Ш.Гунгаадорж: Дарга бол хамгийн тэргүүн асуудал, намын гол цөм биш
- 2013-10-24
- Улс төр
- 0
МАН-ын ХХVll Их хуралд Сэлэнгэ аймгаас
сонгогдсон Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд
Ш.Гунгаадорж гуайтай ярилцлаа.
-Монгол Ардын Намын
Их хурал болоход цөөн
хоног үлдлээ. Та энэ хурлаас
ямар үр дүн гараасай гэж
хүлээж байна вэ?
-Туулсан зам мөр, үүх түүхээ бодсон ч цаашид МАН бол улс орны хөгжилд үнэтэй нэмэр болж байх учиртай юм. Намын XXVII Их хурал бол түүхэн цаг үед тохиож буйг онцлох нь зүйн хэрэг. Учир нь 23 жилийн түүхэнд хоёр дахь удаагаа цөөнх болж байгаа. Мөн сүүлийн шат дараалсан сонгуульд амжилт муутай оролцлоо. Тийм учраас сайн гэхээсээ илүүтэй шүүмжлэлтэй хандах, үндэслэлтэй үндэслэлгүйгээр янз бүрийн шүүмлэл дагуулах нь ойлгомжтой. Зарим улстөрийн хүчнээс 2012 оны сонгуулийн үр дүнгээс шалтгаалан цаашид оршин тогтнох эсэх тухай ч яриа гаргаж л байдаг. Гэвч УИХ-ын өнгөрсөн сонгуульд ялсан нам байхгүй. Харин олон суудал авсан нам бол бий. Тэгэхээр сонгогчдын 40 орчим хувийг энэ нам дангаараа хүлээнэ гэдэг ард түмний итгэл алдарчихаагүйн том нотолгоо болж байна. Мөн тухайн үед олигтойхон шиг ажилласан бол илүү их суудал авах байжээ гэдэг нь харагдаж байгаа. Нөгөө талаасаа УИХ-ын 26 суудал гэдэг бол чамлах тоо бас биш юм. Яахав, 90 жил төр барьсан, сүүлийн 23 жилийн дийлэнхэд нь төр барьж, барилцсан нам учраас ялагдал хүлээгээд ирэхээр жаахан сандралдсан тал бол бий. Дараа дараалсан хүнд цохилт ирэхээр балмагдсан, барьц алдсан байдал ажиглагддаг. Энэ шок ч намын өнөөгийн үйл хэрэгт нөлөөлсөн. Уг нь, ялсан нам ямар байх ёстой болоод ялагдвал ямар бодлого барих вэ гэдгээ урьдчилан тодорхойлчихсон байх учиртай. Гэвч үүнд манай нам бэлэн байгаагүй. Удахгүй болох намын Их хурлын тухайд бол нэлээд шинэлэг, түүхэн хуудас нээсэн үйл явдал болох төлөвтэй байгаа. Үр дүнг бол хүмүүс янз бүрээр л ярьдаг. Ялангуяа сөрөг хүчнүүдийн зүгээс сайн үг гарахгүй нь ойлгомжтой. Тиймээс үүнд гишүүд, дэмжигчид автахгүй байх нь чухал.
-Хэлэлцэх асуудалтай танилцсан уу, бодлогын шинжтэй ямар асуудлууд тусгагдсан байна вэ?
Их хурлаар ярилцах дүрмийн өөрчлөлтүүдтэй би танилцсан. Үүнээс нэлээд бүтээлч, ажил хэрэгчээр хандсан, цаашдынхаа хувь заяаг нэлээд шинэлэг байдлаар ярихгүй бол болохгүй гэдгээ намын бүх түвшинд ойлгосон нь харагдаж байгаа. Тиймээс улс орон, ард түмний төлөө нааштай шийдвэрүүдийг гаргасан шинэлэг хандлагатай хурал болно гэж найдаж хүлээж байна. Үүнд 1300 төлөөлөгчийн санал нэгдсэн гэж ойлгож байгаа. Мэдээж юу юугүй алга нижигнүүлээд байна гэж юу байхав. Хоёр, гурван өдрийн турш нэлээн халуухан яриа өрнөх байх.
-Хурлаар хөгжлийн хөтөлбөр хэлэлцэхээс гадна бүтцийн өөрчлөлт хийхээр тусгагдсан. Харин жирийн иргэд болоод зарим улстөрийн хүчний зүгээс удирдлагуудаа солих нь шинэчлэл мөн үү гэж ам асуусан байдлаар хандаж байгаад та ямар саналтай байна?
