
Клиникийн нэгдүгээр эмнэлгийн өргөтгөл өнгөрөгч бямба гаригт ашиглалтад орж, амаржих эхчүүдээ хүлээн авснаар үүдээ нээсэн. Тус өдөр есөн эх амаржсанаас таван хүү, дөрвөн охин мэндэлжээ. Ингээд эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаар манай сурвалжлах багынхан ашиглалтад орсон төрөх эмнэлгийг зорьсон юм. Шинэхэн эмнэлгээр оруут л үүднээсээ хоймроо хүртэл өнгө зүстэй, саруулхан бүх зүйл нь гялалзана. Сувилагч бүсгүй ирсэн хүн болгонд тэр эмч энд байгаа, энэ шинжилгээг авах өрөө тэддүгээр давхарт гэхчилэн зааварчилж байгаа нь үйлчлүүлэгчдэд таатай сэтгэгдлийг төрүүлж байгаа нь илт харагдсан. Энэ үед бусад эмнэлгүүд ийм байдаг бол амаржих эх гэлтгүй эмнэлэгт ханддаг бусад өвчтөнүүдэд хэчнээн амар байх бол гэсэн бодол төрснийг нуух юун. Ямартаа ч үүдэнд нь цаг авах гэж дугаарласан, нэг эмчийн өрөөний хаалга манж зогссон ээжүүд харагдсангүй. Бид хөтөч сувилагчид ирсэн зорилгоо дуулгахад уриалгахан гэгч хүлээн авсан юм. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө буюу 2010 онд “Сентерра Гоулд” корпорацийн хөрөнгө оруулалтаар “Цаст” констракшн тус эмнэлгийн өргөтгөлийг барих ажлыг эхлүүлсэн. 2011 онд ашиглалтад орох байсан ч хойшилсоор өнгөрөгч хоёрдугаар сард нээлтээ хийсэн юм. Гэвч дотор засал, тоног төхөөрөмжөө суурилуулах зэрэг ажил хараахан бэлэн болоогүй байсан учраас эмчлүүлэгчдээ хүлээж авахгүй байсаар өдийг хүрчээ. Арван тэрбум төгрөгийн санхүүжилтээр боссон тус эмнэлэг эмэгтэйчүүдийн зориулалттай 100, эмгэг нярайн болон эрчимт эмчилгээний 50 ортой тасагтай мөн 1.4 тэрбум төгрөгийн эмчилгээ, оношлогоо, мэс заслын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд эмчлүүлэгч тус бүр хүчилтөрөгчийн аппарат хүрэлцэх боломжтой аж. Түүнчлэн мэс заслын вакум хоёр өрөө, хүчилтөрөгчийн болон нэгдсэн агааржуулалтын системтэй ажээ. Хамгийн гол нь цахилгааны саатал гарсан тохиолдолд гурван секундын дотор цахилгаанаар хангах дизел цахилгаан үүсгүүртэйгээрээ бусад төрөх эмнэлгүүдээс ялгарах давуу талтай юм. Улсын хэмжээнд жилд 75 мянган эх амарждагийн 35 мянга орчим нь нийслэлд төрдөг гэсэн судалгаа бий. Дээрх судалгаа нь сүүлийн жилүүдэд төрөлт эрчимтэй нэмэгдэж буйг харуулах тоо. Үүнээс улбаалан төрөх эмнэлгүүдийн ачаалал ихэсч, эхчүүдэд ор хүрэлцдэггүйн зовлон нийслэлийн бүх төрөх эмнэлэгт байдаг. Энэ нь сүүлийн 20 жилийн хугацаанд төрөх эмнэлгүүдэд шинэчлэл хийгдээгүйтэй холбоотой. Харин шинэ төрөх эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орсноор бусад эмнэлгийн ачаалал бага ч гэсэн буурна хэмээн олон хүн үзэж буй. Клиникийн нэгдүгээр амаржих газрын үндэс суурь нь тэртээ 1928 онд тухайн үеийн төв больниц, клиник эмнэлгийн дэргэд гурван сувилагч, зургаан ортой, 900 төгрөгийн төсөвтэй төрөх тасаг байгуулагдсанаар тавигдсан гэдэг. Ууган төрөх эмнэлгээс Нийслэлийн II төрөх, “Цацраг туяа” эмнэлэг, III төрөх эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Эх нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг салбарлан байгуулагдсан 85 жилийн түүхтэй байгууллага юм. Энэ үеэр ээлжит хяналтандаа орохоор ирсэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Г.Болорсайханы сэтэгдлийг нь сонсоход “Ашиглалтад орсныг нь мэдээд өнөөдөр анх удаа ирж байна. Цэвэрхнээс гадна их тохилог юм. Хамгийн сайхан нь дугаарлах гэсэн асуудал ерөөсөө алга. Би энэ эмнэлэгт ирэхээсээ өмнө дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдэлд үзүүлдэг байсан. Тэнд үзүүлэхэд их хэцүү. Эрт цаг авахаас эхлээд нэг шинжилгээ өгөхөд л өглөөний 6, 7 цагт очиж, үзүүлдэг байсан. Одоо 37 долоо хоногтой. Энэ эмнэлэгт төрнө гэж бодож байна” хэмээсэн.
