Н.Энхболд: Хандив 10 саяас хэтрэхгүй байх ёстой

    УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. УИХ-д өргөн бариад буй уг хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 20-ны үеэр зохион байгуулахаар тусгасан юм.
    УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. УИХ-д өргөн бариад буй уг хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 20-ны үеэр зохион байгуулахаар тусгасан юм.

    Энэхүү товыг МАН-ын гишүүд эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Тухайлбал, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд "Сонгуулийн тухай хуулийг зургаан сарын дотор өөрчилж болохгүй" гэсэн заалтыг АН зөрчиж сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэлээ.

    Түүнчлэн УИХ-ын гишүүн Я.Содбаатар "АН сонгуулийн хугацааг дандаа сунгаад байна. Өмнөх сонгуулиудыг харж байхад бүх сонгуулийн хугацааг сунгасан. Уламжлал болоод ирчихсэн зүйлийг өөрчлөөд байгааг гайхаж байна. Үүнийг улстөрийн тодорхой зорилготой гэж хардахаар байна" гэв.

    Бүлгийн хуралдаанаар чухалчлан хэлэлцсэн асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг автомат машинаар тоолох эсэх байв. Ингэхдээ МАНын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийг гараар тоолох нь зүйтэй гэсэн байр сууринд хүрчээ. Учир нь өмнөх сонгуулиар автомат машинтай холбоотой маргаан их гарсан. 

    Маргаан дэгдээсэн энэхүү асуудлыг одоо болтол шийдээгүй, иргэдийн дунд эргэлзээ байгаа тул сонгогчдын саналыг автомат машинаар дахин тоолж болохгүй гэсэн шийдэлд хүрснээ дуулгасан юм. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд цөөн хүн нэр дэвшиж өрсөлддөг.

    Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд 3-4 хүн л нэр дэвшинэ. Тиймээс сонгогчдын саналыг гараар тоолоход буруудахгүй, төрийн тэргүүнээ сонгож байгаа учраас сонгуулийг элдэв маргаангүй зохион байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Ингээд уламжлал ёсоор сэтгүүлчдийн асуултад хариу өгөв.

-УИХ-ын гишүүн Д.Арвин намаасаа татгалзаж, АН-д орж байгаа гэсэн мэдээлэл цацагдлаа. Энэ талаар намын удирдлагууддаа мэдэгдсэн үү?

-Д.Арвин гишүүн намаасаа гарах, АН-д элсэх талаар ярьсан зүйл байхгүй. Өөрөө ч энэ талаар мэдэгдээгүй. Гадуур яригдаж байгаа зүйл ор үндэслэлгүй гэдгийг албан ёсоор хэлье.

-Гишүүдийн намаа сольдог байдлыг хуулиар зохицуулах боломжтой юу?

-Яг үүнтэй холбоотой зохицуулалтын заалтууд бидний ярьж байгаа хуульд байхгүй. Иймэрхүү асуудал сонгуулийн дараах үйл явц учраас зарим зохицуулалтыг хийх шаардлагатай байж магадгүй. Тухайлбал, эвсэл тарсан тохиолдолд нэрийн жагсаалтаар сонгогдсон хүмүүс нь яах вэ гэхчилэн асуудал бий. Гэхдээ өнөөдрийн хэлэлцэж байгаа хуульд энэ талаар ямар нэгэн зохицуулалт байхгүй.

-Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сард болбол хүмүүсийн зуны амралттай давхацна. Энэ нь сонгуулийн ирцэд нөлөөлөх болов уу?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц харьцангуй өндөр байдаг шүү дээ. Өмнөх сонгуулиас тэгж л харагддаг.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг нэлээд чангатгаж төсөлд тусгасан гэсэн. Ямар шалгуураар нэр дэвшүүлэх вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчид ямар хүн нэр дэвшиж болох вэ гэдэг заалтад зарчмын том өөрчлөлт ороогүй. Хамгийн гол нь Ерөнхийлөгчид нэр дэвшсэн, дэвшигч юу хийж болохгүй вэ гэдэг заалт их олон бий. Тухайлбал, сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс тийм зүйл хийж болохгүй гэдэг ч юм уу, ямар тохиолдолд нэрийн жагсаалтаас татах гэсэн маш олон заалт байгаа.

Энэ мэтчилэн ямар тохиолдолд нэрийг нь татах юм гээд сүүлийн сонгуулиас авсан туршлагаасаа санаа авч өөрчлөлт хийхгүй бол амьдралд нийцэхгүй, зохицохгүй зүйлүүд их байна лээ. Тухайлбал, одоогийн өргөн барьсан төсөлд нэгдүгээр сарын 1-нээс эхлээд янз бүрийн арга хэмжээнд оролцохыг хориглосон.

Гэтэл одоогийн Ерөнхийлөгчийг нэр дэвшинэ гэж бодох уу, тэглээ гэхэд хуулиар хориглосон олон арга хэмжээнд орохгүй байх баталгаа байхгүй. Цагаан сараар нэг айлд ороод хүнд хадаг бариад золгоход л дараа нь тэр хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл хууль зөрчсөн болох гээд байгаа юм. Тиймээс энэ бүгдийг нарийн тооцох нь чухал.

-МАН хандивын талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Уг нь энэ хуулийг боловсруулах ажлын хэсэгт манай намын гишүүдээс орсон. Хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал байсан. Эдгээр саналаа бүлэг дээр яриад санал нийлбэл гарын үсэг зураад явна гэж байсан. Гэтэл манай намын гишүүдийг хүлээлгүйгээр өөрсдөө гарын үсэг зурж, өргөн бариад хэлэлцэх эсэхээ шийдчихэж байгаа юм.

Бидний шүүмжилж байгаа зүйл бол мэдээж хандив. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд 10-100 сая хүртэлх төгрөгийг хандивлах талаар ярьж байна. Уг нь өмнөх сонгуулиудад 10 сая болж л байсан. Яахаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүнд 100 саяар өгөх гэнэтийн шаардлага гардаг юм.

Энэ бол ерөөсөө маш ойлгомжгүй зүйл. Бид бүлэг дээр үүнийг ярьсан. Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн хандивыг хуучин хуулийнхаа дагуу 10 саяас хэтрэхгүй байх ёстой гэдэг дээр тогтсон. Үүнийгээ ч холбогдох байнгын хороонд хэлнэ.

Мөн одоогийн сонгуулийн хуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дээд хэмжээг хуулиар тогтоож өгөх ёстой. Хамгийн гол асуудал байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг төсвөөс гаргаж байгаа. Гэтэл юунд зарцуулах гээд тийм их хэмжээний мөнгө хандиваар авна гээд байгаа юм. Ийм байж болохгүй шүү дээ.

Д.АНГАРАГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)