Д.Лүндээжанцан: Парламент, ардчилал хоёр бол тахиа, өндөг гэдэгтэй адил ойлголт
- 2013-01-07
- Улс төр
- 0
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа.

-Ардчилсан Үндсэн хууль батлагдаад 21 болж байна. Эрх баригчид Үндсэн хуулийн шинэчлэл, төрийн шинэчлэл гэдэг зүйлийг ярих боллоо. Зарим хуульчид “эцэг” хуульд гар хүрэх нь зохисгүй гэж үзэх нь бий. Та парламентад олон жил суусан туршлагатай гишүүний хувьд уг асуудалд ямар байр сууринаас хандаж байна вэ?
-Монгол Улсын Үндсэн хууль батлагдаж, үйлчлээд 21 жил болж байна. Тэртээ 1991 онд монголчууд Үндсэн хуулиар бүтэн жил амьсгалсан. Нийт ард түмнээр хэлэлцүүлж, Улсын бага хурлаар хоёр удаа хэлэлцэж, мөн Ардын их хурлын 430-аад депутат 70 гаруй хоног хэлэлцэж Үндсэн хуулийг баталсан.
Энэ хууль өнөөдөр Монгол Улсын хөгжлийн чиг луужин, замыг заагч болж байгаа юм. Монгол орныг зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй шилжих ёстой гэдгийг уг хуулиар зааж өгсөн. Хоёрдугаарт манайд хууль цаазат эрх зүйт төрийг тогтоож, хүний эрх, эрх чөлөөг хангаж өгсөн.
Эрх зүйт төрийг тогтоохдоо хуульд захирагддаг төрийн эрх мэдлийг хуваарилсан байх хуваарилалтуудыг нарийн хийсэн юм. Хэрэв Үндсэн хуулийг богино хугацаанд боловсруулж, хэлэлцэж, батлаагүй бол замбараагүй, тодорхойгүй байдал удаан үргэлжлэх байсан. Бүтэн 21 жил байгалийн шалгарлыг давж үйлчилсэн хууль шүү дээ. Ямар нэг өөрчлөлт оруулах гэхээр эсвэл дордуулчих гээд сайжруулж чадахгүй өдий хүрсэн. Үүнээс ямар хууль болсныг харж болно.
Үндсэн хуулийг анх боловсруулахаас нь хэлэлцэж батлах хүртэлх бүх үе шатанд байлцсан УБХ-ын гишүүд, Засгийн газар, аймаг орон нутгийн удирдлагууд, АИХ-ын депутатуудын 80-аад хувь нь тухайн үеийн МАХН, одоогийн МАН- аас сонгогдсон төлөөлөл байсан. Үндсэн хууль батлагдахад энэ хүмүүсийн гүйцэтгэсэн үүрэг асар их. Монгол Улсын Үндсэн хууль бол Монголын ард түмний бүтээл юм.
-Ер нь Үндсэн хуульд заавал өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм уу?
-Үндсэн хуулийг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага 15- 20 жилд гарцаагүй гардаг. Гэхдээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихож болохгүй. 1999, 2000 онд оруулсан дордуулсан долоон өөрчлөлт буюу “хэрүүлийн алим” гэж нэрлэгдсэн өөрчлөлтөд эерэг зүйл ч бий, сөрөг зүйл ч бий.
Тухайлбал, бидний горыг нь амсаж байгаа эрх мэдлийн хуваарилалт дээр алдаа гаргаж УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахыг чөлөөтэй нээж өгсөн. Үүнийг далимдуулж “шинэчлэлийн” гэж өөрсдийгөө нэрлэсэн Засгийн газарт УИХ-ын 17, 18 гишүүн давхар ажиллаж байна.
Гэхдээ би УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр огт ажиллаж болохгүй гэж туйлширахыг хүсэхгүй байна. Энэ асуудлыг заавал Үндсэн хуульд хүрэхгүйгээр органик хууль буюу УИХ- ын болон Засгийн газрын хуулиар зохицуулах боломжтой. Харамсалтай нь энэхүү зохицуулалтыг хийж өгөхгүй байгаа юм.
Тэгэхээр энэ байдал Үндсэн хуулиар нээгээд өгчихвөл юуг ч хийж болдог юм байна гэдгийг бидэнд харууллаа. Иймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал тодорхой хязгаарыг тавьж өгөх хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газар тодорхой хууль, тогтоол санаачилж УИХ-д Засгийн газрын гишүүн илтгээд, Засгийн газрын гишүүд гурав гурван байнгын хороонд харьяалагдаад өөрсдөө байнгын хорооны дүгнэлтийг уншиж, баталж байна.
