Д.Гантулга: Тэтгэлгийг сургуулиас биш өөрөөс нь хамаарч өгвөл бэлэнчлэх сэтгэлгээнд сургахгүй

 Нийгмийн Ардчилал Монголын оюутны холбооны Ерөнхий нарын бичгийн дарга Д.Гантулгатай оюутнуудыг хөгжүүлэх бодлого, нийгмийн асуудлаар ярилцлаа.

-Оюутны байрны тухай яриагаа эхэлье. Байрны хүрэлцээ муу байхад шинэ баригдаж байгаа байр нь ч хугацаандаа ашиглалтанд орсонгүй?
-Боловсролынхоо салбарт том шинэчлэл хийхийг зорьж байна. Энэ хүрээнд оюутны хотхоныг хотоос гаргах зорилго тавиад байгаа. Нэгэнт сургуулиуд нүүнэ гэдэг ойлголттой болчихсон учраас шинэ бүтээн байгуулалт, барилга байгууламжинд хөрөнгө зарцуулахаа байчихлаа.

Төрийн бодлогын залгамж гэж байдаг бол ийм зүйл гарахгүй байсан. Ер нь ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэж байгаа гэдэг том агуулгаар харж боловсролын бодлогоо урт хугацаагаар гаргаад ямар ч улс төрийн нам, засаг бодлогыг хөдөлгөхгүй байх механизмыг хиймээр байна.

-Энэ шилжилт олон жил үргэлжлэх байх. Энэ үед ямар менежмент хийвэл зүгээр вэ?
-Их сургуулиа хотоос гаргадаг нь олон улсын жишиг, туршлага. Тиймээс хүссэн ч хүсээгүй, эрт орой хэзээ нэгэн цагт хийх л ажил. Хамгийн гол нь хаашаа гаргах нь чухал. Эхлээд Налайхад гэж байгаад Багануурт болж өөрчлөгдсөн. Гэтэл сая засаг солигдоод дахиад судлах тухай ярьж эхэллээ. 100 гаруй мянган залуучуудын асуудлыг шийдэхээс гадна багш нарын байр, ар гэр, ахуй амьдралыг шийднэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Сайн багш боловсон хүчин Улаанбаатарт байгаа энэ тохиолдолд хотоос холгүй байх нь зүй.

Уг нь Налайхад Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээр эхлэхэд бэлэн болчихсон байсан. Яагаад их судалгаагаар эхэлсэн ажлыг дахиад судлана гээд байдаг сонин. Мэдээж 100 хувь болох гэж байхгүй. Ямар ч юм эрсдэлтэй байдаг.

Хэдий богино хугацааны бүтээн байгуулалт биш боловч хөрөнгө оруулалт нь шийдэгдчихвэл ойрын хэдэн жилд босгож байгуулах боломж байгаа. Гол нь төр эцсийн шийдвэрээ гаргах шаардлагатай байна. Яг энд барья гээд шаваа тавиад ажлаа эхэлчихвэл аль ч засаг нь гарсан ахиулахыг л бодно. Тиймээс улс төрчид зоригтой шийдвэр гаргаж өнөөдрийн засгийн газар энэ асуудалд цэг тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол дараагийн засгийн газар дахиад л судалгаа хийсээр хугацаа дуусгавал гэвэл яана.

-Чанаргүй боловсон хүчнээс гадна хувь хүний ухамсар, төлөвшил доголдолтой байх нь их болжээ?
-Манай оюутнуудыг бараг тал нь төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй гэдэг. Диплом байхад илүүдэхгүй, үеийн нөхөд бүгд л оюутан болчихлоо би юугаараа дутахав гэсэн хандлагаар их дээд сургуульд сурдаг. Үүнээс болоод мэргэжлийн ур чадварын хувьд хүлээн зөвшөөрөгдөж байгаа боловч хүнтэй харьцах, асуудалд шийдэл хайх, үүрэг хариуцлага хүлээх, хувийн зохион байгуулалт, үзэл бодлоо илэрхийлэх гээд хувь хүний ур чадвар сул байх тохиолдол их байгаа нь үнэн. Цаашлаад утас факс, принтер, хувилагч, скайнер ашиглаж чадахгүй дээд сургууль төгсөж буй нь нууц биш.

