А.Тлейхан: ”АН эрх баригчдын дүрдээ нэг л орж чадахгүй байна, байнга цөөнх байсан болохоор”

УИХ-ын гишүүн, Монгол Улсын эрчим хүчний зөвлөх инженер, доктор А.Тлейхантай ярилцлаа.

-Та сайхан өвөлжиж байна уу. Саяхан баруун таван аймагт ажиллаад ирсэн байх. Явсан хүнээс үг сонс гэдэг дээ. Алс баруун хязгаарын ард түмний амьдрал, өвөлжилтийн байдал хэр байна вэ?

-Манай намын удирдлага бүсчилсэн зохион байгуулалтад орсон. Монгол Улс таван бүстэй. Үүнийг хариуцсан нарийн бичгийн дарга нарыг томилсон. УИХ, Бага хурлын гишүүд мөн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай хамт баруун таван аймагт ажиллаад ирлээ. Яахав өвөлжилт дажгүй сайхан байна. Завхан, Увс аймаг нэлээд цастай болохоос бусад нь хэвийн. Харин орон нутагт эдийн засаг, үнийн өсөлтийн зуд нүүрлэжээ. Газар дээр нь очоод үзээд танилцаад ирсний хувьд ингэж хэлж байгаа юм. Мөн хуулийг гууль болгох зуд нүүрлэсэн байна. Бүх аймагт хуулийг өөрсдийн үзэмжээр хэрэглэдэг байдал газар авсан байна. Тухайлбал, зарим аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нь бүгдээрээ төрийн албанд ажилладаг юм байна. Уг нь Төрийн албаны тухай хуулиар иргэн төрийн албан хаагч эсвэл иргэдийн төлөөлөгчийн ажил л хийх ёстой. Ийм л хуулийг завхруулсан зүйл захаасаа эхлээд зөндөө. Үүнд иргэд үнэхээр дургүйцэж байна лээ. Монголд хууль хэрэгждэг ардчилсан орон гэж ярьдаг хэрнээ хууль гууль болж байгааг хараад ард түмэн бухимдаж байна. Би дээр хэлсэн, орон нутагт үнийн өсөлтийн зуд болж байна гэж. Импортын гаралтай бүх бүтээгдэхүүн өссөн. Үүнээс болж иргэдийн худалдан авах чадвар буурах нь тодорхой. Ядахад цалин тэтгэвэр нэ мэгдээгүй. Үүнд иргэд хамгийн их бухимдаж байна. Мөн хууль зөрчсөн энэ зүйлүүдэд хариуцлага тооцооч, ер нь Монгол Улсад эзэн байна уу гэж асуух ч хүн байх юм. Иргэдийн хэлж байгаа бүгд үнэн шүү дээ. Уг нь цөөнх хэлдгээ хэлдэг ч харамсалтай нь олонхи хүлээж авахгүй байна л даа.

-Хөдөөд ч гэлтгүй масс тэр чигээрээ нэлээн бухимдалтай болчихжээ?

-Үнэндээ нийгэм бүхэлдээ зөрчилтэй болоод удлаа. Иргэд “Төрийн эрх барьж буй бүх хүмүүс худалч болчихсон юм уу. Бид хэдий болтол худал, хуурмаг зүйл сонсох юм бэ. Үнэн бодит мэдээлэл сонсмоор байна. Та нар сөрөг хүчний үүргээ биелүүлээд яваач” гэж зандрах хүн их олон таарлаа. Уг нь бид хэлдгээ хэлээд л байгаа юм. Даанч бидний дуу хоолой нийгэмд бүрэн хүрдэггүй л дээ. Аймгуудад ажиллаж байхад биднийг юун түрүүнд сөрөг хүчин, өөрсдийнхөө хариуцлагыг дээшлүүл, бүлгээ сайн ажиллуул, цөөхөн хүн ярьдаг бус 26 хүн бүгдээрээ нэг дуугаар ярьдаг бол, хариуцлагагүй нөхдөд хариуцлага тооцох ажлыг эрчимтэй хий гэдгийг ард түмэн шаардаж, сануулж байна. Иргэдийн хэлж байгаа үнэн. Энэ шүүмжлэлийг хүлээж авна. Одоо бид бүх аймагт ажилласан үр дүнгээ нэгтгэж Удирдах зөвлөл, бүлгийн хурал дээр ярьж Засгийн газар, УИХ-ын төвшинд асуудлыг ярина байх.

