Н.Батсүмбэрэл: Ерөнхий сайд удаа дараа худлаа хэлэх, хууран мэхлэх, бусдад буруугаа тохох байдлаар зугтааж байна

МАН-ын Шинэчлэлийн хорооноос Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өмнө нь тавьж байсан. Харин энэ удаад УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж УИХ дахь намын бүлгүүдэд хүргүүлжээ. Энэ талаар МАН-ын Шинэчлэлийн хорооны зохицуулагч Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа.

- Шинэчлэлийн хорооноос УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж,УИХ дахь намын бүлгүүдэд өргөн барьсан байна. Тогтоолын төслийн талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-МАН-ын Шинэчлэлийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт хариуцлагагүй ажиллаж байна, Засгийн газрын үйл ажиллагаа алдаа ихтэй, бодлогын алдаатай буруу үйлдлүүд нь Монгол Улсын эдийн засгийг хүндрүүлэх алхам болж, үүнээс болж ард иргэдийн амьжиргаа суларч, худалдан авах чадвар нь багасаж байна гэж бид өмнө нь мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Шинэчлэлийн хорооноос Засгийн газрыг огцруулах шаардлагатай байна гэсэн үндэслэлийг 12 заалттайгаар гаргаж, УИХ-ын дарга, гишүүд, УИХ дахь намын бүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хөндөөч ээ гэдэг саналыг тавьсан. Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийж сайн дураараа огцорч Монголын гүйцэтгэх засаглалыг зөв авч явах бололцоотой хүнд суудлаа тавьж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан. Гэсэн хэдий ч Засгийн газраас ямар нэгэн хариу ирээгүй учраас бид дараагийнхаа алхам руу орж байна. Өнөөдөр Засгийн газар хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу ажиллаж чадаж байна уу, эдийн засгийн хүнд нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаж байна уу, Хөрөнгө оруулалтын ажлаар халхавчлаад иргэдийнхээ амьжиргааг өөд нь татаж чадаж байна уу, цалин тэтгэмж өнөөдрийн үнийн өсөлттэйгээ ойртож чадаж байна уу гэдэг асуудлыг хөндөж байгаа юм. Энэ асуудлыг яах аргагүй хөндөх цаг нь болчихоод байна. Тийм учраас бид гурван заалттай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулаад УИХ дахь намын бүлгүүдэд хүргүүллээ.

-Та бүхэн 14 хоногийн өмнө Засгийн газарт хариуцлага тооцож, огцруулах санал тавихдаа энэ шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ гэж байсан...
-Бид жагсаал цуглаан хийж, олон хүн цуглуулаад Төрийн ордны гадаа тойрч шаардахыг урьтал болгосонгүй. Монголын төрд Монгол Улсынхаа ирээдүйд, Монголын эдийн засагтаа, хүн амын амжиргаандаа, төрийн аюулгүй байдалдаа санаа зовдог төрийн түшээд цөөнгүй байдаг байх гэж боддог. Тэр ч утгаараа УИХ-даа хандаж дараагийнхаа саналыг тавьж байгаа юм. УИХ Засгийн газрыг баталдаг, хэрэгтэй бол хариуцлага тооцдог ийм институт. Тиймээс бид УИХ-ын тогтоолын төслийг урьдчилсан байдлаар санаачилж, УИХ-ын гишүүд, намын бүлгүүдэд хүргүүлж байгаа юм.

Хүндэрсэн эдийн засгаа бонд нэрээр босгож ирсэн ирээдүйд үүсэх өрийн мөнгөөр нөхөж байна. Ус, дулаан цахилгаан дээр суурилсан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Өвөлжилттэй холбоотойгоор энэ нөхцөл байдал яах аргагүй иргэдийн нуруун дээр ирж байгаа. Өнөөдөртөө иргэдийн амжиргаанд нөлөөлөхгүй байгаа мэт боловч түлш түлээгээ бэлдэх дулаан цахилгааны үнээ төлөх гээд хүнд байдал гарч ирнэ. Үүнийг Засгийн газар харахгүй, анхаарахгүй байна гэж бид ойлгож байгаа. Төр зах зээлийн чөлөөт өрсөлдөөн рүү хутгалдаж оролцох, зарим бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор хөөрөгдөж нэмэгдүүлэх, цаагуураа ил далд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж лоббидох ийм байдал Засгийн газар түүний харъяа байгууллагуудад хэрээс хэтэрч байна.

