Нийтийн хоолны давс, өөх тосны агууламжийг бууруулна

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг зохицуулах хууль, эрх зүйн орчин шинэчлэгдэж, энэ оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн хэрэгжилтийн хүрээнд “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэгийг ҮХААЯ- наас өнгөрөгч баасан гаригт зохион байгуулав. Хэлэлцүүлэгт оролцогч мэргэжилтнүүд шинэчлэгдэсэн хуулийн зарим нэг заалт, журмыг дахин нэг харахыг хүссэн. Учир нь дагаж, мөрдөхөд ойлгомжгүй нэлээд хэдэн заалт оржээ. Тухайлбал, уг хуульд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч ажлын байрны орчинг гич, содын уусмалаар ариутгах ёстой гэж тусгажээ. Гэтэл өнөөдөр эл төрлийн уусмалыг ашиглахаа болиод удсан. Ихэнхдээ жавелоны уусмал ашиглаж, ариутгал хийдэг болсон болохыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг төлөөлж ирсэн оролцогчид онцолсон юм. Мөн бүтээгдэхүүний чанар, орц, найрлагыг тогтоох нь үйлдвэрлэлийн салшгүй нэг хэсэг. Тиймээс дээж авах хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн саналыг дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар 155 грамм дээж авч, шинжилгээ хийж буй. Гэтэл энэ нь тухайн бүтээгдэхүүнийг бүрэн шинжлэхэд хангалтгүй байдаг аж. Түүнчлэн мэргэжлийн төвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин дутагдалтай байгааг салбар яамны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Тунгалаг хэлсэн. Тэрбээр “Өнөөдөр тогооч хийж бай гаа хүмүүсийн ихэнх нь хэдхэн сарын дамжаа төгсөөд мэр- гэжлийн үнэлэх авдаг. Эрүүл ахуйн шаардлага хангасан хоолыг олон нийтийн хэрэгцээнд нийлүүлэх зарчимтай. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээний мэдлэг, туршлагатай байх ёстой гэсэн үг. Үнэндээ хоол хийх горим, бүх жор, стандарт, дүрэм журмыг бүрэн эзэмшихэд хамгийн багадаа 2-3 жил шаардлагатай байдаг. Ер нь нийтийн хоолны үйлчилгээ бүх нийтийн эрүүл мэндийн асуудалтай салшгүй холбоотой. Манайхан гэрийн хоол, нийтийн хоол хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш гэрийн хоол сайн хийдэг гээд нийтийн хоолны газар тогоочоор ажиллана гэсэн үг биш” хэмээсэн. Энэ мэтчилэн нийтийн хоолны салбарт тулгамдаж байгаа олон бэрхшээлийг хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ болон сургалт явуулдаг их дээд сургуулиудтай хамтарч ажиллах шаардлагатай байгааг албаныхан дуулгасан. Нийтийн хоолны газрын үйлчилгээ нийгмийн эрүүл мэндэд ихээхэн чухал үүрэгтэй. Иргэдэд чанартай, эрүүл бүтээгдэхүүнээр үйлчлэх ёстой. Манай улс халдварт бус эрсдэлт өвчнөөр дэлхийд дээгүүр байр эзэлж байгааг ДЭМБ-аас хийсэн судалгаагаар тогтоожээ. Учир нь өөх тос, давсны их хэрэглээний улмаас зүрх судасны өвчин, цусны даралтаар нас барах хүмүүсийн тоо ихэссэн байна. Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв Увс, Дундговь, Булган, Хэнтий, Нийслэлийн Баянзүрх, Хан- Уул дүүргийн 25-64 насны 1034 хүн хамруулсан давсны хэрэглээний судалгааг 2011-2012 онд хийжээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн өдөр тутмын давсны хэрэглээ 11.1 грамм байсан нь хоногт таван граммаас ихгүй давс хэрэглэхийг зөвлөсөн ДЭМБ-ын зөвлөмжөөс нэг дахин илүү байсан нь харагдаж байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийтийн хоолны газруудын давсны агууламж 83.6 буюу олон улсын давсны агууламж их гэсэн ангилалд багтжээ. Тиймээс эхний ээлжинд нийтийн хоолны газруудын давс, өөх тосны агууламжийг бууруулах талд анхаарч ажиллах аж. Нөгөө талаар хүнсний түүхий эдийн чанар аюулгүй байдлын асуудал хурцаар хөндөгдөж байсан. Учир нь нэг цайны газрын бэлтгэгч махаа татан хөшиглөх, хүнсний ногоогоо арилгах гээд хоолныхоо бүх зүйлийг бэлтгэдэг. Гэтэл эрүүл ахуйн үүднээс авч үзвэл эдгээрийг тус тусад нь бэлтгэх ёстой. Тиймээс эл байдлыг арилгах үүднээс нийслэлд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг бүх газруудад түүхий эдийг нь нэгдсэн журмаар бэлтгэж нийлүүлдэг зохион байгуулалтад орох гэнэ. Өөрөөр хэлбэл, хоолны газрууд өндөр үнэтэй биш атлаа хоолондоо хийгээд буцалгахад бэлэн бэлдэцийг хэрэглэнэ гэсэн үг юм. Төмс, хүнсний ногоо амархан чанараа алддаг учир тусгай зориулалтын сав, баглаа боодолд бэлтгэсэн бэлдэцийн нэгдсэн төв байгуулахаар төлөвлөжээ.


С.ДУЛАМ



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)