Ж.Батзандан: Д.Тэрбишдагва сайд уучлал гуйхгүй бол огцрох шаардлагыг дахин тавина

-УИХ-ын гишүүд бол нэг ангийн бацаанууд биш шүү дээ-
УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-Хурууны хээгээр санал өгөх тухай таны санаачилсан хуулийн төслийг гишүүд хэр зэрэг дэмжиж байна вэ?

-С.Бямбацогт болон бусад гишүүний хамт хурууны хээгээр санал өгөх тухай хуулийн төсөл өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, давхцахгүй өгөгдлийг ашигласан гэсэн үг. Энэ төсөл удахгүй хэлэлцэгдэнэ. Олон ч гишүүний дэмжлэг авч байгаа. Хууль хэрэгжсэнээр УИХ-ын гишүүд бусдын кноп дардаг, хурлаа тасалдаг, ажилдаа хайнга ханддаг байдлыг таслан зогсооно гэж бодож байгаа.

-Энэ хуулийн төслөөс гадна УИХ-ын дэгтэй холбоотой хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Ер нь УИХ-ын гишүүдийн хариуцлагагүй байдлыг зохицуулахын тулд заавал хуулийн төсөл боловсруулж механикаар шийдэх шаардлага байгаа юм уу?


-Уг нь ёс зүйн асуудлыг ёс зүйн хэм хэмжээгээр зохицуулах ёстой л доо. Харамсалтай нь нийгэм ёс зүйн гүн гүнзгий уналтад орчихсон байна. Тиймээс ёс зүйн зарим асуудлыг хуулиар зохицуулахаас өөр аргагүй гэж би харж байгаа. УИХ-ын гишүүд өөрсдөөсөө эхлээд хариуцлага, ёс зүйгээ чангатгах ёстой. Миний өргөн барьсан хуульд ёс зүйн шинжтэй хэд хэдэн зүйл багтсан. Ингэснээр дээдэс нь суудлаа олж, доодос нь гүйдлээ олно гэдэг зарчим хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа шүү.

-Төрийн өндөр албан тушаалтан гадаадын хүнтэй гэр бүл болсон тохиолдолд Монгол Улсын иргэн болох, гадаадад дансгүй байх гэх мэт зохицуулалт бүхий таны санал болгосон хуулийн төсөл УИХ дээр яригдах үед Ц.Оюунгэрэл сайд нэлээд бухимдсан. Үүнээс болж Та сайдаас уучлалт гуйсан юм уу?

-Би хэнээс ч уучлалт гуйгаагүй. Уучлалт гуйх тухай ойлголт байхгүй. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах эрхтэй. Гадаад эхнэр, нөхөртэй хүнийг төрийн өндөр албан тушаалд томилохдоо аль ч улсад үндэсний аюулгүй байдал, тагнуулын байгууллагын санал, дүгнэлтийг харгалзаж шийдвэр гаргадаг л даа. Харин Монголд сүүлийн 22 жил бүх зүйл задгай, нээлттэй явж ирсэн. Үүнийг л цэгцлэх үүднээс энэ хуулийн төслийг өргөн барьсан юм.

-Та Ц.Оюунгэрэл сайдтай учраа олсон уу. Лав түүнд хандан захидал бичсэн байсныг уншсан?

-Түүнтэй ойлголцсон. Гадаад эхнэр, нөхөртэй хүмүүс төрийн өндөр албан тушаалд томилогдох тохиолдолд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн санал дүгнэлтийг харгалзан үздэг болъё гэдэг дээр тохиролцсон. Эсвэл гадаад эхнэр, нөхрөө Монгол Улсын иргэн харьяат болгох дээр ойлголцсон. Бид дэлхийн хандлагыг дагах ёстой л доо. Улс үндэстэнд өөрийн гэсэн аюулгүй байдал, тусгаар тогтнол зайлшгүй хэрэгтэй. Төр засагт хамгаалах ёстой нууц зүйл их бий. Энэ утгаараа энэ хуулийн төслийг өргөн барьсан. Манай гишүүд ойлгож байгаа гэдэгт итгэж байна.

