Ц.Дашдорж: Засгийн газар гал унтраах маягаар ажиллаж байна

Монгол Ардын Нам ард түмнээрээ хэлэлцүүлэн “Ард түмний хөтөлбөр”-өө боловсруулан баталж байсан бол түүнийгээ шинэчлэн, эдийн засгийн энэ хүндрэлтэй цаг үед тохируулан басхүү сөрөг хүчний хувьд эрх баргичдад бодлого гаргаж өгөх үүднээс ирэх аравдугаар сард болох XXVII их хурлаараа хэлэлцүүлэх “Монгол Улсын Хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулахаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж. Тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ц.Дашдоржтой уулзаж, хөгжлийн бодлогын талаар ярилцлаа.
 
-МАН сүүлийн үед хөгжлийн бодлого гэх томоохон сэдвийг хөндөж ярьж эхэллээ. Тодорхой хөтөлбөр, нэгдсэн бодлоготой улс орон л хөгждөг гэсэн байр суурийг МАН тууштай тайлбарлаж байна. Тэгвэл өнөөдөр манай төр засаг бодлоготой байна уу?
 -Аливаад төлөвлөгөөтэй, хүрэх үр дүнгээ харж, бодит суурь үндсэнд  тулгуурлаж томъёолсон асуудал зөв хөгжих учиртай. Тиймээс Ардын нам цаг үеийнхээ нөхцөл байдлыг бодьтой тусгасан хөгжлийн хөтөлбөрүүд гаргаж, хэрэгжүүлж өнөөг хүрсэн. Ялангуяа 2000 оноос хойш УИХ-аас батлан гаргасан томоохон бодлогын бичиг баримтууд бий. Энэ нь Монгол орны хоёр сая 500 мянган хавтгай дөрвөлжин нутагт байх нэгжийг хөгжүүлэх, тэнд амьдарч байгаа иргэдийн ирээдүйн амьдрал ахуйг сайжруулах, төрсөн нутагтаа ажиллаж амьдарч хүүхдээ сургаж боловсруулж чаддаг, эрүүл мэндийн үйлчилгээг бэрхшээлгүй авдаг бололцоог хангах үүднээс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал баталсан. Улс орны хөгжлийн бодлогыг зөв томъёолохын тулд Монгол шиг цөөхөн хүн амтай, өргөн уудам нутагтай орны хувьд хэд хэдэн зүйлд онцгой анхаарах ёстой юм. Тухайлбал, нэгдүгээрт, дэд бүтэц. Энэ чиглэлээр “Мянганы зам”-ыг барих төслийг 2000-2004 оны УИХ-аар баталж гаргасан. Мөн бүх аймгийг авто замаар холбох хөтөлбөр үе, үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суугаад явж байна. Төрийн албанд байх ёстой тийм ёс жаяг, уламжлалыг одоогийн Засгийн газар алдагдуулаад байх шиг. Уул уурхайн салбараас хуримтлал үүсгэж байгаа бол бүтээгдэхүүнээ хэрхэн экспортолж, гаднаас яаж ам.доллар олж ирэх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Энэ асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхийн тулд тээврийн салбарт анхаарлаа хандуулах ёстой. Сү.Батболдын Засгийн газрын үед  төмөр замын тээвэрлэлтэд  тодорхой шийдвэр гаргаад бүх ажлыг  төрийн нуруунд үүрүүлэлгүйгээр асуудлыг нь зохицуулаад явж байсан.

-Тийм ээ, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад тулгуурлан Таван толгойгоос урагш хил хүртэл, Сайншандын үйлдвэр технологийн паркийг хөгжүүлэх боломжийг хангах үүднээс тухайлбал “MCS” компани бонд гаргаж, төмөр замынхаа хөрөнгө оруулалтыг босгоод үйл ажиллагаа нь эхлээд явж байсан?