-Одоо зөвхөн шаардах, шүүмжлэх байр сууринаас бус арай өөр аргаар сөрөг хүчний байх сууриа илэрхийлэх хэрэгтэй болсон юм биш үү?
-Яриад, шүүмжлээд, хэвлэлийн хурал хийгээд суух нь үр дүнгүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс одоо болж буй асуудалд хурцаар хандаж хариуцлага тооцох асуудлыг ярихгүй бол болохгүй нь гэдэг байр суурьт хүрч байна. Монголд хариуцлагагүйн зуд нүүрлэсэн. Энэ хариуцлагагүйн зуднаас гарах ажлыг сөрөг хүчин хийх ёстой. Тэдний зорилго гэж ойлгож яваа.

-Уг нь Монгол Улсыг ардчилсан гэх тодотголтой эрх баригчид удирдаж байгаа шүү дээ?
-Монгол Улс ардчилсан орон учраас хуулийн дор л амьдарна. Монголд шударга ёс байх ёстой, хуулийг хэрэгжүүлдэг байх ёстой. Гэтэл өнөөдөр хууль хэрэгждэггүй болчихож. Хуулийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, өөртөө тохируулж хэрэгжүүлж байгаа. Би гайхаад байгаа юм. Ингэж ажилладаг төр засаг гэж байдаг юм уу. Өнгөрсөн дөрвөн жил хамтарч ажиллаад бодлогоо гаргаад хуулийн дагуу ажиллаад болдог л байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр өөр гариг ертөнцөөс ирсэн юм шиг л эсрэг, тэсрэг зүйл яриад байх юм. Бид бүгдээрээ Монгол Улсын иргэн юм чинь хэл амаа ололцоод явж болно биз дээ. Нэг зүйлийг бодлоо л доо. Бид эрх баригчдад сауудал тавьж, зөв бодлого хийгээч ээ гэж байнга сануулдаг. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг цөөнх бидэнд чөдөр тушаа болж байна, ажил хийлгэхгүй арас чангаагаад байна. Тэд зөвхөн шүүмжлэхийн тулд л шүүмжилж байна гэж ярьдаг болсон. Гэтэл сөрөг хүчний хэлээд байсан бүх зүйл үнэн байжээ гэдгийг Ерөнхийлөгч саяхан хийлгэсэн чуулган дээрээ чангаар хэллээ шүү дээ. Улсын Ерөнхийлөгч нотлохоос өөр ямар нотолгоо хэрэгтэй юм.

МАНАЙ ЕРӨНХИЙ САЙД ХЭНТЭЙ Ч
ХАМААГҮЙ ХЭРЭЛДЭЖ БАЙЖ
КАЙФ АВДАГ ЮМ БИЛЭЭ


- АН-д төр барих туршлага, чадвар байхгүй байна уу. Суралцах хугацаа хэрэгтэй байх даа?
-АН-д төр барих чадвар үнэхээр алга. Үүнийг Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр лүү” гэдэг уулзалт дээрээ хэлсэн гэж би дээр хэллээ. Ерөнхийлөгч Засгийн газрыг онгоцтой зүйрлүүлж хэлсэн. Үүнд АН-ынхан дүгнэлт хийх ёстой л доо. Гэтэл үүнийгээ засах чадваргүй л байна. Нэгэнт ийм байдалд хүрсэн юм чинь хариуцлага тооцохоос аргагүй. Бүх төвшинд хариуцлага алдсан. Өчигдөр гэхэд л хоёр байнгын хороо хуралдсангүй, ирц нь бүрдээгүй. УИХ-ын чуулган өнөө өглөө 09.00 цагаас эхлэх ёстой байтал хоёр цагийн дараа ирц нь арай гэж бүрдэж байна. Энэ мэт хариуцлагагүй зүйл бий болсон. Ядаж гишүүд нь хуралдаа ирэхгүй юм. Ирэхгүй байгаа хүмүүс нь эрх баригчид. Бид нар ямар ч тохиолдолд 50 хувийн ирц бүрдүүлж чадаад байгаа юм л даа. Гэтэл бидний буруу юм шиг ойлголт нийгэмд төрүүлээд байна. Уг нь нийгэмд зөв ойлголт өгч, хамтарч ажиллаад явбал улс орон, ард түмний эрх ашигт тустай. Гэтэл ард түмнийг улам л талцуулах, хуваах, улстөржүүлэх л юм хийгээд байна. АН-ын хийж байгаа зүйлийг үнэхээр ойлгохгүй юм. Яг сөрөг хүчний байр суурин дээрээ байгаа юм шиг л авир гаргаад байна шүү дээ. Эрх баригч гэдгээ одоо болтол ухаараагүй явна. Иймэрхүү байдалтай байвал эргээд л сөрөг хүчнийхээ байр суурин ирнэ. Эрх баригч дотор өөрийн гэсэн үзэл бодол, ойлголттой гишүүн бас байна аа.