Дорнод, Хөвсгөл аймгийн Засаг дарга, зарим дүүргийн удирдлагуудыг өнөөдөр болтол батлаагүй байдал нь аймаг орон нутаг ирж байгаа хүнд өвөлд удирдлагагүй орох байдалд орж байна. Тэгэхээр энэ асуудалд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд удаа дараа худлаа хэлэх, хууран мэхлэх, асуудлаас зугтах, бусдад буруугаа тохох байдлаар зугтааж байна. Энэ асуудалд бид хариуцлага нэхэж байгаа юм. Ийм учраас Монгол Улсын Засгийн газрыг огцруулах нь зүйтэй. Эдийн засгийн нөхцөл байдал, энэ улс орны нөхцөл байдлыг дүгнэх цаг болжээ гэдгийг УИХ-ын гишүүдэд дахин уриалмаар байгаа юм.

Асуудал үнэхээр хүнд байгаа учраас иргэд Төрийн ордон руугаа салаавч гаргаж байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас цалин тэтгэвэр амьжиргаанаас эрс зөрүүтэй байгаа учраас жагсаал цуглаан хийж байна. Төрийн авч хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагаа алдаатай, эх орныхоо, иргэдийнхээ эрх ашигт нийцэхгүй байгаа учраас иргэд эрс шийдэмгий байдлаар асуудалд хандаж байна. Энэ байдалд төр засгийн байгууллагууд дүгнэлт хийж, шийдвэр гаргах цаг нь болсон гэж үзэж байгаа юм.

-УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Бид бүх намуудын бүлэгт хандаж байгаа. МАН-ын Шинэчлэлийн хороо гэдгээрээ намаа урдаа бариад, намын бүлгээрээ түрий бариад явах нэг хэрэг. Монгол Улсын эдийн засгийн байдал, иргэдийн амжиргаа гэдэг бол өөрөө Монголын нийтлэг эрх ашгийн асуудал. Бид нам, эвсэл гэж нэг талыг барьж, дуугарахаасаа илүүтэйгээр монгол хүний нийтлэг эрх ашгийг ярих ёстой. Өөрөөр хэлбэл манай Ерөнхий сайдын хэлж байгаачлан эдийн засаг сайн байна, тууз хайчлаад, зам тавиад гоё болж байна, бонд авчраад өр тавиад гоё болж байна гэдэг бол өрөөсгөл. Энэ бол өнгөндөө харагдаж байгаа ажлууд. Яг иргэдийн амжиргааг юу харуулах вэ гэхлээр тухайн айлын идэж байгаа хоолны хэмжээ багасаж уу, мах нь шинэ үү, хуучин байна уу, хоолных нь орц найрлага нь хэвээрээ байна уу гэдгээр харагдана. Түүнээс биш Ерөнхий сайдын хэлж байгаа шиг иргэдийн амжиргааны төвшин хоёр дахин нэмэгдчихсэн гээд цээжний бангаар хэлж болохгүй.

-Намын бүлгүүд тан нарын тогтоолын төсөлтэй танилцаад дэмжихгүй бол ямар алхам хийх вэ?
-Бид ямарч байсан намын бүлгүүдэд өглөө. УИХ-ын нэр бүхий гишүүд эдийн засаг хүнд байна, Зөсгийн газар муу ажиллаж байна гээд хэвлэлээр ярьж байгаа. МАН, АН-ын аль алиных нь гишүүд ярьж байгаа. Тэр хүмүүс үнэхээр тэр байр суурин дээрээ байгаа бол, үнэхээр иргэдийнхээ амьдрал руу орж хараад сэтгэлээсээ ярьж байгаа бол энэ асуудлыг хөндөх ёстой. Түүнээс биш улс төр хийх гээд, хэвлэлээр гарах гээд ярьж байгаа бол тэр хүмүүс энэ асуудалд оролцохгүй байх. Би тэгж л харж байгаа. Засгийн газрыг огцруулах эрх нь УИХ-д байдаг. Санаачлага гаргах эрх нь хуулиар бол тодорхой субьектэд байдаг. Тэрний нэг нь намын бүлгүүд, УИХ-ын гишүүд. Хуулиар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буюу 19 гишүүн нэгдээд гарын үсэг зурахад Засгийн газрыг огцруулах асуудлыг хөнддөг. Нам хамаарахгүйгээр монголын иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө, эдийн засгийн хүнд байдлаас гарахын төлөө өнөөдөр УИХ-аар яах аргагүй Засгийн газрын хариуцлагыг ярих цаг нь болсон. Засгийн газарт бүхлээр нь байна уу, эсвэл асуудал эрхэлсэн сайдад байна уу, Ерөнхий сайдад өөрт нь байна уу гэдгийг ярих хэрэгтэй. Энэ Засгийн газарт сайн ажиллаж байгаа сайд байгаа. Түүнийг үгүйсгэхгүй. Харин тэр хүмүүсийнхээ ажлыг энэ засагт байгаа бодлогогүй, увайгүй, тэр гал ус тахисан нөхөд нь аваачаад унагаагаад байгаа юм. Бидний хувьд эдийн засаг муу байна гээд яриад байгаа УИХ-ын гишүүд яаж хандахаас шалтгаалж дараагийн алхмаа хийнэ.

