А.Базархүү: Нэг намын үзэл суртлын хүчирхийлэлд автахгүй төрийн тэргүүн л хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан А.Базархүүтэй энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сэдвээр ярилцлаа.

-Та энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд улстөрийн намууд туйлын хариуцлагатай хандах ёстой гэж үзэж, энэ талаар багагүй ярьж яваа. Энэ талаараа тайлбар, тодруулга өгнө үү?
-Ерөнхийлөгчийн сонгууль бол Монголын улстөр, нийгмийн амьдралын нэн хариуцлагатай үйл явдал мөн. Намууд энэ сонгуульд оролцох үзэл баримтлалаа хэрхэн тодорхойлох, хэнийг нэр дэвшүүлэхээс үр дүн нь шууд хамаарна. Улстөр судлаачийн байр сууринаас харахад өнөөдөр Монголын нийгэмд нэг улстөрийн хүчний үзэл суртлын хүчирхийлэл явагдаж байна. Хуулийг үл хүндэтгэх, өөрийн үзэмжээр хэрэглэх, засварлан зохицуулах, шинээр хууль эрх зүйн орчин бүрдүүлэх замаар эрх ашигтаа тохируулан үзэл бодлоо нийгэмд тулган хүлээлгэхийг үзэл суртлын хүчирхийлэл гэдэг. Хүчирхийлэл нь ардчилал, дарангуйллын дундын орон зай бөгөөд яваандаа ардчиллаа бүдгэрүүлэн үгүйсгэж, дарангуйллыг нөхцөлдүүлдэг нийгмийн үзэгдэл. Эрх баригч хүчний үзэл суртлыг номлогчид нь уг хүчирхийллийнхээ бүтээгдэхүүн болж хувирдаг. Тэгснээрээ төрийн болон засаглалын институтууд аяндаа үзэл суртлын хүчирхийлэлд татагдаж, түүнд үйлчилдэг. Хүчирхийлэл улстөрийн олон ургальч үзлийг үгүйсгэж, парламентын ардчиллыг гажуудуулдаг. Ингэснээр парламентын ардчиллын агуулга, мөн чанар алдагдаж, хэлбэршил нь давамгайлдаг. Энэ нь нийгмийн ардчилал, шударга ёсны үнэлэмжийг бууруулах нь тодорхой. Үзэл суртлын хүчирхийлэл нь эрх баригчдынхаа хараа хяналтаас гарч, жолоодлогогүй үйл явц болон хувирдаг ба нийгмийн харилцааны бүхий л салаа мөчирт нэвтрэн орох аюултай. Хүчирхийллийн машин хүчээ авч хэдий удаан явна, дарангуйллын дэглэм рүү гулсан орох нь хялбар болдог. Энэ бол олон улс орны амьдрал дээр батлагдаж, нотлогдсон улстөрийн болон нийгмийн шинжлэх ухааны ойлголт болно. Хүчирхийлэл, дарангуйллын дэглэмээс нийгэм эд материалын болон оюун санаа, ёс суртахууны асар их хохирол амсдаг. Тухайн улстөрийн хүчин нийгэм дэх үнэлэмж, байр сууриа алддаг зүй тогтолтой.

-Үзэл суртлын хүчирхийлэл газар авбал үүнээс ангид нийгмийн эд эс үлдэхгүй юм байна. Ийм тохиолдолд тэгээд хэрхэх ёстой юм бэ?
-Өнөөдөр энэ л үзэгдэл Монголын нийгэмд явагдаж байна. Ерөнхийлөгчийн институт эрх баригч намын үзэл суртлын хүчирхийлэлд татагдан орж, түүнд үйлчилж байна. Энэ нь нийгэмд үзэл бодлын талцал үүсгэж, ард түмний эв нэгдлийг бусниулах эхлэлийг тавих ноцтой үр дагавартай. Хөх тэнгэр, Үндсэн хуулийн цэцийн хоорондуур үзэл суртлын өргөн манан бүрхлээ. Шүүх, засаглал, төрийн тусгай чиг үүрэгтэй сонгуулийн байгууллага, төрийн алба, хяналт, мэдээллийн институцүүд энэ үзэгдэлд татагдан орох хандлагатай боллоо. Дөрөв дэх засаглал болсон сэтгүүл зүйн чөлөөт байдал хумигдах тийшээ явж байна. Энэ бүхэн олон түмний нүдэн дээр болж байгаа үйл явдлууд шүү дээ. Гагцхүү улстөрийн намууд уг үзэгдлийн үүсч байгаа нөхцөл, шалтгаан, түүний өрнөл, чиг хандлага, гарах үр дагаварт бодитой улстөрийн дүгнэлт өгч, бодлого, үйл ажиллагаандаа өөрчлөлт хийх нь хойшлуулшгүй зорилт болж байна.