-Та Р.Амаржаргал гишүүнийг хэлж байна уу?

-Тйим. 2013 оны төсөв үнэхээр хариуцлагагүй болсон гэдгийг Р.Амаржаргал гишүүн төсвийн тодотгол хийх явцад хэлсэн. АН-ыг 2012 онд 2013 оны төсөв батлахдаа сөрөг хүчингүй дангаараа хийсэн нь алдаа гэдгийг хэлсэн шүү дээ. Тиймээс үүндээ хариуцлага хүлээ гэж байгаа юм билээ. Хариуцлагагүй төсөвт Ерөнхий сайд, Сангийн сайд, эсвэл цөөнхгүйгээр төсөв батласан УИХ-ын даргыг хариуцлага хүлээх ёстой, хэрвээ та нар хариуцлага хүлээхгүй юм бол би хариуцлага хүлээхэд бэлэн гэсэн. Тиймээс УИХ-ын гишүүнээсээ татгалзахад хүрсэн гэж ойлгож байгаа. Тэр хүн эрх баригчдын өмнөөс ичээд УИХ- ын гишүүнээсээ татгалзах хэмжээнд хүрсэн байна шүү дээ. Хүнийг ийм болтол нь байдалд оруулж байгаа нь харамсалтай. Өнөөдөр үдээс хойш чуулган хуралдахгүй. Хэлэлцэх асуудалгүй гээд байгаа юм. Бидний өргөн барьсан маш олон хууль байгаа. Гэтэл асуудалгүй гээд л суугаад байдаг.

-Ер нь УИХ-ын гишүүд тааваараа, завандаа ажилладаг болчихсон юм биш үү?
-Өнөөдрийн УИХ-ын чуулган өглөө 09.00 цагт зарлагдсан боловч эхлэхгүй байсаар 11 цаг хүргэлээ. Маргааш хуралдах эсэхийг мэдэхгүй. Байдал ийм дээрээ тулчихсан байхад эрх баригчид нэгийг бодох л ёстой. Үүнийгээ ухаарч байгаа юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Хурал тасалж байгаа гишүүдийн ихэнх нь эрх баригчид. Тэгсэн хэрнээ цөөнх ирсэнгүй гээд байдаг. Иймэрхүү жижиг, сажиг зүйлээр оролдоод байх юм манай эрх баригчид.