-Намын Их хурал болох бүрт шинэчлэл гэж ярьдаг. Үүгээрээ дарга удирдлагаа сольж, хуучин бие дээрээ шинэ дээл нөмрөөд дуусдаг үе бол байсан. Тэгэхээр шинэчлэл гэж юуг хэлэх вэ гэдэг маань өөрөө хуучин асуудал болж таарна даа. Энэ удаагийн хурлыг ч ийм байх болов уу гэсэн хэсэг бүлэг байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр нь тийм ч их биш байх аа. Энэ намын цаашдын үйл хэрэг улс орны хувь заяатай салшгүй холбоотой учраас дээлээ хими цэвэрлэгээнд өгөөд буцаагаад нөмөрчихгүй байх. Учир нь манай нам нэлээд хэдэн сонгуульд амжилт олоогүйдээ дүгнэлт хийж, дараа дараагийн сонгуульд яаж оролцохоо ярилцах ёстой. Хэдийгээр маргаантай байгаа ч гэсэн суугаад хэлэлцэхээр улс орны ирээдүйн төлөө нэгдсэн шийдвэрт хүрэх нь ойлгомжтой. Нам олон түмнээс тасарсан, намын гишүүдээсээ холдсон, хүний нөөцийн бодлогодоо алдаа гаргасан гэх мэт улиг болсон яриа одоо ч явж л байна. Өмнөх хурлаас гаргасан дүрэм журамдаа дээрх алдаануудыг засна, сайжруулна гэж тусгаж байсан ч ажил болохгүй байгаа нь гол дутагдал юм даа. Харин энэ удаагийн дүрмийг харж байхад нэлээд өөрчилсөн, дүрэм журмаа мөрдөх механизмыг нь нарийн тусгаж өгсөн байна лээ. Өөрөөр хэлбэл шинэчлэл гэж үүнийг хэлнэ гэж тусгаж өгөхөөс гадна үүнийг хэрэгжүүлэхийн тулд яах вэ гэдгээ бас нарийн суулгаж өгснөөр шинэ зүйл болж байна. Мөн энэ бүхэн нь өөрөө намын Их хуралд найдвар тавих боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.
-Таны ярьж буйгаас ажиглахад МАН-д өнгөрсөн сонгуулийн бүтэлгүйтэл нь харин ч ухаарал хайрлажээ, тийм үү?
-Тэгж ойлгож болно л доо. Ер нь нэг талаас авч үзвэл зөв ухамсрыг суулгаж өгсөн. Сайн муу үгээр хайр гамгүй балбуулж, есөн шидийн зүйлийг үзэж байна. Энэ бүхнийг бясалгаж, дотоод мөн чанараа таних боломжийг бүрдүүлсэн. Одоо бол ямар өнгөтэй дээл сонгохоос эхлээд бүсээ хэрхэн тааруулж, эвтэйхэн бүслэх тухай бодож эхэлж байна. Уг нь хүн ч ялгаагүй, нам ч ялгаагүй дотоод хүнтэйгээ ярьж байх учиртай. Одоо нам дотор байгаа нуугдмал зүйлээ ил гаргаж, мөн чанараа ойлгож байгаа нь сайн хэрэг. Харин олон сонгуульд бүтэлгүйтсэн нь муу тал болж байна.
-Мэдээллийн суваг бүрээр л намын удирдлага хэн байх тухай таамаг өрнөж байгаа. Үүнийг та анзаарч л суугаа даа...?
-Анзааралгүй яах вэ. Дарга бол хамгийн тэргүүн асуудал, намын гол цөм биш. Энэ намыг аваад явчих хүн 200 мянган гишүүн дотор хангалттай олон бий. Тэгээд ч 90 жилийн түүхтэй энэ нам зарим хүний хэлээд байгаа шиг лидергүй болтлоо ядарна гэж байхгүй. Сүүлийн үед ажиглаад байхад дарга, удирдлагын тухай сэдэв гол ярианы талаас илүү хувийг нь эзэлж байгаа. Хэвлэлүүд ч хэдэн зураг тавьж, янз бүрийн сум заагаад л. Үнэндээ энэ тал дээр санаа зовох зүйл байхгүй. Хэнийг сонгох нь зөв бэ гэсэн бодол хүн бүрт бий. Ер нь бол намын шинэчлэл гэдгийг хариуцлага тооцно гэсэн нэрээр хэдэн даргаа авч чулуудчихаад адилхан хүн оронд нь гаргаж ирэхийн нэр биш гэдгийг дээр хэлсэн. Мөн онол, үзэл баримтлалын шинэчлэл гээд хийгээд байх зүйл байхгүй гэж би бодож байгаа. Яахав, тодотгол энэ тэр хийж болно л доо. Түүнээс намынхаа XXVI Их хурлаар Монгол Ардын Нам бол зүүн төвийн үзэл баримтлалтай нам гэдгээ зарлачихсан шүү дээ. Тэгэхээр энэ намын гол зүйл бол үйл ажиллагааны шинэчлэл юм. Гол цөм нь энэ юм. Үнэндээ шинэчлэл гээд байгаа зүйлд шинэ юм гарч ирэхгүй. Яриад байгаа зүйлд энэ бүхэн багтчихна. Харин үйл ажиллагааны чиглэл, цаашид хэрхэн яаж ажиллах тухай нарийн зүйлийг Их хурлаараа тодорхойлоод өгөхөөр намын дарга болоод удирдах хүмүүс үүнийг нь л хэрэгжүүлнэ. Харин хамт олны бэлтгээд өгсөн бодлого чиглэлийг зөв илэрхийлэх, нийгэмд өгөгдлүүдээ зөв гаргаж тавих нь л дарга даамлуудын үүрэг. Үүнээс гадна дарга удирдлагуудтай холбоотой нэг чухал зүйл бий.