Энэ нь гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдлийнхээ дээр гарсныг харуулж байгаа юм. Тиймээс уг зохисгүй байдлыг нэн даруй засах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Иргэдээс ч энэ талаар асуудал тавьдаг. Түүнчлэн бидэнд парламент, парламентат ёсыг ялгах зүй ёсны шаардлага гарч байна. Үүнийг Үндсэн хуульд нарийн зааж өгсөн боловч зарим талаар дутуу зүйл бий.
Муу хэлэгддэг долоон өөрчлөлтийн дотор УИХ-д бүлэг байгуулах суудалтай нам УИХ-ын дэд даргатай байхаар хуульчилсан нь урагшаа харсан алхам байсан. Бүгдийг үгүйсгэх аргагүй. Үүнээс бусдаар олонхийн дарангуйллыг яаж хязгаарлах, цөөнхийн эрхийн хамгаалалтыг хэрхэн хийх вэ гэдэг зүйл тодорхойгүй хэвээр үлдсэн. Үүнийг УИХ-ын тухай хууль, бусад органик хуулиар хийх бололцоотой.
Харамсалтай нь эрх баригч хүчин үүнийг хүсэхгүй байгаад гол учир бий. Өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажилладаг хүмүүс гурван байнгын хороонд харьяалагдаж байхад МАН- ын бүлгийн гишүүд нэг, нэг байнгын хороонд орж байх шиг байна. Энэ мэтчилэн засаж залруулах зүйл их байна. Гэхдээ үүнийг болж өгвөл Үндсэн хуульд гар хүрэлгүй засах хэрэгтэй. Хэрэв Үндсэн хуульд тодорхой зааж өгсөн бол ийм асуудал гарахгүй байсан.
Үндсэн хуулийнхаа заалтуудын чадавхийг шавхаж ашиглах, ойлгох, амьд эд эсийнх нь хувьд зохицуулалт хийх талаар бид учир дутагдалтай ажиллаж ирсэн гэж боддог. Тиймээс Үндсэн хууль хоцрогдсондоо биш бид Үндсэн хуулийнхаа заалтуудыг амилуулах үүднээс чадавхийг нь бүрэн шавхаж чадахгүй байна.
-Тэгвэл өнөөдрийн тухайд Үндсэн хуульд яг ямар өөрчлөлт хийх шаардлагатай байна вэ?
-Үндсэн хуульд хийх өөрчлөлтийн талаар үе үеийн парламент ярьсаар ирсэн. Өнгөрсөн парламентын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зарим нэг асуудлаар ажлын хэсэг гарч ажиллаж байлаа. Түрүүчийнх нь парламент Үндсэн хуулийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай гэсэн бүлгийг өөрчлөх асуудлыг ярьж байсан.
Үндсэн хуулийг нийгмийн амьдралтай нийцүүлж өөрчлөх ёстой гэж хэчнээн ярьдаг боловч яг өөрчлөлт хийх гээд тодорхой асуудлууд ярихлаар үүнийг л өөрчилчихье гэхээр юм тун бага байдаг. Тэгэхээр манай Үндсэн хууль хэр чамбай болсон нь харагдаж байгаа юм.
Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг “үндэслэн” гэдэг үгийг “харгалзан” гэдэг үгээр солих, “Хот тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн заалтыг тодруулах зэрэг зарим нэг зүйлийг ярьдаг. Иймд дэлхий нийтийн жишиг хандлагатай Монголын хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж яваа хууль гэж би боддог.
ндсэн хуулийн 22 дугаар зүйлд “Монгол Улсад төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хэрэгжүүлнэ” гэж заасан байгаа. Энэ бол Монгол Улс парламентын засаглалтай улс гэдгийг хэлж өгдөг түлхүүр заалт юм.
Харамсалтай нь үүнийг дэлгэрүүлэхдээ парламентын сонгодог засаглалын хэмжээнд аваачиж чадаагүй. Энэ нь тухайн үеийн Зохион байгуулах хурал буюу АИХ-ын депутатууд бүх сум хорооноос ирсэн төлөөлөл байсан учраас аль алиныхаа санаа, бодлыг харгалзаж дундын хувилбар болох Ерөнхийлөгч бүхий парламентын засаглалыг сонгосон юм.