-Хэрэв тэр ажил явж байсан бол өнөөдөр  төмөр замыг тун удахгүй хүлээж авах тухай л яриад сууж байх байлаа. Уул уурхайн баялагт тулгуурласан эдийн засаг  гэдэг өрөөсгөл.  Тухайн цаг үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөх, эсвэл эсрэгээрээ унах тохиолдолд ямар бодлого баримтлах, яаж ажиллах вэ гэдэг нь чухал. Урьдчилсан нөхцөл байдлаар бол дэд бүтцийнх нь асуудлыг зөв шийдвэрлэж байж ашгаас үүдсэн төсөв төвөллөгөөг гаргадаг. Хүний гар орсон бүгдийг харлуулах нь өрөөсгөл. Зөвийг нь зөв гээд хүлээн зөвшөөрдөг, бурууг нь засч зулруулаад явчихдаг байх хэрэгтэй. Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамыг толгойлж байсны хувьд энэ салбарын гурван зүйлд түлхүү анхаарч, ажил эхлүүлж байлаа. Энэ нь 21 аймгийг автозамаар холбож, 2014 онд дуусгах, төмөр замын ажлыг эхлүүлж, хоёр жилийн хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх, дараагийн нь иргэдэд зургаан хувийн  моргейжийн  зээл олгох, орон сууцжуулах хөтөлбөрийг эхлүүлсэн явдал юм. Өнөөдрийн байдлаар замын ажил залгамжлаад тодорхой түвшинд явж байна. Гэхдээ  зохион байгуулалт, салбар дундын уялдаа холбоо муу байгаагаас энэ жилийн хөрөнгө оруулалтуудад хүндрэл их гарч байх шиг байна. Саяхан Баянхонгор аймгийн замыг ашиглалтад оруулж, Улаанбаатартай холболоо л гэнэ. Цаашид  дөрвөн аймгийг холбох ажил эрчимтэй явагдаж байгааг Ерөнхий сайд онцолж байх шиг байсан. Энэ бол ерөнхийдөө өмнөх Засгийн газрын эхлүүлчихсэн ажлууд шүү дээ.  Баянхонгорын зам өнгөрсөн жил ашиглалтад орчихсон байсан.  Дорноговийн зам  10 жил үргэлжилж байгаа. Өнгөрсөн  оны нэгдүгээр сараас эхэлсэн зам тавих ажил нэлээд бий. Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар,  Дундговь,  Өмнөговийн замууд энэ жил, түүний үргэлжлэл болсон замууд дараа жилээс ашиглалтад орно.

-Шинэчлэлийн  Засгийн газар юун  дээр  алдсан гэж та бодож байна?
-Хэд хэдэн зүйл байна. Гадны хөрөнгө оруулалт нь муудчихсан. Бид нар тэдний Монголд шингэх ёстой, шингээх чадвартай мөнгөнийх нь хэмжээний нийлүүлэлтийг нь  нийлүүлж чадахгүй байна. Уг нь энэ бол Засгийн газрын менежментийн асуудал юм. Хоёрдугаарт, салбар салбарынх нь хөгжлийн хөтөлбөрүүд байна.  Тухайлбал,  зам, барилга, боловсрол  гээд салбар салбарынх нь мастер төлөвлөгөөнүүд нь гарч, дараа нь тэдгээрийг зөв уялдуулж нэгдсэн нэг гарт зангидаж өгөх ёстой юм. Хамгийн том нь төрийн боловсон хүчний асуудал дээр гаргасан алдаа. Улс төрийн хүчин солигдсон тохиолдолд тодорхой түвшний боловсон хүчин буюу сайд дарга нарыг өөрчлөх тохиолдол байдаг байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг орвонгоор нь өөрчлөх асуудал байдаггүй байлаа  Одоо  яам тамгын газруудаар яваад үзээрэй. Үзэг цаас хоёр нийлүүлээд сууж байдаг хүмүүсийн түвшинд бодлогын бичиг баримт гарч ирэхгүй байна. Сөрөг хүчний гишүүний хувьд хэлж байгаа  ч юм биш. Р.Амаржаргал гишүүн хүртэл энэ асуудлыг шүүмжилсэн байна лээ. “Засгийн газраас Их хурал руу өргөн барьж байгаа бичиг баримт нь анхан шатны шаардлагын хэмжээнд ч  хүрэхээ  болилоо” гэж хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Тэгэхээр АН Засгийн эрхэнд гараад боловсон хүчний хувьд том алдаа гаргалаа. Салбаруудын уялдаа холбоо бүхий бодлого нь алдагдсан, төрийн залгамж чанар үгүй болжээ. Төсвөө хүртэл жилийн цаадахыг харж төлөвлөж чадахаа больсон байна.

