ЭХЭМҮТ-д 30.2 сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бэлэглэлээ

"Эрүүл үрс гэрэлт ирээдүй” төрийн бус байгууллага ЭХЭМҮТ-ийн нярай судлалын тасагт гурав дахь хандивын төслийнхөө хүрээнд нийт 30.2 сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бэлэглэлээ. Төслийн хүрээнд 2010-2012 онд нийт 36 сая төгрөгийн хяналтын монитор болон нярайн инкубатор төхөөрөмжийг хандивлажээ. Энэ удаа хяналтын монитор тав, фото эмчилгээний аппарат хоёр, нярайн шарлалтыг хэмждэг билиметр хоёр ширхгийг хандивлалаа. Дээрх тоног төхөөрөмжүүдийн ачаар нярайн биеийн байдлыг 24 цагаар хянах, сүүлийн үед эрс нэмэгдэж буй нярайн шарлалтыг цаг алдалгүй оношилж, эмчлэх боломжтой гэнэ. ЭХЭМҮТ-ийн нярай судлалын тасаг нь улсын хэмжээнд дутуу болон гүйцэд нярайд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг ганц тасаг юм. Тус тасаг долоон эмч, 17 сувилагчтай өдөрт дунджаар 28-32 нярайг хүлээн авч ажлын ачаалал ихтэй ажилладаг, аппарат тоног төхөөрөмжийн хангалт муутай аж. Тиймээс тус байгууллага монгол хүүхд үүд эх орондоо эмчлүүлж эдгэрэх, эрүүл чийрэг өсөн торних боломжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж буй. Уг байгууллага 2010 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба эх орондоо болон дэлхийн олон оронд сурч, ажиллаж буй монголчуудын хандиваар санхүүждэг гэнэ. Дараагийн төслөөрөө ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт амьсгалын болон зүрхний бичлэгийн аппарат авч өгөхөөр хандив цуглуулж эхлүүлээд байгаа аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)