Х.Бат-ялалт: Шүүхийн шийдвэрийг хянадаг шударга ёсны ”үйлдвэр” байгуулах хэрэгтэй

Хууль, шүүхийн шинэчлэл, хүний эрхтэй холбоотой олон асуудал хөндөж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг дөрвөн ч удаа мэтгэлцээнд дуудаад буй “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай ярилцлаа.
Хууль, шүүхийн шинэчлэл, хүний эрхтэй холбоотой олон асуудал хөндөж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг дөрвөн ч удаа мэтгэлцээнд дуудаад буй “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай ярилцлаа.

-“Манай улсад хүний эрх зөрчигдөж байна” гэж бараг хүн бүхэн ярих болжээ. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?
-Би хүний эрхтэй холбоотой асуудлыг үргэлж хөндөж байдаг. Хүний эрхийн онол гэдэг ном ч гаргасан. Энэ номонд хүний эрхийн зөрчлийг хоёр ангилсан байгаа. Нэгдүгээрт, жирийн иргэд бие биеийнхээ эрхийг зөрчдөг. Хоёрдугаарт, төрийн албан тушаалтан өөрт нь асуудлаа шийдвэрлүүлэхээр хандсан хүний эрхийг зөрчдөг. Манай улсад өнөөдөр төрийн албан хаагчдын үйлддэг хүний эрхийн зөрчилтэй тэмцэх механизм алга. Төр өөрийгөө хянаж чадахгүй гэдгээ харуулаад байна. Социализмын үед бол төрөөс хараат бус байдлаар Ардын хянан шалгах хороо хянаж, хариуцлага тооцож чаддаг байсан. Энэ ололттой зүйлээ ардчилал гэх 23 жилийн дотор устгасан. Уг нь хяналт гэдэг зүйл аль ч нийгэмд зайлшгүй байх шаардлагатай.

-Сүүлийн үед эрх нь зөрчигдөөгүй иргэн гэж үгүй болсон гэхэд болно. Ер нь Та хүний эрхийн асуудлаар дуугардаг хүний хувьд энэ хянан шалгах хороог дахин байгуулах талаар бодож байв уу?
-Манай ТББ байгуулагдсан цагаас хойш гурван жилийн дотор л гэхэд 10 мянга гаруй иргэн өргөдөл, гомдол өгсөн. Бид бүр өргөдөл, гомдол хүлээж авахаа түр зогсоосон гээд бод доо. Хэрэв үргэлжлүүлэн хүлээж авсан бол энэ тоо өнөөдөр хэд ч хүрэх байсан юм билээ. Учир нь, бид хүний зовлонг цуглуулаад байх биш, цаашид ямар арга хэмжээ авбал төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэд нэмж хохирохгүй байх вэ гэдэг арга зам олох нь л чухал байна. Үүнийхээ хүрээнд Иргэдээс төрийн байгууллагын албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шалгах тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг холбогдох УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Тухайлбал, Х.Тэмүүжин, Ж.Батзандан, Уянга нарын ардчилал, хүний эрхийн төлөө дуугарч байсан гишүүдэд хүргүүлсэн юм. Харамсалтай нь тоох хүн нэг ч алга. Ер нь төр, иргэн хоёрын харилцаанд маш их алдаа байна. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч иргэдэд ялгавартай ханддаг, ёс зүйн алдаа гаргах, хууль, дүрэм зөрчсөн шийдвэрүүд бичиж өгөх гэх мэт доромжлол маягийн зүйл их байна. Энэ бол бодит үнэн. Шүүхийн шийдвэрүүд бодит бус, хуульд нийцэхгүй байгаа.

-Тэгвэл одоо Таныхаар яавал дээр вэ?

