С.Бямбацогт: Монгол төрийн үнэ цэнэ унаж, хууль хэрэгждэггүй болсныг харуулж байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- МАН-аас Ерөнхий сайдыг огцруулах хэд хэдэн үндэслэлийг тавиад байгаа. Үүний хүрээнд энэ долоо хоногт МАН-ын бүлгээс ажлын хэсэг гарч ажилласан. Үр дүнг юу гэж үзэж байна вэ?

-Бид Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах зургаан үндэслэлийг асуудал болгон тавьсан. Эдгээр үндэслэлийг чуулганы хуралдаанаар асуудлыг хэлэлцэж байх үед тодруулах, нягтлах, тулгах зүйл гарч ирсэн. Энэ хүрээнд манай намын бүлэг завсарлага авч долоо хоногийн хугацаатай 10 гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллаад үр дүнгээ нэгтгэж өнөөдөр /өчигдөр/ асуудлыг хэлэлцэж байна. Өмнөх зургаан үндэслэл ч тодорхой байсан. Үүнийг улам лавшруулж, тодотгож нотлох баримтуудыг цуглуулж чадсан. Нэгдүгээрт, төрийн албан хаагчдыг хууль бусаар хоморголон халсан. Хоёрдугаарт, төрийн албаны орон тоог нэмэгдүүлэхгүй гэсэн атал орон тоо нэмэгдсэн. Эдгээрийг бид нотолсон. Яам, агентлаг, нийслэл, аймаг гээд шат шатандаа төрийн албаны орон тоог нэмэгдүүлсэн байна. Дээрээс нь төрийн албанаас олон сургууль, эмнэлгийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг нэг тушаалаар хоморголон халсан талаарх бүх баримтууд бидэнд байгаа. Ажлаасаа ингэж халагдсан хүмүүсийн түрүүч нь шүүхэд гомдол гаргаад явж байна. Ийм байдлаар нотлогдсон. Түүнээс гадна Ерөнхий сайдын удаа дараа Үндсэн хууль зөрчсөн асуудлыг бид ярьж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийг дөрвөн удаа зөрчсөн. Өнөөдөр үүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргаад нотлоод өглөө. Харамсалтай нь эрх баригчид “Бид хууль зөрчөөгүй. Тиймээс асуудалгүй” гэж улаан цайм харыг цагаан болгож ярьж байна л даа. Гэхдээ яахав, АН “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтарсан учраас олонхиороо түрж шийдвэр гаргах юм шиг байна. Эцэстээ хуулиа дээдэлдэггүй, хууль зөрчдөг, төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ыг доромжилдог, Ерөнхий сайд, Монголбанкны Ерөнхийлөгчөөс эхлээд яам, агентлагийн сайд дарга нар, аймгийн Засаг дарга нар нь УИХ- ыг үл тоодог болж байна. Энэ нь Монгол төрийн үнэ цэнэ унаж, хууль хэрэгждэггүй болсныг харуулж байна.

- “Чингис” бондын мөнгөөр алт худалдаж авсан эсэх асуудлаар Монголбанк Та бүхэнд тодорхой мэдээлэл өгөөгүй гэсэн. Яагаад тэр вэ?

-УИХ хууль тогтоохоос гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих онцгой бүрэн эрхтэй байгууллага. Хуулийг хэрэгжүүлэх үндсэн үүргийг УИХ-ын өмнө Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн хариуцдаг. УИХ-аас Монголбанкны Ерөнхийлөгчийг томилдог. Монголбанк бол УИХ-ын дэргэдэх байгууллага. Гэтэл УИХ- ын гишүүд очоод “Ажлын хэсэг дээр материалтай нь танилцья, мэдээлэл авъя” гэхээр “Та нарт юу ч өгөхгүй” гэж УИХ-ыг үл хүндэтгэж байгаа нь өөрөө хууль зөрчсөн явдал. Энэ асуудлыг бид гаргаж ярина. Яагаад гэвэл УИХ- ын бүтцийн байгууллага болон улсын хуулийг биелүүлэх ёстой хүмүүс нь хууль зөрчиж УИХ-ын гишүүдийг үл тоож байгаа нь ноцтой үр дагавартай. Энэ асуудал дараа дараагийн шатанд яригдана. Ийм л байдлаар эрх баригчид хууль зөрчиж, хүч түрж бие биеэ хамгаалдаг болчихоод байна. Хэрэв нуух зүйлгүй, хууль зөрчөөгүй л бол Монголбанк бидэнд бүх мэдээллээ үзүүлж, харуулж шалгуулах хэрэгтэй. Хамгийн гол нь “Тэнд нууж, хаах бульхай байна. Тиймээс Монголбанкныхан нууж байна” гэж хардахаас өөр аргагүйд хүрч байна.

