Н.Удвал: Эмнэлэгийн дарга нарыг сонгон шалгаруулах нь ТАЗ-ийн ажил биш
- 2013-07-17
- Эрүүл мэнд
- 0
МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын биеийн
байдал болоод цаг үеийн
асуудлаар Эрүүл мэндийн сайд
Н.Удвалаас дараах асуултад
хариулт авлаа.- Н.Энхбаярын биеийн байдал одоо ямар байна вэ. Шаардлагатай эмчилгээнүүд хийгдэж байгаа юу?
-Ер нь энэ хүний бие муудаад удаж байна. Өнөөдрийн байдлаар ч мөн маш муу байна. Энэ талаар эмчилж байгаа эмнэлгээс нь надад бичиг ирсэн. Үүнд биеийн байдал нь хүнд, аажмаар бие нь дордож байна. Нойр хоолондоо муу байгаагаас гадна даралт нь байнга унаж байгаа гэсэн байна. Шаардлагатай эмчилгээ хийгдэж байгаа ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байна гэсэн. Түүнчлэн биеийн жингээ маш хурдацтай алдаж байгаа юм билээ. Тухайлбал, сүүлийн нэг сарын дорор л гэхэд гурван кг турсан байх жишээтэй.
-Н.Энхбаяр ялаас чөлөөлөх хүсэлт гаргасан. Үүнийг яамнаас тавьсан юм уу?
-Эмчлэгч эмч нар нь дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ялаас чөлөөлөх хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэгдсэн эмнэлэгт тавьсан юм билээ. Үндсэндээ тэр өдрөөс хойш Эрүүл мэндийн яамны мэдлээс гараад шүүх эмнэлгийн мэдэлд очсон гэсэн үг. Энэ хугацаанд хийдэг эмчилгээгээ хийгээд байхад биеийн байдал дордоод байгаа учраас энэхүү асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, шүүх эмнэлэг рүү би яръя гэж бодож байгаа. Эрүүл мэндийн яамнаас ялаас чөлөөлөх хүсэлт гаргаагүй. Энэ хүсэлтийг ЭМЯ гаргадаггүй. ШШГЕГ-ын 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн тусгай комиисс байдаг юм байна лээ. Тусгай комист нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч нар байдаг. Тэнд Эрүүл мэндийн яамнаас биш Хууль зүйн яамны харьяат эмч нар багтдаг. Тэд өөрсдөө дүгнэлт гаргаад, ялаас чөлөөлөх хүсэлт гаргасан юм билээ.
-Өөрсдийн мэдлээс гарсан асуудалд яам хэтэрхий их оролцоод байгаа юм биш үү?
-Би МАХН-ыг төлөөлж Засгийн газарт ажиллаж байгаа, улстөрийн албан тушаалтан. Надад намаа төлөөлөх эрх бий. Манай намын даргын бие муудаж байхад би хүн чанар, ёс суртахуунаа бодсон ч МАХН-ын хүн гэдгээ бодсон ч энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах ёстой.
-Хоёрдугаар эмнэлэгт Н.Энхбаярыг эмчилж байгаа. Ингэж эмчлээд байхад бие нь сайжрахгүй байгаа нь юутай холбоотой юм бэ. Эмнэлгийн тоног төхөөрөмж дутмаг байна гэж ойлгож болох уу?
-Эсийн задрал гэж оношлоод байгаа. Эсийн задрал бол зогсолтгүй явагддаг, зогсоож чадахгүй процесс. Үүнийг нарийвчлан оношилдог, шинжилгээнүүдийг манайх хийж чадахгүй байгаа. Халуурвал халууныг буулгах эм, даралт нь ихэсвэл даралт бууруулах эм өгч байгаагаас биш бид эмчилж чадахгүй. Энэ байдлыг бид мэдэгдээд шаардлагаа тавьсан ч анхаарал хандуулахгүй байна. Би энэхүү байдлыг мэдээлж байгаа нь хариуцлагын асуудал гэж бодож байна.
