэн. Та бүхнийг намынхаа даргын нэрийг барьж шоудлаа гэж дүгнэх хүмүүс бишгүй байна?

-Өнгөрсөн долоо хоногт манай намын Гүйцэтгэх товчооны хурал болж хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор Засгийн газраас гарах тухай тодорхой байр суурийг илэрхийлсэн. Ийм шийдвэр гаргах болсон нь УИХ-ын сонгуулиар манай намын нэр дэвшигчид сонгуульд оролцож чадаагүйгээс үүдэлтэй.

Бид намдаа байгуулагдахаас эхлээд өнөө хүртэл ажиллаж байгаа. Энэ хугацаанд улстөрийн янз бүрийн дарамт, шахалтад орж байлаа. "Шударга ёс" эвсэл сонгуулийн үеэр хэлмэгдүүлэлттэй нүүр тулгарсан нь намын дарга болон парламентад орж ирэх боломжтой байсан хүмүүсийг нэр дэвшүүлэлтээс хассан явдал юм.

Үүнийг нэг төрлийн хэлмэгдүүлэлт явж байсан гэж ойлгож байгаа. Улстөрийн өрсөлдөгчөө замаасаа зайлуулахын төлөө хэлмэгдүүлсэн. Олон нийт хэлмэгдүүлэлт явагдсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тиймээс намын даргаа хэлмэгдүүлэлтээс аварч чадахгүй байж нийгэмд шударга ёс тогтооно гэж яриад яах билээ. Ард түмэн бидэнд яаж итгэх юм. Орон нутгийн сонгуулиар ч мөн адил хэлмэгдүүллээ.

-Чухам яаж хэлмэгдүүлсэн гэж Та үзэж байгаа юм бэ?

-Нэр дэвшигчдийг бүртгэсэн ч намын нэрийг бүртгээгүйгээс хэд хэдэн аймагт нэрийг нь татсан. УИХ-аар авсан саналаа энэ удаагийн орон нутгийн сонгуульд бататгаж чадаагүй. Бид үүнтэй эвлэрэхгүй. Ард түмний бидэнд итгэх итгэл буурсан. Засгийн газарт бид орсон атлаа хэлмэгдүүлэлтийг зогсоож чадахгүй байгаад ард түмэн биднийг буруутгадаг. Н.Энхбаяр ч, бид ч ард түмний төлөөлөл. Бид энэ зохиомол хэргээс намын даргаа салгаж чадахгүй бол ард түмэн бидэнд итгэхгүй. 

Тиймээс Гүйцэтгэх товчоо хуралдаж шийдвэрээ гаргасан. Гүйцэтгэх товчооны 21 гишүүний олонхийн саналаар уг саналыг дэмжсэн. Засгийн газарт орж ажиллаж байгаа сайд нар, МАХНын гишүүдэд даалгавар, чиглэл өгсөн. Гүйцэтгэх товчооны шийдэр өнөөдөр ч гэсэн хүчин төгөлдөр. Бид МҮАН-ынханд энэ талаар хэлж, байр сууриа тайлбарлах учиртай. Энэ үүднээс намын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва бүлгийн дарга Н.Батцэрэгтэй ойлголцож, ярилцаж байгаа.

Удахгүй "Шударга ёс" эвслийн Удирдах зөвлөлийн хурал болно. Удирдах зөвлөлийн хурлаас тодорхой шийдвэр гарна. Намын байр суурь хэвээрээ. Урвасан шарвасан, шоудсан зүйл байхгүй. Бид гишүүнийхээ хүлээсэн үүргийн хувьд намынхаа бодлого, шийдвэрээс зөрөх ёсгүй. Тиймээс өнөөдрийг хүртэл Гүйцэтгэх товчооны гаргасан шийдвэрийг дагана.

-Зөвхөн намын даргын асуудлыг өлгөж тавиад байх нь нийгэмд итгэл үнэмшил төрүүлэхгүй байх шиг санагдах юм?

-Бид нийгэмд хууль бус үйлдэл гаргахгүй байж, түүнийг хянах үүрэгтэй. Уг нь манай нам Засгийн газарт хамтрахдаа "Хууль бус үйлдэл удаа дараа давтагдаж, улстөрийн хэлмэгдүүлэлт явуулж байгаа тохиолдолд хамтран ажиллаж чадахгүй" гэсэн гэрээ байгуулсан. Үүний дагуу засгаас гарах тухайгаа Засгийн газарт тавьж байна.

Хүмүүс "Нэг хүн, нэг намын төлөө яваад байна" гэж хэлж байна. Намынхаа даргыг хэлмэгдүүлж, хэрэгт унагачихаад нийгэмд шударга ёс тогтооно гээд хашгираад явбал бидэнд ямар хүн итгэх юм. Бид намынхаа даргын төлөө явах нь зүйн хэрэг. МАХН-ын үнэт зүйл нь намын нэр, намын дарга, гишүүд дэмжигчид байдаг.