Ингэснээр Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог болгосон. Уг нь парламентын сонгодог засаглалтай улсад Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог. Ерөнхий сайдыг парламентаас томилж, Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлж, эмхлэн байгуулдаг.
Мөн парламентын доод танхимыг тараах эрхийг эдэлдэг. Ингэж эрх мэдлийн тэнцвэр, харилцан хяналтын тэнцвэрийн механизмыг хангадаг. Ийм хэмжээнд бид хүрч чадаагүй. Манай улс хүн амынхаа тооноос шалтгаалж парламентын дээд, доод танхимыг нийлүүлж ганц танхимтай болгож, парламент 76 гишүүнээс бүрдэхээр хуульд заасан.
-Хоёр танхимтай парламенттай байх асуудал өмнө нь ч нэлээд яригддаг байсан шүү дээ?
-Өнөөгийн нөхцөлд энэ асуудал парламентын цогц шинэчлэлийн хүрээнд яригддаг. Ард түмний хяналтыг өргөн хүрээтэй болгох энэ асуудал өргөн олны дэмжлэг авах нь төдийлөн сайнгүй байна. Мөн 76 гишүүнтэй ганц танхимтай парламент учраас Ерөнхий сайдад ганц танхимтай парламентыг тодорхой нөхцөлд тараахаас биш бусад нөхцөлд тараах боломжгүй.
Ганц танхимтай парламентыг тараах нь Монголын нөхцөлд зохимжгүй юм. Ийм механизмуудыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийж өгсөн. Хэрэв хоёр танхимтай бол доод танхимыг тараах эрхийг Ерөнхий сайдад өгөх ёстой. Тэгж байж хүчний тэнцвэр хангагдана.
Иймээс аль алинд нь зовлонтой байгаа учраас ядахдаа парламентын гишүүдийн тоог их хэмжээгээр биш юмаа гэхэд 100 дөхүүлдэг ч юм уу 94, 96 гишүүнтэй байх хэмжээнд нэмэгдүүлбэл олон түмнийг төлөөлөх чадвар, үндэсний аюулгүй байдлын дархалаа талаасаа илүү байж магадгүй гэсэн санаа байдаг. Үүнийг би үгүйсгэдэггүй. Цаашид үүнтэй холбогдуулан сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох зүйл бий.
Түүнчлэн Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, шүүх эрх мэдлийн тогтолцооны хэсэгт зарим нэг тодотгох зүйлүүд байгаа. Хамгийн гол нь өнөөдөр Үндсэн хуулиа ард иргэд, хүүхэд багачуудаас эхлээд ялангуяа албан тушаалтнууд өөрсдөө сайн судалж, мэдэж, ойлгож түүнийгээ сахиж мөрддөг байх явдал хамгийн чухал байна.
-Та парламент, парламентат ёсны асуудлыг дээр хөндөөд орхилоо. Ер нь энэ асуудал манай улсын парламентын түвшинд хэр байгаа юм бэ?
-Өнөөдөр манайд парламент байна уу гэвэл байна. Харин парламентат ёс тааруу байна. Парламент ардчилал хоёр бол нэг зоосны хоёр тал. Тахиа, өндөг хоёр гэдэгтэй адил зүйл. Парламентат ёс гэж парламентын ардчиллыг хэлж байгаа юм. Парламентын ардчилал зөвшилцөл дээр тогтдог.
Харамсалтай нь зөвшилцлөөс гадуур бүхэл бүтэн ард түмний 40 гаруй хувийн төлөөлөл болсон намын бүлгийг байгуулахгүй, сонгогчдын эрх ашгийг хангаж өгөхгүй тав, зургаан сарын нүүр үзэж байж байгууллаа. Одоо гишүүд нь байнгын хороодод хуваарилагдаж чадахгүй. Ганц ганц байнгын хороонд харьяалагдаж байна.
Олонхийн гишүүн гурван байнгын хороонд, цөөнхийн гишүүн нэг байнгын хороонд харьяалагдаж байгаа нь парламентат ёсыг алдагдуулж байна. Энэ мэтчилэн байр сууриа илэрхийлж, үг хэлэхээс эхлээд олон зүйлийг зохицуулж өгөх шаардлага бий.