-Энэ сарын эхээр болох байсан зарим эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалт хойшилсон асуудал намжаагүй байна. Энэ асуудалд таныг оролцож, төрийн албаны ажлыг цалгардуулсан гэх мэдээлэл цацагдаад байгаа шүү дээ. Энэ талаар тодорхой тайлбар өгөөч?
-Энэ сонгон шалгаруулалтыг манай яамны төрийн нарийг бичгийн дарга удирдаж явуулдаг. Мөн энэ сонгон шалгаруулалт бол ТАЗ-ийн ажил биш, эмнэлгийн дарга нар чинь төрийн үйлчилгээний албан тушаалтнууд. Төрийн үйлчилгээний албан тушаалтнуудыг ЭМЯ дээр байгаа салбар зөвлөл хариуцдаг. Энэ зөвлөлийн дарга нь Төрийн нарийн бичгийн дарга байдаг. Тэгэхээр салбар зөвлөл болон Төрийн нарийн бичгийн дарга солигдсонтой холбоотойгоор сонгон шалгаруулалт хойшилсон байгаа. Түүнээс биш би энэ асуудалд эрх мэдлээрээ далайлгаж, оролцсон асуудал байхгүй.
-Яагаад заавал энэ сонгон шалгаруулалтын өмнө Төрийн нарийн бичгийн даргаа сольсон юм бэ. Энэ хүнийг солих зайлшгүй шаардлага байсан юм уу?
-Төрийн албаны тухай хуулийн хоёр заалтын дагуу Төрийн нарийн бичгийн дарга ажлаасаа халагдсан. Шинээр томилогдсон хүн бол төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч, Төрийн нарийн бичгийн даргын шалгуурт тэнцээд, нөөцөд байсан хүн. Эмэгтэй хүн нямбай, урвалт шарвалтгүй, тууштай байна байх гэдэг үүднээс би тэр хүнийг сонгосон. Засгийн газрын хуралдаанаар түүнийг Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Хуучин Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатарыг аль хэзээний солих гэж байсан. Гэвч сонгуульд нэр дэвшсэн учраас энэ асуудал хойшилсоор байгаад энэ сонгон шалгаруулалттай давхацчихсан хэрэг л дээ.
-Таныг өөрийнхөө хүнийг ажилтай болгохын тулд Ж.Хатанбаатарыг шалтгаангүйгээр халсан гэх хардлага байгаа л даа?
-Төрийн албан хаагч ажлаас халагдах хоёрхон заалт байдаг. Үүний дагуу л сольсон. Шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяагийн хувьд манай нутгийн хүн байж магадгүй. Би сүүлд нь нэг нутаг гэдгээ мэдсэн. Бусдаар бол багаасаа таньдаг мэддэг, нэг нутгийн хүн гэж ойлгож болохгүй
М.Өнөржаргал

Сэтгэгдэл (5)
(202.179.23.215)
yu yriuad baigaagaa oilgoj baigaagaa oilgoj baigaa ym bolow uu daa
зочин (203.91.117.4)
А.Эрдэнэтуяагийн хувьд манай нутгийн хүн байж магадгүй. Би сүүлд нь нэг нутаг гэдгээ мэдсэн. Бусдаар бол багаасаа таньдаг мэддэг, нэг нутгийн хүн гэж ойлгож болохгүй:гэж тэнэгтэхийнхээ оронд нь би Эрдэнэтуяагийн нутагт төрсөн байж магадгүй гээч. ёстой синдромтой авгай байна да. Энэ байдлаараа эрүүл мэндийн салбар бүр дордох нээ
(122.201.18.25)
tenegtej ogch bna daa.Hubiin kompani bish durtaigaaraa solij holidog gej yu bsiin huuli durem gej bna biz dee.Karmaanii hunee tabih gej ulairan huuli zorchood l yana daa.
(103.11.195.156)
Сайд хүн яамныхаа төрийн нарийн бичгийн даргаар хэнийг тавьж ажиллуулахаа өөрөө мэддэг эрхтэй байх нь зөв өө
(124.158.109.215)
удвалаа арай хэтэрлээ эмнэлгээр улс төржихөө болиочээ эмнэлгийн захирлуудыг хурдан томилоочээ