Ж.Сауле:90 жилийн түүхтэй намыг татан буулгана гэвэл горьдсоны гарз

Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Саулетэй ярилцлаа.

    -МАН сүүлийн хэдэн сонгуульд дараалан  ялагдчихлаа. Шалтгаан нь юунд байна?
-Тэглээ. Ялагдах шалтгааныг бид өөрсдөөсөө хайхаас биш бусад руу чихэх хэрэггүй. Өнгөрсөн хугацаанд ажигласнаар манай нам анхан шатны нэгжтэйгээ тулж ажиллаж чадаагүй нь алдаа болсон. Уугуул нэрээ сэргээсэн явдал хэдийгээр зөв байсан ч цаг хугацааны хувьд оноогүй. Уг нь энэ өөрчлөлтийг УИХ-ын сонгуулийн дараа ярьсан бол үр дүнгээ өгөх байсан болов уу. Нөгөө талаар  манай намд сэтгэлгээний шинэчлэл дутагдаж байгаагаас асуудал үүсч байна. Мэдээж хэрэг сөрөг хүчний зүгээс ирж байгаа шахалт ч манай намын ялагдалд нөлөөлсөн гэж үздэг. Мөн сонгуулийн автомат санал тооллогын асуудал дээрч эргэлзээ төрүүлсэн зүйл байгааг хэлэх хэрэгтэй. Гэвч бид энэ бүхнийг даван туулах ёстой.

    - УИХ-ын сонгуулийн дараа намаа шинэчилж байна гээд дарга нараа сольсон. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд ахиц гарсангүй. Гэвч танай намын залуус дахиад дарга нараа өөрчлөх шинэчлэлийн тухай яриад эхэллээ?
-Ганцхан манай намд ч биш АН-д ч шинэчлэл хэрэгтэй. Ер нь аливаа нам шинэчлэгдэж байх ёстой. Тийм учраас энэ залуучууд шинэчлэл ярьж байгаа нь буруу биш. Намаа гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүс ингээд явж байгаа гэж ойлгосон шүү. Тэдний нутагт миний нутгийн залуус ч яваа.
Энд нэг зүйлийг санах хэрэгтэй. Одоо манай намынхны мөрдөж байгаа бичиг баримтууд цөм ялж явсан үедээ дагаж хэрэгжүүлдэг байсан зүйлүүд.  Гэтэл одоо бид цөөнх болчихлоо. Тиймээс арга барил, сэтгэлгээндээ өөрчлөлт хийх цаг болжээ. Мэдээж ялагдсан намын дарга огцордог дүрэмтэй. Энэ дүрмээрээ явах байх.  Гэхдээ мянган   сайхан дарга тавиад намын аппаратад ажиллаж байгаа хүмүүс нь арга барил, сэтгэлгээний хувьд шинэчлэгдэхгүй бол ямар ч нэмэргүй гэдгийг би ойлгосон. Намын аппаратад үнэхээр сайн ажиллаж байгаа хүмүүс бий.  Нэг намын дарга гараад ирэхээрээ нөгөө л улиг домог болж, хүний үг дуулдаггүй, хуучинсан сэтгэлгээтэй, өөрийнхөөрөө зүтгэдэг хүмүүсийг удирдлагадаа ажиллуулдаг.

    -Хэнийг хэлээд байна вэ?

-Энэ тухай намынхаа Их хурлын үеэр нэртэй устай нь хэлж болно. Харин сонин хэвлэлээр ил зарлах хэрэггүй байх. Зөвхөн дарга солихоос гадна намын аппаратыг шинэчлэх шаардлага бий. Тэглээ гээд үе үеийн дарга нарыг муулаад байх нь таагүй асуудал. Тэр хүмүүс бүгдээрээ энэ намд гавьяа байгуулсан. Одоогийн дарга нар ч чадлаараа ажиллалаа. Ялагдсан намын дарга байна гэдэг хамгийн хэцүү зүйл гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа шүү дээ.

    -Сүүлийн жилүүдэд танай намын даргаар зоригтой үгээ хэлчихдэг, цог золбоотой хүмүүс гараагүй учраас нам нь ч унтаа байдалд орчихсон гэх дүгнэлт бий?
-Хүн болгон өөр өөрийн гэсэн арга барил, араншинтай. Эзэмшсэн мэргэжлээсээ их зүйл шалтгаалж байгаа байх. Ер нь дипломатч  хүмүүс зөөлөн харагддаг юм болов уу. Гэхдээ зөөлөн нь хатуугаа иддэг шүү дээ. Хамгийн гол нь ялсан намын дарга нарыг ялагдсан намын дарга нартай харьцуулах нь өрөөсгөл байх шүү.
    
    -Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдийг бүхлээр нь шинэчлэх шаардлагыг танай намын залуус тавиад байгаа юм билээ. Энэ намын нэрээр эрх ямба эдэлсэн нөхдүүдийг зайлуулах ч асуудал хөндөж байна?
-100 хувь бүгдийг ньсольчихно гэж байхгүй шүү дээ. Бидэнд алтан үе хэрэгтэй. Залуучуудын бодлого сэтгэлгээ ч хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн орон зай ч  байх ёстой. Мэдээж залуучуудын тавьж байгаа байр суурь зөв. Гэхдээ тэдний яриан дотор  алдаа, онтоотой юм ч бий байх.  Намын нэрээр өндөр албан тушаал хашиж ирсэн хүмүүсийг холдуулах нь хоёр талтай. Үнэхээр намын нэрийг сэвтээж байгаа бол холдуулах нь зөв.