- Та бүхний Монголбанкинд тавьсан асуудал нууцын зэрэглэлд хамаардаг юм биш үү?
-Монгол Улсын алтны нөөц хэмжээ, тоо нууцад хамаардаг. Монголбанкны улсын нууц гээд УИХ-ын гишүүн, УИХ-аас нууж, хаах зүйл хаана ч байх ёсгүй. Онц чухал нууц материалыг ч Тагнуулын ерөнхий газраас бидэнд үзүүлдэг. Хуулиараа ч үзүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь Монголбанкны УИХ- ын гишүүд, УИХ-аас нуугаад байгаа зүйл нь олон улсын Bloomberg сайтад ил гарчихсан байдаг. Биднээс нууж, хаагаад байсан нууц мэдээлэл яагаад ил болчихоод явж байгаа юм. Энэ нууц мэдээллийг хэн ил болгов. Үүнийг шалгах л хэрэгтэй. Энэ бол ноцтой асуудал.

- АН бүлгээс “УИХ дахь аль нэг намын бүлэг ажлын хэсэг гаргаж Ерөнхий сайдыг шүүх эрхгүй” гэдэг зүйлийг хэлж байна лээ. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Өнөөдөр цөөнхийг ямар нэг байдлаар няцааж, нухчин дарж л байвал үнэн, худал ярих, хууль зөрчих, зөрчихгүй байх хамаагүй болоод байна. Үүнийг Ерөнхий сайд нь нэг бол “Тоо баримт ямар хамаатай юм” гэдэг. Эсвэл “Тоо баримттай ярь. Битгий хоосон улстөр хийгээд бай” гэдэг. Ийм байдлаар нэг дор хэлсэн үгээ буцаадаг. Ерөнхий сайд нь “МАН- тай хэзээ ч хамтарч ажиллахгүй” гэчихээд эргээд “МАН-тай хамтрахгүй бол бид хэнтэй хамтрах вэ. Та нар шиг тулхтай, туршлагатай улстөрийн хүчин байхгүй. Бидэнд дэм болж зааж, зөвлөөч” гэж яриад сууж байдаг. Ийм байдлаар хэлсэн үг, байр сууринаасаа эргэж буцдаг, зөвхөн няцааж, гутаах гэж оролддог л болчихоод байна. Шат шатандаа л ийм байна шүү дээ. УИХ-ын тухай хуулийн 13.1-д “УИХ байнгын хороод, дэд хороод, бүлгээс бүрдэнэ” гээд заачихсан. Уг хуульд зааснаар МАН-ын бүлэг бол УИХ-ын бүтцийн байгууллага. Мөн уг хуулийн 27.1.9-д УИХ-ын бүлгийн эрх үүрэг гээд “Бүлэг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж ажлын хэсэг байгуулж ажиллаж болно” гээд заачихсан. Энэ хуулийн хүрээнд бид ажлын хэсэг байгуулсан. УИХ-аас ажлын хэсэг байгуулж өгөөч гээд УИХ-ын даргад хандахад “үгүй” гэсэн. Ингээд УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх гээд яваад очихоор Монголбанкнаас эхлээд байгууллагууд нь материалаа өгөхгүй хууль зөрчөөд сууж байдаг. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Бүгдээрээ ажлын хэсэг байгуулж шалгая. Үнэн, худлыг нь нягталъя” гэж хэллээ шүү дээ. Ийм байдлаар эрх баригчдын байр суурь зөрүүтэй байна. Уг нь бид УИХ-ын онцгой бүрэн эрх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлмээр байгаа юм. УИХ, УИХ-ын дэргэдэх байгууллагууд хуулиа биелүүлэхгүй, Ерөнхий сайд нь Үндсэн хуулиа зөрчөөд суугаад байвал Монгол Улсад хэн хуулиа мөрдөж, хэн хуулийг биелүүлэх юм. Эдгээр үйлдэл нийгэм, ард иргэдэд буруу дохио өгч байна. Хүн бүр “Та нар хэзээ хуулиа биелүүлж байсан юм. Одоо юу яриад байгаа юм. Би наад хуулийг чинь биелүүлэхгүй” гэж барьцана шүү дээ. Хууль зөрчиж, хулгай хийчихээд баригдахаараа “Би тоглосон юм” гэж хэлээд шүүхэд очихоороо “Би буцаагаад өгчихсөн. Хууль зөрчөөгүй. Гэмт хэрэг үйлдээгүй” гээд суудагтай адилхан л болох гээд байна л даа.

