Д.Дэмбэрэл: Намын хэвлэл мэдээлэлд онцгой анхаарал тавих дүрмийн шаардлага гарч ирж байна

МАН-ын XXVII Их хурал болох гэж буйтай холбогдуулан намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцүүлэг өрнөж буй. Энэ талаар МАН-ын гурван удаагийн Их хурлын дүрмийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлтэй ярилцлаа. Тэрээр энэ удаа ч намын дүрмийн ажлын хэсэгт ажиллаж байна.

-Удахгүй МАН-ын Их хурал болно. Үүгээр МАН намынхаа дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэж, ажлын хэсгээс тодорхой төсөл боловсруулан гишүүдээр хэлэлцүүлж байна. Дүрмийн ажлын төсөл боловсруулах хэсэгт ажиллаж буйн хувьд төслийн талаар мэдээлэл өгнө үү?
-Намын Их хурлаар хэлэлцэх гэж байгаа үндсэн баримт бичгийн нэг бол намын дүрэм. Дүрэм хэр зэрэг сайн, чансаатай байна, тэр хэрээр намын ажил үйлсийг авч явах боломж нэмэгдэнэ. Намын удирдах албан тушаалтнуудын сахилга, хариуцлага дээшилж, намын зохион байгуулалт, нэгдэл улам бэхжинэ. Тиймээс намын дүрэмд тодорхой асуудлуудыг нэмэлт өөрчлөлт болгож оруулахаар төлөвлөж байна. Энэ талаар нөхөдтэйгөө сайтар ярилцсан, тодорхой саналаа томъёолж бичгээр гаргасан. Намын өнөөгийн нөхцөл байдлыг хараад байхад хэд, хэдэн анхаармаар зүйл ажиглагдаж байна. Юуны өмнө манай намын үйл ажиллагаа болоод бүх зүйл намын удирдлагуудаас их шалтгаалж байна гэсэн шүүмжлэлийг намын гишүүд маань хэлэх болсон. Тэгэхээр бид намын удирдлагын асуудлыг намын дүрэмд хэрхэн, яаж тусгах вэ гэдгийг нэлээд сайн бодож тусгахаар ярилцаж байна. Үүнд намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, намын нарийн бичгийн дарга нарын асуудал багтана. Дарга нарын хоорондын ажил, үүргийн зааг ялгаа, эрх хэмжээг тодорхой болгох байдлаар энэ нь шийдвэрлэнэ. Ялангуяа намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга хоёрын хоорондын эрх хуваарилалтын асуудлыг дахин хянан үзэх шаардлагатай.

-МАН бусад намыг бодвол олон нарийн бичгийн даргатай. Үүнийг цөөлөх үү?
-Тийм л дээ. Манай нам бусад намыг бодвол харьцангуй олон нарийн бичгийн даргатай. Зүй нь чадварлаг цөөн дарга нар ажиллах ёстой. Ингэхдээ тодорхой тоонд хашиж тогтоох шаардлагатай. Ерөөс Ерөнхий нарийн бичгийн даргаас гадна гурваас илүү нарийн бичгийн дарга байх уу, үгүй юу гэдэг асуудал ч тавигдаж магадгүй. Мэдээж намын дарга, Удирдах Зөвлөл байна. Харин Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын хооронд ямарваа нэг зөрчил байх ёсгүй гэдэг зарчим баримтална.

