Р.Амаржаргал: Засгийн газрын шоугаар ард түмний гэдэс цадах биш дээ
- 2012-12-12
- Улс төр
- 0
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай "Чингис" бондын талаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай "Чингис" бондын талаар ярилцлаа.

-Олон улсын зах зээлд “Чингис” бондыг арилжаалж эхэлсэн нь цаг хугацааны хувьд хэр зөв шийдэл болсон бэ?
-Бонд гаргасан явдлыг дэмжиж байгаа. Энэ бол олон жил хүлээгдэж, яригдаж байсан зүйл. Мөн гадаад орчин талаасаа цагаа олсон шийдвэр гэж үнэлж байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн санхүүгийн зах зээлд тодорхой хөдөлгөөнүүд өрнөж эхэллээ. Ялангуяа Европын эдийн засгийг тойрсон асуудлууд болгоомжлол үүсгэж байгаа.
Үүний зэрэгцээ АНУ-ын төсвийг тойрсон асуудал бүрэн хэмжээгээр шийдэгдээгүй гэх мэт нөхцөл байдлыг харгалзан үзвэл цаг хугацааны хувьд манай улсад таатай үе гэж би хувьдаа дүгнэж байна. Харин Монгол талаасаа цагаа олоогүй юм болов уу гэж надад ойлгогддог юм. Яагаад гэвэл бид бонд гаргая гээд л яриад байсан хэрнээ гэрийнхээ даалгаврыг хийгээгүй байсан.
-Гэрийн даалгавартаа ямар ажил хийх ёстой байсан гэж?
-Нэгдүгээрт ямар төслүүд бэлэн байгаа вэ. Ямар төслүүд хэрэгтэй байна, тэр бүхнийг харьцуулж үнэлэлт, дүгнэлт өгч, тодорхой хэмжээгээр эрэмбэлэх учиртай байсан. Гэтэл энэ ажил огтхон ч хийгдээгүй. Ямар ч гэсэн мөнгө нь Засгийн газрын дансанд орж ирээд тав хонож байна.
Өөрөөр хэлбэл, сул зогсож байна гэсэн үг. Нэг өдөр сул зогсвол 130-140 мянган ам.доллар төлнө гэсэн үг шүү дээ. 130 мянган ам.доллараа сул зогссон тав хоногтоо үржүүлэхэд манай улс бараг 600-700 мянган ам.долларын хүү төлөхөөр болчихоод байна. Нэгэнт тоолуур ажиллаад эхэлчихсэн.
Бид гэрийн даалгавраа урьдчилж хийсэн бол тодорхой төслийг санхүүжүүлээд л ажил шууд өрнөх боломжтой байв. Гэвч өнөөдөр чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа таван салбарт хөрөнгө оруулна гэж байгаа ч тэр нь хэтэрхий ерөнхий сонсогдож байна. Зүгээр л алиалал маягийн юм сонсогдож байна лээ. Энэ бол эдийн засаг биш. Тэр тусмаа бизнес бүр ч биш. Энэ утгаараа гэрийн даалгавраа хийгээгүй.
-Бонд гаргахдаа Засгийн газар арай түргэдсэн гэж үзэж болох нь ээ. Хүүгийн хувьд ч сэтгэлд хүрээгүй?
-Гэрийн даалгавраа хийгээгүй байж яарч сандран иймэрхүү шийдвэр гаргах нь эцсийн дүндээ олигтой үр дүнд хүргэхгүй. Муугаар ярих юм бол үр ашиггүй зүйл болбол хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Бонд гаргах үйл ажиллагааг харахад "Магтсан хүүхэн хуриман дээрээ..." гэдэг шиг л юм болсон.
Гадаад явахаасаа өмнө сайд нар ингэж ч хийнэ, тэгж ч хийнэ гээд л маш их хүчтэй хүлээлт бий болгосон. Бондын хүү нь ямар ч гэсэн дөрвөөс доош байх юм байна. Аягүй бол 3.5-аас ч доош байж магадгүй гэсэн ойлголттой байсан. Иймэрхүү мэдээллийг ч сайд нар ил далд хийж байгаад л явсан.
