С.Бямбацогт: Зөвшилцлийн ардчиллыг хөгжүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулсан
- 2012-12-12
- Улс төр
- 0
УИХ дахь МАНын бүлгийн дэд дарга С.Бямбацогттой ярилцлаа.

УИХ дахь МАНын бүлгийн дэд дарга С.Бямбацогттой ярилцлаа.

-Бондын хөрөнгийн зарцуулалтад одоо л жинхэнэ утгаараа хяналт үгүйлэгдэж байна. Намын бүлэг уг асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?
-Шинэчлэлийн Засгийн газар, зээлийн Засгийн газар боллоо. Монгол Улсын дотоод, гадаадад гаргасан нийт бонд буюу өрийн бичгийн хүүнд өдөрт нэг цэцэрлэг, жилд 360 цэцэрлэг барих хэмжээний мөнгө төлж байна. МАН-ын хувьд бонд гаргахыг эсэргүүцээгүй.
Харин бонд бол орлого биш зээл. Зээл өнөөдөр, маргааш хэдэн жилийн дараа ч төлөгдөх учраас хариуцлагатай хандах ёстой. Тиймээс бондын зарцуулалт хэр үр ашигтай байгаад хяналт тавьж ажиллана. Хяналт тавихын тулд МАН-ын гишүүд байнгын хороонд харьяалагдаж, бүлэг байгуулах хэрэгтэй.
Гэтэл энэ боломжийг бүрдүүлж өгөхгүй байна. МАН-ыг бүлэггүй байлгаж байгаа нь төрийн аливаа ажил, ялангуяа энэ их бондын зарцуулалт, хуваарилалтыг хяналтгүй явуулах гэсэн бодлого яваад байна уу гэсэн хардлагыг төрүүлж байна.
-Сүүнд урамшуулал олгох саналыг МАН-ын бүлгээс гаргасныг иргэд их талархан хүлээн авч байна. Саналыг ажил хэрэг болгохыг бусад намын гишүүд хэр зэрэг дэмжиж байгаа вэ?
-Өнгөрсөн дөрвөн жилд ноос, ноолуурын кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгох асуудлыг шийдсэн. Өнөөдөр арьс ширэнд урамшуулал олгоно гэж байна. Энэ асуудал УИХ-аар батлагдвал үндэсний үйлдвэрт тушаасан хонь, ямааны арьсанд 3000, бодын ширэнд 15000 төгрөг олгоно.
Уг асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжсэн. Үүнтэй хамт сүүнд урамшуулал олгох асуудлыг хэлэлцүүлье гэсэн санал гаргасан юм. Монгол Улсын сүүний жилийн хэрэгцээ 380 сая литр. Бид өнөөдөр нийт сүүний хэрэгцээнийхээ 80 хувийг гаднаас буюу хуурай сүүгээр хангаж байна.
Гэтэл манайд сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд бий. Хуурай сүү биш, цэвэр байгалийн гаралтай сүүгээрээ дотоодын хэрэгцээгээ хангахад анхаарах шаардлагатай байна. Ингэхдээ үндэсний сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, малчдаа дэмжиж литр сүүнд 500 төгрөгийн урамшуулал олгох нь зүйтэй гэж үзсэн.
Зуны улиралд сүү 500 төгрөгөөр зарагддаг. Харин өвөл 2500 төгрөг болж нэмэгддэг. Шатахуун 200 төгрөгөөр нэмэгдэхэд л бөөн сүр дуулиан болдог хэрнээ сүү 2000 төгрөгөөр нэмэгдэхэд бид тоодоггүй. Бид яагаад 1000 төгрөгийн үнэтэй сүү хэрэглэж болохгүй гэж. Энэ асуудлыг ажлын хэсэг, байнгын хорооны хурал дээр хөндөж, зарчмын зөрүүтэй санал гаргаж, дэмжүүлэхийн төлөө ажиллана. Иргэдэд ээлтэй энэхүү саналыг УИХ-ын гишүүд дэмжинэ гэж найдаж байна.