Ингээд тус эмнэлгийн дарга, их эмч Д.Энхбаяртай цөөн хором ярилцсанаа хүргэе. Тэрбээр нааш, цааш цэгцлэх ажил их байгаа учраас хоёулаа явдал дундаа ярилцъя хэмээснээр дараах хэдэн асуултад хариулт авсан юм.
-Шинэхэн эмнэлгийн даргад мундахгүй их ажил байгаа байх. Эхний ээлжинд эмнэлгийн ямар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна вэ? -Хүний нөөцийн асуудал дутагдалтай байна. 468 хүн ажиллах орон тоотойгоос өнөөдрийн байдлаар 345 эмч, сувилагч ажиллаж байгаа. Эх баригч болон эмэгтэйчүүдийн эмч хангалттай байгаа ч нярайн эмч, сувилагч дутагдалтай байна. Энэ хавар төгсч байгаа шинэ боловсон хүчнүүдээс ажилд авахаар материалыг нь хүний нөөц дээр авч байна. Бусад зүйлсээр дутагдаад байгаа зүйл алга. Гэхдээ миний бодлоор манай залуу, шинэ боловсон хүчнүүд мэргэжлээсээ зугтаад байх шиг. Мэдээж хүний амь настай холбоотой энэ мэргэжил амаргүй. Чадна гэж сонгосон л бол ямар ч бэрхшээл саадыг давж чаддаг сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Ер нь ганц манайд ч биш дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад нярайн эмч нар дутагдалтай байдаг юм. Яагаад гэхээр нярайн эмч гэдэг өөрөө маш их хариуцлага өндөртэй албан тушаал. Тэгэхээр мэргэжилдээ сонирхолтой, дуртай, үнэнч хүн байх хэрэгтэй байгаа юм. Мэдээж залуу боловсон хүчнүүд ажлын байран дээр ирсэн нөхцөлд тусалж, дэмжих талд бидний үүрэг оролцоо их чухал. Өнөөдөр манайд шаардлагатай сувилагчдын гуравны нэг нь л байна. Тиймээс эхлээд дутагдалтай байгаа мэргэжилтнүүдээ авах шаарлагатай байна.
-Клиникийн нэгдүгээр эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орчихлоо. Бусад төрөх эмнэлгүүдийн ачаалал тодорхой хэмжээгээр буурах нь ойлгомжтой байх. Энэ талд Та юу гэж бодож байна вэ? -Мэдээж бусад төрөх эмнэл- гүүдийн ачаалал буурна. Гэхдээ II, III дугаар төрөх эмнэлгийн өргөтгөлийг хурдан ашиглалтад оруулах шаардлагатай. Ямар ч хүн ачаалал бага, сайхан орчинтой газар уруу тэмүүлнэ. Нэг газартаа төвлөрөөд байх юм бол бусад эмнэлгүүд шиг ачаалал үүсэхгүй байхын аргагүй. Угаасаа харьяаллынхаа дагуу амаржих эхчүүд маань төрөх эмнэлэгтээ очино шүү дээ. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн иргэд II, Баянзүрх дүүргийн иргэд III төрөхдөө амаржих ёстой. Харин Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн жирэмсний хүндрэлгүй, хэвийн хүүхдээ тээж байгаа эхчүүд манайд ирэх боломжтой. Өөрөөр хэлбэл, хүндрэлтэй эхчүүдээ Эх хүүхдийн эрүүл мэндийн төв өөр дээрээ авч үлдэнэ гэсэн үг. Манайх Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Багахангай зэрэг дүүргийн жирэмсэн эх болон эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэхээс гадна Баянзүрх дүүргийн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд эмчилгээ хийх үйлчилгээ үзүүлнэ.
С.ДУЛАМСҮРЭН
Сэтгэгдэл (1)
С.ДУЛАМСҮРЭН (202.9.47.132)
ЗӨВ ШҮҮ