Гэтэл тэр хүмүүс таван жилийнхээ хүүг дөрөв гаргуулаад туулгачихсан. Бүр арван жилийнхээ хүүг тав гаргачихаад ирсэн л дээ. Буцаж ирчихээд түүнийгээ нууж, хаах гэж байгаа юм уу хаашаа юм, булзааруулах гэсэн юм шиг "Манайх Испани, Португалиас гайгүй үзүүлэлтэй байна" гэсэн тархи угаасан юм ярьж байна.
Ямартай ч урт хугацаанд хүлээлт үүсгэсэн бонд гаргасан нь сайн хэрэг. Гэхдээ ямар ч бэлтгэлгүй хэрнээ сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдчихсэн нь буруу. Одоо шуугиан тариад байгаа нь яавч олигтой зүйл биш. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн гэдэгтэй л адил. Аль хэзээний бонд гаргачихаад одоо ямар төслийг санхүүжүүлэх билээ гээд хайгаад байгаа нь үнэхээр харамсалтай.
-Тэгвэл Засгийн газар зүгээр л шоудаад байгаа хэрэг үү. Төлөвлөсөн зүйлгүй юм байна шүү дээ?
-Энэ үйл явцыг харахад манай ажил иймэрхүү л хэлбэртэй явагдаж байна. Нэг тийм шуугисан, намирсан, нахилзсан, хашгирсан, шоу тал нь давамгайлсан маягаар л ажлаа явуулж байгаа шүү дээ. Өдөр тутмын чимхлүүр, хар ажлаа хийж байгаа нь их ховор. Дандаа л шоу, шоу, шоу. Шоу нь юу юунаас илүү эрхэм болчихсон хэрэг л дээ. Шоу гэдэг юмаар ард түмний гэдэс цадах биш дээ.
-Бонд бол өр. Хэзээ нэг цагт биднээс их хэмжээний өр нэхэгдэх вий гэсэн болгоомжлол бий. Иргэд үүнээс л их эмээж байгаа юм билээ?
-Бондыг ашиглаж чадвал зээл, чадахгүй бол өр. Бондын ашиглалтыг хэрхэн, яаж хийх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан байсан. Хуралдаанаар дарга, цэрэггүй их л сүрхий юм яриад байна лээ. Тодруулбал, бүх төслийг Эдийн засгийн байнгын хороо болон УИХаар оруулж хэлэлцүүл, төсвийн байнгын хороог санхүүжилтэд хяналт тавь гэсэн байдлаар үүрэгдсэн.
Би эдгээр шийдвэрийг хараад их гайхсан. Яагаад гэвэл бондоор санхүүжүүлэх төсөл болгоныг УИХаар оруулаад хэлэлцүүл, мөн Төсвийн байнгын хороогоор шийдвэрлүүл гэдэг нь цаг хугацааг хойшлуулахтай адил. Ерөөс хамаг юмыг нь түгжээд зогсоочих гэж байгаатай адилхан. Хамгийн гунигтай нь Засгийн газар энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа явдал. Засгийн газар өөртөө итгэлгүй байна. Юу хийчих бол гэдгээс ихэд айж байна.
-Бондын асуудлыг Засгийн газар дангаараа шийдэх эрх мэдэлтэй юу. УИХ-аар хэлэлцүүлж байгаа нь хариуцлагаас зугтах гэсэн оролдлого мөн үү?
-Хариуцлагаас зугтаж байгаа учраас л УИХ уруу оруулж байгаа хэрэг. УИХ-аар хэлэлцүүлсэн болъё. Хэрвээ дараа нь элдэв асуудал үүсвэл УИХ л тэгж шийдсэн гэж хэлэх үгтэй болъё гэсэн маягаар асуудалд хандаж байна. 1.5 тэрбум ам.долларыг хэнтэй ч хуваалцахгүй, дангаараа ажлаа мэдээд зохицуулах эрх мэдэл Засгийн газарт бий.
Засгийн газар шийдвэрээ гаргаж, өөрөө ч хариуцлагаа хүлээх ёстой. Гэтэл хариуцлагаас айж, зугтаж Их хурал уруу түлхэж байна. Ер нь иймэрхүү байдал Монголын улстөрд сүүлийн 20 жил ажиглагдаж байгаа. Анх дээр дооргүй л хариуцлагагүй шийдвэр гаргачихаад дараа нь хэн хариуцлага хүлээх юм.