-Ер нь намын гүйцэтгэх дээд байгууллагын чадавхийг бэхжүүлэх асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Хамгийн гол анхаарах зүйл бол намын төлөөлөн удирдах байгууллага болон, намын гүйцэтгэх дээд байгууллагын чадавхийг бэхжүүлэх асуудал болчихоод байна л даа. Намын Бага хурлын гишүүдийн тоог одоогийнхоос арай цөөлж, чадваржуулах нь дээр гэж бодож байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн хавар Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Бага хурлын гишүүдийн талаас илүү хувь нь нэр дэвшигчийнхээ сурталчилгааны ажилд идэвхгүй оролцсон гэж намын даргын Бага хуралд тавьсан илтгэлд дурдагдсан. Тиймээс бид намынхаа төлөө ажилладаг Бага хурлыг бүрдүүлэх, тэр тусмаа Бага хурлын гишүүдэд тавих шаардлагыг намын дүрэмд шинээр оруулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Юуны өмнө намын Бага хурлын гишүүнээр сонгогдох хүнд тавигдах шаардлага гэж байх ёстой. Энэ нь: намын орон нутгийн болон анхан шатны байгууллагад идэвхтэй ажилладаг; намын удаа дараагийн сонгуульд үүрэг хүлээсэн; түүнийгээ биелүүлдэг хамт олны дунд нэр хүндтэй; олон түмэнд үйл ажиллаагаараа танигдсан хүн байх; мөн намаас төр, нийгмийн ажилд сонгогдон ажиллахдаа үүргээ нэр төртэй биелүүлж, үнэлэгдсэн хүмүүс намын анхан шатны байгууллагаар дамжин хэлэлцэгдэж Бага хуралд орж ирэх ёстой гэсэн шаардлага намын дүрэмд оруулах нь чухал.

-Сонгуульт ажилдаа идэвхгүй оролцсон Бага хурлын гишүүдэд хариуцлага тооцох талаар дүрэмд тусгах уу?

-Намын зарим гишүүд Бага хуралд ротаци байхыг шаарддаг. Би тийм механик сэлгээг ашигтай гэж үзэхгүй байна. Бага хурал бүрэн бүрэлдэхүүнээр Их хурлын хооронд бүрэн эрхийн хугацаандаа ажиллаж, харин идэвхигүй хэсгээ гаргах өндөр шаардлагаар ажиллахыг чухалд боддог. Яг энэ шаардлагын үүднээс дүрэмд дараах байдлаар асуудлыг тавих нь зүйтэй гэж үзэж байгаа. Бага хурлын хураамж, намын гишүүнийхээ татварыг төлөөгүй, эсвэл Бага хуралд хүндэтгэх шалтгаангүйгээр хэд хэдэн удаа ирж оролцоогүй; мөн Бага хурал болон намаас даалгасан үүргийг биелүүлээгүй; намаас зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд удаа дараа оролцоогүй; бүх шатны сонгуульд намаас нэр дэвшигчийг дэмжээгүй; аль эсвэл авлига, сонирхлын зөрчилд холбогдсон үйлдлээ үндэслэлтэй няцаагаагүй, шүүхээр шийдвэрлүүлээгүй нь хангалттай хугацаа өнгөрсөн гэж үзэх тохиолдолд гишүүнийг Бага хурлаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн санал хэлж байгаа. Бага хурлын гишүүдэд тавих шаардлага шалгуур үнэхээр өндөр байх нь чухал. Бага хурлын гишүүдэд ийм хэмжээний өндөр шаардлага тавьж байгаа нь намын дээд удирдлага, төлөөлөн удирдах байгууллагаас эхлээд шат шатандаа хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой.

-Намын аппаратыг сонгуулийн хугацаанд ч мөн адил ажил, үүргээ ойлгоогүй, ялгаж, салгаж чадахгүй байна гэж намын гишүүд нэлээд шүүмжилсэн шүү дээ?

-Намын гүйцэтгэх аппарат, намын Бага хурал хоёр ихээхэн хутгалдаж байна. Уг нь гүйцэтгэх ажилтнууд нь гүйцэтгэх ажлаа хийдэг, Бага хурлын гишүүд нь дүрмээр олгосон эрх, үүргийнхээ дагуу бодлого, шийдвэрээ гаргадаг байх ёстой. Гэтэл одоогийн байдлаас үзэхэд намын аппаратад ажиллаж байгаа ихэнх хүмүүс ямар нэгэн хэлтэс, тасаг, хорооны дарга, орлогч хийж, мөн хажуугаар нь Бага хуралд орж байгаа нь зохисгүй. Тэднээс бага хуралд орж огт болохгүй гэж байгаа юм биш. Хавтгайрах нь ашиггүй. Энэ хоёр байгууллага хонь, хурга шиг холилдох учиргүй. Намын аппарат маш олон хүнтэй, тэр хэрээр илүү зардал их гаргаж байна. Орон нутагт олон хүн ажиллаж байгаа хэрнээ үйл ажиллагаа сул байна гэж удаа дараа шүүмжлэгдэх болсон нь намын дүрмийн нэмэлт өөрчлөлтөөр зохих анхаарал тавихад хүргэж байна. Дүрмийн өөрчлөлтүүдийг зайлшгүй анхаарал татах асуудлаар хийх нь хамгийн зохистой хувилбар.