-Зарим хэвлэлд энэ хуулийн төслийг орос эхнэртэй Х.Баттулга сайд, америк нөхөртэй Ц.Оюунгэрэл сайдад зориулагджээ гэсэн тайлбар явах шиг болсон?

-Энэ бол огт тийм зүйл биш ээ. Энэ бол Монголын ард түмний язгуур эрх ашигт бүрэн нийцсэн зүйл.

-Та энэ асуудлаар санал асуулга явуулж байгаа гэсэн. Хүмүүсийн хандлага хэр байх юм?

-Твиттэр, цахим хуудсаар дамжуулж иргэдээс маш их санал ирсэн. Иргэдийн бараг 95 хувь нь дэмжиж байгаа.

-Та УИХ-ын гадна байхдаа хүний эрхийн асуудлыг их хөнддөг байсан. Харин одоо хүний эрхийг хамгаалсан чиглэлээр юу хийж байна даа?


-Хүний эрхийн асуудал дээр бид маш анхааралтай хандах ёстой. Яагаад гэвэл Монгол Улсад хүний эрх, хүнээс илүү үнэтэй зүйл байхгүй гэж би хувьдаа бодож явдаг. Хүнээ үнэлж, хайрлаж, эрхэмлэн дээдэлж чадахгүй бол Монгол Улс хөгжихгүй гэдэгт би итгэлтэй байдаг. Монгол орон хөгжье л гэж байгаа бол монгол хүнээ хөгжүүлэх ёстой. Монгол орон хүчирхэг болъё гэж байгаа бол монголчуудаа хүчирхэг болгох хэрэгтэй. Энэ чиглэлд АН хүчтэй ажиллаж тодорхой арга хэмжээнүүдийг дэс дараатай хэрэгжүүлнэ. Тухайлбал, Хүний эрхийн дэд хороог Хүний эрхийн байнгын хороо болгож өөрчлөх ёстой. Хүний эрхийн комиссыг чадваржуулах хэрэгтэй. Хүний эрхийн комиссын гишүүдийг мэдлэг, чадвартай, боловсролтой хүмүүсээр бүрдүүлэх нь чухал. Мөн Хүний эрхийн комиссын тухай хууль, хүний эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байна. Энэ чиглэлд л АН илүү ажиллаж байна даа.

-Өнөөдөр Хүний эрхийн комиссын гишүүдийг томилох үеэр Та заримыг нь хүлээн зөвшөөрөхгүй гээд байсан нь ямар учиртай юм бэ?

-Зарим гишүүн нь Хүний эрхийн комиссын гишүүн байх мэдлэг боловсрол, ёс зүйн шаардлага хангахгүй байна гэж үзсэн. Тухайлбал, тэтгэврийн насанд хүрчихсэн, мөн насаараа прокурорын байгууллагад ажил- ласан хүнийг томилж байх юм. Насаараа прокурорын байгууллагад ажилласан хүн чинь хүний эрхийг хамгаалах биш яллах талд илүү ажиллаж ирсэн шүү дээ. Тэгэхээр ийм хүн бусдын эрхийг хамгаалж чадна гэж үү. Энэ бол маш буруу хандлага. Мөн Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлж байгаа хүнээ ямар ч сонгон шалгаруулалтгүй 100 хувийн саналаар Хүний эрхийн комиссын гишүүнд санал болгож байна. Энэ бас буруу жишиг. Хүний эрхийн комиссын гишүүнийг өндөр боловсролтой хуульчид, иргэдийн дундаас сонгон шалгаруулж өрсөлдүүлж байж сонгох ёстой гэдэг байр суурийг л илэрхийлсэн.

-Сонгон шалгаруулаагүй юм чинь хуулиа зөрчиж байна гэсэн үг биз дээ?