- Эдийн засгийн өнөөгийн байдлыг та хэрхэн харж байна вэ. Засгийн газрын тэргүүн эдийн засаг муудсан юм байхгүй гэж  долоо хоног бүрийнхээ уулзалтаар хэлж байгаа..
- Яг үнэнийг хэлэхэд манай зах зээл рүү 1,5 тэрбум ам.доллар орж ирж байна.  Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд нь  хоёр их наяд гаруй төгрөгийг дотоодын зах зээл рүү нийлүүлчихлээ. Ингээд байхад дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 хувийн өсөлттэй харагдаж байна. Үүнийгээ өнөөдөр эдийн засаг гайгүй байна аа гэж хэлээд байгаа юм.  Инфляцийг барихын тулд хоёр их наяд гаруй төгрөгийг зах зээлд гаргасан. Тэгсэн хэрнээ цахилгаан, дулаан гэх мэт суурь үнээ нэмчихэж байгаа юм.  Үүнийг дагаад инфляци, бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Энэ мэтчилэн асуудлууд гарч ирж байна. Инфляцийг нэг оронтой тоонд барьж чадах уу үгүй юу, нөгөө Төсвийн хариуцлагын тухай хуулийн дагуу төсвийн алдагдал хэд байх ёстой юм. Хоёр хувь л гэж яриад байдаг энэ нь хэд болж гарч байгаа юм. Үүн дээр зохицуулагдсан механизмуудыг нь яаж хийх гээд байна вэ. Ер нь цаад утгаараа яаж хөгжих гээд байгаа юм гэдгийг асуумаар байна.  Улс эх орныхоо эдийн засгийг босгож, хөгжиж чадсан улс орнуудын түүхээс харвал дотоодын компаниудаа чадах чинээгээрээ дэмжиж босгож ирдэг. Тиймээс үүнд чиглэсэн төрийн бодлогыг зайлшгүй хийх хэрэгтэй. Энэ нь хоцрогдсон учраас байдал ийм л  байна. Өнөөдөр төсвийн орлогын бүрдүүлэлтийн талаар ярьж байна. Дотоодын компаниудын асуудал хөндөгдөөд ирвэл ажилгүйдэл энэ Засгийн газрын нуруун дээр дарамт болж бууна.

- Тэгвэл энэ Засгийн газар юун дээр анхаарч ажиллах ёстой вэ. Салбарын сайдыг толгойлж байсны хувьд та санал бодлоо хуваалцаач..