-Тийм нууц зүйл юм уу?
-Нууц ч юу байхав. Үе үеийн дарга удирдлага нь бүтэлтэй, бүтэлгүй ажиллаж байсан нь бий. Сайн муугаараа зөндөө хэлүүлж ирлээ. Ер нь шүүмжлэлтэй хандах, хариуцлага тооцох нь зөв л дөө. Үнэхээр сонгуульд хариуцлагаггүй оролцсон, Их хурлаар тодорхойлчихсон гүүр, замыг ашиглаж чадаагүй хүнд хариуцлага тооцохоос яах билээ. Гэхдээ хариуцлага тооцно гэж юу гэсэн үг вэ гэдгээ тодорхойлох шаардлагатай. Намын гишүүд, дэмжигчдийн хүлээлгэсэн итгэлийг биелүүлж чадаагүй учраас тэр суудлаас нь авна гэсэн үг юм. Түүнээс биш тогоон дотроосоо аваад чулуудчихаж байгаа хэлбэр бол биш гэдгийг ойлгох цаг нь болсон. Амьдрал дээр хараад байхад би нэг л зүйлийг Ардчилсан намтай харьцуулж боддог юм. Манай нам бол УИХ-ын гишүүн ч бай, дарга удирдлага ч бай нэг л удаа буусан бол тэр чигт нь баяртай гэж хэлдэг. Гэтэл Ардчилсан намын 1990 оноос хойшхи партизанууд одоог хүртэл тогоон дотроо чанагдаад яваад л байгаа. Энэ хугацаанд хэчнээн ч унаж босов. Гэтэл манай намтай адил тогооныхоо гадна гаргачихгүй л байна. Манайхан болохоор “пү па ямар аймаар амьтан бэ” гээд л шуугиад унадаг. Үе үеийн удирдлага болоод сайд дарга байсан, гадаад дотоодод олон жил сурсан хүмүүс эргээд намдаа өгөх зүйл ихтэй байгаа юм. Маш товчхондоо бол амьд туршлага, үнэтэй эрдэнэ гэсэн үг. Үүнд л дүгнэлт хийх хэрэгтэй. Зарим нэг нь үүнд гомдож, намынхаа нэр хүндийг унагахыг оролддог тохиолдол ч бас байна. Харин энэ удаагийн дүрэмд намын үе үеийн дарга удирдлагуудаас бүрдсэн нэг зөвлөл намын даргын дэргэд байгуулагдах тухай заасан байна лээ. Энэ бол зөв л дөө. Өмнөд хөршид бол ийм зүйл байдаг л юм.
-Ерөнхий сайд байсан хүний хувьд шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг дүгнээч. Жил гаруйн хугацаа өнгөрсөн тул дүгнэх хугацаа болсон гэж бодож байна?
-Ерөнхийд нь дүгнэлт хийх хугацаа болжээ гэж би ч бас үзэж байгаа. Шинэчлэлийн Засгийн газарт хийж хэрэгжүүлж байгаа олон зүйл бий. Тэр бүгдийг хараар будаад, үгүйсгээд байх ч угаас утгагүй. Магадгүй асуудалд шуурхай ханддаг байдлаараа манай намаас илүү байгаа байх. Зарим нэг зүйл нь шоу энэ тэр болж харагдаж байгаа ч гэсэн хөдөлгөөнд оруулаад байна гэдэг яавч муу тал биш. Гэхдээ ул суурьтай, хэтээ харсан бодлого шийдвэр дутаад байгаа нь юм бүхнийг шүүрч авч үсчдэг байдлаас нь харагддаг. Зарим нэг хүнд гялалзуулж байна даа эд нар гэж бодогддог байж болох юм. Гэвч улс орны ирээдүй гэдэг юу билээ гэдгээ бодох хэрэгтэй байгаа юм. Аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй байна. Хамгийн наад зах нь улсын төсөв ямар байдалтай байгаагаас харж болно. Мөн хүч түрсэн, хуулийг тоохгүй муу жишгийг тогтоож байгааг хэлэх хэрэгтэй. Хууль нь таалагдахгүй бол өөртөө тааруулж засч байна. Одоо гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэхээр үзээд байна шүү дээ. Энэ бүхэн алсдаа эдийн засгийн их хүндрэлийг бий болгож болзошгүй. Ядахад Засгийн газар нь УИХ-аа баздаг болсон нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгаагаас үүдэлтэй гэж боддог. -Ярилцсанд баярлалаа.

Д.ГАНБААТАР

Сэтгэгдэл (0)