- Ерөнхий сайдтай хамааралтай гэх “Говь повер” компанийн талаарх баримтаас дурдаач. УБЕГ ч холбоотой гэх юм?
-МАН-ын ажлын хэсэгт Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр нарын гишүүд орж “Эрдэнэс тавантолгой”-г тойрсон асуудлаар шалгалт хийсэн. “Эрдэнэс тавантолгой” ХХК “Эрдэнэт”-тэй адил төрийн өмчит компани биш. Уг компанид ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад бүх иргэд, Монгол Улсын 1500 аж ахуйн нэгж хувьцаа эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй том аж ахуйн нэгж. Тавантолгойн ордод долоон тэрбум тонн нүүрс бий. Тиймээс хэдэн арван жилээр дэлхий нийтийн анхаарлыг татаж ирсэн. Бид эдийн засгийн эргэлтэд дөнгөж оруулж эхлэх гэж байна. Гэтэл энэ ордын нүүрсийг экспортлох явцын дунд зориуд шат, дамжлага бий болгож, тээвэрлэсэн компанид тонн нүүрс тутмаас 3000 орчим төгрөг авдаг байх тендерт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн дүүгийнх нь охины “Говь повер” компани ялалт байгуулжээ. Энэ асуудлыг манай гишүүд гаргаж ирсэн байна лээ. Н.Алтанхуягийн төрсөн дүүгийн охин Гэрэлхүүгийн Уянга гэдэг 23 настай эмэгтэй уг компанийг сая төгрөгөөр худалдаж авсан байгаа юм. Ингээд худалдаж авсан өдрөө нэг тэрбум төгрөгийн хөрөнгөтэй компани болгоод маргааш нь 17 тэрбум 700 сая төгрөгийн тендерт оролцож, долоо хоногийн дараа уг тендерт ялсан. Энэ асуудал нь сөхөгдөж хэл ам татлаад эхлэхээр Гэрэлхүүгийн Уянгын нэрийг өөрчилж Чулуунбаатарын Уянга гэж бичиг баримтыг нь өөрчилсөн. УБЕГ хууль зөрчиж Ерөнхий сайдтай холбогдсон “Говь повер” компанийн үүсгэн байгуулагчийн нэрийг өөрчилж бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн асуудал үүссэн. Үүнийг ажлын хэсгийн гишүүд гаргаж ирсэн. Үүнийг “Хүн гүтгэж байна. Битгий худлаа ярь” гэхээс өөр тодорхой баримтаар няцааж, үгүйсгэж чадахгүй байна. Тэгэхээр үүний цаана ямар нэгэн асуудал байна. Хэдийгээр хууль зөрчсөн үйлдэл гарч байгаа ч олонхи болж, хамтарсан Засгийн газар байгуулж, бялуу хуваасан нөхөд бялуугаа алдахгүйн тулд бие биеэ хамгаалаад л үлдэх нь.