Тиймээс оюутанд мэргэжлээс гадна хувь хүн рүү нь чиглэсэн тусгай хөтөлбөрүүд гаргаж ажиллах хэрэгтэй. Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны зүгээс оюутан залуучуудад ур чадвараа хөгжүүлэх сургалтуудыг явуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд холбооныхоо 15 жилийн ойг тохиолдуулаад аймаг, дүүрэг бүрээс 50, нийтдээ 1500 оюутан ур чадвар олгох сургалтыг явуулах гэж байна. Өөрсдөө ирж бүртгүүлээд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Нэг аймгийн 50 оюутан хөгжүүлнэ гэдэг сум сумын хоёр оюутан хөгжинө гэсэн үг. Эд нар маань бусдадаа нөлөөлж, бүтээлч бүлгийг үүсгэх байх гэж найдаж, үүсгэхийг зорьж байна. Бид төрийн бус байгууллага учраас бүх юмыг төрийн өмнөөс хийгээд байж чадахгүй. Гэхдээ боломжоороо үүрэг хариуцлагаа хүлээгээд хийхийг л хичээж байна.

-Залуучуудад чөлөөт цагаа өнгөрөөх газар алга. Үүнийг шийдэх боломж?
-Манай залуучуудын ихэнх нь ажил, хичээл гэхээс хувь хүний сонирхол их багатай. Хувийн хобби сонирхол багатай хүмүүс өөрт нь асуудал үүсэхэд түүндээ ороогдсоор байгаад стресстэж, цаашлаад ажил, хичээлийн амжилт нь буурч, ууж идэх рүү орох нь их. Тиймээс бүтээлч, хөдөлгөөнтэй байх үед нь буюу оюутан насанд нь хобби клубын системийг нээж өгмөөр байгаа юм. Хуулийн хувьд нэгхэн заалт л хэрэгтэй. Их дээд сургуульд сурч байгаа оюутан мэргэжлийн хичээлээс гадна заавал сонирхлын дугуйланд хамрагддаг байна гэж заагаад л болно. Түүгээрээ дамжуулж хэдэн кридет цуглуулна ч гэдэг юм уу. Ингэхээр хувийн ур чадвар олгодог клубууд сургуулиудтай гэрээлээд л явчихна. Гол нь заавал суух, үр дүн гаргах гэсэн зарчим үйлчилнэ. Иймэрхүү байдлаар дөрвөн жил сурсан хүн мэргэжлээсээ гадна ямар нэг юм чаддаг болж төгсөнө. Ингэж байж л бид нийгэмд бүтээлч хэсгийг бүрдүүлнэ.

-Оюутнуудад тэтгэлэг өгөх шаардлагагүй гэх хүмүүс байна?
-Энэ тэтгэлгийг дагаад хэд хэдэн шүүмжлэл явдаг. Эхнийх нь оюутан залуусыг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байгаа юм биш үү. Хоёр дахь нь эдийн засаг хүнд үед бэлэн мөнгө тараах нь хэр үр өгөөжтэй вэ гэсэн асуулт. Цаашлаад үүний оронд их дээд сургуулийн сургалтын орчинг сайжруулахад хөрөнгө оруулж орчин үеийн лаборатори, номын сантай болох нь чухал гэх яриа ч байдаг.

Би хувьдаа энэ тэтгэлгийг оюуны нийгмийн баталгаа гэж хардаг. Нөгөө талаасаа дээд сургуульд сурч байгаа, сурахыг хүсч буй хүмүүст үнэ цэнэ, үнэлэмж бий болгодог. Дээд боловсрол чухал учраас төр анхаарч байна гэх итгэл үнэмшлийг залууст өгч, хариуцлагатай сурахыг ухамсарлуулж байгаа гэж боддог. Аль ч улсад оюутны тэтгэлэг байдаг л асуудал. Агуулга нь бэлэнчлэх сэтгэлгээ гэхээсээ илүүтэй хариуцлагатай сураарай...

