Д.Дэмбэрэл: Төрийн нэрийг барьцаалсан учраас тал талын хяналт байх ёстой

    УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараа УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлээс ямар асуудал хэлэлцсэн талаар сэтгүүлчид тодрууллаа.
    УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараа УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлээс ямар асуудал хэлэлцсэн талаар сэтгүүлчид тодрууллаа.

-Хуралдаанаар ямар асуудлуудыг ярилцсан бэ. Бүлэг байгуулах асуудлыг хэлэлцсэн үү?

-Бүлэг байгуулах асуудлыг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар оруулах асуудлыг хэлэлцлээ. Маргаашийн өнөөдрийн\ чуулганы хуралдаанаар бүлэгтэй болох нь баталгаажих байх гэдэгт тал талаасаа тохирсон гэж ойлгож байна. Бүлэг байгуулахын тулд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах хэрэгтэй. Тэгэхээр маргааш \өнөөдөр\ хуралдаж бүлгийн асуудлыг оруулъя гэсэн саналтай байгаа.

-АН-ын зүгээс тодорхой байр сууриа илэрхийлсэн үү. Тэд Төрийн байгуулалтын байнгын хорооноос завсарлага авсан шүү дээ?

-АН-ын бүлгийнхэн МАН-ын бүлгийг баталгаажуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн.

-МАН, МАХН нэгдэнэ гэсэн яриа байна. Энэ асуудлыг хэлэлцсэн үү?

-Нэгдэнэ гэдэг нь намуудын хооронд томоохон яриа хэлцэл байх учиртай. Одоогоор хоёр нам нэгдэж хамтарч ажиллана гэсэн яриа алга.

-Увсын хоёр гишүүнийг эргүүлэн татна гэсэн мэдээлэл ямар тайлбар өгөх вэ?

-Увсийн гишүүдийн асуудал шүүхээр шийдэгдсэн гэж ойлгож байна.

-Засгийн газраас гаргасан бондын асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн үү. Одоо хамгийн чухал асуудал бонд болоод байна?

-Засгийн газраас гаргасан бондод хяналт тавих асуудлыг хэлэлцсэн. Энэ бол Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн томоохон асуудал. Тиймээс үүнд олон хяналт байх учиртай. Нэгдүгээрт, дотоод хяналт. Энэ нь УИХ-д цөөнхийн зүгээс тавих хяналт юм. Хоёрдугаарт, өөрийнх нь механизмын хяналт гэж байна.

Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороод, шаардлагатай бол дэд хороо байгуулж хянаж болно. Энэ бол парламентын дотоод хяналт гэсэн үг. Үүнээс гадна гадаад хяналт байх ёстой. Мэргэжлийн байгууллагын, ард түмний хэвлэл мэдээллийн байгууллага бондын асуудалд анхаарлаа хандуулж болно.

Бондыг хамгийн үр ашигтай зүйлд зарцуулбал үр өгөөжөө хурдан өгнө. Өрийн асуудал хурдан шийдвэрлэгдэж байхаар эдийн засгийн нарийн тооцоонд суурилж хийх нь чухал. Тийм зүйлгүй бол өрийн бичиг аюултай. Хувь хүнд ч аюултай. Баахан бичиг хийж өгчихөөд болохгүй бол шүүхээр заргалдаад юмаа авчих гэж хэлээд өрийн бичиг хийгээд явж болно. 

Тэгэхээр улсад ч ялгаагүй зүйл. Төрд өөрт нь ирж байгаа томоохон өр. Төрийн нэрийг барьцаалж авч байгаа өр учраас тал талаасаа хяналттайгаар явуулах нь манай улсын эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй. Хэрэв энэ асуудал унавал манай улсын хөгжил эдийн засгийн хувьд бусдын барьцаанд орох аюултай. Тийм учраас болгоомжтой хийх ажил гэдэг нь ойлгогдож байгаа биз дээ.

-Бондын хүү бодогдоод эхэлчихсэн. Гэтэл төслүүд нь бэлэн биш байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Үүнийг Та хэрхэн үзэж байна вэ?

-Өвлийн цагт төсөл хэрэгжүүлэхэд хэцүү. Хавар төслөө бэлэн болгочихоод дараа нь бондоо авсан бол арай бага хүү төлөх байсан юм болов уу. Гэхдээ бололцоо их байна. Одоо авч байгаа бондыг Оюутолгойд оруулаад давхар хүү төлөхгүй байж болно. Засгийн газрын бондыг нэн даруй зөв ашиглах асуудлыг шийдэх хэрэгтэй.

Тэгэхгүй бол өдөрт 250-270 сая төгрөгийн хүү гэдэг том хүү байгаа шүү дээ. Хоёр өдөрт л нэг цэцэрлэг, гурван өдөрт нэг сургууль барих мөнгийг хүүнд өгч байна гэсэн үг. Малаар яривал 27 мянган толгой мал. Тэгэхээр аюултай хүү байгаа биз дээ. Хамгийн гол нь үүнийг хэлж зүгээр суух биш, ажиллах л ёстой.

-МАН-ын гишүүд бүлэггүй юм чинь энэ асуудалд яаж хяналт тавих юм бэ?

-Нэн түрүүнд бүлгээ байгуулна. Бүлгээ байгуулах асуудалд хоёр талаасаа тохиролцож байгаа гэж ойлгож байна. Бүлэг байгуулагдах нь олон зүйлийн эргэлзээг тайлна. Шинэ оны өмнө парламент маргаанаа шийдэх ёстой. Үүний дараагаар хяналт тавих асуудал гарч ирнэ.

-Таван гишүүн тангараг өргөхөөр болсон. Энэ асуудлыг хүлээж авсан уу?

-Таван гишүүнийг хэсэгчилсэн байдлаар тангараг өргүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүхээр маргаантай байгаа нэр дэвшигчдийн тангараг өргөх асуудлыг хойш тавина гэсэн үг. Энэ асуудлыг манай удирдлагууд АН-ын удирдлагуудтай ярилцсан.

-Өвөрхангайн тойргоос хоёр намаас нэг нэг хүнийг тангараг өргүүлнэ гэсэн яриа байна. Энэ хэр үндэслэлтэй юм бэ?

-Байж болно. Тийм санал дээр үед гарч л байсан.

-Наймаалцаж байгаа юм уу?

-Наймаа биш. Ер нь Үндсэн хуулийн дагуу ард түмний саналыг хүндэтгэх үүднээс хандаж байгаа гэж ойлгож болно.

Д.МЯГМАРСҮРЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)