-Улсын дээд шүүх 100 хувийн саналаар дэмжиж оруулж ирсэн байна лээ. Би үүнд итгэхгүй байгаа. Хэрвээ өрсөлдөөн байсан бол дор хаяж 99.9 хувийн саналаар орж ирэх болов уу гэж бодож байна. Үүнд асуудал байна, шалгах ёстой. -Ямар асуудал байна гэж? -Сонгон шалгаруулалт алга байна шүү дээ.

-Эсвэл өнөөх арын хаалгаар ороод ирчихсэн хэрэг үү?

-Тэрийг би мэдэхгүй. Шалгах ёстой.

-Та нэг хэсэг Д.Тэрбишдагва сайдыг огцруулна гээд л яваад байсан. Яагаад чимээгүй болчихов оо?

-Д.Тэрбишдагва сайдын хариуцлагагүй явдлаас болоод би түүнд хандан огцрох шаардлага тавьсан. Онцгой байдлын ажил сүүлийн үед харьцангуй сайжирч байх шиг байна. Ерөнхий сайд, Шадар сайд тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Онцгой байдлын албаны үндсэн үүрэг бол онцгой нөхцөл байдалд монгол хүнийг аюул ослоос амь нас, эрүүл мэндийг нь авран хамгаалах үүрэгтэй. Харамсалтай нь энэ ажил сүүлийн жилүүдэд хангалтгүй явж ирсэн. Нэг удаа сануулга өгсөн. Ажлаа сайжруулахгүй бол Д.Тэрбишдагва сайдтай хариуцлага тооцох асуудлыг цаашид дахин хөндөх болно.

-Эх хүү хоёр голоор урсаж сураггүй алга болсон нь олон нийтийг цочролд оруулсан. Тухайн үед энэ асуудлыг танаас өөр хүн бараг яриагүй байх аа. Тэр аймшигт явдлын мөрөөр албан тушаалтанд хариуцлага тооцно гэж иргэд хүлээж байсан. Гэсэн ч Та чимээгүй болчих юм. Тэр шаардлага чинь түр зуурын шоу байсан юм биш биз дээ?

-Тэр асуудал ингээд өнгөрөхгүй. Эх хүү хоёрын амь насыг нэхэх асуудал дуусахгүй. Хүний амь нас юунаас ч эрхэм үнэтэй зүйл. Тиймээс цагаан сарын дараа энэ асуудлаар иргэд олон нийтэд мэдээлэл өгч уучлалт гуйхыг Д.Тэрбишдагва сайдаас шаардана. Хэрвээ ард түмнээс уучлалт гуйхгүй бол огцруулах асуудлыг тавих болно. Хүний амь настай холбоотой асуудлаар би юу гэж шоу хийх вэ дээ.

-Та Онцгой байдлын ерөнхий газрын ажил илт сайжирч байгаа гэлээ. Яг юун дээр өөрчлөлт гарав?

-Сая Засгийн газар тодорхой арга хэмжээнүүдийг авлаа. Онцгой байдлын ерөнхий газарт техник хангамжийн хувьд нэлээд хөрөнгө оруулалт хийлээ. Цас зуднаас иргэдийг аврах, малчдад туслах гэх мэт олон ажил хийж байгаа гэх мэдээлэл бидэнд ирж байгаа. Нэг үеэ бодвол сайжирсан. Гэхдээ бүр сайн болсон гэж хэлээгүй шүү. Илүү сайн болох боломж байгаа.

-Таны бодлоор Монголд ардчилал, эрх чөлөө жинхэнэ утгаараа хөгжиж чадаж байна уу?