-МАН өөрийн гэсэн төв хэвлэлтэй. Гэсэн ч намын төв удирдлагаас үүнд нэг их анхаараад байдаггүй юм шиг?
-Манай нам “Монголын Үнэн” гэсэн өөрийн төв хэвлэлтэй. Энэ сонин бол манай намын гишүүд болон ард түмэнд үнэн бодит мэдээлэл хүргэдэг хүчирхэг хэрэгсэл. Үүнийг хэрхэн чамбай сайн гаргах, намын гишүүд нь “Монголын үнэн” сонинтойгоо хэрхэн харьцаж хандаж буйд дүгнэлт хийх шаардлагатай. Намын сонгуульт ажил хийж байгаа хүн бүхэн намын төв хэвлэлээ захиалах нь дүрмийн шаардлага болж тавигдана. Яагаад гэвэл намын ажил хийгээд, сонгуульт ажил гүйцэтгээд яваад байна л гэдэг. Гэтэл нөгөө намын төв хэвлэл дээр гарсан бодлогоо огт уншаагүй, хэвлэл захиалаагүй хэрнээ “би ажил хийж явна” гэдэг бол итгэхэд хэцүү. Цаашдаа хэвлэл мэдээллийн асуудалд онцгой анхаарал тавих шаардлага гарч ирж байна. Манай оронд ихэнх хэвлэлүүд эрх мэдэлтний талд үйлчлэх хандлагатай байна. Ийм тохиолдолд мэдээллийн тэнцвэртэй нөхцөлийг хангах, ард түмний дунд байгаа жирийн хөдөлмөрч хүмүүсийн үйл ажиллагаа, шинэлэг зүйл, сайн арга туршлагыг сурталчлах, мөн намынхаа дотоод ардчилал болон бусад мэдээллийг олон түмэнд ил тод хүргэх асуудал маш чухал болж байна. Үүнээс гадна нам дэргэдээ сэтгүүл гаргаж байх нь зөв. Манай намын онолын асуудлууд сүүлийн хэдэн жил хоцрогдож, ойлгомж муутай болсон. Тиймээс эрдэмтдийн дуу хоолойг сонсох, түүнийг түгээн дэлгэрүүлэх зэргээр сэтгүүлийг гаргаж яагаад болохгүй гэж.

-МАН XXV Их хурлаараа цахим нам болно гэсэн зорилт дэвшүүлж байсан биз дээ?
-Ардын нам цахим нам болно гэж нэлээд олон жилийн өмнөөс зорьсон. Тухайн үед яг цахим техник ид нэвтэрч байсан цаг. Түүнээс хойш бид одоо XXVII Их хуралтайгаа золгож байна. Өнгөрсөн хугацаанд энэ талаар ямар ч дэвшил гарсангүй. Түүгээр ч барахгүй цахим техникийн талаар нийгэмтэйгээ хөл нийлүүлээгүй, бусад улстөрийн намуудаас хоцорч байна. Өөрсдөө анх ийм асуудал дэвшүүлчихээд одоо болтол хэрэгжүүлж чадаагүй нь харамсалтай. Мөн манай нам цахим хэлбэрээр сонгуулийн санал хураах, тоолох, ажиллагаа явуулахыг эсэргүүцэж байсан нь үнэндээ шинжлэх ухаан, техник сэтгэлгээний хувьд нийгмээс хоцорсон гэдгээ харуулсан хэрэг. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр сонгуулийнхаа амжилтгүй дүнг техник, технологийн талд түлхэж өөрсдийнхөө үйл ажиллагааны дутагдлаа булзааруулах явдал ажиглагдах болов. Иймээс Удирдах зөвлөл болон намын төв хэвлэлийн ажлыг сайжруулахдаа цахим техник, технологийн дэвшилд тулгуурлах нь зүйтэй гэсэн санааг дүрмийн өөрчлөлтөд оруулна.

