Шинэ онд улс орныхоо нийгэм, эдийн засгийн байдлыг хэрхэн төсөөлж байгаа талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.

С.Бямбацогт: Ард түмний амьдралд өгөөжөө өгсөн жил болоосой

-Юуны өмнө www.UNEN.mn сайтын нийт уншигчид болон Монголын ард түмэндээ шинэ оны мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал хүсье. Энэ жил Монгол Улсын хувьд төрийн тэргүүнээ сонгох чухал жил болно. Үүнээс гадна шинэ Засгийн газар гадна, дотноос урьд өмнө байгаагүй их хөрөнгө оруулалт татсан. Үүгээр олон бүтээн байгуулалт хийнэ гэж төлөвлөж байгаа. Энэхүү бүтээн байгуулалт ард түмний амьдралд үр өгөөжөө өгөөсэй гэж бодож байна.

Цаашид аль аль талдаа улстөржихгүй байх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгууль дууссанаар амьсгаа авч, ирэх гурван жилийн хугацаанд улсаа яаж хөгжүүлэх вэ гэж УИХ, Засгийн газар, төрийн тэргүүн нэг зүгт чиглэж, анхаарч ажиллах жил. Тиймээс бүхэл бүтэн 1.5 жил үргэлжилдэг сонгуулийн урт циклийг яаж богиносгох вэ гэдгийг бодох ёстой. Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулиар МАН санасандаа хүртэл амжилттай оролцож чадаагүй.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар бидэнд дүн тавих байх. Тиймээс ямар дүн тавьснаас үл хамааран цаашид бодлого, үйл ажиллагаагаа шинэчлэх ёстой. Энэ шинэчлэлийг улам эрчимжүүлэн гүнзгийрүүлэх, МАН-ын бодлого, үйл ажиллагааг шинэ төвшинд гарах он жил байх болов уу.

Д.Оюунгэрэл: Маш их ажил өрнөх жил

-Маш их ажил өрнөх жил гэж төсөөлж байна. Бид улсын төсөвт их хэмжээний хөрөнгө оруулалтын төлөвлөгөө баталж, олон газар олон барилга бүтээн босгохоор төлөвлөсөн. Манай улс анх удаа олон улсын хөрөнгийн бирж дээр 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон. Тиймээс энэ хэмжээний бүтээн байгуулалт хийнэ.

Барилга байгууламжийн улирал богинохон учраас маш их ачаалалтай ажиллах жил юм. Энэхүү бүтээн байгуулалтыг зөв зохион байгуулалттай, хурдтай, чанартай хийхийн тулд биднээс өндөр төвшинд ажилахыг шаардаж байгаа. Манай яамны хувьд энэ онд хийх ажлын тал нь барилга, байшингийн асуудал.

Энэ жил бид гар хумхих завгүй ажиллана. Улсын төсвөөс бидэнд баталж өгсөн хамгийн том хөрөнгө оруулалтууд спортын барилгад зарцуулагдана. Зургаан дүүрэгт спортын ордон барих зураг төслөө гаргасан. Мөн анх удаа өвлийн спортын ордон барихаар төлөвлөсөн. Энэхүү ордны зураг төслийн эцсийн хувилбар хараахан шийдэгдэж амжаагүй байна. Үүн дээр анхаарал хандуулж байгаа.

Г.Уянга: Зээлийг үр ашигтай болгоход анхаарах ёстой

-Энэ онд шинэ Засгийн газар томоохон шинэчлэлийн бодлого, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Уг ажил ахицтай, урагштай яваасай гэж хүсч байна. Хамгийн гол нь үйлдвэрлэл эхэлж, ажлын байр бий болгох бүтээн байгуулалт чухал. Тиймээс шууд ажилдаа орох ёстой. Бид ихээхэн хүүтэй зээл авчихсан байгаа. Энэ зээлийг үр ашигтай болгох тал уруу төвлөрч ажиллах болов уу гэж бодож байна.




Ц.ЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (203.194.115.60)

    2013-01-04

    Энхтүвшин Оюунхорол гэдэг найз нар МАН ыг орон нутагт ялагдууллаа одоо алдрын хойноос Оюунхорол ерөнхийлөгчид дэвшиж МАН ыг шившигт хутган ялагдуулах нь Нүдээ нээгээч улс төрийн хүний ёс зүй байна уу улс төрийн хүний хараа байна уу даргаа

  • зочин (203.194.115.60)

    2013-01-04

    Энэ С.Бямбацогт ерөнхийлөгчид нэр дэвшвэл ялалт авчирч магадгүй залуу шүү