А.Отгонболд: Хөхний хавдар төрөөгүй гурван эмэгтэйн нэгд тохиолддог

Хөхний хавдраас урьдчилан сэргийлэх талаар “Хатагтай” эмнэлгийн их эмч А.Отгонболдтой ярилцлаа.

-Хөхний хавдар орой төрөлтөөс шалтгаалах уу? 

-Сүүлийн үед хөхний хавдартай эмэгтэйчүүд нэмэгдэх болжээ. Энэ нь төрөлттэй холбоотой. Өөрөөр хэлбэл, цөөхөн төрдөг эмэгтэйчүүд энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр гэсэн үг. Төрөөгүй гурван эмэгтэйн нэгд тохиолддог өвчин гэж ч үздэг юм. Дээр үеийн монгол эмэгтэйчүүд олон хүүхэд төрүүлдэг байсан болохоор энэ өвчин тусах нь бага байсан. Харамсалтай нь сүүлийн 25 жилд төрөлт багассанаар өвчин нэмэгдсэн. 

-Хавдартай хүн бүрэн эмчлэгдэх боломж хэр байдаг юм бол? 

-Хөхний хавдрын хэмжээнээс эмчлэх боломж шалтгаалдаг. Тухайлбал, хавдар нэг см-ээс бага хэмжээтэй байгаа үед илрүүлбэл 100 хувь эмчилж болдог. Хамгийн гол нь эмэгтэйчүүд эрт оношлуулах нь чухал. Жилд нэг удаа эсийн шинжилгээ өгч савны амсрын хорт хавдраас урьдчилан сэргийлэх оношлогоонд хамрагдвал бүр сайн. Гэтэл энэ урьдчилан сэргийлэх арга манай улсад ерөөсөө хэрэгждэггүй. Тиймээс өвчний хүнд шатандаа орсон буюу I,II үедээ эмчид ханддаг. Учир нь хавдар нь жижигхэн байхдаа мэдэгддэггүй юм. 

-Өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ? 

-Хөхөө тэмтрэх үед ямар нэгэн хатуу зүйл мэдрэгдэж байвал эмчид хандах хэрэгтэй. Мөн хөхний толгойноос шүүс гарах шинж тэмдэг илэрдэг. Эмэгтэйн хөхний толгойны гаднах арьс дотогшоо татагдаж орох нь хөхний хавдартай байх нэг шинж болдог юм. Ер нь ямар нэгэн зовиуртай зүйл мэдэгдвэл эмчид хандах нь хамгийн чухал. Хөхний хавдрыг эрт үед нь оношлоход эмэгтэйчүүдийн үүрэг их. Эмчид хандалгүйгээр ахуйн нөхцөлд хөхөө хавдартай эсэхийг шалгадаг арга байдаг. Энэ аргаар өглөө болгон эмэгтэйчүүд маань шүдээ угаадаг шигээ хөхөө шалгаж занших хэрэгтэй. 

-Хөхний хавдар удамших уу? 

-Ямар ч хорт хавдар удамшлын шалтгаантай. Өөрөөр хэлбэл, ээж нь энэ өвчнөөр өвчилж байсан тохиолдолд урьдчилсан үзлэгт хамрагдах хэрэгтэй юм. Тухайн эмэгтэйн амьдралын арга барил нь ээжийгээ дагадаг. Тиймээс энэ эрсдэлээс гарахын тулд амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. -Цэвэршилт нь эрт эхэлсэн эмэгтэй хөхний хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг уу? -Эмэгтэй хүнд идэвхтэй 400, идэвхгүй 5000 өндгөн эс байдаг. Хүний сарын тэмдэг ирэхэд нэг эс гадагшилдаг. Тэр үед хүн бие давхар болно. Эсвэл тухайн эс үхдэг. 13 наснаасаа сарын тэмдэг нь ирсэн хүн 40 хүрэхээр нөгөө идэвхтэй эс дуусдаг. Өөрөөр хэлбэл, цөөхөн төрсөн эмэгтэйчүүд эрт цэвэршдэг. Жирэмсэн байх, төрсний дараа тодорхой хугацаанд сарын тэмдэг ирдэггүй. Энэ нь өндгөн эсээ хадгалаад байгаа хэрэг юм. Гэхдээ орон орны онцлогоос шалтгаалдаг. Хамгийн гол нь одоо хүртэл хөхний хавдрын үүсэх шалтгааныг тогтоогоогүй байгаа юм. Нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлс гэж бий. Тухайлбал, даралт ихтэй, чихрийн шижинтэй, жин ихтэй эмэгтэйчүүдэд хөхний хавдар бусдаас өвчлөх магадлал хоёр дахин их байна гэж ойлгох хэрэгтэй. 

-Хөхний хавдраа авахуулсан хүн дараа нь ямар гам баривал бие нь илаарших вэ?

 -Хөхний хавдар III,IV үедээ оношлогдож байгаа үед мэс засал хийхгүйгээр эмчилж болдог. Харин I,II шатанд оношлогдож байгаа тохиолдолд мэс засал хийгээд үргэлжлүүлээд хосолсон байдлаар химийн эмчилгээ хийдэг. Эрт илрүүлсэн үед ганцхан мэс засал хийгээд бүрэн эдгээх ч боломжтой. Мөн хөхнийх нь дөрөвний нэг, хавдартай хэсгийг нь аваад дээрээс нь суганых нь булчирхайг түүдэг. Зарим тохиолдолд хөхний дөрөвний нэгийг аваад булчирхайг түүхгүй байх ч аргаар эмчилдэг.

 -Эрэгтэй хүн хөхний хавдраар өвчлөх үү? 

-Эрэгтэй хүнд хөхний булчирхай байдаггүй. Тиймээс хөхний хавдраар өвчлөхгүй. Ховор тохиолдолд эрэгтэй хүний хөх үрэвсдэг. Жишээлбэл, эмэгтэй хүн шиг эрэгтэй хүн горьддог. Хөхний толгой хавьд нь ариун цэвэр дутагдсанаас хавдаж болно.

Б.СИЙЛЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)