Д.Хаянхярваа: Бондыг хэрхэн зарцуулахыг УИХ хэлэлцэж, батлах учиртай

    УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай Засгийн газраас гаргасан "Чингис" бондын талаар ярилцлаа.
    УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай Засгийн газраас гаргасан "Чингис" бондын талаар ярилцлаа.

-Засгийн газраас гаргасан бондыг нийгэм янз бүрийн байдлаар хүлээн авч байна. Сангийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд Та уг асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?

-Бонд гэдэг бол эдийн засгийн бодит боломжоо тооцож үзээд зөв ашиглавал хөрөнгө оруулалтаар тэтгэх зөв хувилбар. Буруу ашиглаж, цаг үеэ олоогүй гаргасан бонд бол өрийн бичиг. Нэг ёсондоо хариуцлага алдсанаас Монгол Улсын нуруун дээр үүсэх томоохон хэмжээний өр гэж ойлгож болно.

Энэ утгаараа Засгийн газрын гаргаж байгаа өрийн бичигт зөв алхам хийв үү, буруу алхам хийв үү гэдэг талаас нь хүмүүс ярьж байна. Ер нь мөнгөтэй болж болно. Харин түүнийгээ зөв ашиглах нь хамгийн чухал. Үүнийг Засгийн газар нэлээд сайн бодолцох ёстой байсан.

-Манай улс бонд гаргаж байсан туршлагатай. Өмнөх туршлага алдаа, оноогоо энэ Засгийн газар хэр анхаарч үзсэн юм бол?

-Өнгөрсөн түүх, өнгөрсөн явдлаа эргэж заавал харж байх учиртай. Ерөнхий сайд С.Батболдын үед богино хугацаанд Сангийн сайдаар ажиллах боломж надад олдсон. Тэр үед таван жилийн хугацаатай 5.75 хувийн хүүтэй 580 сая ам.долларын бондыг Хөгжлийн банк дэлхийн зах зээлээс босгосон.

580 сая ам.долларын бонд гаргасны дараа би сэтгүүлчдэд нэг бус удаа "Монгол Улс хөгжилд бэлэн биш байна" гэдэг үгийг хэлж байсан. Яагаад гэвэл бид 580 сая ам.долларын бонд босголоо. Ямар нэгэн төсөл, хөтөлбөр санхүүжүүлье гэхэд Хөгжлийн банкинд стандарт хангасан төсөл хөтөлбөр байгаагүй.

Тиймээс бэлтгэлээ сайн хангах ёстой гэдэг үүднээс ийм үг хэлсэн. Тухайн үед одоогийн эрх баригчид "Өдөр бүр их хэмжээний хүү төлж байна. Нийгмийн халамжид зарцуулах нь, Тавантолгойд өгөх нь" гээд маш их шүүмжилдэг байлаа. Элдвээр хардаж, сэрдэж янз бүрийн л зүйл ярьж байсан. Үүнийг нэг талаас би буруу гэж үздэггүй. 

Улсаараа дэнчин тавьсан хөрөнгийг зөв зүйтэй зарцуулах ёстой гэдэгт сэтгэл зовних нь сөрөг хүчний асуудал гарцаагүй мөн. Ийм учраас өмнөх алдаагаа дахин давтахгүйн төлөө төр, засаг ажиллах ёстой. Гэтэл харамсалтай нь өнөөдөр сэтгэл хөөрөлд автсан байдлаар бонд гаргачихлаа. Энэ нь эргээд Монголын ард түмний нуруун дээр чамгүй ачаа үүрүүлж магадгүй боллоо гэж хаана хаанаа сэтгэл зовниж байна.

-Өмнөх Засгийн газрын үед Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг халамжид зарцуулсан уу?

-Би хэд хэдэн удаа Н.Алтанхуяг болон бусад сайдын амнаас сонссон. Ингэж барин тавин худлаа ярьж шоу хийгээд байх шаардлагагүй. Би Хөгжлийн банкнаас энэ талаархи тооцоо, судалгааг гаргуулж авч байна. Хөгжлийн банкнаас гаргуулсан 580 сая ам.долларын бондоос халамжид мөнгө зарсан уу, үгүй юу гэдэг судалгааг гаргаж тавина.

Яагаад гэвэл Засгийн газрын тэргүүн нь хүний нүүр рүү харж байгаад улаан цайм худлаа ярьж байна. Энэ талаархи тооцоо, судалгаа бий. Намайг Сангийн сайдаар ажиллаж байх үед Төрийн банкнаас орон сууцны зургаан хувийн хөнгөлөлттэй зээлд 50 тэрбум төгрөг гаргахаар Засгийн газраас шийдвэрлэсэн.

Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ХААХҮЯ-аар дамжуулж найман тэрбум орчим төгрөг гаргах шийдвэр гарсан. Өөр зүйлгүй. Түүнээс халамжид зарцуулаагүй. Харин өнөөдөр Хөгжлийн банкаар дамжиж "Хөтөлийн цемент шохой" ХК-д 61 сая, Тавантолгойд 100 сая ч гэдэг юм уу ингэж өгсөн зүйл байгаа юм билээ. 

Тавантолгойгоос санхүүжих төмөр замын төсөлд хөрөнгө өгье гэхэд өмнө нь Тавантолгойгоор дамжуулж мөнгө авч халамжид зарцуулах гэж байна гэж байнга шүүмжилдэг байсан. Гэтэл өнөөдөр түүнийгээ өгөөд, аваад явж л байна. Одоо энэ талаар худлаа хоосон бид тэгээгүй гэж яриад яах вэ. Үнэнийг ард түмэнд баримтаар хүргэх нь зөв гэж бодож байна. Ер нь одоо бол бага ярьж их хийх хэрэгтэй байна шүү дээ.

-Засгийн газар бондынхоо хүүг төлөхүйц үр ашигтай салбарыг хөгжүүлнэ гэсэн. Ер нь одоо яригдаж байгаа төмөр зам, газрын тосны үйлдвэр богино хугацаанд үр ашиг авчрах салбар мөн үү?

-Төмөр зам, газрын тосны үйлдвэрийг хэдэн жил барьж, энэ нь эргээд хэзээ, яаж үр ашгаа өгөх вэ гээд олон асуудал бий. Төмөр замыг оруулна гэж ярьж байгааг сонссон. Одоогийн байдлаар юунд оруулах гэж байгааг би мэдэхгүй.

Тухайлбал, гурвын гурван компани өөрсдөө эрсдлээ үүрээд өөрсдийнхөө хөрөнгөөр урагшаа болон зүүн тийш явах төмөр замыг барья гээд гэрээ, хэлцлээ хийж, зарим нь ажлаа эхэлчихсэн байхад шинэ Засгийн газар нь боломжгүй гээд гэрээг цуцалж, төрөөс хөрөнгө оруулна гэдэг хэр зөв алхам юм бол.

Өнөөдөр Монголын эдийн засаг бүхэлдээ хувийн хэвшил дээр тогтож байна. Гэтэл хувийн хэвшлийнхэн өөрсдөө юм бүтээх гээд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулчихсан байхад төрөөс өмнө нь гаргасан шийдвэрээ цуцлаад эргэж, буцаад байвал энэ төр засагтай хувийн хэвшлийнхэн яаж ажиллах юм.

Ер нь төр хийж, бүтээж яваа хувийн хэвшлийнхний ажилд хутгалдах нь хэр зөв юм гэдгийг олон түмэн ойлгоно. Богино хугацаанд үр ашгаа өгөх, ард түмний амьдралд тустай зүйлд хөрөнгө оруулах ёстой. УИХ-ын гишүүний хувьд би ямар төсөл хөтөлбөр санхүүжүүлэхийг УИХ-аар ярьж батлах учиртай гэсэн байр суурьтай байна. Гэтэл өнөөдөр Засгийн газар шийдээд явна гэсэн байр суурьтай байх шиг байна. 

Энэ хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд тодорхой болох ёстой. Тодорхойгүй байгаа учраас хардалт, сэрдэлт төрүүлж байна. Эцсийн дүндээ бонд Монголын ард түмэнд үр ашгаа өгөх ёстой. Өнөөдөр бондын хүүний тооцоо бодогдоод эхэлчихсэн. Өөрөөр хэлбэл, 1.5 тэрбум ам.долларын хувьд өдөр бүхэн 270 орчим сая төгрөг төлж байгаа. Ингэж тооцож үзэх хэрэгтэй.

-Бондын хүүнд цаг тутам хэдэн сая төгрөг төлж байгаа вэ. Ер нь хүү нь арай бага байж болоогүй юм уу?

-Чи бид хоёр ярилцаад сууж байгаа цаг тутам 12 сая төгрөг төлж байгаа. Өрийн хүү гэдэг цаг, минут, секундээр тооцогддог. Уг нь бид яах ёстой байсан бэ гэвэл өмнө гаргаж байсан 580 сая ам.долларын бонд дээр ийм алдаа, оноо байсан гэдгээ өнөөгийнхтэй харьцуулж, тооцоо судалгаа хийж, үзэх ёстой байсан юм.