- АОХН-ийн Сайд нарын Бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаатай холбогдуулан УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуулийн төслүүдийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн шийдвэрлэх шаардлага байгааг МАН-ын бүлгээс тавьсан. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Үндсэн хуулиар “УИХ-д наймаас дээш суудалтай улстөрийн нам, эвсэл бүлэг байгуулна” гээд заачихсан байхад МАН-ын бүлгийг байгуулж өгөхгүй хагас жил болсон. Саяхнаас МАН бүлэгтэй болсон. УИХ-ын гишүүд ард түмний өмнө ижил эрх, үүрэгтэй. Гэтэл өнөөдөр АН-ын нэг гишүүн нь гурван байнгын хороонд харьяалагдаж эрхээ эдэлж, үүргээ биелүүлж байна. Харин МАН-ын нэг гишүүн нэг л байнгын хороонд харьяалагдаж байгаа. Цөөнхийн бүлгийн гишүүдэд эрх баригчдын бүлгийн гишүүдээс гурав дахин бага эрх эдлүүлж болохгүй. Энэ бол ардчиллын үнэт зүйл, суурь зарчим алдагдаж байгаа хэрэг. УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийн талаар бид ярьж байгаа. УИХ-ын удирдлагууд ярьж байгаа учраас ойрын үед шийдэх болов уу гэж найдаж байна. Хэрэв шийдэгдэхгүй бол бид 104 орны төлөөлөл оролцох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII Бага хурал дээр асуудлыг ярина гэсэн бодолтой байгаа.

- Цаашид цөөнхийн бүлгээс ардчиллын суурь гэгддэг хууль дээдлэх зарчмыг баримтлах асуудлыг УИХ, Засгийн газрын төвшинд хэрхэн тавьж, хэр анхаарал хандуулж ажиллах вэ. МАН цаашид ямар алхам хийх нь сонин байна?
-УИХ-ын гишүүд, цөөнх, ард түмэнд хуулиар заагдсан тодорхой эрхүүд бий. Энэ эрхээ эдэлнэ. Бид ард түмнээс сонгогдсон учраас тэдний өмнө хүлээсэн улс эх орныхоо нийгэм, эдийн засгийг сайн сайхан болгож, ард иргэдээ ая тухтай амьдруулах үүргээ биелүүлж ажиллана. Бидэнд олон боломж бий. Үндсэн хуульд “Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол хууль дээдлэх ёс байна” гэж заасан. Тиймээс хуулийг уландаа гишгэж, хүч түрж байгаа Засгийн газар, албан тушаалтнуудтай хуулийн хүрээнд асуудлыг ярина. Асуулт тавина. Мэдээлэл авна. Шаардлагатай гэж үзвэл хууль хяналтын байгууллага, Үндсэн хуулийн цэцэд хандана. Хууль дээдэлдэг байгууллагууд хууль зөрчсөн, зөрчөөгүйг цаашид нотолж өгөх байх. Бид хууль шүүхийн өмнө нотлогдсон баримтаар баталгаажсан асуудлыг цаашид үргэлжлүүлж тавина. Өнөөдөр олонхиороо хамгаалж үлдлээ гэхэд цаашид “Бид дийлэхгүй юм байна” гээд хаяхгүй.


Ц.ЖАРГАЛЦЭЦЭГ


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • saandar (124.158.73.36)

    2013-04-26

    Бямбацогт оо, миний дүү жаахан бодолтой бай. Чи намайг харвал танина. Би уулзалдвал чамд хэлнэ ээ. Урд нь яахаараа дуугүй явсан бэ? Энхбаярын үед ч, Батболдын үед ч... Чи зөвхөн намын эрх ашиг, хувийн эрх ашнаа эхэлж тавиад байна. Нөгөө улсын, ард түмний эрх ашиг яасан бэ? Танай нам засгийн эхр барьж байсан жилүүдэд чи УИХ-ын гишүүн байсан. Тэр үед юу ч хийгээгүй засгийн газарт, намдаа шударгаар үг хэлж болдоггүй байсан уу? Худлаа шударга царайлах, намдаа хэт үнэнчээ харуулах гэсэн тэнэг зангаа тат. Чи залуу хүн, жинхэнээсээ үнэнч шударга байх юм бол чамд улс төрийн хувьд нас, хугацаа байгаа шүү. Авилгач, хулгайч, худалч нарыг өмөөрөх хэрэггүй.