Яагаад хариуцлага хүлээдэггүй юм гэж шүүмжилдэг. Миний бодлоор УИХ-аас "Бид нэгэнт шийдвэрээ гаргаад өгчихсөн. Таван тэрбум ам.долларын бондын эрхийг олгосон. Үүнээс 1.5 тэрбумыг арилжаалсан юм байна. Харин одоо та нар наашаа, цаашаа гүйгээд байлгүй ажлаа сайн хий" гэж тодорхой хэлэх ёстой.
Угаасаа Засгийн газар энэ асуудлыг гардан хариуцах үүрэгтэй. Буруу төсөл шалгаруулаад улсыг өрөнд оруулбал хариуцлага тооцно шүү. Ямар нэгэн тайлбар байхгүй, өчиггүй ярина гэдгийг дээр дооргүй ойлгох учиртай. Энэ янзаараа бол Засгийн газар "Ард иргэдийн дунд санал асуулга явуулна" гэж ч магадгүй. Ийм зүйл огтхон ч байж болохгүй.
-Засгийн газар 100 дахь хоногийн ажлаа тайлагнахдаа “Бид бонд гаргасан нь хамгийн том амжилт” гэж дүгнэсэн. Тэгвэл Засгийн газрын шоуны бай нь бонд юм биш үү?
-Бонд Засгийн газрын 100 хоногийн ажилтай хэр холбоотойг мэдэхгүй байна. Би тэгж холбож ойлгоогүй. Засгийн газрын 100 хоногийг анзаарч байхад яам болгон л концерт тавиад байх шиг байна лээ. Ер нь тэгдэг ч юм уу, үгүй юм уу мэдэхгүй юм.
-Төлөвлөсөн ёсоор бондын хөрөнгийг чухал ач холбогдолтой таван салбарт зарцуулбал тендерийн асуудал яалт ч үгүй яригдана. Үүн дээр л маргаан их гарах болов уу гэсэн хардлага байна л даа?
-Үнэнийг хэлэхэд би хэлж мэдэхгүй юм. Өмнөх практикаас харахад бас сэрэмжлэх учир шалтгаан бий. Тухайлбал, 2010 онд лсын төсвөөс зарласан зөвхөн 27 тендерийг шалгаж үзэхэд 21 нь хууль бус байсан. Өөрийнхөө компани, найз нөхөддөө өгдөг, элдэв янз болдог байсан гэсэн үг. Өнөөдөр бондын мөнгө ороод ирчихсэн байгаа. Энэ мөнгийг тиймэрхүү маягаар зарцуулахгүй гэсэн баталгааг хэн ч гаргаж чадахгүй.
-Бондыг хөрөнгийг таван салбарт зарцуулбал хүрэлцэхгүй гэж чамлах хүмүүс бий. Нөгөөтэйгүүр хэдэн дарга нар хуваагаад идчих вий гэсэн болгоомжлол байна?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд л үүн дээр сайн анхаарах хэрэгтэй. Аливаа юм ил тод байх ёстой. Энэ асуудал дээр тод гэрэл тусгах хэрэгтэй гэж үзэж байна. Нийгмийн өмнө хариуцлагаа ухамсарласан сэтгүүлчид байгаа байдлыг ил тодоор гаргаж өгөх хэрэгтэй. Тэгж байж үр дүнд хүрнэ.
-Нэгэнт гэрийн даалгавраа хийгээгүй юм чинь муу дүн авах тодорхой юм биш үү?
-Яахав, сэргэлэн хүүхэд байж болно шүү дээ. Гэрийн даалгавраа хийгээгүй ч гэсэн хичээл дээрээ ирээд "нэг хүнээс хуулдаг" байж болно. Гэхдээ одоо цаг хугацаанд шахагдаад ирлээ шүү дээ. Нэгэнт тоолуур ажиллаад эхэлчихсэн, олон нийт шахаад ирэхээр эд нар сандарч эхэллээ. Сандарч тэвдсэндээ хурдхан шиг нэг төсөл олоод тавьчихъя, хоосон байснаас дээр гээд л явах юм бол хэцүү биз дээ. Ийм байхад олигтой үр дүнд хүрэхгүй нь тодорхой.
-Одоо 1.5 тэрбумын үйлчилгээний зардал гэж том асуудал байгаа. Энэ асуудлаа хэрхэн шийдэх нь бас л эргэлзээтэй, сонин байна?