Бидний цаашдын зорилго Монгол Улсын иргэн хэн боловч түүний төлөө явах юмсан гэдэгт чиглэж байгаа. Гэвч бидний хүч хүрэхгүй байна. Бид аливаа зүйлээс шантарч, айж байгаа юм биш. Аль нэг намыг даган дууриаж тоглолтод орохдоо гол нь бус өөрийн үнэт зүйлээ хадгалж үлдэх нь чухал. Ингэж чадвал дуу хоолойгоо нийгэмд хүргэнэ.

Засгийн газарт эвсэнэ гэдэг нь хууль бус үйлдэлтэй нь эвлэр гэсэн үг биш. Бид эвслийн Засгийн газар дотроо цөөнх шүү дээ. Гэхдээ бид улс орны эрх ашгийн асуудалд нэгдсэн бодлого баримталж ажиллана. Засгийн газарт аливаа бусармаг, хууль бус зүйл гарвал дуу хоолойгоо хүргэнэ. Түүнээс хамтарч, эвсэж байна гээд бүх зүйлийг зөвшөөрч хонх дарна гэсэн үг биш.

-МАХН Засгийн газраас гарах шийдвэр гарсантай холбоотойгоор дэлхийн зах зээлд “Чингис” бондын ханш унасан. Улс орныхоо эрх ашгийг эрхэмлэнэ гэчихээд намынхаа даргын төлөө ийм алхам хийгээд байж болж байгаа юм уу?

-Би бондыг чуулганаар ярьж байх үед жинхэнэ утгаар нь ойлгосон. Өнөөдөр бид эрсдэлтэй алхам хийж, өндөр хүүтэй мөнгө босгож байна. Уг бондыг төмөр зам, барилга байгууламж гэх мэт томоохон бүтээн байгуулалтад зарцуулахыг дэмжиж байгаа. Сангийн яамыг Ч.Улаан сайд толгойлж, Эдийн засгийн хөгжлийн яаманд УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат ажиллаж байна.

Тиймээс МАХН эдгээр гишүүнээрээ дамжуулж тодорхой хэмжээгээр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, оролцож байгаатай хэн ч маргахгүй. Энэ асуудлаар МАХН байр сууриа илэрхийлсэн. Үүний зэрэгцээ боловсрол, нийгмийн салбарт цөөхөн жилийн хугацаанд үр дүн нь төдийлөн харагддаггүй учраас хөрөнгө оруулахдаа гар татуу байна уу даа гэсэн бодол бий. 

Бид бондоор барьцаалж улстөр хийгээгүй. Улстөр л болсон хойно асуудал эргэсэн, хөрвөсөн, өөрчлөлт гарсан зүйл байж магадгүй. Таны асуусантай санал нийлэхгүй байна. Монгол Улс, Засгийн газар тогтвортой байж л хөрөнгө оруулалт орж ирэх ёстой. Эдийн засгийн үзүүлэлт, Засгийн газар нь савлагаатай тохиолдолд хэн хөрөнгө оруулъя гэж бодох вэ дээ.

Энэ үүднээс хөдөлсөн, савласан тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Түүнээс биш бид "Яг ингэчихвэл бондын асуудал ингэж унана. Улс эх орны ашиг сонирхол хохирох нь байна шүү" гэдэг зүйлийг харж алхам хийгээгүй. Бид ард түмнийхээ нуруун дээр ачаа үүрүүлээд зугтдаг хүмүүс биш. Харин ачааг нь хөнгөлөхийн төлөө ажилладаг.

-Н.Энхбаярын ялын хэмжээ буурсан. Цаашид Гүйцэтгэх тов чоо ноосоо гаргасан шийдвэртээ бат зогсох уу?

-Намын нэр авахаас эхэлсэн дарамт шахалт, Н.Энхбаяр даргыг сонгуульд нэр дэвшүүлээгүй нь ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Үүнийг зарим улстөрч хүлээн зөвшөөрдөг. Парламентын тогоонд явж байгаа хүний хувьд гишүүдтэй уулзаж ярилцаж байна.

Гэхдээ АН засгийн эрх барилцаж байгаа намынхаа даргыг яллах нь буруу юм байна гэдэг ухаарахгүй, хуруугаа хөдөлгөхгүй, үнэн зөвийг нь олъё гэхгүй байгаа учраас бид ийм байдалд шилжсэн. Цаашдын хувь заяаг би тааж хэлж чадахгүй. Өнөөдөр нэг юм болоход маргааш өөрчлөгдөж л байдаг. Энэ бол улстөрийн тоглоом, байр суурь. Ард түмнийхээ амьдралыг бодох нь зөв. Гэхдээ үнэт зүйлээ хамгаалж үлдэх нь хамгийн чухал.

-Н.Энхбаяр дарга Та бүхний шийдвэрийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?

-Намын дарга уг асуудалд эсрэг байр суурьтай байгаа. "Улс орны тогтвортой байдлыг ханга. Та бүхэн асуудлаа эргэж хар" гэж зарим гишүүнтэй уулзахдаа хэлсэн. Гэхдээ энэ нь Н.Энхбаяр даргын шийдвэрийг дага гэсэн үг биш. Н.Энхбаяр дарга Гүйцэтгэх товчооны шийдвэрийг зогсоодог хүн ч биш.