  • зочин (202.179.27.232)

    2013-04-26

    Монгол үндэстэн ба Ленин. Эрэлхэг дайчин, тэсвэр хатуужилтай, эвсэг монголчуудыг үндэстний нь хувьд устгах харь гүрнийхэний аядуу боловч урт удаан хугацаанд тууштай явуулсан бодлогын уршгаар 19-р зууны эхэн буюу 1920-иод оны үе гэхэд Монголын нийт хүн ам нь одоогийн хотын хүн амын тооноос 3 дахин бага буюу 500 мянга хүрэхтэй үгүйтэй болж цөөрсөн, яр хүйтэн тэмбүү зэрэг бэлэгийн замын халдварт өвчинүүд, тахал, сүрьеэ, цагаан улаан бурхан зэрэг нийгмийн халдварт өвчинд нэрвэгдсэн, түүнийгээ сайн эр хүн 3 загалдаг гэж бахархал болгосон үгтэй, энэ байдлаараа ахин 10-20 жил үргэлжилбэл сөнөх аюулд тулгарч байгаа үндэстэн гэж гадаадын хэвлэлүүдэд бичигдэж байсан бидний хамгийн эмгэнэлтэй хүнд үе байлаа. Зарим нэг хүмүүсийн ярьж бичиж байгаа шиг сэргэн мандаж, хөгжин цэцэглэж байсангүй. Чухам ийм хүнд үед Ленин, Фрунз нар Монгол үндэстнийг аврах буюу эрүүлжүүлэх бодлогыг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Сталинч зогсоолгүй 1960-аад он хүртэл бараг хагас зуун жил үргэлжилүүлсэн байдаг.Үр дүнд нь тарваган тахал, улан цагаан бурхан зэрэг өвчин бүрэн арилж, БЗХӨ- яр тэмбүү, сүрьеэ зэрэг өвчнүүд бүрэн хяналтад орж монголчууд үндэстнийхээ хувьд бүрэн эрүүлжиж төрөлт нэмэгдэн хүн ам өсч өдөгөө 2,8 саяд хүрч байх шиг байна. Хагас зуун жилд хүн ам нь 6-7 дахин өссөн үндэстэн бараг байхгүй байхаа.Энэ бол гайхамшиг, яах аргагүй үндэсний сэргэн мандалт мөн. Ленин гэдэг хүн коммунист байна уу,фашист байна уу, монгол гаралтай байна уу, үгүй юу хамаа алга, энэ бүхний нь төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй хэн боловч хайрлаж хүндэлдэггүй юмаа гэхэд хараан зүхэж байх учиргүй. Харамсалтай нь боловсрол мэдлэг дорой, ойворгон сагсуу , дэрсэн толгойтой Сосорбарам мэт зарим хүний хийрхэл болон Хотын дарга Бат-Үүлийн бодлогогүй шийдвэрээр хөшөөгий нь буулгаад хаячихлаа. Юу үнэн энэ үнэн. Түүхийг өөрчлөн бичиж болно, харин өөрчилж чададгүй, түүхэнд өөрийн ой санамж гэж байдаг, түүнийг хэнч устгаж өөрчилж чададгүй

  • Сунгаа (202.9.47.130)

    2013-04-26

    Монгол төрийн нэр хүнд аль 2000 онд төрд Намбарвааны мангасыг гарч ирэхээс уначихсан юм ш дээ, хараа чинь хүрэхгүй байна.

  • zochin (122.201.18.13)

    2013-04-26

    huuhed iim deeree huurhu bgiim