-Үүнийг таслан зогсоох маш энгийн аргыг би санаачилсан ч дэмжих хүн цөөн байна. Цаг хугацааны явцад ойлгоод дэмжих байх л даа. Юу гэвэл “шударга ёсны үйлдвэр” байгуулахыг л хүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүхээс алдаатай гарсан шийдвэрүүдийн хянах, дахин боловсруулна гэсэн үг. Үүнийгээ бид “шударга ёсны үйлдвэр” гэж нэрлээд байгаа юм. Хэрэв энэ “үйлдвэр” байгуулагдвал шүүгч “Миний гаргасан шийдвэр тэр үйлдвэрээр орно шүү” гэж бодоод хариуцлагатай ханддаг болно шүү дээ. Мөн бид ёс зүйн асуудал, харилцааны дэвшилтэд байдлыг бий болгох зорилгоор иргэний харилцах дэвтэр, дижитал хамгаалалт гэсэн хоёр хөтөлбөрийг санаачилсан. Иргэний харилцах дэвтэр гэдэг нь эмнэлгийн карт шиг байна гэсэн үг. Тухайн хүн асуудлаа бариад очиход төрийн албан хаагч бодит, шударга хариу өгдөг харилцааны хамгийн төгс хэлбэрийг шаардаад байгаа юм. Дижитал хамгаалалтын хөтөлбөр нь иргэн хүн эрхээ хамгаалахад хамгийн хэрэгтэй зүйл. Төрийн зарим албан хаагч иргэнтэй ёс зүйгүй харилцаж, хараал хэлж, ялгаварладаг шүү дээ. Тэгэхээр тухайн хүн өөрөө дуу, дүрсний бичлэг хийж, харилцаандаа ашигладаг байх хэрэгтэй. Учир нь төрийн албан хаагч өнөөдөр хаана ч, хэнийг ч хамаагүй дүрсжүүлж, бичээд л байдаг. Энэ нь хүний халдашгүй эрхэнд халдаж байгаа л нэг хэлбэр. Ямар ч гэмгүй хүний дүрсийг бичээд хэвлэл мэдээллээр цацдаг, гэм буруу нь шүүхээр нотлогдоогүй байхад хүртэл гэм буруутай мэт мэдээлдэг. Тэгвэл иргэдэд үүний эсрэг өөрийнхөө гэм буруугүйг нотлох, бодит байдлыг илчлэх үүднээс нь бичлэг хийх эрхийг нээлттэй болгох шаардлагатай. Би үүнийг амьдралдаа хэрэгжүүлдэг. Цагдаатай уулзахдаа ч юм уу, камераа гаргаж ирээд бичлэг хийхэд тэр хүн хэзээ ч намайг “Хулгайч, нохой, гөлөг” гэж дууддаггүй. Ингэснээр хэн нэгэн хүн гомдол гаргаад шүүхэд очиход ч нотлох баримт нь бэлэн байна шүү дээ. Хэрэв иргэн хүн бичлэг хийгээгүй байвал төрийн албан хаагч түүнийг заналхийлсэн, дарамталсан гэж үзэж ч болно. Харин төрийн албан хаагч нь өөрийгөө нотлохын тулд тухайн иргэнд бичлэг хийх тухай заавал шаарддаг болно шүү дээ. Ийм маягаар хүн бүр өөрийнх нь амьдрал, харилцааны ёс зүйд нь хэрэгтэй зүйл хийх боломжтой. Түүнээс биш бүхэл бүтэн салбараар нь өөрчлөх шаардлага байна уу, үгүй юу гэдэгт би эргэлздэг.

