Гепатиттай тэмцэх дэлхийн эрүүл мэндийн өдөр

Гепатиттай тэмцэх дэлхийн эрүүл мэндийн өдөр. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  албан ёсоор 2011 оны долдугаар  сарын 28-наас эхлэн жил бүр “Дэлхийн гепатитын өдөр”-ийг тэмдэглэдэг болжээ. Энэхүү өдрөөр ДЭМБ-аас   вирүст гепатит болон түүний хүндрэлүүдийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, өвчний хяналт, илрүүлэлт, сэргийлэлтийг сайжруулах, В вируст гепатитын вакцины хамралтыг нэмэгдүүлэх, дэлхий дахины вируст гепатиттэй тэмцэх, сэргийлэх авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн бүр анхаарлаа хандуулахыг дэлхийн бүх оронд  уриалдаг байна.

Гепатиттай тэмцэх  дэлхийн өдрийг манай улс мөн адил гурав дахь жилдээ тэмдэглэх гэж байна.  Маргааш  ХӨСҮТ-д  иргэдэд шар өвчний талаар мэдээлэл өгөхөөс гадна зөвлөгөө өгч, үнэ төлбөргүй үзлэг явуулах аж. Түүнчлэн уг өдрийг угтан зарласан   “Гепатитын тухай бидний ойлголт” сэдэвт гэр бүлийн гар зургийн уралдааны дүнг маргааш зарлах юм байна.

Дашрамд дурдахад, халдварт шар өвчнийг А ба В гэж ангилах бөгөөд гепатит А гэдэг нь бидний хэлж заншсанаар бохир гарын шар өвчин юм. Халдварт шар нь өвчтэй хүний өтгөнөөр ялгарч хоол, хүнс, усыг бохирдуулан хоол боловсруулах замаар хүнээс хүнд дамжин эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл муу байх нь халдвар тархах гол нөхцөл болдог байна. Хамгийн гол нь бохир усыг ундандаа хэрэглэх, угааж цэвэрлээгүй ногоо, жимс идэх, бэлтгэх боловсруулах үед бохирлогдсон хоол хүнс хэрэглэх, ариун цэврийн шаардлага хангаагүй бие засах газар, ялангуяа бие засах газарт орсон гуталтайгаа гэртээ байх, хоол хийх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, хаалга болон бусдын гар утас тэрч бүү хэл түлхүүр, мөнгө барьсаны дараа ч гараа савандан угааж заншаагүй зэрэг нь халдварт шараар өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг аж.

Өөрөөр хэлбэл, гепатит нь есөн төрлийн вирусээр үүсгэгддэг элэгний үрэвсэлт өвчин бөгөөд эдгээрээс А, В, С, D, Е  вирус зонхилон өвчлөлийг үүсгэдэг. Өвчний явц, үр дагавар, дэгдэлт үүсгэх шинж чанараараа дээрх таван вирус өөр хоорондоо ялгаатай байдаг аж.

Тэгвэл шар өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

А шарын эсрэг вакциныг товлолын дагуу 1,2, хоёр насанд үнэ төлбөргүйгээр хийлгэх, сайн дурын дархлаажуулалтыг харъяа өрхийн эрүүл мэндийн төвд төлбөртэйгээр хоёр удаа хийх ба 10-15 жилийн дархлаа тогтох юм. Гараа зөв угаах дадалтай болох, хоол хүнсээ сайтар боловсруулж хэрэглэх, түүхий ус уухгүй, жимс ногоог буцалсан усаар сайн угааж байх, гэр хороололд ариун цэврийн шаардлага хангасан бие засах газар, бохирын цооногтой байх нь А шараас сэргийлэх хамгийн сайн урьдчилан сэргийлэлт юм.

В шарын эсрэг вакциныг хүүхдийг эхээс мэндэлсэн 24 цагийн дотор хийж давтан тунг 2, 3, 4, сартайд товлолын дагуу хийдэг байна. Түүнчлэн тохиолдлын бэлгийн харьцааны үед заавал бэлгэвч хэрэглэх, бохир зүйл цэвэрлэхдээ бээлий өмсөж байх, хүний шүдний сойз, хумсны хутга, зажилсан бохь хэрэглэхгүй байх, чих цоолох, шивээс хийхдээ нэг удаагийн багаж хэрэглэх, ямар нэг шарх цэвэрлэсэн материалыг ил задгай хаяхгүй байх зэрэг нь В шараас сэргийлэх найдвартай сэргийлэлт болох юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)