- Эрх баригч АН одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлэх нь тодорхой болсон. Гэтэл Таныхаар бол энэ Ерөнхийлөгч чинь үзэл суртлын хүчирхийлэлд татагдаад орчихсон байна шүү дээ?
-АН-ынхан одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлэхээр албан бусаар зарласан гэж ойлгож байгаа. Хэрвээ тус нам Ерөнхийлөгч байх өндөр шалгуурт нийцсэн өөр хүнийг нэр дэвшүүлбэл заавал бусад намаас Ерөнхийлөгч сонгогдох ёстой гэж туйлшрах шаардлага байхгүй шүү дээ. АН үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байх өндөр шалгуурыг хангахгүй байгаа өнөөгийн Ерөнхийлөгчөө дахин нэр дэвшүүлэх гэж байгаад асуудлын гол нь байгаа юм. Өнөөгийнх шиг улстөрийн нөхцөл байдал манайд 2000-2004 онд үүсч байв. Төрийн гурван өндөрлөгийг тэр үеийн МАХН гартаа атгаж байсан цаг үе ч бий. Намчирхах, үзэл бодлоор нь ялгаварлах явдал боловсон хүчний бодлогод гарч байв. Ер нь төрийн боловсон хүчний бодлогод алдаа гарсныг МАН хүлээх хэрэгтэй. Гэхдээ азаар тухайн үед нийгэмд нэг намын үзэл суртлын хүчирхийлэл явагдаагүй. Үүнд тухайн үеийн Ерөнхийлөгчийн институт эрх баригч намын үзэл сурталд татагдан ороогүй явдал нөлөөлсөн юм. Ерөнхийлөгч Н.Багабанди МАХН-ын удирдлагын дарамт, шахалтыг сөрөн зогсч, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байх Үндсэн хуульд өргөсөн андгай тангарагтаа үнэнч байж чадсан билээ. Харин МАХН УИХ-д хэт үнэмлэхүй олонхи 74 суудалтай байснаа 2004 оны сонгуулиар 37-хан суудал авч цөөнхийн доторхи олонхи болж АН-тай хамтарсан Засгийн газар байгуулж байв. Эндээс харахад төрийн гурван өндөрлөг нэг намын мэдэлд байгаа, эсэх нь бас гол биш. Монгол төрийн тэргүүн-Ерөнхийлөгч ямар хүн байх, байр суурин дээрээ баттай зогсч чадах эсэхээс бүх зүйл шалтгаална гэсэн үг. Иймээс улстөрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхдээ “Улстөрийн өндөр соёлтой, үзэл бодлын туйлшралгүй, уугуул эх оронч сэтгэлгээтэй байх” шалгуурт онцгой анхаарах шаардлагатай байгаа юм. Улстөрийн намууд сонгуульд оролцохдоо үндэсний эрх ашгийг намуудад биш, намууд үндэсний эрх ашигт захирагдана гэсэн бичигдээгүй хуулийг мөрдлөг болговол зохино. Нэг намын үзэл суртлын хүчирхийлэлд автахгүй, түүнд үйлчлэхгүй тийм л Төрийн тэргүүн бидэнд үгүйлэгдэж байна. Эцэст нь нэг зүйл хэлье. Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар санал бодлоо илэрхийлэхдээ миний бие “Нийгмийн үзэгдлийг болоод өнгөрсөн хойно нь биш урьдчилан харах ухааныг улстөр гэнэ” гэсэн логикоор хандсан гэдгийг зориуд хэлмээр байна.

Т.БУД


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • зочин (203.194.114.92)

    2013-05-08

    т Иргэн бүрийг хувьцаатай болгоно гэсэн амлалтаа мартлаа

  • Бат (202.21.105.7)

    2013-05-02

    Одоо болох ёрөнхийлөнгчийн сонгуульд намчирхалгүй оролцож төрийг тэнцвэржүүлэх ёрөнхийлөгч сонгох түүхэн үе ирлээ

  • zochin (46.188.10.5)

    2013-05-01

    setgelgeenii oorchlolt hiigeech gej oilgoj bn /zov songolt hiihiig sanuulj bn erenhiilegch hun hudalaa yaridaggui hunl heregtei bn

  • zochin (122.201.18.28)

    2013-05-01

    bid ahmad uls torchdoo sonsoj bh estoi. zov demjij bnaa. odoo humuusiin uhamsar oor bson tsag. songolt zov bno gedegt itgej bna. ene bga hun neg l buruu bna

  • монгол хүн (203.91.112.202)

    2013-05-01

    ёстой зөв юм хэлсэн байна.

  • Энхээ (182.160.7.36)

    2013-05-01

    ыг илт барьж байгаагүй эв нэгдлийг сахиулах гэж ажиллаж байсан Элбэгээ ерөнхийлөгчийг их дэмжиж саналаа гэр бүлээрээ өгч байсан даанч хэт нэг намыг барьдаг шудрага гэж яриад хамгийн шудрага бус дарга та дахин гарна гэвэл бараг танд сана өгөхгүй байхаа гэж бодддог энэ бол миний хувийн бодол шүү уучилаарай

  • sertyuiop[] (122.201.18.40)

    2013-05-01

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАН, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • bat (24.196.148.242)

    2013-05-01

    elbegdorj hudlaa gedegee hangalttai haruulsaan

  • bat (24.196.148.242)

    2013-05-01

    elbegdorj hudlaa gedegee hangalttai haruulsaan