-Манай Ерөнхий сайд өөрөө хэлсэн шүү дээ. Би бол микро төвшний хүн гэж?
-Ерөнхий сайдыг нэлээд хүчтэй шүүмжилж, тулдаг хүний нэг нь би л дээ. Манай Ерөнхий сайд их сонин хүн. Сөрөг хүчний байр суурин дээрээсээ ерөөсөө хөдлөхгүй байгаа юм. Хэнтэй ч хамаагүй маргалдаж, хэрэлдэж л байвал түүнээсээ кайф авдаг юм шиг. Тэгэхээр аргагүй л жижиг, микро төвшний хүн нь мэдэгдэж байгаа биз дээ. Уг нь Ерөнхий сайд бол том субъект. Тэр утгаараа том л сэтгэж ажиллах хэрэгтэй. Ерөнхий сайд өөрөө орон нутагт ажиллаж, газар дээрх байдлыг нүдээрээ үзэх ёстой. Тэгэхгүй аймгийн удирдлагуудтай цахим хурал хийгээд сууж байдаг. Уул нь шилэн цонхны цаанаас амьдралыг тольдож байхын оронд гадуур гараад, өөрөө байнга ярьдаг тэр долоон буудлын Должин эмээгийндээ очих хэрэгтэй. Должин эмээгийн амьдрал дордсон уу гэхээс дээрдээгүй гэдэгт итгэлтэй байна. УИХ дээр ярьдаг шиг иргэдтэйгээ сайхан задгай яриад уулзах хэрэгтэй. Хэдий болтол амьдралаас тасарсан зүйл ярих юм, бүү мэд.

-Хамгийн гол нь одоо том бодлого орхигдоод байна шүү дээ?
-Манай Засгийн газрын хийдэг ганц ажил нь энд тэнд очиж зээл гуйх ажил болж дээ. Монгол Улсаа барьцаанд тавиад ингэж хамаагүй өр зээл тавьж болохгүй ээ. Хойч үе, үндэсний аюулгүй байдлаа бодсон ч тэр. Өнөөдөр гаднын хөрөнгө оруулалт буурсан. Гадаад худалдаа 1.6 тэрбум ам.долларын алдагдалтай ийм л байдалтай байна. Засгийн газрын буруу үйл ажиллагаанаас болж хөрөнгө оруулалт нь үргэчихсэн. Нэг л их зээл авч юм хийнэ гэсэн хүмүүс. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээ мэддэг баймаар байна. Өр тавьж хөгжинө гэдэг асуудал байж болохгүй.

-Эрх баригчид хэзээ ухаарах юм бол?
-Одоо ухаарахгүй бол дөрвөн жилийн дараа ард түмэн ухааруулах байлгүй. Харин Ерөнхийлөгч энэ байдлыг маш сайн ухаарсан байна гэж бодсон шүү. Саяын уулзалт дээр өөрийн байр суурийг маш тодорхой илэрхийллээ. Зөв юм ярьсан. Түүний хэлснийг дэмжиж байгаа. Сөрөг хүчний ярьсан зүйлийг бүгдийг нь нотолж өглөө. Эрх баригчид арга барилаа өөрчлөх болсон. Тэр нь зөвшилцөл гэдэг зүйл дээр тогтох юм. -Таны ярианд хариуцлага тооцох ёстой гэдэг үг их ажиглагдлаа. Хариуцлага тооцох гэдгийг Засгийн газрыг огцруулж л тооцно гэж ойлгож болох уу. Энэ ганцхан таны байр суурь уу. Тантай санал нэг гишүүд байгаа юу? -Миний хувь гишүүний байр суурь. Засгийн газарт хариуцлага тооцох ёстой. Харин Засгийн газарт бүхэлд нь тооцох ёстой юу, эсвэл хариуцлагагүй зарим нэг сайд нарт хариуцлага тооцох уу гэдгийг ярилцаж байж шийдэх асуудал.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАЛАМЖИЙН
БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА


-Манай улсын эрчим хүчний салбар энэ жилээс доголдож эхэллээ. Энэ өвөл дулаан, цахилгаанаар бүрэн хангаж чадахгүй гэж нийслэлийн удирдлагууд хэлээд байгаа. Энэ намраас эхлээд сүүлийн хэдэн жилд үзэгдээгүй цахилгаан тасарлаа шүү дээ?
-Монгол Улс 1990 оноос хойш зах зээлийн харилцаанд шилжсэн. Ингэснээр бүх үйл ажиллагаа зах зээлийн зарчмаар явах ёстой. Эрчим хүч гэдэг бол бизнесийн салбар. Яг л зэх зээлийн замаар явах ёстой салбар байхгүй юу. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэхгүй яваад байна. Ерөөс халамжийн байгууллагын хэлбэрээр л явуулаад байгаа юм л даа. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний үнийг нэмж болохгүй, ард түмэн зүдэрнэ гэсэн зүйл яриад байгаа юм. Эрчим хүч 1992-1996 оны хооронд маш хүндэрсэн. Жилдээ 240 гаруй хоног хязгаарлалт хийж байсан түүх бий. Харин 2000 оноос хойш гайгүй болж, гадны хөрөнгө оруулалт техникийн шинэчлэл гайгүй хийгдсэн. Сүүлийн 20 жил эрчим хүчний шинэ эх үүсвэр нэмэгдээгүй. Уг нь тавдугаар цахилгаан станц барих талаар олон жил ярьсан боловч өнөөдрийг хүртэл шийдлээ олж чадахгүй л байна шүү дээ.