 -Тодорхой хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, өнөөдөр уул уурхайн салбараас орж ирж буй орлогоороо  Монгол Улсын аль салбарыг түрүүлж босгох вэ, боловсрол, эрүүл мэндийн салбараа яаж хөтөлж явуулах вэ гэдэг бодлогоо зөв тодорхойлох хэрэгтэй. Хоёрдугаарт, ойрын ирээдүйд бид түүхий эдийнхээс үр ашгийн эдийн засаг руу яаж шилжих ёстой юм. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Дарханд байгуулах ХАА-н цогцолборын ажлаа дорвитойхон хийх хэрэгтэй. Шоглоод хэлэхэд монгол хүний сэтгэлгээ нэг том хашаа барьж түүнийгээ хүнд үзүүлдэг л болчихоод байна. Ийм байдлаар хөгжихгүй. Дотоодын компаниудаа дэмжих,   иргэдээ яаж мөнгөжүүлэх вэ гэдгийг л анхаарах хэрэгтэй. Өнөөдөр  орон сууцны нэг метр квадратынх нь өртгийг буулга гэж л яриад байна. Манай Засгийн газрын үед ч мөн адил. Барилгын материалын өртөгт нөлөөлдөг 500 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг дундчилж байгаад нэг метр квадратын үнийг  сая 193 мянган төгрөг гэж гаргаж байсан. Одоо энэ үнэ сая 700 мянган төгрөг болчихсон. Үнэнийг хэлэхэд зах зээлийн эдийн засгийн харилцааны үед төрийн оролцоо арай дэндэж байна. Төрийн оролцоо 30 хувиас дээш гараад ирэхээр тэр улс эдийн засгийн эрх чөлөөгүй болж хувирч байгаа юм. Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөөрөө дэлхийд 87-р байранд орж байна. Тэгэхээр эдийн засгийн эрх чөлөөг задгай тавьж өгөх нь зүйтэй. Үл хөдлөх хөрөнгийнхөө хэмжээгээр иргэн хүн мөнгөждөг. Тэгэхээр тэр чиглэлд нь анхаарах нь зүйтэй. Цалингийн хэмжээ бага шүү дээ. Өмнө нь төсөв батлах болгондоо цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг их бага хэмжээгээр нэмээд л байдаг байсан. Гэтэл энэ оны төсөвт цалин хөлс нэмэх тухайд нэг ч төгрөг хөндөгдсөнгүй. Инфляци өсөөд байвал цалин нэмэх талаар цаашдаа ч ярихгүй шинжтэй байна. Ард иргэдийг яаж амьдар гээд байгаа юм. Дээрээс нь иргэдийнхээ халаас руу дайрч эхэлж байна. Жишээлбэл, чиний  орон сууц  87 сая төгрөгний үнэтэй байхад 1м2  үнийг нь буулгасаар байгаад  1100  болгоход 60 сая болно. Энэ нь чамаас 27 сая төгрөгийг төр хулгайлж байна гэсэн үг. Тэгэхээр хүн цалингаар мөнгөждөг биш,  үл хөдлөх хөрөнгөөр дамжиж мөнгөждөг гэдгийг зах зээлийн нийгэмд эргэлт буцалтгүй шийдсэн бид хүлээн зөвшөөрөх ёстой. Төрийн оролцоо гээд сурагчийн форм байна уу, таксины үнэтэй хутгалдах биш шүү дээ.  Үнэхээр таксинд суух хүн байгаад нэг км-т 1000 төгрөг төлөх хэрэгцээ байгаа бол түүнийгээ төлөөд яваг л дээ. Төлж чадахгүй нэг нь нийтийн унаагаараа яваг. Харин төр нийтийн унааг нь хариуцах хэрэгтэй. Энэ дунд нь хэлмэгдчих гээд байгаа нийгмийн эмзэг бүлэг буюу тодорхой бүлэг хүмүүсийн сектор байна. Тэдэн рүү чиглэсэн төрийн бодлогыг зөв явуулах механизмыг хийж өгөх ёстой.
 
- Ер нь та бүгдийн яриад байгаа хөгжлийн хөтөлбөр гэх зүйл юун дээр тулгуурлах ёстой юм бэ?