-Ямар зохион байгуулалт, ямар шаардлага тавьж, хэдий хэмжээгээр өгөх нь чухал байх?
-Бүх оюутанд ялгаварлалгүй өгөх ёстой. Мэдээж сайн сурвал нэмэгдэл авах нь зүйн хэрэг. Гэтэл өнөөдөр яригдаж байгаа шалгуур нь тухайн оюутнаас хамаарсан гэхээсээ илүүтэй сургуульд хамаарсан шалгуураар оюутанд тэтгэлэг өгөх эсэхийг шийдэх гээд байна. Сургууль нь адистатчлагдсан эсэх, багш нарынх нь 80-аас илүү хувь үндсэн ажилтан эсэх, сургуулийн төгсөгчид ажилтай болсон эсэх гээд л... Уг нь тухайн оюутныг хичээлдээ ирдэг байх, хичээлдээ мэрийж онц сурах, амжилт гаргах, мэргэжлээрээ өсөн дэвжих боломжтой байх зэрэг үзүүлэлт дээр суурилах ёстой гэж хардаг. Энэ утгаараа сургуулиас биш оюутнаас хамааралтайгаар тэтгэлгээ өгдөг байвал оюутныг бэлэнчлэх биш суралцах, өрсөлдөх арга барилд суралцуулна.

-Оюутны дүн гэдэг харьцангуй ойлголт. Ямар ч аргаар сайн дүн авч болно шүү дээ?
-Тийм шүү. Оюутны дүн харьцангуй. Сургуулийн дүнгийн систем багшийн хувийн үнэлгээнээс хамаарч дүнгээ авдаг тогтолцоо манайд үйлчилж байна. Өөрөөр хэлбэл нэг сургуулийн 75 авч байгаа хүүхэд өөр сургуульд 90 авч байгаа хүүхэдтэй мэргэжлийн ур чадвар адилхан байх жишээтэй. Бүр 75 авч байгаа нь 90 авч байгаасаа илүү байх тохиолдол ч байна. Үүнээс болоод тэдний тэтгэлэг харьцангуй болж хувирах гээд байна. Тиймээс нэгдсэн үнэлгээний систем нэвтрүүлмээр байгаа юм. Багш нь хичээлээ заачихаад шалгалт авдаг тогтолцоог халж улсын хэмжээний мэргэжлийн нэгдсэн шалгалт авдаг болчихвол ажлын байр олгогч ч дүнд итгэж эхлэнэ.

-Сургуулийн төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болсон гэдгийг нотлох бодитой судалгаа байдаг юм уу?
-Ер нь сургууль болгон хажуудаа хөдөлмөрийн биржтэй болмоор байгаа юм. Бизнесийн байгууллагууд биржид нь хандаад шилдэг сайн оюутнуудыг нь ажилд авахын төлөө өрсөлддөг байвал тун сайн хэрэг. Сургуулийн хөдөлмөрийн биржүүд улсын төв хөдөлмөрийн биржтэй хамтарч ажилладаг. Үүгээр дамжаад ажиллах хүчний хэрэгцээ хаана байгааг судалж тогтоогоод мэдээллийн архиваа илүү бодитой болгох шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Залуучууд төгсөөд ажилд орж чадахгүй, хоёр жил хий эргэчихээд гурав дахь жилээсээ ажилд орохоор хамаг юмаа мартчихдаг. Ийм учраас оюутныг ажилд зуучлах систем рүү ормоор байна.

-Тэтгэлгээ аваад архи уугаад байна гэж ярьдаг шүү дээ?
-Энэ бол таамаг. Тэтгэлгийг гурван сараар нь авдаг. Ингэхээр 200 гаруй мянган төгрөг болдог. Гэнэт ийм хэмжээний мөнгөтэй болсон хүн ихэвчлэн утсаа сайжруулах, нөүтбүүктэй болох, байрны түрээсээ өгөх шийдвэр гаргаж байна. Харин энэ тэтгэлгийн мөнгө багасахын хэрээр юм авах гэхээр хүрдэггүй. Энэ үед л шоу цэнгээнд зарцуулахад хүрдэг байх. Хүмүүс зүгээр л тэгсэн болов уу, тэгж байгаа байх даа гэх хардлагаар хандаад байна.

Оюутнууд баар цэнгээний газраар явах асуудал бий. Үүнийг 70 мянгаас боллоо гэхээсээ илүүтэй залуучуудад чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүйтэй холбож яривал үнэнд ойр байх. Нөгөөтэйгүүр орчин үеийн хэв маяг гэж байна. Энэ утгаараа хааяа ганц нэг пиво уугаад бүжиглэх нь байх л асуудал. Миний хувьдаа 70 мянгаас болж оюутнууд архи хэрэглэдэг болсон гэх бодит судалгаа үзээгүй.

