С.Дэмбэрэл: Анх төлөвлөж байсан урам зоригтой өөдрөг төсөв нь худлаа болоод эхэллээ

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал ямархуу байна вэ. Зарим хүмүүсийн хэлж буйгаар их л хүндхэн байгаа гэх юм?
-Засгийн газар байгуулагдаад найман сар болж байна. Энэ хооронд анх төлөвлөж байсан урам зоригтой өөдрөг төсөв нь худлаа болоод эхэллээ. Өөрөөр хэлбэл, найман сарын өмнө өөдрөг баталсан төсөв маань бодит амьдралын хүчин зүйлүүдээс хамааран нурж байна. Мэдээж урд хөршийн эдийн засагт өрнөж буй зарим нэг зүйлээс хамаарч байгаа. Манай улсын эдийн засгийн өсөлт 17 хувь байснаа 10 боллоо гээд л яриад байна. Өмнөх Засгийн газрын үед тийм өндөрт хүрчихээд одоо ингэж унаж байгаа нь бидэнд сургамж болж байгаа хэрэг. Учир нь эдийн засаг маань ганцхан хөл дээр зогсч байгаа учраас ингэж савласан гэсэн үг. Манай улсын экспортын 85 хувийг дан ганц уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Энэ жил нүүрсний үнэ их унасан. Уг нь 2013 оны төсөвт нүүрсний үнийг нэлээн өндрөөр тооцсон. Энэ бүхэн биднийг дан ганц уул уурхайн бүтээгдэхүүн дээр бүү тулгуурла гэдгийг санруулж буй юм. Үнэхээр үүнийг өөрчлөхгүй бол болохгүй байна шүү дээ. Сэтгүүлч Та бүхэн биднээс эдийн засгийн хямралын тухай асууна, тэр болгонд бид нүүрс, нүүрс л гэж хариулах болно. Ерөөс эдийн засгийн өсөлтийг уул уурхайн салбараас хангана гэсэн бодлого явж байгаа. Энэ бол үнэхээр буруу. Эд ярихдаа энэ бодлогоос өөр ямар ч арга байхгүй гэдэг. Гэтэл өөр арга байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа олон салаа мөчиртэй болгох бодлогыг хүчтэй явуулах хэрэгтэй.

-Гэхдээ шинэчлэлийн Засгийн газар бусад салбарыг хөгжүүлнэ гэж ярьж байгаа шүү дээ. Тэр бодлого биш гэж үү?
-Уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүнүүдийн борлуулалт, худалдаа зэрэг үйл явцыг төрөөс сайн дэмжиж өгөх хэрэгтэй байна. Ганц нэг удаа экспортод гараад зогсчихсон гэх 40 гаруй төрлийн бүтээгдэхүүн байна. Экспортод гаргах буюу уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүнийг дэмжих үндэсний хөтөлбөр нь батлагдаагүй байна. Уг нь мөрийн хөтөлбөрт орчихсон байгаа.

-Инфляци буурсан гэж албаны хүмүүс мэдээлдэг. Гэтэл иргэдийн худалдан авах чадвар улам дордож байх шиг?
-Инфляцийг бууруулахын тулд төрөөс мах, бензин, шатахуун гэхчилэн тодорхой салбаруудад тусгайлсан санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байна л даа. Энэ бүхний үр дүн гараагүй ч гэсэн эерэг үзүүлэлт. Гэхдээ инфляцийг 9.8 хувиас доош бууруулж чадахгүй байна шүү дээ. Манай улсын нийт бизнес эрхлэгчдийн 90 гаруй хувь нь 20 хүртэлх ажилчидтай жижиг дунд бизнесийнхэн байгаа. Тэдний өчүүхэн хэсэгт нь жижиг, дунд бизнесийн зээл гэж өгч байна. Жижиг, дунд бизнесийн батлан даалтын сангийн тухай хууль бодит утгаараа хэрэгжээгүй байна. Бизнес эрхлэгчдэд тохирсон нөхцөлтэйгээр зээл өгдөг банк санхүүгийн систем байхгүй. Ийм тохиолдолд инфляци яаж буурах юм бэ, зээлийн хүү яаж нэг оронтой тоонд очих вэ. Ерөөс эдийн засгийн эргэлт байхгүй гэсэн үг. Эдийн засгийн эргэлт явагдахгүй учраас бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт сайн хийгдэхгүй байгаа юм. Мэдээж нийлүүлэлт муу учраас юмны үнэ доошилж өгөхгүй. Нийлүүлэлтэд саад болж байгаа бэрхшээлийг арилгах төрийн бодлого гарахгүй байна.