-Х.Тэмүүжин сайдыг Та мэтгэлцээнд дөрвөн удаа дуудлаа. “Хуульд тусгах саналаа сайдад зүгээр л хүргүүлж болдоггүй юм байх даа” гэж ярих хүн байна. Ер нь хуулийн шинэчлэлийн суудлаар заавал мэтгэлцэх шаардлагатай юу?
-Хууль зүйн салбарыг судалдаг, шинжилдэг хүний хувьд Х.Тэмүүжин сайдыг мэтгэлцээнд дуудсан. Би бол зөвхөн хууль зүйн салбарын бодлого зөв байгаасай л гэж хүсч байгаа юм. Түүнээс биш Х.Тэмүүжингийнх шиг Маршалын, Мөрдөх албаны гэх мэтчилэн олон хууль яриагүй. Тэр хүн хуулиа тайлбарлахдаа 21 хоногийн дотор хулгайн гэмт хэрэг илэрдэг болно, мөрдөх алба байгуулчихвал онц хүнд гэмт хэрэг гурав дахин буурна гэх зэргээр үндэслэлгүй юм ярьж байгаа. Өмнө нь онц хүнд гэмт хэрэгтэй тэмцдэг систем, тогтолцоо байгаагүй юм шиг ярьж байгаад нь би үнэхээр санаа зовдог. Тиймээс миний хувьд эрх мэдэл, албан тушаал гэхээсээ илүү монгол хүнээ, эх орноо гэсэн зөв бодлоготой байгаасай л гэж хүсч байна. Би хуульд тусгах дээрх саналуудаа хүргүүлсэн. Гэтэл тэр тухай нэг ч ярихгүй, уулзаж зөвлөхгүй байгаа учраас би мэтгэлцээнд дуудсан. Саяхан тав дахь урилгаа хүргүүллээ. Ирж мэтгэлцтэл нь хүргүүлэх бодолтой байгаа. Энэ бол шоу биш, хүний эрх хөндөгдөхөөргүй, сайн хуультай болоосой л гэсэн хүслийнх.

-Сүүлийн хэдэн хоног С.Баярцогттой холбоотой асуудал хөндөгдөж байна. Энэ талаар хуульч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Твиттер, фэйсбүүк хуудсаар бол би хувийнхаа байр суурийг илэрхийлж байгаа. С.Баярцогт Герман Улс уруу ниссэн гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж байна. Үнэхээр тэр хүн явчихсан нь үнэн бол харамсалтай л юм. Сурагчийн дүн зассан нэг багшийн асуудлыг АТГ-т шалгаад, гадагшаа гарахыг нь гааль дээр хориг тавьдаг. Гэтэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хөрөнгө нь хаанаас гарч ирсэн, Оюутолгойн асуудалтай холбоотой эсэх гээд сэжиглэх үндэслэлтэй маш олон асуултад хариулт, тайлбар олоогүй байж гадаад уруу нисгэж байна гэдэг нь манай улсын хууль, хяналтын байгууллаг ямар байдлаар ажилладаг нь илт байна шүү дээ. Зөвхөн энэ ч биш Эрдэнэт үйлдвэрийг шалгавал юу болохов, Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардал, хэмжээг шалгавал бодит байдалд юу гарч ирэх вэ. Мөн Тавантолгойд таван тэрбумын дугуй шахлаа гэх мэтээр ер нь өнгөрсөн хугацаанд шүүх, хууль хяналтын байгууллагын шалгаж, мухарлавал зохих олон асуудал байна. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэрт хүрсэнгүй. Түүнчлэн АТГ-т шалгагдаж буй олон хэрэг бий. Энэ мэтчилэн өндөр албан тушаалтантай холбоотой хэргийг шалгах үйл ажиллагаа дутуу дулимаг, иргэдэд тодорхой хариу өгдөггүй зэрэг нь л хууль зүйн салбарын шинэчлэлийг түргэн хугацаанд, оновчтой хийх шаардлага байгааг харуулж байна.