-АН-ын зүгээс гишүүдийн тангараг өргөх асуудлыг шийдсэний дараа дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэсэн. Үүнийг юу гэж үзэж байна вэ?
-Өнөөдөр УИХ-ын төвшинд шийдвэрлээгүй, эргэлзээ төрүүлсэн, маргаан, будилаан дагуулсан олон асуудал бий. Санал хураах автомат машинтай холбоотой будилаан хэвээр байна. Тиймээс энэ эргэлзээг нэг тийш нь болгох ёстой. УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадахгүй байна. Хууль зөрчсөн, зөрчөөгүй гишүүдийн асуудал яригдаж байна.
Хууль ёсоор МАН-аас сонгогдож УИХ-д суух ёстой Д.Арвин, Д.Сарангэрэл нар тангаргаа өргөж чадахгүй байна. МАН-аас сонгогдсон хоёр гишүүний тангараг өргөх асуудлаар барьцаалж бусад гишүүний тангаргийг өргүүлэх гээд байгаа юм. Үүнээс болоод Д.Арвин, Д.Сарангэрэл нар тангараг өргөж чадсангүй.
-МАН ялсан аймгийн Засаг дарга нарыг яагаад Ерөнхий сайд батламжлахгүй байгаа юм бол. Улстөрд үүсээд байгаа гацааг арилгахын тулд намын бүлэг ямар хүчин чармайлт гаргаж ажиллах вэ?
-МАН ялсан орон нутгийн Засаг дарга нарыг томилохгүй байна. Бид Засаг дарга нарыг ард иргэдийн саналаар нэр дэвшүүлж байгаа. Харамсалтай нь аймгийн ИТХ-аас асуудал нь орж ирээд байхад Ерөнхий сайд томилохгүй удааж байна. Ийм үл ойлголцол, хэт их улстөржсөнөөс болж ард иргэдийн амьдрал, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хор хохиролтой гацаа үүсчихлээ.
Үүнийг л шийдмээр байна. Монголын улстөрчид, ард түмэн бүгд Монголын төлөө л гэж бодож, сэтгэж, ажиллаж, амьдардаг. Бид Монголын төлөө гэсэн нэг л зорилготой. Үүндээ хүрэхийн төлөө хамтарч, ойлголцож, зөвшилцлийн ардчиллыг хөгжүүлж ажиллах шаардлагатай.
Иймд МАН-ын бүлэг хуралдан ажлын хэсэг байгуулж, УИХ, УИХд суудалтай намуудын төвшинд мухардлаас гарах асуудлыг хэлэлцэж, шийдье гэсэн санал гаргасан. УИХ-д суудалтай бусад нам бидний гаргасан шийдвэрийг дэмжинэ гэж найдаж байгаа.
-Та бүхэн энэ долоо хоногт амжиж асуудлаа шийдвэрлэхийн тулд уулзаж, санал бодлоо солилцов уу?
-Бид удаа дараа Ерөнхийлөгч, УИХын дарга, Ерөнхий сайд, УИХ дахь намын бүлгийн дарга, УИХ-д суудалтай намуудын дарга нартай ярилцсан. Харамсалтай нь шийдэлд хүрэхгүй байна. Тиймээс уг асуудалд бид анхаарч ажиллая хэмээн ажлын хэсэг байгуулж байна.
-АН-ын бүлэг СЕХ хуулийн дагуу зарим гишүүнийг тангараг өргүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирсэн учраас бид хуулиа дагана гэсэн байр суурийг илэрхийсэн шүү дээ?
-Хуулиа биелүүлье гэж ярьж байгаа ч биелүүлэхгүй л байна. Тэгвэл яагаад Д.Арвин, Д.Сарангэрэл хоёрын тангаргийг өргүүлэхгүй байна вэ. Яагаад энэ хоёр хүнтэй хамт хууль шүүхийн байгууллагаар асуудал нь эцэслэн шийдвэрлэгдээгүй гишүүдийг тангараг өргүүлэх гээд байгаа юм. Асуудал үүнд л байна.
Ц.ЖАРГАЛ

Сэтгэгдэл (0)