-Сүүлийн үед Ардын намын гишүүд төдийгүй бусад албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдож байна. Үүнийг намын дүрмийн өөрчлөлтөөр зохицуулах боломжтой юу?

-Намын хяналтын ажилтай холбогдох зүйл, ерөөс намын хяналтын ажлыг өндөр төвшинд гаргах шаардлагатай. Манай намын сонгуульт ажилтнууд намынхаа нэрээр төрийн өндөр албан тушаалд нэр дэвшиж томилогдсон, мөн орон нутгийн удирдлагууд болон зохих шатны албан тушаалын хүмүүс сүүлийн үед нэлээн ноцтой авлига хээл хахуулийн асуудалд холбогдон яригдах болов. Энэ нь ч намын нэр хүндийг унагахад ноцтой нөлөөлж байна. Иймээс намын удирдлагын болон сонгуульт ажилтнуудад илүү өндөр шаардлага тавигдах болно. Үүнийг намаас хэрхэн хянах вэ? Яаж зохицуулах вэ? Дээрх асуудалтай холбогдуулаад намын Хяналтын ерөнхий хороо болон аймаг нийслэлийн Хяналтын хороодын эрх үүргийг өргөтгөх, бие даасан, хараат бус байдлыг нь хангах гэсэн хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг дүрэмд оруулах саналтай байгаа. Үүнийгээ нөхөдтэйгөө ярилцсан. Намын Хяналтын ерөнхий хороо намын дүрмийн дагуу бол зарчмын гурван асуудалд хяналт тавьдаг. Намын дүрмийн биелэлт, намын боловсон хүчний бодлогын хэрэгжилт, намын санхүү, үйл ажиллагаанд хяналт тавих. Энэ гурвын үйл ажиллагаа чамбай сайн биелэгдэж ирсэн бол өнөөгийн манай намын нэр хаяганд хэлэгдээд байгаа дутагдлууд гарах ёсгүй байсан шүү дээ. Цаашдаа намын дүрмийн дээрх гурван заалтыг хэрэгжүүлэх хүрээнд шалгалтаар үйл ажиллагаанд нь ноцтой зөрчил илэрвэл намын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг албан тушаалаас нь огцруулах хүртэл саналыг намын Удирдах зөвлөлд оруулдаг байхаар тусгах нь зөв гэсэн санал хэлж байгаа. Яагаад гэвэл намын Хяналтын байгууллага дээд төвшнийхөө удирдлагын зохисгүй асуудлыг гарган тавьж чаддаг тийм л төвшинд ажиллавал Хяналтын ерөнхий хороо ажлаа гүйцэтгэж байна гэж ойлгоно. Хэрвээ дээд төвшний удирдлагадаа хяналт тавьж чадахгүй байвал Хяналтын байгууллага үүргээ ч биелүүлэхгүй, тэр хэрээр нам нэр хүндээрээ хохирох үйлдэлд идэгдсээр байх болно. Намын Хяналтын ерөнхий хороо дарга өгсөн даалгаврыг хянан биелүүлэх байгууллага биш, харин удирдлага дүрмийн хүрээнд ажиллаж буйг бүхэлд нь хянах ёстой.

-Тэгвэл аймаг, нийслэлийн намын хороодод ийм асуудал гарвал түүнийг хэрхэн шийдэж болох вэ?
-Хэрвээ аймаг, нийслэлийн намын хороонд дээр хэлсэн дүрмийн хяналт тавих, хэрэгжүүлэх явцад ноцтой зөрчил гарвал аймаг, нийслэлийн намын хорооны дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга нарт шаардлага тавьж, аймгийн намын хорооны тэргүүлэгчдэд асуудлыг нь оруулах төвшинд ажиллавал зүйтэй. Тэгэхээр хяналтын ажлыг үнэхээр зохих төвшинд хийж чадвал Ардын нам боловсон хүчин, удирдлага, сонгуульт ажилтнууддаа өндөр шаардлага тавьдаг. Энэ нам төрийг авч явах улстөрийн хариуцлагатай хүчин мөн гэж олон нийтэд ойлгогдоно шүү дээ. Харин ингэж ажиллаж чадахгүй бол бид засгийн эрх авсан ч доголон нам болж харагдана. Дүрмийн эдгээр гурван асуудалд анхаарлаа төвлөрүүлэх замаар хариуцлагыг өндөржүүлж болно.

