
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх хүрээнд сонгуулийн бэлтгэл ажлыг цаг хугацаанд нь хангаж байна. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод сум, дүүрэгт, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө буюу 2013 оны 05 дугаар сарын 12-ноос өмнө байгуулаад байна. Улс төрийн намуудын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажил дууслаа. Эмнэлгийн төрөл бүрийн мэргэжлийн туршлагатай эмч, мэргэжилтнээс бүрдсэн эмнэлгийн комисс байгуулагдаж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг үзлэгт хамруулаад байна. Үзлэгээр нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар нь тус тус мэдрэл, сэтгэц, эрхтэн тогтолцооны эмгэг өөрчлөлтгүй, эрүүл байна гэсэн дүгнэлтийг тус комиссоос гаргажээ. Энэ дүгнэлтээ өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгөв гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл (0)