Гүйцэтгэх товчоо бол намын дээд байгууллага. Тиймээс намын даргынхаа санал, бодлыг сонсоно. Нэгэнт Гүйцэтгэх товчоо шийдвэр гарсан учраас нэн түрүүнд МҮАНын нөхөдтэй ярилцаж ойлголцох нь чухал. МҮАН-ынхан бидний оронд өөрсдийгөө тавиад үзвэл шахалт, дарамтыг илүү ойлгох байх.

-Тэгэхээр энэ шийдвэр яаж ч өөрчлөгдөж магадгүй гэж ойлгож болох уу?

-Шийдвэр яаж ч өөрчлөгдөж магадгүй. Бид хамгийн гол нь хоорондоо ойлголцох ёстой. МАХН байр сууриа илэрхийлсэн. Энэ бол шоу биш. АН-ын дарга Н.Алтанхуяг, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МҮАН-ын дарга М.Энхсайханыг өнөөдөр хэлмэгдүүлбэл гишүүд нь зүгээр хараад суух уу, үгүй юу. Үүнийг бас бодох л ёстой. Бид зарчмын хувьд бусад намаас өөр тоглолт хийгээгүй. Нам дүрмийнхээ дагуу ажиллаж байгаа.

-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Танай нам сонгуульд хэр зэрэг бэлтгэж байгаа вэ?

-Нуулгүй хэлэхэд улстөрийн нөхцөл байдал хүнд байгаа учраас одоогоор бэлтгэсэн зүйл алга. Намын дарга Н.Энхбаярын ар гэр, үр хүүхэд, хань ижил, ах дүү, амраг садан, аав ээж нь бүгд давхар хэлмэгдэж, Н.Энхбаярын гэх тодотголтой хүмүүсийг гэрчээр татахын тулд интерполоор хайж байна.

Тэгвэл хамтарч оролцсон гээд байгаа хүмүүсийг нь яагаад хайхгүй байгаа юм. Алга болчихлоо, гадагшаа явсан л гэдэг. Хэрэг хийсэн гээд байгаа бол яагаад хамт шалгачихаж болохгүй байгаа юм. Улсад хохиролгүй хэрэгт хөндлөнгийн гуравдагч хүнийг нааж эрүү үүсгэх нь хууль бус.

Ц.ЖАРГАЛЦЭЦЭГ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • (203.194.115.181)

    2012-12-11

    Энэ мулгуу хүүхэн аль хэрэглэж УИХ-д орчоод одоо юу донгодоод байна. Энхбаяртангууд даварч байна шүү.

  • yoko (84.42.202.172)

    2012-12-11

    teneg avgai bugs shigee tolgoitoi Enhbayar geheer uhaanaa aldaad davihdag, etseg ehiinhee ruluu bol ingej guihgui dee.Enhbyariin hucheer iim suudald suuj bgaa bolohoor Enhbyar bhgui bolchihvol erh medel alban tushaalaa aldchihna gej aigaad bur uhlee uhlee yanaa umnus ni ineed hureed bh yum ingej uheh gej bgaag ni harahaar.

  • yoko (84.42.202.172)

    2012-12-11

    teneg avgai bugs shigee tolgoitoi Enhbayar geheer uhaanaa aldaad davihdag, etseg ehiinhee ruluu bol ingej guihgui dee.Enhbyariin hucheer iim suudald suuj bgaa bolohoor Enhbyar bhgui bolchihvol erh medel alban tushaalaa aldchihna gej aigaad bur uhlee uhlee yanaa umnus ni ineed hureed bh yum ingej uheh gej bgaag ni harahaar.

  • (68.118.156.128)

    2012-12-11

    ene buhnii tsaana elbegdorjiin ireh jiliin songuuliin ashig sonirhol baigaa. tiim uchiraas enhbayariig yamar ch hamaagui argaar yallahaar elbegdorj zahialga ogch songuuliar dahin garch ireh sanaa l tuund baigaa. iim archaagui hudalch,showchin elbegdorj hereggui ee

  • (68.118.156.128)

    2012-12-11

    ene buhnii tsaana elbegdorjiin ireh jiliin songuuliin ashig sonirhol baigaa. tiim uchiraas enhbayariig yamar ch hamaagui argaar yallahaar elbegdorj zahialga ogch songuuliar dahin garch ireh sanaa l tuund baigaa. iim archaagui hudalch,showchin elbegdorj hereggui ee

  • (68.118.156.128)

    2012-12-11

    ene buhnii tsaana elbegdorjiin ireh jiliin songuuliin ashig sonirhol baigaa. tiim uchiraas enhbayariig yamar ch hamaagui argaar yallahaar elbegdorj zahialga ogch songuuliar dahin garch ireh sanaa l tuund baigaa. iim archaagui hudalch,showchin elbegdorj hereggui ee