Сэтгэцийн өөрчлөлт дунд насныхныг нэрвэх болжээ
- 2013-04-12
- Эрүүл мэнд
- 0
Манай улсын нийт хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй гэх судалгаа 2010 онд гарчээ. Харин эдгээр иргэдийн 20 гаруй хувь нь сэтгэцийн эмгэгтэй аж. Эдгээр гэсний учир нь хөгжлийн бэрхшээл гэх тодотгол дотор сэтгэцийн өөрчлөлт багтдаг юм байна. Сэтгэцийн эмгэг өвчнөөр өвчлөгсөд дунджаар 40-56 насныхан. Сэтгэцийн өвчин нь төрөлхийн болон олдмол шалтгааны улмаас бие махбодь, оюун санаа, сэтгэл, мэдрэхүйд үүссэн согог бөгөөд хүний бие болон сэтгэл зүйн үйл ажиллагаа алдагдах, хэвийн бус болохыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэр бүл салалт зэрэг нийгмийн хүчин зүйлүүд хүчтэй нөлөөлдөг байна. Италийн “АИФО” төрийн бус байгууллага, Европын холбоотой хамтран бага, дунд орлоготой таван оронд “Хамт олонд түшиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн туршилтын судалгаа” төслийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Судалгааны объект болсон орнуудын нэг нь манай улс. Тиймээс дээрх төслийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах” хандлагын ач холбогдлын талаархи уулзалт ярилцлагыг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй өрхийн эмч нарын сэтгэцийн эрүүл мэндийн талаархи мэдлэгийг дээшлүүлэх, улмаар ийм бэрхшээлтэй иргэдийг хамт олонтой болгон сэргээн засах зэрэг хэд хэдэн асуудлыг хөндсөн. Уг нь эдгээр иргэдийн эрх НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенциор хамгаалагдсан байдаг. Гэвч эрх нь зөрчигдсөөр байгааг уулзалтад оролцогчид онцолж байв. Учир нь сэтгэцийн өвчтэй хүмүүс ганцаардмал, хэн нэгэнтэй ойлголцох чадваргүй байдаг бол хараагүй, сонсголгүй иргэд бусадтай ойлголцож өөрийгөө ойлгуулах, ямар нэгэн хөдөлмөр эрхлэх чадвартай байдаг гэнэ. “АИФО” байгууллага нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах хандлага”-ыг 30 жилийн турш 26 оронд хэрэгжүүлсэн туршлагатай агаад манай улсад 1991 оноос хойш төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж байна.С.ДУЛАМСҮРЭН

Сэтгэгдэл (0)