-Үнэхээр инфляц буурсан юм бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ яагаад буухгүй байгаа юм бэ?
-Яг үнэн. Хэдий инфляц буурсан ч гэсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ яг л хэвээрээ. Энэ л хамгийн гол асуудал болчихоод байна. Нийгмийн давхарга болгонд юмны үнийн өсөлт янз янзаар мэдрэгдэж байгаа юм. Хамгийн их мэдрэгдэх хэсэг нь ядуу болон дунд орлоготойгоос доош хүмүүс шүү дээ. Ерөөс нийлүүлэлт болоод өрсөлдөөн муу байгаа газар юмны үнэ өсдөг. Иймээс нийлүүлэлтийг чөлөөтэй байлгаж өрсөлдүүлэх ёстой. Өрсөлдөөнд жижиг дунд бизнесийнхэн л оролцох ёстой. Тэдэнд зориулсан санхүүгийн орчин нь дарамтгүй л байвал жижиг дунд компаниуд идэвхжилд орно. Бас нэг гаргалгаа нь инфляцийг бууруулья гэвэл зээлийн хүүгээ нэг оронтой тоонд оруулах бодлогыг тусгайлан боловсруулж УИХ-аар батлуулах ёстой. Ингэхдээ зөвхөн нийлүүлэлтийн талд ажиллаад хэдэн санхүүгийн схем хэрэгжүүлчихээд одоо л инфляц буурна гэвэл үнэхээр худлаа. Банкны монополь байдлыг халах, санхүүгийн салбарт реформ хийх, гэхчилэн олон зүйлийг хэлж байгаа ч хэрэгжүүлэхгүй байна. Монголын банкуудын холбоо, Даатгалын холбоод санаачлага гарган санхүүгийн салбарын реформыг хийх, зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах хувилбарыг судалж байна. Тавдугаар сарын 15 гэхэд нэг чиглэл гарна. Түүнийгээ Монголбанк, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцуулна.

-Инфляцийг бууруулахад нийлүүлэлт чухал. Гэхдээ махны нийлүүлэлт гайгүй шүү дээ. Ийм байхад л үнэ өсөөд байдаг нь юуных вэ?
-Нийлүүлэлтийн гинжин хэлхээ гэж ярьдаг шүү дээ. Малчны хотноос хэрэглэгчийн гарт очих хүртэлх махны замын зургийг гинжин хэлхээ гэж хэлж байгаа юм. Замын зургийн мөчлөг бүрт ямар саад бэрхшээл байна гэдгийг маш сайн судлах ёстой. Уг нь хөдөө аж ахуйн бирж гээд байгуулагдсан. Даанч тэр нь сайн ажиллахгүй байна л даа.

-Засгийн газраас махны үнийг буулгахын тулд 87 тэрбум төгрөг зарцуулчихаад байгаа. Энэ ажлыг хэр үр дүнд хүрсэн гэж бодож байна вэ?
-Махны замын зургийг бүрэн хийгээгүй. Ард нь байгаа нийгэм, эдийн засгийнхаа үйл явцад анализ хийгээгүй, худалдан авдаг ард түмнийхээ яаж амьдрах гэж байгаа аргыг хайхраагүйгээс болоод хийж хэрэгжүүлж байгаа ажил нь олон нийтэд хүрч чадахгүй байна. Үр дүн нь мэдрэгдэхгүй байна гэсэн үг.

-2012 онд болсон эдийн засгийн чуулганаас Монголын эдийн засгийг солонгоруулах зорилт тавьсан. Одоо тэр зорилтоо хэр биелүүлж байна вэ?
-Яг томъёолол нь “солонгорох” гэсэн гоё нэр байхгүй л дээ. Би их бүдүүлгээр орчуулаад байгаа юм. Эдийн засгийн салаалалт гэвэл оновчтой. Хэрвээ мод олон салаатай ургавал их гоё саглагар том болно шүү дээ. Манай эдийн засгийн бүтэц ганцхан уул уурхайд суурилсан. Уг нь уул уурхайн бус экспортыг дэмжиж, хөгжүүлэх үндэсний хөтөлбөрөө боловсруул гэж Ерөнхий сайдад хэлж байсан удаатай. Бид аль болох хоёр хөршөө мөлжиж амьдрах ёстой. Учир зүггүй Европ, Америк гэж мөрөөдөөд яахав. Тэр бол үнэхээр хэцүү. Стандарт нь хүртэл таарахгүй шүү дээ. Би хүмүүстэй уулзаад явж байхад экспортод гаргах боломжтой олон бүтээгдэхүүн байдаг юм билээ. ОХУ-ын Сибирийн бүс нутгуудад манай бүтээгдэхүүнүүд сайн зарагддаг. Мөн Хятадын зүүн хойд мужууд манайхтай ижил уур амьсгалтай учраас аль болох их зүйлийг экспортлох хэрэгтэй. Үүнийг л эдийн засгийн солонгорол гэдэг юм.