-Ардын нам анхан шатны байгууллагаа үл ойшоодог, ид сонгуулийн ажил эхлэхээр ачааны хүндийг үүрүүлчихээд эцэст нь мартдаг гэж гомдоллодог шүү дээ?
-Би дээд шатанд, удирдлагад тавих шаардлагын талаар зарим асуудалд хариулав. Харин таны энэ асуултын тухайд жинхэнэ ажил үүрэг биелүүлэгчдийг дэмжих, урамшуулах зарчмаар ажиллах нь чухал гэж хариулмаар байна. Мэдээж намын анхан шатны байгууллагууддаа анхаарал тавих шаардлагатай байна. Намын анхан шатны байгууллагын дарга нарт гол ажил төвлөрнө, ачааны хүндийг үүрдэг гэдэг утгаар дүрэмд өөрчлөлт орно. Урамшуулдаг зарчмаар ажил лах гэдгийг ямар төвшинд ойлгож, тусгах вэ гэхээр намын одоогийн дүрмийн 20 дугаар зүйлд нэмэлт хийх хэрэгтэй. Намын орон нутгийн болон анхан шатны байгууллагад санаачлагатай ажилладаг, намын үүр хороодын ажиллагааг зохион байгуулж байгаа дарга нарыг ажлаар шалгаруулж дүгнэх, сайн ажиллаж, үр дүнд хүрч байгаа намын анхан шатны байгууллагын даргыг эхний ээлжинд намын дараагийн болон дээд шатны байгууллагын сонгуульд нэр дэвшүүлэх, намаас төрийн ажилд томилогдож сонгогдох эрхийг тэргүүн ээлжинд эдлүүлэх, шат дараалсан алхмын бодлого байж болно. Материалын урамшуулал нэмэгдэнэ. “Монголын үнэн”-г намаас захиалан өгч болно. Ажлыг нь зөв үнэлбэл үр дүнд хүрнэ.

Д.МЯГМАРСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.26.194.9)

    2013-10-08

    Таны уе онгорсон залуу шинэ хумуус л авч явах хэрэгтэй гэхдээ оюунэрдэнэ монхбат нар биш шуу тэгвэл МАН онгорлоол гэсэн уг нэр цэвэр залуус байлгуй яахав хуучны хулгайчууд л гаргахгуй бна

  • Зочин (203.91.112.12)

    2013-10-08

    МАН гэгчийн Их хурал шуу юманд нөгөө Л луйварчдынхаа гар хөл болсон алиа салбадайнуудыг дээрээс нэр өгч сонгуулж байна гэнэ дээ. Естой бүтэхгүй олигархууд шүү. Одоо МАН гэгч бүр сөнөнөө. Харж л байгаарай гэж их ард түмэн тохуурхаж байна даа.

  • Цогт (183.81.169.20)

    2013-10-07

    Намаас нэр дэвшээд аймаг сум дүүрэгт гарахаа байсан бялдуучид төв апаратаар дүүрсэн. Одоо их хуралд орохоор үхэн хатан явж байна. Хариуцсан аймаг дүүргээ өрсөлдөгчиддөө алдсан удирдах нөхөр намын дарга болно гээд гуйгаад өөрсдийнхөө хүиүүсийг их хуралд оруулах гээд нойр хоолгүй хор найруулж байна. Шудрага нам байж чадах уу. Ийм л хүмүүс гарвал намаа шалбаагт хутгаад өөрсдөө алга болчихно. Тэр нь хариуцлага хүлээж байгаа хэрэг юм уу. Итгэхэд бэрх байна лээ.

  • зөв өө хөгшөөн (202.72.245.194)

    2013-10-07

    тийм шүү сайжруулах хэрэгтэй үнэн сонинд чинь уншичихаар юм байдаггүй