Өвчин хэлж ирдэг, хийсч ирдэггүй

Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг дээ. Гэхдээ би үүнийг харин ч эсрэгээр нь өвчин хэлж ирдэг, хийсч ирдэггүй гэж хэлмээр байдаг юм. Учир нь эрүүл байх эсэх нь зөвхөн тухайн хүнээс өөрөөс нь бүрэн хамаардаг учраас ингэж хэлэх нь буруу биш болов уу. Хүний бие өвчилсөн тохиолдолд өөрт ямар нэгэн шинж тэмдэг илэрдэг. Гэтэл түүнийг нь тоохгүй тоомжиргүй явсаар эцсийн шатанд нь буюу эмчилгээ авахгүй болсон үед л эрүүл мэндийн байгууллагад ханддаг буруу зуршил бидэнд бий. Тухайлбал, сүүлийн үед эмч нар хөхний хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тухай ярих болжээ. Хөхний хавдар нь гэнэт илэрдэг өвчин биш. Харин ч ажигч гярхай, эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг бол ахуйн нөхцөлд илрүүлэх боломжтой өвчин юм. Дэлхийд нийтэд хорт хавдраар өвчлөгсдийн 10, манай оронд таван хувийг хөхний хавдрын өвчлөл эзэлдэг. Түүнээс 66.7 хувь нь хожуу үе шатандаа оношлогддог гэсэн судалгааг эрдэмтэд гаргасан байна. Улмаар зуун мянган эмэгтэйд ногдох хөхний хавдрын өвчлөл 2.5- аас 3.6 хүрч нас баралтын төвшин 0.8-аас 1.3 болж өссөн үзүүлэлттэй гарчээ. Ингэж нас баралтын тоо өсөх болсон нь олон зүйлээс шалтгаалж байна. Хамгийн түрүүнд мэдээ мэдээлэл дутмаг бүс нутагт амьдарч байгаа хүмүүс энэ өвчний тухай, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар төдийлөн сайн мэддэггүйгээс өвчнөө хүндрүүлсэн үедээ эмчид ханддаг байна. Мөн хүмүүсийн амьдралын буруу хэв маяг хавдар тусах магадлалыг нэмэгдүүлдэг. Хөдөлгөөний дутагдалтай, илүүдэл жинтэй, архи тамхи хэрэглэдэг болон шөнийн ээлжинд ажилладаг хүмүүс эрсдэлт бүлэгт багтана. Гэхдээ ийм хүн бүр хөхний хорт хавдраар өвчлөхгүй. Хамгийн гол нь хөхний хавдар эрт илэрсэн тохиолдолд эдгэрдэг өвчин гэдгийг санах хэрэгтэй юм. 

ХӨХНИЙ ХАВДАР ГЭЖ ЮУ ВЭ 

Хөхний хавдар нь хамгийн элбэг тохиолддог хавдруудын нэг бөгөөд аль нэг хөхний цорго буюу хэлтрийг доторлох хавдрын эсээс үүсдэг ажээ. Мөн эс хэвийн бусаар өөрчлөгдөж, олширч, орчиндоо нэвчин ургаж, алсын эрхтэнд (яс, элэг, уушиг буюу тархи) үсэрхийлдэг. Хөхний хавдар ихэвчлэн эмэгтэйчүүдэд, цөөн тохиолдолд эрэгтэйчүүдэд тохиолддог. Хавдар үүсэхэд удамшил, даавар, орчин, физиологи, нийгэм биологийн зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Хөхний хавдар нь удамших хандлагатай байдаг тул ээж, төрсөн эгч, эмэгтэй дүү, охин зэрэг ойрын хамаатан хөхний хорт хавдраар өвдөх нь эрсдэлтэйд тооцогддог. Жирэмслэхээс хамгаалах дааврын эм уух, цэвэршилтийн үед дааврын эмчилгээ хийлгэх зэрэг нь хөхний хавдар үүсэх эрсдэлийг мөн нэмэгдүүлэх магадлалтай байдаг ажээ. Дэлхийд энэ өвчлөл маш их байгаа. Бүсчилвэл Америк болон Баруун Европын орнуудад хөхний хорт хавдрын өвчлөл сүүлийн үед их гарч байгаа аж. Тухайлбал, Америкт оношлогдож байгаа хорт хавдруудын 22 хувийг хөхний хорт хавдар эзэлж байна. Мөн Их Британид жил бүр 45.500 орчим хүн энэ өвчнөөр өвчилдөг байна. Тэгэхдээ 50-иас дээш насныханд илүү тохиолдож байгаа аж. Харин манай улсын хувьд Ази номхон далайн орнуудын бүст хамаарагддаг. Энэ бүс нутагт Баруун Европ болон Америкийг бодвол өвчний тархалт харьцангуй бага байдаг аж. 

ХӨХНИЙ ХАВДРЫН ИХЭНХ ТОХИОЛДОЛ ГАЖ ГЕНТЭЙ ХОЛБООГҮЙ БАЙДАГ

Хөхний хавдрын 20 тохиолдлын 1-2 нь удамшсан байж болзошгүй гаж генийн шалтгаантай байдаг ажээ. Гаж гентэй холбоотой хөхний хавдар ихэнхдээ эмэгтэйчүүдийн 30-40 насанд тохиолддог ажээ. Ингэхдээ цусан төрлийн хамаатан садан дотроос өмнө нь хөхний эсвэл өндгөвчний хавдартай байсан бол эрсдэлтэй бүлэгт багтдаг байна. Мөн 60-аас доош насанд хөх, өндгөвчний хавдартай, 40-өөс доош насанд хөхний хавдартай байсан бол мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Үүнээс гадна гэр бүлийн эрэгтэй садан төрөлд хөхний хавдраар өвчилсөн тохиолдол байсан бол мэргэжлийн эмчид хандах нь чухал. Хэдийгээр хөхний хавдар нь илэрхий шалтгаангүй үүсдэг ч хавдар үүсэх боломжийг нэмэгдүүлдэг эрсдэлийн хүчин зүйлүүд байдаг ажээ. Тухайлбал, нас ахих нь үүнд орно. Хөхний хавдар үүсэх эрсдэл ойролцоогоор 10 жил тутамд хоёр дахин нэмэгддэг байна. Ихэнх тохиолдол нь 50-иас дээш насны эмэгтэйчүүдэд илэрдэг аж. Мөн хүүхэдгүй байх, эсвэл эхний хүүхдээ 30 наснаас хойш төрүүлсэн бол эрсдэлтэй бүлэгт багтдаг байна.


Б.СЭЛЭНГЭ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)