-Миний бодлоор энэ салбарын ажилчид, албан тушаалтны ёс зүйн талд нь эхлээд анхаарч байж л дараа нь хуулийн шинэчлэл хиймээр санагдаад байна л даа. Таны хувьд яавал зохих вэ?
-Тэгэх нь зүйтэй. Өнөөдөр ямар ч хүн хуулийн байгууллагад шударга бус ажиллах нөхцөл боломж нь бүрдсэн байдаг. Шударга ажиллах гээд байгаа хүнийг замаасаа зайлуулдаг болж. Ямар нэгэн өө хайж, алдаа гаргахад нь халдаг, арга хэмжээ авдаг, эсвэл өөр тийш нь томилоод явуулдаг тохиолдол олон. Харин даргын таалалд нийцүүлээд ажилладаг хүн алдаа гаргасан ч ажиллаад л байдаг нь нууц биш. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч гэсэн “Шударга шүүхтэй болно” гэж сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт тусгасан. Би үүнийг нь тухайн үед шүүмжилж байсныг Та санаж байгаа байх. Шударга гэдэг нь хувь хүний зан чанарыг тодорхойлсон үг шүү дээ. Үүнтэй олон хүн санал нийлнэ гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, бид согтуу жолооч гэж ярьдгаас биш согтуу машин гэдэггүй. Ерөнхийлөгчийн ярьж буй нь үүнтэй агаар нэг байгаа. Уг нь шударга шүүгчтэй болох нь л хамгийн чухал асуудал. Шударга шүүхтэй болно гэхээр хууль, механизм, системийн өөрчлөлт гээд буруу тийшээ явчихна. Харин шүүгчээ шударга болговол шударга бус шүүгчийг илрүүлдэг хяналтын механизмыг оновчтой болно гээд зөв зүг рүү явна шүү дээ. Гэтэл Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөрт бичсэнээс болоод хууль зүйн салбарын шинэчлэлийг ярьж буй Х.Тэмүүжин тэргүүтэй гишүүдийн үйл ажиллагаа буруу тийшээ явчихлаа. Таны хэлснээр энэ салбарт хувь хүний мэдлэг, харилцааны соёл энэ бүхэн л нэн түрүүнд хамаатай. Төрийн албаны шалгалт гээд нэг л их өндөр босго бий. Энэ босгоор давахын тулд наана нь дугаарлаад, овоороод, үүнтэй холбоотой олон гомдол гараад байдаг. Харин нэг даваад орсон тохиолдолд цаана нь ямар ч хяналтгүй, дардан зам л угтдаг. Даргадаа л таалагдвал юу ч хийж болно гэсэн үг. Уг нь тухайн хүн буруу зүйл хийвэл хяналтын механизм ажиллаад хаана алдсаныг нь хэлдэг, залруулдаг, хариуцлага тооцдог байх хэрэгтэй.

-Тэр дундаа хуулийн байгууллагад хяналт тавьдаг механизм сул байгаагаас иргэд хохироод байна уу даа гэж харагддаг?
-Хүний эрхийн хамгийн хүнд зөрчил бол эрүүгийн гэмт хэрэг байдаг. Эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой хүний сэтгэл санаа, эрүүл мэнд, цаашлаад амь нас нь ч хохирдог. Харин эрүүгийн хэрэг шалгах үйл ажиллагаанд хяналт тавьдаг эрх бүхий байгууллага нь прокурор. Гэтэл өнөөдөр прокурор нь хянагч биш шийдвэр гаргагч болчихоод байна. Тэгэхээр энэ байцаан шийтгэх ажиллагаанд хяналт тавьдаг механизм байхгүй болсон гэж ойлгож болно. УЕП- ын 32 тоот аргачилсан заавар гэсэн хууль зөрчсөн тушаал бий. Тухайлбал, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд прокурор ямар эрх хэмжээтэй оролцох тухай Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа зөрчсөн тушаал хэрэгжиж байна. Энэ тушаалыг өнөөдөр ямар ч хуульч ярихгүй байгаа нь харамсалтай. Ярих ёстой сайд нь ч дуугарахгүй байна шүү дээ. Өнөөдөр цагдаа эрүүгийн хэрэг үүсгэх санал гаргадаг болчихоод байна. Тэгээд буруу, зөвийн тухай ярих гэхээр прокурор нь “Цагдаа санал гаргасан” гэдэг. Харин цагдаа нь “Прокурор тогтоол баталсан” гээд хариуцлагаа бие бие рүүгээ чихдэг нөхцөл бүрдсэн байхад сайд нь Маршалын тухай хууль яриад сууж байгаа нь ёстой хол төөрч яваагийн илрэл.

