Я.Содбаатар: АН хэтэрхий улстөржөөд УИХ-ыг хэлэлцэх асуудалгүй болголоо
- 2013-05-24
- Улс төр
- 0
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.- Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлээд удаагүй байна. Уг хуулиар өчигдөр / уржигдар/албан ёсоор эхэлсэн сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар заалтууд хэрэгжиж эхэлж байгаа вэ?
-Нэгдүгээрт, сонгуулийн сурталчилгааг зөвхөн телевизээр явуулж, ард иргэдийн мэдээлэл авдаг бусад сувгуудыг хаах, тухайн сувгуудаар сурталчилгаа явуулахыг хуулиар хориглосон заалт бий. Хоёрдугаарт, хэвлэл мэдээллээр явж байгаа сурталчилгаанд хяналт тавьж, өргөн нэвтрүүлгийн бус гэгддэг сувгуудаар сурталчилгаа хийхийг хориглосон нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан үйлдэл болж байгаа юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг нэг намын дарангуйлал дор АН дангаараа баталсан учраас хэрэгжиж эхэлмэгц олон зөрчил, асуудал үүсч байна. Энэ асуудлаар МАН СЕХ-нд байр сууриа илэрхийлсэн. СЕХ-ноос сонгуулийн тойрог, хэсгийн хороог байгуулах үйл явц, сонгуульд оролцох намуудын сурталчилгаа эхэлж байгаа байдлаас харахад хууль зөрчсөн олон үйлдэл илэрч байна. Тиймээс өчигдөр МАН-аас хэвлэлийн бага хурал хийж хууль зөрчсөн үйлдлүүдээ зогсоож, нэг нам, нэг хүнд чиглэж, тэдэнд давамгай байдал бий болгосон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн заалтуудыг эргэн харах талаар асуудал тавьсан.
- УИХ-ын чуулган ойрын үед завсарлаж магадгүй гэсэн яриа байна. Хэлэлцэх асуудалгүй болчихсон хэрэг үү?
- Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн үед чуулган завсарлаж байгаагүй. Ер нь УИХ-ын чуулганыг завсарлуулах эсэхийг УИХ-ын даргын зөвлөлөөр шийддэг. Би тус зөвлөлийн хуралд оролцдоггүй учраас зөвлөлөөр юу ярьсныг сайн мэдэхгүй байна. Энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэх асуудал бага байна шүү дээ. Өнөөдөр /өчигдөр/ л гэхэд өглөө хоёр цаг хуралдаад үдээс хойш хуралдсангүй. Маргааш /өнөөдөр/ чуулган хуралдах гэхээр хэлэлцэх асуудал байхгүй гэнэ. Яагаад хэлэлцэх асуудалгүй байгаа юм. Монгол Улсын бүх асуудлыг шийдчихээгүй шүү дээ. МАН-ын бүлгийн гишүүдээс өргөн барьсан олон хуулийн төслийг хэлэлцэхгүй байгаа. Тухайлбал, Ё.Отгонбаяр тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан сонгуулийн санал хураах, автоматжуулсан системтэй холбоотой гараар тоолох тухай асуудал хэвээрээ байна. Мөн бидний хэдэн гишүүн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар, УИХ-д өргөн барьсан ч хэлэлцээгүй. Түүнчлэн НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж НӨАТ төлөх борлуулалтын орлогын босго дүнг 200 сая төгрөг болгохоор хуулийн төсөлд тусгаж УИХ-ын дэд даргад өргөн барьчихаад байгаа. Энэ мэтчилэн МАН- ын гишүүдийн өргөн барьсан олон хуулийг хэлэлцэхгүй байна. Тэгээд чуулганы үйл ажиллагаа хагас дутуу явуулж “ Хэлэлцэх асуудал байхгүй” гээд байгаад гишүүд сэтгэл эмзэглэж байна. АН хэт улстөржиж, сонгуульд тэр чигээрээ анхаарлаа хандуулж байгаа учраас хууль тогтоох ажилдаа назгай хандаж байна гэж харж байгаа.
- Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан уу?
- Шинэчлэл гэж яригдаж, өөрсдийгөө шинэчлэлийн Засгийн газар гэж нэрлээд байгаагийн хамгийн чухал зүйл нь монгол хүний гарт баригдаж, нүдэнд харагдах бодит шинэчлэл байх ёстой. Харамсалтай нь энэ Засгийн газар байгуулагдсанаасаа хойш цалин, тэтгэвэр, иргэдийн бодит орлого, худалдан авах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр авсан бодитой арга хэмжээ алга. Баахан компани, томоохон аж ахуйн нэгжид бонд, эсвэл үнэ тогтворжуулах нэрийдлээр олон тэрбум төгрөг тараах ажил хийж байгаа болохоос яг иргэн хүнд чиглэсэн ажил, үйлчилгээ, арга хэмжээ авсангүй. Тиймээс цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд шахалт үзүүлсэн ч харамсалтай нь одоогоор тодорхой шийдвэр гараагүй.