 - Хамгийн гол нь өнөөдрийн нийгэмд дутагдаад байгаа тэр зөвшилцлийг бий болгож, зөв ойлголцож байж хөгжлийн хөтөлбөрийг гаргаж ирэх ёстой юм. Бүх зүйлийг улс төрийн өнцгөөс нь харж, улс төржүүлжсээр бид  хорин хэдэн жил хохирлоо шүү дээ. Зах зээлийн эдийн засагт шилжсэн хорин хэдэн жилийн хугацаанд бид юун дээр онов, юун дээр алдав гэдгээ дүгнэж, цаашид хэн нэгний идэш болчихгүй байхаа л сайн бодох хэрэгтэй болж таарч байна. Тийм учраас намууд зөвшилцөж ажиллахад анхаарах цаг нь болжээ гэж бодож байна.  Нэгдүгээрт, зөвшилцлийн асуудлаар маш олон суурь асуудлуудыг хөндөж гаргаж ирэх ёстой. Үндсэн хууль, хөгжлийн бодлогын хамгийн том зүйл болсон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн гурван институцын үүрэг функц, төрийн залгамж чанарын, парламентаас гарч байгаа шийдвэрүүд гэх мэт. Хоёрдугаарт, Монгол орон цаашдын урт хугацаа болон алсын хараагаа хэрхэн харж байгаа, яаж оргилд нь хүрэх ёстой юм гэдгийг. Улс орнуудын хөгжлийг судалж, арга зам, зорилгоо тодорхойлоод түүндээ хүрэхийн төлөө тэмүүлэх ёстой. Дунд хугацаандаа хүрэх замаа аль болохоор товчлохын тулд зөвшилцлийн асуудлыг ойрын үед УИХ-ын  чуулганаар ярьж нэг тийш нь болгох ёстой.
Төр зах зээлийн харилцааны үед  ерөнхийдөө энэ гольдролоор л явна шүү гэдэг стандартыг нь батлаад өгчих ёстой юм. Бусдыг нь хувийн хэвшил, ТББ-ууд нь үүрээд явах ёстой. Ингэж байж төрийн оролцоог 30 хувь хүртэл буулгана. Хэсэг хугацаанд үе шаттайгаар зөв гольдролд нь оруулж шийдэж өгөх нь зүйтэй. Гадны хөрөнгө оруулалтын тухай төрийн бодлого нь тодорхой байх ёстой. Ялангуяа, стратегийн  тэргүүлэх чиглэлийн ач холбогдол өгч байгаа салбаруудын  түвшинд төрийн бодлого нь тодорхой байх ба өөрчилөгдөггүй. Тодорхойлсон төрийн бодлоготой байхын тулд эрх зүйн орчин тогтвортой, босго их өндөр байх хэрэгтэй.  Гуравдугаарт, энэ их улс төржсөн эдийн засгийн нийгэмд  хувь хүний зүгээс үзүүлж байгаа  нөлөөлөл буюу субектив шинж чанартай асуудал их гарч ирж байна. Үүнийг болиулахад  анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Азийн хөгжлийн загвар гэдэг нь хувь хүн дээр тулгуурласан. Томоохон лидер гарч ирж байж  асуудлыг шийддэг  чиглэлээсээ болих хэрэгтэй. Ямарваа асуудлыг Их хурал дээр олуулаа хэлэлцэж байж шийддэг. Аль болохоор хувь хүний хүчин зүйлийн нөлөөллийг багасгах ёстой болж  байгаа юм. Өөрийн орныхоо нөхцөл, онцлогт тулгуурлаж монгол хүний мөн чанарыг гаргаж ирэх ёстой. Гадны ижил төстэй орнуудын хөгжлийн загварыг оруулж ирэх нь чухал ч бэлэн хуулах биш Монгол орны геополитикийнх нь онцлог, хоёр их гүрний дунд орших байршил зэргээс яаж бид ашигтай нөхцөл болгож эргүүлж чадах вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Хөгжлийн хөтөлбөрийнхөө зөв замыг улс төржилгүй гаргаж чадвал эцэст нь монгол хүн л хожно. Одоогийн нөхцөл  байдлаар бол энэ Засгийн газар гал унтраах маягаар ажиллаж байна.
 
Б.ӨНӨР
Эх сурвалж: "Монгол мэдээ" сонин
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)