-Ерөнхийлөгч найман хуулийн тухай яриад байгаа шүү дээ. Та энэ хуулиудтай нь танилцсан уу?
-Ерөнхийлөгчийн магтаад байгаа найман хуулийн ганцхан хуулиар жишээ авъя л даа. Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэдэгтэй нь та бүхэн танилцаад үзээрэй. Шинэ хуульд зааснаар иргэдийн төлөөлөгч шүүгчтэй хамт шүүх бүрэлдэхүүнд ордог болсон. Тэгвэл шүүх бүрэлдэхүүнийг томилж, хэргийг хэрхэн шийдвэрлэх эрхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар олгодог. Энэ хуульд өнөөдрийг хүртэл иргэдийн төлөөлөгч шүүх бүрэлдэхүүнд орох эрхгүй байгаа. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиа зөрчсөн хууль баталж байна. Энэ байдлаараа өнөөдөр нэг шинэ хууль хэн нэгэн хүний сонирхолд нийцүүлэн баталдаг, тэр нь Үндсэн хуультай зөрчилдсөн байвал жилийн дараа ч хамаагүй, Үндсэн хуулиа шинэ батлагдсан хуультайгаа нийцүүлж өөрчилж болдог ийм жишиг тогтвол манай улс сүйрлийн ирмэг дээр байна гэсэн үг. Хууль зүйн салбарын шинэчлэлийг хийхдээ Ерөнхийлөгчөөс авахуулаад бодлогогүй, алдаатай зүйл хийгээд байж болохгүй. Бас хууль нь хэрэгжиж эхлээгүй байхад хэдэн ч удаа өөрчлөгдөв дөө. Найман хууль баталлаа 2014, 2015 оноос хэрэгжиж эхэлнэ л гээд байна. Энэ нь бас л нэг буруу жишиг тогтож байгаа хэрэг. Ер нь амьдралын судалгаагүйгээр, 2040 оноос хэрэгжинэ гээд нэг хууль зохиож болохоор байна. Иргэд маань Гэрч хохирогчийг хамгаалах тухай, Маршалын тухай, Мөрдөх албаны тухай хуулийн танилцуулгыг нь уншаад үзээрэй гэмээр байна. Хуулийг боловсруулсан үзэл санаагаа “Гадаад улсын хуулиудыг судлаад, мөн олон улсын гэрээ конвенцид нийцүүлж энэхүү хуулийн төслийг боловсруулав” гэсэн өгүүлбэрээс л харагдана. Энэ хуульд Монгол Улсын иргэдийн бодит амьдрал дээр хийсэн судалгаа хаана байна вэ. Ямар ч судалгаагүй хэр нь олон улсын конвенцид нэгдсэн учраас бидэнд ийм хууль хэрэгтэй гэсэн логикт тулгуурлаад хийсэн байгаа юм. Өөрийнхөө улсын хөрсөнд, иргэдийн амьдралд нийцээгүй хууль санаачлаад боловсруулж байна гэдэг байж болохгүй.

М.НАРАНБОЛД
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ***** (180.149.93.12)

    2013-04-11

    tsagdaa hiideg ajil ni todorhoi getel oroltsohgui oroldohgui zuil gej alga tsagdaa shuuhiin togtoltsoog negent uurcnluh tsag ni boljee ted avilga avsnaa hurtel gaihuulj yaridag boljee ene bol emgenel ingej yavsaar uls maani uregdeh vii dee bid bodoh hudluh tsag negent bolsoooooon