-1.5 тэрбум ам.доллар бондын үйлчилгээний зардал гэж улсын төсөвт нэг ч төгрөг тусгагдаагүй. Тэгэхээр юуны түрүүнд 130- 140 мянган ам.долларын зардлыг нөхөх хэрэгтэй байдаг, гэтэл төсөвт нь юу ч байхгүй. Тиймээс тэр зардлаа хаанаас, яаж санхүүжүүлэх гэдэг нь хамгийн том асуудал.
Өнөөдөр Засгийн газарт ямар ч төсөл алга. За яахав, ингэж байгаад нэг юманд санхүүжилт хийлээ гэж бодъё. Гэтэл тэр төслүүд 10-20 жилийн хугацаатай. Таван жилийн дотор өртгөө нөхөөд явна гэдэг худлаа болчихлоо. Эдний тооцоолсноор том том салбаруудад өөрчлөлт хийж, тэндээс их хэмжээний мөнгө орж ирээд түүнээсээ нөхөөд явна гээд байх шиг байна лээ. Гэтэл тэр нь цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдэг асуудал гарна.
Ер нь 2013 оны хоёрдугаар хагаст мөнгө нь орж ирэх юм уу. Тэр болтол нөгөө тоолуур ажиллаад л байгаа шүү дээ. Миний ойлгож байгаагаар цаашид Засгийн газар өөрсдөө үүнийгээ санхүүжүүлж чадахаа болино, санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй болохоор эд нар хоёр зүйл хийх байх.
Хамгийн түрүүнд энэ мөнгөө Монголбанкинд өгнө биз. Монголбанк энэ өрийн үйлчилгээг нь хийгээд л явах байх. Тэр хооронд нэн яаралтай төсвийн тодотголыг хийх ёстой болно. Тэр дотроо энэ өрийг яаж санхүүжүүлэх вэ, үйлчилгээг нь яаж хийх вэ гэдгээ төсөв дотроо оруулж ирэх ёстой болж байна.
-Ерөнхийдөө хүүгээ л дөнгөн данган төлөөд л явах нь ээ дээ?
-Хүмүүс судалгаа хийсэн байна лээ. Арван жилийн дараа бид 1.5 тэрбум ам.долларыг буцааж өгнө. Ингэхдээ дээрээс нь хүүнд нь ойролцоогоор 500- 600 сая ам.доллар төлнө. Тэгэхээр энэ бол их үнэтэй зүйл болчихож байгаа юм.
Д.МЯГМАРСҮРЭН

Сэтгэгдэл (9)
(101.118.37.232)
Erunhiilugch ni showdaad 4 deh jiliin nuuree usej baina, araas ni zasgiin gazar zalguulaad show gedeg yumiig hagas jil yavuullaa, odoo tegeed songuuli boltol 3 jil garui showgaa uzeh ni dee.
Irgen (202.126.89.160)
Ter ch unen shuu hiisneeree ch showdalgui yahav gehed hiigeegui yumaar showdahiig yanaa. Arai l doz ni ihdeed bna
(202.179.20.143)
AMARJARGAL UNEHEER ZUV YARIJ BNA DEMJIJ BN ENE ZASGIIN GAZAR TER BONDIIG BUTSAAJ TULUHUD BAIHGUI HARIUTSLAGA HULEEHGUI L YUM BOLNO DOO
зочин (203.194.115.96)
Амаржаргал бол эдийн засагч
зочин (203.194.115.96)
энэ мате?матикчаас юу хүлээх вэ эдийн засаг мэдэхгүй байж засаг төр барина ичмээр юм Алтан хуяг аа
зочин (203.194.115.96)
юу хийхээ мэдэхгүй өр тавьжээ дээ хийх гэсээр байтал баахан өр төлөх болох нээ дээ ийм АН ийм л зсагийн газар хөөрхилөлтэй чадамжгүй засгийн газар
ард түмэн (27.123.214.113)
Аргагүй л туршлагатай төрийн хүний яриа. Алтанхуягийн ЗГ-н шоу ч бас арай л хэтрээд байгаам
зочин (103.10.21.121)
10 жилийн хугацааттай бондын жилийн хүүг 1-2 хувьтай авах газар байх юм дарга нараа. та нарын шунал хүүтэй холбоотой шүү.
зочин (202.131.228.226)
Энэ засаг тэгж л таарна даа. Илүүг хүлээх ч хэрэггүй л юм байна.