-Та төрийн бодлого хэрэгтэй гэдгийг дахин дахин хэлж байна. Гэтэл тэр төрийн бодлого гарахгүй, хэрэгжүүлэхгүй байна шүү дээ?

-За даа, таван жилийн дотор хийгдчих л ажил. Гэхдээ маш идэвхтэй байвал шүү дээ. Гэхдээ манай төрийн бодлого цаасан дээр гарч болно. Хамгийн гол нь цаасан дээр бичсэн зүйлээ хэрэгжүүлэх засаглалын технологи нь удаан байдаг байхгүй юу. Удаан, үр дүнд чиглэдэггүй, ерөнхийдөө буцаад тайлан бичихэд зориулагдсан байдаг учраас бодит үр дүнд хүрдэггүй. Би ямар сайндаа УИХ-ын судалгааны төвд судалгаа захиалах гэж байна. Ерөөсөө засгийн бичиг баримтуудын эргэлт нь хэр зэрэг удаан явдаг юм гэдгийг судалж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хууль гарна хуулийн дагуу Засгийн газрын тогтоол гарлаа. Тэр тогтоол нь ямар шат дамжлагатай явж байна, хэдий хэр хугацаа зарцуулагдаж байна гэхчилэн судлах юм. Махны замын зураг гэдэг шиг засаглалын замын зураг гэсэн үг.

-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан талаар их шуугиж байна. Энэ асуудлыг судалсан байх?
-Монгол Улсын эдийн засгийн идэвхжлийн гол хэсэг нь гаднын хөрөнгө оруулалт. Манайд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалтын ихэнх нь гадаадынх. Гэтэл одоо хөрөнгө оруулалт багасчихлаа. Уг нь хөрөнгө оруулалтыг урамшуулах хууль гаргах ёстой. Гаднын хөрөнгө оруулалт багассан нь хэт улстөржилттэй холбоотой. Сонгуулийн өмнө гаргасан зарим хуультай ч холбоотой. Зарим нэг сайд гадаадын хөрөнгө оруулалт үргэчихлээ гээд байх зүйлгүй гэж ярьж байна. Энэ буруу. Ямар ч улс гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг хүндэлж байж, тэр хөрөнгө оруулалтаа урамшуулж, идэвхжүүлж байж эдийн засгаа өсгөдөг. Энэ бол түүх. Үүнийг хэнбугай ч, ямар ч улс зөрчиж чадахгүй. Садаа болоод байгаа хөрөнгө оруулалтыг үргээгээд байгаа тодорхой бус байдлаа яаралтай арилгах ёстой.

-Төсвийн гадуурх зардал нэмэгдсэнээс болж, төсвийн тодотгол хийх сураг гараад байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Хуулийнхаа дагуу хийнэ л биз. Гэхдээ төсвийн тодотгол хийх болоогүй байлгүй дээ. Ер нь бодит байдалтай уялдуулаад төсвийн тодотгол хийдэг шүү дээ. -Та өмнө нь парламентын гадна байсан. Тухайн үеийн УИХ, засгийн газрыг байнга шүүмжилдэг байсан. Одоо шүүмжилж чадаж байна уу? -Илүү сайн шүүмжилж, илүү сайн амьдралын хардаг л юм байна.

-ИЗНН дотооддоо жаахан асуудалтай байна уу?
-Ерөнхий нарийн бичгийн даргадаа итгээд явж байсан чинь дандаа арагшаа харж ажилласан юм байна.

-С.Оюун сайд Та хоёрыг намынхаа мөнгө төгрөгийг хуваагаад авчихдаг гэсэн яриа гарсан. Үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Тийм үндэслэлгүй зүйл ярьж болохгүй биз дээ. Тэр Жаргал гэгч их аюултай нөхөр юм байна. Тэгээд ч одоо ажлаасаа гарчихсан. Одоо өөр нам байгуулна гээд л явж байгаа юм билээ.

-Д.Энхбат дарга байгаа юу?
-Аль хэдийнэ намаас хөндийрсөн шүү дээ.

-Ерөнхийлөгчийн сонгуульд танай нам дангаараа орох уу?
-Ирэх долоо хоногт Үндэсний хорооны хуралдаан болно. Түүгээр л эцэслэн шийдэх байх. Манай намынхан АН-ынхантай уулзах гэж ирсэн.

-Хамтарч оролцох тухай ярих гэж үү?
-Мэдээж ярилцана шүү дээ. Түүний дараа Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Хоёр намын хооронд гарын үсэг зуралцсан зүйл байгаа шүү дээ. Ярилцсанд баярлалаа.


Д.МЯГМАРСҮРЭН


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Тэнэгт (202.179.18.29)

    2013-05-02

    Дэмбэрэл чи өөрөө их худлаа хөлдүү ***** шүү ард түмэн удахгүй чамайг мэдэх болно