-Аль улс, юутай харьцуулах вэ гэдгээс их хамаарна. Америк, Англитай харьцуулбал манай улс хүний эрх чөлөө их хумигдмал санагддаг. Иргэний эрх чөлөө баталгаагүй, эрх зүйн хувьд баталгаажаагүй. Ер нь эрх мэдэлтнүүдийн зүгээс иргэний эрх, эрх чөлөөг зөрчих явдал байнга гардаг. Манайд олон түмний эрх ашгаас дээгүүр олигархи бүлэглэлийн эрх ашиг илүү гарчихсан ийм л байдалтай байна. Энэ бол ардчилал биш. Ардчилал гэдэг бол ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавихыг хэлдэг. Энэ утгаараа манайд ардчилал бүрэн дүүрэн төлөвшиж чадаагүй гэж үздэг. Гэхдээ ардчиллыг бий болгох, түүнийг төлөвшүүлэхийн тулд иргэд болон улстөрийн байгууллагууд хаана хаанаа хичээж ажиллаж байгаа. Харин Африкийн орнуудтай харьцуулах юм бол улстөр, нийгмийн ардчилал харьцангуй өндөр хөгжсөн. Ардчилал байна уу, үгүй юу гэдэг асуултад хэнтэй, юутай харьцуулахаас л хамаарна.

-АН-ыг засгийн эрхэнд гарахад үр дүн хүлээсэн хүн олон байсан. Харин одоо дургүйцэх, тэр ч бүү хэл та бүхний ажлыг эсэргүүцэх явдал ажиглагдаж байна. Нөгөө иргэдийн хүсэн хүлээсэн ардчилал бүр үгүй болчихсон юм биш үү?

-Ардчилал гэдэг бол иргэдэд эрх чөлөө олгох, албан тушаалтнууд, төр засгийн хувьд хариуцлага дэг жаягтай байхыг хэлж байгаа юм. Ардчиллын амин сүнс бол хүний эрх, эрх чөлөө. Ардчилал бол ард түмэн төвтэй ийм тогтолцоо. Тэгэхээр АН энэ чиглэлд олон зүйлийг хийж эхэлсэн. Ялангуяа төрийн захиргааны шинэтгэлийг маш хүчтэй хийж байна. Төрийн үйлчилгээ нэг цэгийн үйлчилгээнд удахгүй шилжинэ. Төрийн албыг нийтийн алба болгож өөрчилнө. Төрийн хүнд суртал буурна гэдэгт итгэлтэй байгаа.

-АН төрийн албан хаагчдыг олноор нь хоморголон халсан. Үүнийг тэгээд ардчилал, хүний эрхийг дээдэлж байна гэж дүгнэж болох юм уу?

-Ардчиллыг ард түмэн сонгохдоо ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг хал гэдэг үүрэг өгсөн. Өнгөрсөн жилүүдэд булхай луйвартай зүйл их байсан. Энэ бүхнийг АН зогсоож байгаа. Ажлаа хийж чаддаггүй, хувийн эрх ашгийг дээгүүрт тавьдаг төрийн албан тушаалтнуудыг хална. Шударга ажилладаг, өндөр боловсролтой хүмүүсийг төрийн албанд зүтгүүлнэ. Энэ бол төрийн албаны реформ. Ямар ч реформ эсэргүүцэлтэй тулгардаг. Тэр эсэргүүцлийг шинэчлэлийн Засгийн газар даван туулах ёстой.

-Тэгвэл үүрэг гүйцэтгэгч дарга нарын талаар юу гэж хэлэх вэ. Тэд хуульд заагаагүй албан тушаал эрхэлж байгаа шүү дээ?

-Би үүрэг гүйцэтгэгч нарт дургүй. Хоёрын хооронд үүрэг гүйцэтгэгч гэдэг нэр зүүлгэж байснаас жинхлэх ёстой. Хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй. Тиймээс ийм байдлаа хурдан өөрчлөөсэй гэж хүсч байна.

-Та Ерөнхий сайдыг цөөнхийн дуу хоолойг сонсохгүй байна гэж шүүмжилсэн. Өнөөгийн парламент үнэхээр цөөнхөө хүндэтгэхгүй байгаа гэсэн үг үү?