-Та эрчим хүний салбарыг гарын арван хуруу шигээ мэддэг, манай нэртэй зөвлөх инженерүүдийн нэг. Энэ салбарт ажиллаж ирсэн түүх таны энэ насны нэг хэсэг гэж харсан шүү?
-Би эрчим хүчний салбарт 32 жил ажилласан.Тэр утгаараа эрчим хүний салбарын зовлонг сайн мэднэ. 2008 онд УИХ-д орж ирээд эрчим хүчний талаар өнгөрсөн хоёр том бодлого гаргуулсан. Нэг нь Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулсан, нөгөөдөх нь Эрчим хүчний талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол санаачлан батлуулсан. Энэ тогтоолоор эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчмаар ажиллуулах бодлого гарсан хэрэг л дээ. 2010 онд эрчим хүчний салбар 69 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан. Хуульд өөрчлөлт ороод, тогтоол гарснаар алдагдалгүй ажиллаж эхэлсэн л дээ. Харамсалтай нь 2012 оноос эхлэн энэ шийдвэрийн хэрэгжилт удааширч эхэллээ. Уг нь энэ бодлогоор эрчим хүчний салбар 2014 оноос эхлэн зах зээлийн зарчимд шилжиж, хэвийн хангамжтай өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг голдролд орчих ёстой байсан юм. Энэ тогтоолд ард түмнийг хамгаалж байсан нэг зүйл нь 150 кват цахилгаан эрчим хүчийг 2010 оны үнээр тооцно, түүнээс цаашхи илүү хэрэглээг 2012 оны тарифаар худалдана гэдэг зохицуулалтыг хийж өгсөн л дөө. Энэ бол үнэхээр том хамгаалалт байсан. Мөн Багануурт цахилгаан станц барих, одоогийн гурав, дөрөвдүгээр цахилгаан станцад өргөтгөл хийх, шинэ дулааны эх үүсвэр барих бодлогыг эхлүүлсэн байсан юм. Харин тэр маань гайгүй хэрэгжээд явж байна. Цаашид бид Тавантолгой, Шивээ-Овоо, Багануур гээд төвлөрсөн газрууддаа бүгдэд нь цахилгааны эх үүсвэр барих ёстой гэсэн байр суурьтай явдаг.

-Энэ өвөл хүндэрвэл гаднаас авах эрчим хүчний хэрэглээ ихсэх байх, эсвэл цахилгааны хязгаарлалтын горимдоо шилжих байх даа, тийм үү?

-Миний харж байгаар энэ өвөл хамгийн хүнд болно. Яагаад гэвэл эрчим хүч, дулаан цахилгааны аль алиных нь хүчин чадал хүрэхгүй байх магадлалтай. Гэхдээ эрчим хүчний салбарын хамт олон аль ч үед туулаад л гардаг. Энэ салбарт 15 мянган хүн ажилладаг. Би энэ салбарын хамт олонд баярлаж явдаг. Одоо явагдаж байгаа цахилгаан станцуудын өргөтгөл ашиглалтад ороод ирвэл хоёр жилдээ гайгүй амьсгаа авах байх. Харин 2016 оноос эхлээд тав дахь эх үүсвэрээ хурдан ашиглалтад оруулахгүй бол бид дахиад л хүнд байдалд орно. Тиймээс бид ярьж байгаа зүйлээ бодит болгох хэрэгтэй. Шоу хийх хэрэггүй. Харин М.Сономпил сайд мэргэжлийн хүн биш ч гэсэн өмнөх бодлогыг хэрэгжүүлэх гэж зүтгэж байна. Гэхдээ ганцхан М.Сономпил хөдлөөд үр дүн гарахгүй. Засгийн газар дэмжиж, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсч байж явахгүй бол болохгүй. Монгол орон үсрэнгүй хөгжихөд ойрхон байгаа. Гэхдээ хоёрхон зүйл хэрэгтэй байна. Нэг нь эрчим хүчний найдвартай хангамж, нөгөөдөх нь төмөр зам. Энэ хоёр байхгүй байхад улс орон хөгжүүлэх тухай бодоод ч хэрэггүй. Хамгийн гол нь би дээр хэлсэн, зах зээлийн зарчимд оруулж хөгжүүлэх ёстой.