-Шинэчилье хөдөлгөөний залуусыг намын дарга болохоор санаархаж байгаа хүмүүсийн гар хөл гэхлцэх юм…
-Санал нийлэхгүй байна. Шинэчлэлийн тухай эртнээс ярьсан шүү дээ. Ж.Мөнхбат гэдэг залууг гаднаас хараад Хүрэлсүхийн хүн гэж харддаг л байх. Би зүгээр жишээ татаж байгаа юм шүү. Гэхдээ тэр бол өөрийн гэсэн толгойтой, манай намын  лидер залуучуудын нэг. Тэгэхээр би хувьдаа тэгж хардахгүй байна. Ардын нам гэхээр дарга нь хоёр үг хэлээд бусад нь гараа өргөж дэмждэг гэж ойлгодог.  Гэвч тийм биш. Манай нам  дотоод ардчилалтай. Намын удирдлагынхаа өөдөөс үг хэлж чаддаг учраас энэ залуучууд  шинэчлэл хийхээр зорьж яваа болов уу. Нөгөө талаар Ардын намын дарга болох гэсэн хүмүүс гар хөлүүдээ явуулж байна гэдэг бол намын лидерүүдийг хагалан бутаргаж, эвдрэлцүүлэх зорилгоор дээрээс шидсэн чулуу болов уу.  Өнөөдрийн байдлаар би намын дарга болно гээд Удирдах зөвлөлөөр гүйж байгаа хүн байхгүй шүү дээ.

    -Дээрээс гэхээр хаанаас гэсэн үг үү. Эрх баригч намын хувьд танай нам руу чулуу шидээд суух завгүй байх шиг байна л даа?
- Эдийн засгийн энэ хүнд байдлаас улс орноо авч гарахын тулд эв нэгдэл хэрэгтэй. Гэвч эрх баригчид юм болгонд дэндүү бярдаж байна. Ардын намд гаргаж байгаа ааш араншингаа гадаадын  хөрөнгө оруулагчдад гаргах хэрэггүй болов уу.

    -Танай намд  ямар араншин гаргасан юм бол?

-Энэ нь сэтгүүлчдэд харагдахгүй байж болно. Хэвлэл мэдээллийн тэнцвэрт байдал алдагдсан байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн манай намын гишүүдтэй харьцаж байгаа байдал хөндлөнгөөс муухай харагдаж байна. Энд улс төрийн алга байна.

-Танай намын шинэ дарга ямар хүн байгаасай гэж та үзэж байна вэ?
-Энэ удаагийн сонголт хариуцлагатай байх ёстой. Улс төрийн асар туршалагатай хүн байгаасай. Хэн ч танихгүй хүнийг намын даргаар томилчихоод энэ намыг шинэчилнэ гэвэл болохгүй. Энэ ажлыг хийгээд явах лидер манай намд олон бий.

    -Ардын нам шинэчлэгдэхээсээ нэгэнт өнгөрсөн. Ингэж байхаар татан буугдах хэрэгтэй гэж ярих хүмүүс байна…
-90 жилийн түүхтэй энэ намыг татан буулгана гэж байхгүй. Тэгвэл бол горьдсоны гарз. Манай намыг хагалан бутаргах гэж оролдон,  мунаад цохьсон ч  унаагүй шүү дээ.  Цаашдаа ч Ардын нам мөнх оршин тогтоно. Яагаад гэвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нам. Тиймээс ганц хоёр хүнтэй намын дарга эвсэл сөрөг хүчний зүгээс МАН-ыг татан буулган гэж ярьж байгаа. Гэвч хэзээ ч тийм зүйл болохгүй.

    -Сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан Э.Мөнх-Очир, Д.Балдан-Очир нарыг хөөх гэж байгаа гэсэн үү?
-Хөөсөн зүйл байхгүй. Ер нь хариуцлагын асуудал яригдах ёстой. Бага хурлын үеэр ийм шаардлага ирсэн. Гэхдээ нэг шүүмжлэл хэлснийх нь төлөө хөөгөөд байж ч болохгүй байх.

-Орон нутагт ямар шинэчлэл хийх ёстой гэж үзэж байгаа юм ?
-Хэдхэн дарга нарын хүрээнд биш шинэчлэл бүх шатанд явагдах ёстой. Залуу халаагаа тэлэх хэрэгтэй байна. Баян-Өлгий аймагт ч ийм шинэчлэл хийх хэрэгтэй.  Тийм учраас үндэстэн ястны төлөөллийг намдаа оруулах  цаг нь болсон. Эмэгтэйчүүдийн орон зайг бий болгох ёстой. Арабууд хүртэл алчуур зүүсэн эмэгтэйчүүдээ дэмжиж, улс төрд оруулж байна шүү дээ.

    
    
                                                                               Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Эх сурвалж: Өдрийн сонин



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)