Өнөөдөр дэлхийн зах зээл, Евро бүс, Америкийн эдийн засгийн хямрал гээд тодорхой цаг хугацаанд жил орчим үргэлжлэх хандлага байна. Дэлхийн зах зээлд бонд худалдан авах нь томоохон хөрөнгө, мөнгөтэй нэг хэсэг өөрийнхөө мөнгийг өсгөх нэг арга шүү дээ.

Дэлхийн зах зээлд бондын хүү багасах магадлал байна гэдэг таамаглалыг хүмүүс дэвшүүлж байна. Ийм байхад бондын хүү өндөр гарлаа гэж Р.Амаржаргал гишүүн шүүмжилж байсан. Би түүнтэй санал нэг байна. Зарим хүн УИХ-ын чуулган дээр "Бондыг бид бараг гурван хувь уруу оруулна. Гурван хувийн хүүтэй босгох бүрэн бололцоо байна" гэж байсан. Энэ бол их мөнгөний хувьд өндөр хүү гэж бодож байна.

-Хэдэн Засгийн газар дамжиж төлөгдөх дааж давшгүй өрөнд оруулах юм биш биз дээ?

-Монгол Улсыг барьцаалсан 5-10 жилийн хугацаатай бонд шүү дээ. Тиймээс дараагийн Засгийн газар гэх зүйлгүй. Монгол Улс 5-10 жилийн дотор энэ өрийг төлж дуусгах ёстой. Хүүг нь хагас жил тутамд төлөхөөр яригдаж байгаа.

Тэр гэрээ, хэлцлийг нь бид мэдэхгүй. Хэрэв хагас жил тутам төлнө бид сар бүр 270 сая төгрөг төлнө. Үүнд ард түмэн эмзэглэх нь зөв. Засгийн газрыг хэтэрхий их шоугаар ажил хийж байна гэж бид хэлээд байгаа юм. "Чингис" бондыг бид түүхэндээ анх удаа босголоо. Бид азтай улс. Энэ бондыг босгож чадлаа.

Хоёр сайд ирж явна гэх мэтээр шоу хийгээд байдаг. Гэтэл мөнгө босгоод наашаа ирж явна гэхийн оронд энэ мөнгийг ороод ирвэл ийм зүйлийг санхүүжүүлнэ гэдгээ ярьсан бол арай өөр өнцгөөс харагдана. Гэтэл нэгэнт орж ирээд хүү бодогдоод эхэлчихсэн үед буруу юу, зөв үү гэдэг яриа хэрэггүй.

Тиймээс урагшаа харж, үр ашгаа хурдан өгөх зүйлд хөрөнгө оруулах ёстой. Хүссэн хүсээгүй энэ өр Засгийн газраас Засгийн газар дамжиж төлөгдөнө. Ямар ч үр ашиггүй зарцуулсан дараагийн Засгийн газар үлдсэн өрийг төлнө үү, байна уу хамаагүй гэж асуудалд хандвал дэндүү харамсалтай. Гэхдээ арай тэгж хандахгүй байх гэж бодож байна.

-Манайд Засгийн газар нь бонд гаргачихсан байхад хямрал хэрхэн нөлөөлөх вэ?

-"Бүхэл бүтэн улсаараа дэнчин тавилаа" гэж Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд манай эдийн засаг өсч байна. Өнгөрсөн жил 17 хувь байсан. Энэ жил Валютын сан, Дэлхийн банкнаас 10 хүртэлх хувийн өсөлттэй гарна гэж тооцоолсон.

Цаана нь Тавантолгой, Оюутолгой гээд эдийн засгийн өсөлтийг дагуулах томоохон төсөл хэрэгжиж байгаа учраас бидэнд итгэж, бонд худалдан авч байгаа. Тиймээс бид тэдний тооцсон ашгаас илүү ашиг олох тооцоотой байж л энэ хөрөнгийг зарах ёстой. Гэтэл хүү нь бодогдоод байдаг, бид юунд зарах нь тодорхойгүй сууж байдаг. Ийм л байдалтай байна шүү дээ.

Ц.ЖАРГАЛЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.170.81.155)

    2012-12-18

    Үнэндээ хэдхэн сар Сангийн сайд хийхдээ Улсын хөрөнгийг хөмрөөд дуусгасан гар даа. Ийм хүнээр төрөө түшүүлж байх ч гэж дарханчуудаа.

  • (27.123.213.177)

    2012-12-18

    ene lalar yu meddeg gj naad lalar chin darhaniig idej uussan nowsh byh barilguudiig in huwichilj zarj idsen huuligyi nowsh doo iim garuud shorond orhgyi bgaad l bh yumdaa mongol toriin hyyli yadarsan arddaa l yilchileh yumdaa