-Та эрчим хүний салбарынхаа хөгжлийг төрийн бодлогод тусгах гол хүн нь шүү дээ. УИХ-ын гишүүн байх үедээ хийхээр зорьж буй ажил юу байгаа бол?

-Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хийсэн судалгааныхаа үндсэн дээр Монгол Улсын эрчим хүчний салбарын менежментийн шинэчлэл буюу зах зээлийн харилцаанд шилжих гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Түүндээ 10 төрлийн санаа гаргасан. Би дээр хэлсэн нэг хууль гаргаж, тогтоол батлуулсан гэж. Харин одоо нэг зүйл үлдээд байгаа юм. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг батлуулахар зорьж явна. Монгол шиг эрчим хүч нь цалгиж байгаа газар хаана ч байхгүй. Тиймээс үүнийг өөрчилж, хэмнэх үүднээс эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль гарах ёстой. Хуулийн төсөл нэлээд цэгцтэй боловсруулсан. Одоо Засгийн газар өргөн барих байх. Мөн 2007 онд батлагдсан Эрчим хүчний нэгдсэн хөтөлбөрийг өөрчлөх цаг нь болсон. Өнөөдрийн шаардлага хангахгүй байна. Тиймээс эрчим хүчний бодлогод өөрчлөлт хийж УИХ-аар батлуулах зорилт тавьж байгаа. Үүнийг энэ удаагийн бүрэн эрхийн хугацаандаа хийчихвэл миний найман жил УИХ-д суусан, 32 жил эрчим хүчний салбарт ажилласны үр дүн гарна даа. Энэ бол салбартаа төдийгүй Монгол Улсад миний оруулж байгаа том хувь нэмэр болов уу гэж бодож байна. Би салбарынхаа хамт олноор үнэхээр бахархдаг. Хөдөлмөрч хүмүүс. Би эрчим хүчинд байхдаа гурван өдөр гэртээ харихгүй ажиллах бол хэвийн үзэгдэл байв. УИХ-ыг ингэж ажиллаасай гэж хааяа боддог юм. Анх намайг 7-8 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийнхэн их гайхдаг байсан. Ийм эрт ирлээ гэж. Тоглоом шоглоомоор УИХ чинь хийх ажилгүй газар юм байна шүү дээ гэдэг юм.