-Зарим хүн Засгийн газраар оролдох нь дэмий. Эдийн засаг хүнд үед харин ч илүү хямарна гэж байгаа шүү дээ?
-Ер нь бол хүлээгээд суух уу, зориглоод хийх үү гэдэг үг байдаг даа. Үнэхээр Н.Алтанхуяг Ерөнхий сайд байгаад эдийн засаг сайжрахаар байгаа бол үүнийг үгүйсгэхгүй. Тэгэхдээ өнөөдөр эдийн засагт олигтой үр дүн гарахгүй байна шүү дээ. Ханшийг Монголбанкнаас хүчээр барьж байна. Монголбанкны ханш Найман шаргын ханш хоёр зөрүүтэй байна шүү дээ. Иргэдийн цалин тэтгэвэр нэмэгдээгүй байна. Харин эсрэгээрээ ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн. Өнөөдөр уул уурхайн том хөрөнгө оруулагчид мөнгөө оруулж ирээгүй байна шүү дээ. Хүлээгээд, харзнаад байж байна шүү дээ. Энэ Засгийн газраас ямарч бодит үр дүн гараагүй учраас огцруулах хэрэгтэй.

-Та бүхнийг намынхаа шинэчлэлийг гүйцэд шийдээгүй байж Засгийн газраар оролдоод яах нь вэ гэх шүүмжлэл явж байсан?
-Бид нэг намын шинэчлэлийн асуудал ярихаас гадна энэ улс орныхоо асуудлыг хөндөхгүй бол болохгүй болчихоод байна. МАН-ын Шинэчлэлийн хороо бол өөрөө улс төрийн байгууллага. Намынхаа шинэчлэлийг ярихаас гадна иргэдийн амьдрал хүнд байгаа учраас яах аргагүй Засгийн газарт асуудлыг тавих шаардлага гарч ирсэн.

Намын шинэчлэлийн ажил бол явагдаж байгаа. Урагштай байгаа. Түүний нэг нь яах аргагүй МАН 27 дугаар Их хурлынхаа товыг зарлачихаад байна. Их хурал хуралдана гэдэг бол намын шинэчлэлийн нэг алхам. Харин 27 дугаар Их хурал маань намын гишүүд дэмжигчдийн, нийт ард түмний хүлээж байгаа шиг асуудлуудыг шийдвэрлэх тийм хэмжээнд болох ёстой. Өндөр зохион байгуулалтай, шинэчлэлийн уур амьсгалтай, өнөөдрийн МАН-ын бүтэц зохион байгуулалт, удирдлага, бодлого, арга барилыг өөрчлөх хурал болох ёстой гэж бодож байгаа.

-Та бүхэн МАН-ын 27 дугаар Их хурлыг хуралдуулахаар болсон. Харин одоо энэ Их хурлаас юу хүлээж байна вэ?
-МАН-ын 27 дугаар Их хурлыг хуралдуулах хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Энэ Их хурал бол яах аргагүй нийгмийн анхаарлын төвд байна. МАН шинэчлэгдэж чадах уу, үгүй юу гэдэг асуулт улс төр судлаачдын өмнө байгаа. Яах аргагүй Монголын сүүлийн 90 гаруй жилийн түүхтэй холбоотой улс төрийн ууган хүчний хувьд МАН-ын шинэчлэлийг хүн болгон харж байна.

Энэ Их хурлаар МАН дүрэмдээ өөрчлөлт хийх ёстой. Өөрөөр хэлбэл манай дүрэмд нэлээд өөрчлөлт хийх шаардлага байгаа юм. Үүнийг хүлээж байна. Дээр нь МАН үзэл баримтлалаа тодруулж, хүмүүст ойр, энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлах хэрэгтэй. Намын дүрмэндээ бид хөнгөн, улс төрийн хувьд маневар сайтай, намын зохион байгуулалтын бүтцийг хийж өгөх ёстой. Мөн МАН-ын өөрийн мөрийн хөтөлбөр болоод Монгол Улсыг хөгжүүлэх Хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж байгаа. Энэ бүгдийг хүлээж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Н.БУДСҮРЭН
Эх сурвалж http://www.info.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Нямка ахаас чинь (202.21.113.141)

    2013-09-24

    Хий хоосон улс торжиж олонд танигдах гэж ядсан МАН гын албан тушаалд шунагчидын нэг биздээ Толгойгоо жаахан цэнэглээд байж байдаа