220-250 сая хүн хоол, хүнснээс харшил авдаг гэнэ
- 2013-04-11
- Эрүүл мэнд
- 0

Уншигч та хүнсний харшлаас болж үхэх эрсдэлтэй тулгардаг гэдгийг мэдэх үү. Хүнсний харшил нь хүмүүсийн эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлөөд зогсохгүй амьдралын чанарт ч сөрөг үр дагавар авчирдаг гэнэ. Өдгөө дэлхий дээр 220-250 сая хүн хоол, хүнсний харшилтай агаад хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад энэ тоо ихээр нэмэгдэж, ялангуяа хүүхдүүд голлох хувийг эзэлдэг болжээ. Хоол, хүнсэнд мэдрэмтгий буюу харшилтай байна гэдэг нь энгийн нэг өвчин биш хэмээн өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Дэлхийн харшлын байгууллагын мэдээллийн төлөөлөгч профессор Мотохиро Эбисава хэлсэн. Монголын харшил судлалын нийгэмлэгээс хийсэн тус хурлын үеэр “Харшилтай тэмцэх дэлхийн долоо хоног-2013” арга хэмжээг өрнүүлж буйгаа зарлалаа. Дэлхийн харшлын байгууллагаас санаачлан энэхүү аяныг “Хүнсний харшил-Дэлхий дахинд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудал” сэдвийн дор 93 оронд зохион явуулж буй аж. Аяны хүрээнд харшлын тухай, харшлаас урьдчилан сэргийлэх талаар харшилтай хүмүүс, эцэг эхчүүдэд зохих мэдлэг, чадвар, хандлага эзэмшүүлэхээс гадна нарийн мэргэжлийн эмч нарыг харшлын талаарх сургалтад хамруулах юм байна. Монголчуудын хувьд улирлын шинжтэй харшлын өвчин сүүлийн үед ихэссэн гэнэ. Ялангуяа өвөл утаа, хавар тоос, зун нар, ургамлаас шалтгаалсан харшил сэдэрдэг байна. УКТЭ-ийн харшлын кабинетэд л гэхэд харшилтай 8-10 мянган хүн үйлчлүүлж байгаагаас 30 хувь нь хоол, хүнснийх хэмээн мэргэжилтнүүд онцолж байсан. Харин дэлхийн хүн амын 30-40 хувь нь харшилтайгаас 24-30 хувийг ургамлын тоосных эзэлдэг бөгөөд 2020 он гэхэд дэлхийн хүн амын 50 хүртэлх хувь нь ямар нэгэн харшлаар өвчлөх магадлалтай гэсэн судалгаа гарчээ.
Б.МААМ

Сэтгэгдэл (1)
Б.МААМ (202.9.47.131)
ТИЙМ ШҮҮ