-Манай казах иргэд Казахстан руу их нүүсэн. Гэтэл өөрсдөө хүсэлт гаргаагүй байхад Монголын иргэншлээс нь хасчихсанаас болоод эргэж ирээд хүнд байдалтай байлаа шүү дээ. Тэдний асуудал шийдэгдсэн үү?
-Монгол Улсад казах хүмүүс амьдарсан түүх бол маш олон жилийн өмнөөс эхтэй. Нууц товчоонд Хэрэйд омог гэж байдаг. Тэр Хэрэйд омог бол одоогийн амьдарч байгаа казахууд шүү дээ. 1912 онд казахууд Богд хаанд өргөх бичиг барьж Монголын албан ёсны иргэн болсон түүхтэй. Өнөөдөр дэлхийн 42 оронд казах хүмүүс амьдардаг. Улс болгонд казах иргэдийн холбоотой. Тэдгээрийг нэгтгэсэн Дэлхийн казахуудын холбоо гэж бий. Ерөнхийлөгчөөр нь Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ажилладаг. 1992 онд казахуудын холбооны хуралд Нурсултан Назарбаев тавьсан илтгэлдээ “Дэлхийн 42 оронд амьдардаг казахуудын дотроос хэл соёл, зан заншлаа унаган төрхөөр нь хадгалж үлдсэн нь Монголын казахууд байна” гэсэн. Энэ бол маш том дүгнэлт гэж боддог. Монголын төр засаг үндэсний цөөнхийнхөө талаар авч хэрэгжүүлсэн зөв бодлогын үр дүн. Харин тэр иргэншлээс хассан тухайд бол асуудал байна аа. Монгол Улсын иргэн өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг иргэншлээс хасна гэсэн хуультай. Гэтэл Казахстан гарсан иргэдийн жагсаалтыг харж байгаад өөрөө хүсэлт гаргаагүй байхад бөөнөөр нь хасчихсан явдал байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд 700 гаруй хүний иргэншлийг сэргээсэн. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 800 гаруй хүний иргэншлийг сэргээсэн. Харин одоо Казахстаны иргэний үнэмлэх авсан хүмүүс үлдсэн. Иргэншлээс гарсан хүмүүсийн асуудал маш хүнд байгаа. Үүнийг цаашид шийдэх байх гэж бодож байгаа.

-Монгол-Казахстаны парламент хоорондын харилцаа ямар төвшинд байдаг вэ. Та бүлгэмийн дарга шиг санах юм?

-Монгол-Казахстаны парламен- тын бүлгэмийн даргаар миний бие ажилладаг. Сая УИХ-ын даргын урилгаар Монгол-Казахстаны бүлгэ- мийн гишүүд ирж хоёр хоног ажиллаад буцлаа. УИХ-ын дарга хүлээж авч уулзсан. Казахстан улсаас сурах зүйл их байна. Тухайлбал, хилийн боомт, боловсон хүчнээ бэлтгэх асуудал зэрэг харилцан сурах маш их зүйл бий.

-Ярилцсанд баярлалаа

Б.МӨНХТУЯА
Д.МЯГМАРСҮРЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • монгол хүү (202.55.191.35)

    2013-12-07

    улаантан халхаа цэнхэртүүлэх гээд ядаж байхад хажуугаар нь улаантан хасаг дараа л байна одоо хил давуулаад шидэхэд цаадуулна цааш харуулахаа больсон байлгүй дээ шидчих нь шүү

  • монгол хүү (202.55.191.35)

    2013-12-07

    улаантан халхаа цэнхэртүүлэх гээд ядаж байхад хажуугаар нь улаантан хасаг дараа л байна одоо хил давуулаад шидэхэд цаадуулна цааш харуулахаа больсон байлгүй дээ шидчих нь шүү

  • монгол хүү (202.55.191.35)

    2013-12-07

    улаантан халхаа цэнхэртүүлэх гээд ядаж байхад хажуугаар нь улаантан хасаг дараа л байна одоо хил давуулаад шидэхэд цаадуулна цааш харуулахаа больсон байлгүй дээ шидчих нь шүү

  • Батлай (180.235.172.80)

    2013-12-06

    Энэ хасаг яахав дээ өөр хйих ажил байхгүй хүн сүүлчийн боломж нь энэ ..... Дандаа лингэж байдаг юм .

  • (122.148.121.221)

    2013-12-06

    neeree l tiim baih daa, baigaa baidliig ni harahaar.

  • Зочин (103.11.192.34)

    2013-12-06

    Энэ хөгшин казах дандаа хэрүүл хийж хүн муулж явах юм. Энэ одоо юу бэ? Ерөнхий сайдыг муулдаг, Их хурлын танхимыг Баян-Өлгийн намын хороо гэж бодож байгаа биш биз. Уржигдар Баянсэлэнгэтэй хэрэлдээд, Өлгийн төсвийг бага баталлаа гээд Ардын нам ийм мангаруудаас салаагүй цагт олонх болж чадахгүй шүү. Ярилцлагад авах юм алага. Казахууд өөр сонголт хийх цаг болсон доо

  • батаа (124.158.77.28)

    2013-12-06

    казак нөхөр юу гээд байнаа