Парламентын засаглалтай улс орнуудад УИХ-ын даргад кнопын эрх байдаггүй. Нам бус болж УИХ- ын даргынхаа үүргийг гүйцэтгэж ажилладаг. Энэ зарчимд шилжихэд болохгүй гэх газаргүй. Ингэснээр парламентад жинхэнэ парламент ёс хэрэгжинэ. Парламентат ёсгүй бэлгэ тэмдгийн парламент байж болохгүй.
Засгийн газар эсвэл улстөрийн нэг намын дохио зангаагаар ажилладаг парламент байж болохгүй. Парламент олон найралт ёсны үндсэн дээр ажиллахын тулд олонхи нь бодлогоо явуулдаг, цөөнх нь хяналт тавьж эрхээ хэрэгжүүлснээр парламентат ёс тогтдог юм.
Монголын парламент, хууль тогтоох эрх мэдэл парламентат ёсыг төгөлдөржүүлэхгүйгээр байр сууриа олохгүй. Тиймээс парламентат ёс хөгжсөнөөр ард иргэдийн санаа бодол, улсын хөгжлийн эрх ашигт тохирсон хууль гарах ёстой. Өмгөөлөгч, шүүгч, прокуророос илүү нарийн ажил бол хууль боловсруулах ажил байдаг.
Өнөөдөр хууль тогтоох шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулж тухайн хэмжээнд хүргэж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь анхаарлын тэмдэгтэй асуудал болоод байна. Үндсэн хуулийн хүрээнд шүүх эрх мэдлийн шинэчлэлийн тухай их ярьж байгаатай адил хууль тогтоох эрх мэдлийн шинэчлэлийн асуудал зүй ёсоор тавигдаж байгааг цохон тэмдэглэмээр байна.
-Та улстөрийн соёлын тухайд юу хэлэх вэ. Монголын улстөрд улстөрийн соёл гэж байна уу?
-Өнөөдөр улстөрийн соёл их дутагдаж байна. Улстөрийн соёл бол парламентат ёсны нэг хэсэг. Улстөрийн соёл их чухал л даа. Өмнө нь цөөнх, олонхи хамтарч Засгийн эрх барьж байсан. Цөөнх олонхи ч болж явсан. Тэгэхэд манайх цөөнхөөс гарсан аймгуудын Засаг дарга нарыг томилохгүй буцааж байсан удаагүй.
Тэгэхээр ард түмэн иргэдийн өөрөө удирдах ёсны сонгуулийн үр дүнг Засгийн газар, Ерөнхий сайд хүчээр элдэв арга, шалтаг хайж, янз бүрийн гох дэгээ тавьж баталгаажуулахгүй байгаа нь улстөрийн соёлгүй явдал. Тухайн орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага түүний нэг төлөөлөгч болсон Засаг дарга гэдэг бол засгийн төлөөлөгч. Нөгөө талаас орон нутгаа төлөөлдөг. Ингэж хослох зарчмыг баримталдаг учраас төрийн төлөөлөгч ажлаа явуулах ёстой.
Янз бүрийн элдэв шалтгаар, сонгуулийн үр дүнг шүүхийн журмаар өөрчлөхийг оролдож байгаа нь ч улстөрийн соёлгүй явдал. Ингэж үзэхээс өөр аргагүй. АН- ын Засаг дарга нар ногоон гэрлээр шууд томилогдчихдог. Харин МАН-ыг төлөөлж олонхи болсон газрын Засаг даргыг батламжилж өгдөггүй. Элдэв саад хийж ажил удаашруулж байгаа нь хүч түрэмгийлсэн, хэт нэг талыг барьсан үйл явдал гэж бодож байна.
Өнөөдөр цас зуд, цаг агаарын хүндрэл бэрхшээл, хийж бүтээх их ажлын үед орон нутгийн засаг захиргаа үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд Засаг даргыг томилох асуудлын тухайд “Ерөнхий сайд нэг удаа буцаана. Дахин уламжилсан тохиолдолд тав хоногийн дотор томилно” гэсэн заалт үйлчилсэн хэвээр байгаа.
Ц.ЖАРГАЛЦЭЦЭГ

Сэтгэгдэл (1)
(71.191.202.23)
mongoliin xogjliin tushaa chodor xuklgaich nlundee gedeg xxun dee abgaigaa xarbal ykhaan aldana..enenii meddeg num gej baikhgyi biz dee gertee tsagaar sheedeg gecen xa xa