Н.Эрдэнэбаяр: Иргэд өдөр бүр цусаа өгч байж бид хэвийн ажиллана

Манай улсын цусны нөөц хомс байгаа учраас иргэдийг цусаа өгөхийг ЦССҮТ болон “Талх чихэр” ХК-иас уриалж өчигдөр мэдээлэл хийлээ. “Талх чихэр” компани энэ жилээс эхлэн цусны төвтэй хамтарч ажиллахаар гэрээ байгуулаад байгаа аж. Өөрөөр хэлбэл, тус компанийн “Атар” нэрийн дугуй талх бүрийн үнээс 10 төгрөг хандив болон цусны төвд орох юм байна. Харин хандивийн мөнгөний 50 хувиар нь доноруудыг ивээн тэтгэх гэнэ. Түүнчлэн байнга цусаа хандивладаг доноруудын бие организм эрүүл байх ёстой хэмээн үзэж “Атар” талхаар урамшуулж байхаар болжээ. Энэ үеэр ЦССҮТ-ийн захирал
Н.Эрдэнэбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Одоогийн байдлаар шаардлагатай цусны хэрэгцээгээ хангаж чадаж байна уу?

-Шаардлагатай байгаа цусны хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Манайх зарим үед тэр тусмаа зуны цагт цусны нөөц хомсдоод ирэхээр гэр бүлийн хүмүүс цусаа өгөх явдал байдаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн донор юм. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол зуун хувь сайн дурийн донорыг байлга гэж зөвлөдөг. Тэгэхээр манайд донорын тоо маш цөөн байна. Бид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж “Донорын эгнээг үржүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг санаачлан хэлэлцүүлж байгаа. Хэрэв батлагдвал доноруудыг татах сургалт, сурталчилгааны ажлыг эрчимтэй явуулж, тэднийг урамшуулах, алдаршуулах зэрэг олон талт ажлыг зохион байгуулна.
-Хэдээс хэдэн насныхан донор байх боломжтой вэ?
-17-60 насны харьцангуй эрүүл хүн байх ёстой. Өөрөөр хэлбэл, гепатитын вирус буюу шарлаагүй, ямар нэгэн байдлаар сүүлийн зургаан сарын дотор хүнд мэс засал хийлгээгүй, эрүүл мэндийн талаас биед нь өвчин эмгэгийн өөрчлөлтгүй, архаг хуучгүй хүмүүсийг донор болж чадна гэж үздэг. Хэрэв донор болох гэсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байвал манай вэб сайтаар болон утсаар холбогдож болно гэдгийг хэлье.
-Донор болсон хүн ямар урамшуулал авах вэ?

-“Талх чихэр” гэх мэт үндэсний компаниудтай хамтран ажиллаж байгаа. Байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн нарийн боов, талхыг доноруудынхаа хүчийг сэргээх үүднээс өгнө. Мөн онооны системд шилжиж байна. Тухайн хүн тав, 10, 20 удаа цусаа өгвөл тодорхой хэмжээгээр шат бүрт нь ахиулсан урамшуулал олгоно. -Одоогоор цусны нөөц хэр байгаа вэ?
- Тайван үед 7-10 хоног хэрэглэх бүх бүлгийн цусны нөөц бий. Гэхдээ өдөр бүр цус авч байж бид хэвийн, аюулгүй ажиллана. Учир нь цус бол 3-5 хоног хадгалдаг эмзэг бүтээгдэхүүн.
-Тухайн улсын иргэдийн хэдэн хувь нь цусаа өгөх шаардлагатай байдаг вэ?
-Нийт хүн амынх нь гурван хувь цусаа байнга бэлэглэдэг бол цусны хэрэгцээ хангагдана гэж үздэг. Гэтэл манай улсын хувьд 0.8 хувьтай л байна. Энэ нь дэлхийн жишгээс 3.5 дахин бага тоо шүү дээ. Тиймээс бид энэ тоог ойрын таван жилд багаар бодоход 1.5 хувьд хүргэхээр зорьж байгаа.
-Эрэгтэй, эмэгтэй хүний биеийн онцлогоос хамаарч цус өгөх давтамж нь өөр байдаг уу?
-Тэгэлгүй яахав, эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн мөчлөг ирдэг учраас эрэгтэй хүнээс жилд нэг удаагаар цөөн өгөх боломжтой. Сарын тэмдгийн үед цусаа өгөх боломжгүй шүү дээ. Харин эрчүүд бол улиралд нэг удаа өгөхөд эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал гарахгүй. Харин ч цусаа өгснөөр тухайн хүний бодисын солилцоо эрчимжиж, бие махбодийн үйл ажиллагаа улам сайжирна. Нөгөө талаар цусаа өгөхийн тулд биеэ бэлдэж өөрийнхөө эрүүл мэндийг байнга хянаж байдаг. Донор хүн эрүүл мэндийн талаар тодорхой хэмжээний боловсролыг олж, урт наслаж байгаа нь ч ажиглагддаг.
-Тухайн байгууллагын ажилчид цусаа өгөхөөр болбол эхлээд бүгд шинжилгээнд хамрагдах ёстой юу? -Манай байгууллагын Нийгмийн ажилтанд хандвал бид 3-5 хоногийн өмнө ямар хүмүүс цусаа өгөх боломжтой вэ гэдэг танилцуулгыг нь өгдөг. Үүний дагуу байгууллагууд цус өгөх боломжтой хүмүүсээ тооцдог юм. Харин 60-аас дээш хүн цус өгөхөөр бол манай явуулын баг очоод авдаг болсон. Шинжилгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу бүтээг дэхүүнээ авахаас өмнө биш авсныхаа дараа хийдэг. Тэгснээр цусны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа юм. Бохир цусыг аваад маш олон төрлийн ангилан ялгалт хийж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
-Явуулын багийн үйл ажиллагаа болон багаж хэрэгсэлд чинь иргэд бүрэн итгэж болох уу?
-15-18 хүний бүрэлдэхүүнтэй явуулын багийнхан байгууллага, хамт олноор явж цус цуглуулах үйл ажиллагааг мэргэжлийн өндөр төвшинд хийдэг. 1994 оноос эхлээд зуун хувь нэг удаагийн хэрэглээнд шилжсэн учраас ямар нэгэн халдвар тараах, эрсдэл үүсгэх аюул байхгүй. Өөрөөр хэлбэл, чанарын баталгаа хангасан, цусны албанд зориулагдсан бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тиймээс иргэд айх аюулгүй үйлчлүүлж болно.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)