Нийслэлийн мал эмнэлэг, үржлийн газрын дүгнэлтээс ”Цацраг” гэсэн үг яагаад алга болов
- 2013-03-26
- Эрүүл мэнд
- 0
Ураны хайгуулын лицензтэй “Кожеговь” ХХК-тай холбоотой таагүй мэдээлэл сүүлийн зургаан сарын турш хэвлэлээр нэг шуурлаа. Манай улсад ураны хайгуулын 27 лицензтэй Францын Арева группын охин компани болох “Кожеговь” нь Дорноговь аймгийн Улаанбадрах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутагт сүүлийн 7-8 жил хайгуул хийж байгаа юм. Хайгуул ч гэж дээ. Хайдаг лицензээр 2.7 тонн уран олборлоод хадгалчихсан байна лээ. Идэвх муутай ураны агууламж бүхий дээж гээд хайгуулын ангийн хашаан дотор нь ил задгай хураалттай шороо хэдэн тооноороо л байж байх юм. Гайхалтай нь хагас жил шахуу хугацаанд тэдний талаар таагүй мэдээлэл хөвөрсөөр байтал тэдний зүгээс ганц ч удаа байр сууриа илэрхийлэхгүй байгаа нь хэн бүхэнд хардлага төрүүлэх шалтгаан болчихоод байгаа. Тэгэхээс ч яах билээ. Газар дээр нь хэвлэлийнхэн очоод одоо л нэг байр сууриа илэрхийлэх байхдаа гэтэл “Манайх хуулийн дагуу явж байгаа. Манай компанийн үйл ажиллагааг Цөмийн энергийн газар хянаж байгаа. Тэднийх цацраг илрээгүй гэсэн дүгнэлт ирүүлсэн” хэмээв. Улсын мал эмнэлэг, үржлийн газрын шинжээчдийн дүгнэлт эцэслэж гараад 12 хонож байхад уг хайгуулын ангид ирээгүй гэх. Ийм байж болох уу. Нөгөө улс, аймгийн ОБЕГ яагаад хөдлөхгүй байна вэ гээд асуултын араас асуулт хөвөрсөөр. Үхэр, мал үхэж байгаа талаар иргэдийн гомдол ирэхэд Цөмийн энергийн газар шинжилгээ хийсэн нэр хэмээж шуурхай нь аргагүй “ямар ч цацрагийн нөлөө байхгүй” гэсэн дүгнэлт гаргасан. Тэгэхээр “Кожеговь” ХХК компанийн удирдлагууд байр сууриа илэрхийлэхгүй байхад Цөмийн энергийнхэн юунд ийнхүү тэднийхийг цээжээрээ хамгаална вэ. Түүнээс гадна Мал эмнэлэг үржлийн газрынхныг цацрагаас болж мал хордсон гэсэн дүгнэлт гаргалаа хэмээн далайлгасан нь мөн л Цөмийн энергийн газар гэх юм билээ. Тэр ч байтугай энэ сүрдүүлгээс болж гуравдугаар сарын 11-нд гарсан Мал эмнэлгийн дүгнэлтийн гол үзүүлэлт болох цацрагийн хэмжээ тухайн компанийн хаягдал шавар асгасан талбайд 30 дахин их гарсан гэсэн заалтыг маргааш өдөр нь буюу 12-нд байхгүй болгож, дахин шинжлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг Мал эмнэлэг үржлийн газраас гаргуулсан байгаа юм. Тэгэхээр энэ нь Цөмийн энергийн газрын дарамтаар гарсан дүгнэлт гэж малчин ард, Байгаль орчны иргэний нийгмийн зөвлөлийнхөн хардаж байгаа юм. Хардахаас ч өөр аргагүй. Учир нь гуравдугаар сарын 11-нд цацрагаас болж мал үхсэнийг тогтоосон дүгнэлтийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзсэний маргааш нь шууд л дүгнэлт өөрчлөгдөж “цацраг” гэсэн үгийг авч хаяад , дахин шинжлэх ёстой гэж үзсэн нь анхаарал татаж байгаа юм. Үүний цаана Ерөнхий сайдын уран олборлох тухай Засгийн газрын бодлого байгаа тул ийнхүү уг дүгнэлт гаргах болсон ч байж болох талтай. Бас нэгэн хамсаатан нь мэдээж уран олборлож цөмийн цикли эргүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй Цөмийн энергийн газар. Энэ нь ард иргэд олон малаа үхүүлчихээд байхад “Кожеговь”-ийг халхлаад байгаа байдлаас шууд харагдаж байгаа юм. “Кожеговь” ураны хайгуулын ангийн дарга Г.Түвшинтулга ч “Цөмийн энергийн газраас манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болж мал үхсэн нь тогтоогдсон гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд бид хуулийн дагуу хариуцлагаа хүлээх болно. Түүнээс өөр дүгнэлтийг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэв. Тэрбээр цааш хэлэхдээ “Нэгэнт ураны орд газар гэдэг нь тогтоогдсон. Олборлох эсэхийг Засгийн газар мэднэ.
Бид нөөц, хайгуулын дүгнэлтээ хүргүүлсэн” гэв. Туршилтын явцад уран олборлохоос гадна 43 грамм шар нунтаг гаргаж авчихсан байгаа нь олборлолтын гэрээ хийхэд бэлэн болсныг гэрчилж байх шиг. Түүнчлэн шинжээчид “Кожеговь” ХХК-ийн хогийн цэгт үхсэн бяруунуудыг гялгарт боогоод шатаасан нь бодит үнэн. Хайгуулын ангийн дарга хамт явж шатааснаа ч хэлж байсан. Энэ дашрамд хэлэхэд нутгийн малчин уг ураны хайгуулын ангийнхан Улаанбаатараас хоол хүнс, ундны усаа хүртэл зөөж хэрэглэдэг талаар хэлсэн юм. Үүнийг Кожеговь ХХК-ийн менежер Н.Баярсайханаас тодрууллаа. -Танай хайгуулын ангийнхан хоол хүнс, ундны усаа нийслэлээс зөөдөг гэж сонслоо. Орон нутгаас мах ч худалдаж авдаггүй. Бүх хүнсээ Улаанбаатараас авдаг гэх юм. Энэ үнэн үү?
-Ундны усаа нийслэлээс зөөдөг нь үнэн. Манай ажилчдын дийлэнх нь нийслэлээс ирж ажилладаг. Говийн усыг хатуулаг ихтэй байна. Уухад зохимжгүй гэдэг юм. Хоол хүнсний хувьд бүх уул уурхайн компаниуд орон нутгаас бэлтгэх нөөц боломж хомс байдаг. Иймд нийслэлээс бүтээгдэхүүнээ авч байгаа.
-Одоо танай компанийн талбай дээр очоод цацрагийн хэмжилт хийх багаж байгаа юу. Газар дээр нь шинжилгээ хийх боломж байна уу?
-Гамма цацраг хэмждэг багаж байгаа. Хэрэглэдэг хүмүүс нь амарчихсан байгаа. Иймээс үзүүлэх боломжгүй. Харин ажилчид хэрэглэдэг багаж бол байна. Үүнийгээ бид сар болгон Улаанбаатар уруу явуулаад хүнд металлын дозыг хэмжиж гаргадаг. Одоо хайгуулын үйл ажиллагаа зогссон учраас цацраг хэмжилтийн мэргэжилтэн амралттай байгаа. Үйл ажиллагаа явагдаж байхад цацрагийн мэргэжилтэн талбайг тойроод хэмжилт хийж байдаг юм.

Сэтгэгдэл (0)