- Нэр бүхий гишүүдээс Өршөөлийн хууль санаачилж байгаа. Энэ хуулийг нэг хүнд зориулагдсан гэх яриа ч байна. Та ер нь уг хуулийг дэмжиж байна уу. Ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
- Монголын төр энэрэнгүй бодлогыг үе үе барьж ирсэн. Сүүлийн жилүүдэд Өршөөлийн хууль гаргаж амьдралдаа алдсан ард иргэдэд өршөөл үзүүлдэг нь зогссон байсан. Энэ чиглэлээр УИХ-ын нэр бүхий гишүүд Өршөөлийн хууль өргөн барьсан юм билээ. Уг хуулийн төсөл байнгын хороон дээр явж байна. Одоогоор УИХ-ын чуулганаар хэлэлцэгдээгүй байгаа. Авлига, албан тушаалтай холбоотой хэрэг Өршөөлийн хуульд хамрагддаггүй. Тиймээс авлига, албан тушаалаас бусад хэргийн хүрээнд яригдах байх.
- Н.Энхбаярт зориулагдсан хууль уу?
- Улстөрийн намууд хоорондоо ямар тохироо хийснийг мэдэхгүй байна. Улстөрийн үйл явцыг та бүхэн харж байгаа. Өнөөгийн улстөр дэх тодорхой намууд хамтарсан Засгийн газар байгуулахдаа хамтарч нэг субьект болно гэж орсон. Гэтэл өнөөдөр гэрээгээ биелүүлэхгүй, хүнээ нэр дэвшүүлж байх жишээний олон үйл явдал өрнөж байгаа. Тэгэхээр Н.Энхбаяр даргад зориулж энэ хуулийг гаргаж байгаа гэж би харахгүй байна. Энэ хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэлмэгц хуулийн хамрах хүрээнээс хамаарч тухайн үед байр сууриа илэрхийлнэ. Ер нь Н.Энхбаяр даргын асуудлыг Монголын төр авч үзэх ёстой. Тэгэхдээ яг Өршөөлийн хуулиар авч үзэх ёстой юу, үгүй юу. Хууль эрх зүйн бусад хүрээнд энэ хүний бие, эрүүл мэндийн байдлыг анхаарч үзэх ёстой гэсэн байр суурьтай байна.
- МАН-аас СЕХ-нд сонгуулийн хороодын бүрэлдэхүүний асуудлаар хандсан юм байна лээ. Харин СЕХ бичгээр ямар хариу тайлбар ирүүлсэн юм бэ?
- Сонгуулийг зохион байгуулах тойрог, хэсгийн хороонд ажиллах хүмүүсийн олонхи нь түр орлон гүйцэтгэгч байна. Нэг ёсны Монголын төрд төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй хүмүүс төрийн албан хаагч нэрээр сонгууль зохион байгуулах гэж байна шүү дээ. Тэр хүмүүс төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй учраас эрх зүйн талаасаа хариуцлага хүлээх боломжгүй. Нэгдүгээрт, Засгийн газар хуулиас дээгүүр журам гаргаж түр орлон гүйцэтгэгч томилдог жишиг тогтоогоод байснаа эргээд тэр журмаа Засгийн газар цуцласан. Ингэхээр тухайн хүмүүсийн түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон эрх зүйн зохицуулалт нь байхгүй болчихсон. Өөрөөр хэлбэл, ямар статустай төрийн албан хаагч байгаа вэ гэдэг нь тодорхойгүй хүмүүс ард иргэдийн сонголтыг баталгаажуулах чухал сонгуулийг зохион байгуулах гэж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа юм. Хоёрдугаарт, 200-аас доошгүй сонгогчдод зориулж тойрог, хэсгийн хороо байгуулна гэж хуульд заасан байтал найман сонгогчид зориулж тойрог, хэсгийн хороо байгуулсан. 200 хүртэлх сонгогчгүй найман газар тойрог, хэсгийн хороо байгуулсан байгаа юм. Иймээс яагаад сонгуулийн зардал нэмэгдэх болов, яагаад цөөхөн хүмүүст зориулж тусгайлсан тойрог, хэсгийн хороод байгуулаад байгаагаа СЕХ хуулийн дагуу тайлбарлах үүрэгтэй. Түүнийхээ дагуу тайлбараа өгөх ёстой гэж бодож байна.
- Сонгуулийг шударга явуулах талаар Төрийн байгуулалтын байнгын хороо анхаарахгүй байгаа хэрэг үү?
- Төрийн байгуулалтын байнгын хорооноос сонгууль зохион байгуулах ажлын явцыг шалгах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр М.Энхболд, Д.Батцогт, М.Батчимэг нарын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа. Ойрын үед ажлын хэсэг дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулахаар оруулж ирэх байх.
Ц.ЖАРГАЛ

Сэтгэгдэл (5)
(122.201.18.34)
doldoi *****
(202.55.180.154)
Энэ нэг муруй амтай бяцхан коммунист дандаа нохой шиг боргож байх юмаа.
Зочин (103.29.144.38)
Улс орныхоо хөгжлийн төлөө бүтэн жил нэг үг дуугараагүй мэнгэт нөхөр харин өөрөө хэтэрхий улс төржөөд байгаагаа мэдэхгүй доог болов.
dorj (122.254.127.66)
Дүр эсгэгч Долдой
a (182.160.13.93)
muu ynhan