-Та тэтгэлгийг гурван сараар өгөх нь зөв гэсэн байр суурьтай байгаа юм уу?
-Яг тэгж ойлгож болохгүй. Тэтгэлэг өгөх зай холдохоор энэ хугацаанд оюутнууд санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдэг асуултын тэмдэг болчихдог. 70 мянга бага мөнгө биш. Ер нь их бага нь чухал биш. Тодорхой тогтсон хугацаанд өгдөг байх л гол. Хүмүүс цалингаа тэдэнд авна гээд сарын зарлага хуваариладаг шиг оюутнууд 70-аа тэдэнд авна гэсэн тооцоо, баримжаатай байвал зүгээр. Ийм байвал оюутнууд лизинг авч болно. Цаашлаад сургалтын төлбөрийн зээлээ тэтгэлгээрээ авах боломж бүрдэнэ. Уг нь санаачлагч Ерөнхийлөгч маань сарын болгоны 1-нд гэж амалж байсан шүү дээ. Товчхондоо тэтгэлэг хэт бага байвал зохимжгүй, үр дүнгүй л гэж хэлэх гээд байна.

-Энэ тэтгэлгийг өгснөөр айл гэрийн амьдралд оюутны учруулах дарамт багассан гэх судалгаа байдаг уу. Бодит тоо?
-Гэр бүлийн зүгээс оюутанд хоол унааны мөнгө өгдөг байлаа. Харин 70 мянга бий болсноор гэр бүл энэ мөнгөө өгөхөө байсан. Ингэхээр оюутны орлого нэмэгдэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл орж ирдэг байсан орлого нь аав ээжээс байсан бол төрөөс болчихоод байгаа. Харин тухайн гэр бүл оюутанд зарцуулдаг байсан мөнгөө өөр зүйл зарцуулдаг болсон.

Оюутны байр хүрэлцээгүй байгаа. 170 орчим мянган оюутны 60 орчим мянга нь орон нутгаас ирж суралцагчид байдаг. Тэд ах дүү, хамаатан садан, айлын хажуу өрөө, подвалд түрээслээд амьдардаг. Эд нар маань хэрэв тогтмол тэтгэлэгтэй болчихвол гурвуулаа нийлээд байрь хөлслөх хандлага руу явж байна. Амьдрах орчин сайжирвал хичээлдээ амжилт гаргах анхан шатны суурь болдог. Ингэж харвал 70 мянга хэрэг болж байгаа ойлгомжтой байгаа биз дээ.

Нөгөөтэйгүүр оюутнууд цагаар ажиллах боломж алга. Нэгдүгээрт цагийн ажлын байр бага байна. Хоёрт тэр цагийн ажлын байранд оюутнаас илүүтэй ажилгүй хүмүүс маань ажиллавал ач холбогдолтой. Ийм тохиолдолд оюутнуудаа ажил хий, бүтээлч бай гэж шахах нь хэр зохимжтой вэ. Тиймээс төр тодорхой хугацаанд тэтгэлгээ өгч байх нь зөв.

-Танай холбооны ой тохиож байгаа. Яаж тэмдэглэж байна?
-Баяр ёслол, бие биедээ одон медаль гардуулахаас илүүтэй оюутнуудынхаа нэг ч гэсэн асуудлыг шийдсэн үйл явдлаар тэмдэглэхийг зорьж байна. Ой гэдэг бол баярын тоглолт биш асуудал шийдсэн лобби бүлгийн тоглолт байхыг хүсч байна. Бидэнд ийм боломж байгаа. Яагаад гэвэл Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо бусад оюутан залуучуудын холбооноос нэг л зүйлээрээ өөр. Тэр нь УИХ-д өөрсдийн төлөөлөлтэй явдал. Өнөөдөр С.Бямбацогтоос эхлээд О.Содбилэг, Б.Чойжилсүрэн гээд энэ оюутны байгууллагаар дамжсан хүмүүс парламентад тодорхой үүрэгтэй сууж байна. Цаашлаад намын бүлгээрээ дамжуулаад асуудлаа шийдүүлэхийн төлөө явна.

Энэ ярилцлагыг уншсан боловсролын систем, оюутны нийгмийн асуудалд санаа зовдог хүмүүс бидэнтэй холбогдоорой. Нэг хүний санаа нэг л хүний бодол байдаг. Харин олон хүний хүсэл тэмүүлэл асуудлыг шийдэх гарц болдог. Тиймээс олуулаа нэгдэж боловсролын салбарт бодитой өөрчлөлт хийцгээе.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.23.51.1)

    2013-11-18

    БОЛЬЁ ОО