-Сөрөг хүчин бол ямар ч үед цөөнхийн эрх зөрчигдлөө гэж хэлдэг, ярьдаг. Энэ бол аль ч парламентад байдаг энгийн үзэгдэл. Цаашид ч байна. Ер нь Монголын парламентад цөөнхийн эрх зөрчигдсөн тохиолдол тун ховор. Мэдээж ардчилсан парламентын үндсэн зарчим бол олонхиороо асуудлаа шийдэх ёстой. Ардчилсан парламентад олонхио дагаж, цөөнхөө хүндэтгэх ёстой. Харин манай цөөнх биднийг дагасангүй гэж гомдоллох юм. Ардчилсан парламент ардчилсан зарчмаараа л явах ёстой. Цөөнх нь олонхийг дагаж, хийж буй ажлыг нь шүүмжилж засах ёстой. Заримдаа би цөөнхийг өмөөрдөг. Цөөнхийн санал бодлыг олонхи сонсох ёстой. Гаргасан саналыг нь шийдвэртээ тусгах хэрэгтэй гэдэг байр суурийг зарим үед илэрхийлдэг. Яагаад гэвэл би бол цөөнх байж үзсэн намын гишүүн. Ардчилал бол цөөнх, олонхийн зохистой харьцаан дээр оршин тогтнодог.

-Таныг парламентад сууснаасаа хойш сул гишүүдийн тоонд орчихлоо гэж ярьдаг юм билээ?

-Олон хүн намайг илүү ярьж байна гэж шүүмжлээд байгаа. Бас жаахан бага ярьдаг болоосой гэж хэлдэг хүмүүс ч бий. Ер нь хүн болгонд таалагдах боломжгүй. Батзандан ямар байсан тийм л байна. Гудамжинд юу ярьдаг байсан, түүнийгээ л УИХ, парламентын төвшинд ярих болно, ярьсаар ч байгаа. Өнөөдөр миний улстөрийн үйл ажиллагаа эхлээд дөнгөж зургаан сар болж байна. Цаашид улам хичээж ажиллана. Монголын нийгмийг өөрчлөхөд өөрийн зүгээс хийж чадах бүх хүч бололцоогоо дайчилна.

-УИХ-ыг хүмүүс нэг ангийнхан гэж шоглож ярьдаг л даа. Тэгэхээр Та энэ ангийн хэр идэвхтэй сурагч вэ?


-Зарим улстөрч, УИХ-ын гишүүд өөрсдийгөө нэг ангийнхан гэж ярих дуртай. Би үүнтэй санал нийлдэггүй. Бид нэг ангийнхан биш ээ. Нэг ангийнхан гэдгээр далимдуулан УИХ-ын олонхи, цөөнхийн харьцааг завхруулах шаардлагагүй. УИХ олонхи, цөөнх дээр тогтдог. Харилцан бие биеэ хянадаг ийм тогтолцоо. Бид нэг ангийн хүүхдүүд шиг нийлж дарвиж, зугаацаж явдаг хүмүүс биш. Бид ажил хийх гэж л ирсэн. Бид нэг зорилго, нэг ажлын төлөө хамтдаа зүтгэж байгаа хүмүүс. Тиймээс нэг ангийн бацаанууд биш. Саяхан нэг сонин УИХ-ын хамгийн идэвхтэй гишүүнээр намайг тодруулсан байна лээ. Тэгэхээр цаашид ч улам идэвхтэй ажиллах болно.

Д.МЯГМАРСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • 4 nudet (103.11.192.34)

    2013-02-06

    Zail 2 nuurt 4 nudet novshoo bas urvagch

  • (182.160.54.57)

    2013-02-03

    Элбэгдоржийн бууны муу нохой чамд элбэгдорж тэрбишдагвийг огцруул гэж хэлсэн үү тэрбишдагва ямар учраас чамаас уучлалт гуйх ёстой юм

  • (202.179.14.27)

    2013-02-03

    bitgii shoud

  • (202.170.69.227)

    2013-02-01

    shal xudlaa daldganagch batuul: batsaan shuu dee xarin terbeshdagva bol er xun dee