Р.Содхүү: ”Хүнсний аюулгүй байдлын төлөө улстөржихгүй юм бол өөр юуны төлөө улстөржих гэж”

Манай улс 100 мянган тонн улаан буудайг импортоор оруулж ирэх гэж буй асуудал сүүлийн үед тариаланчдын төдийгүй ард иргэдийн анхаарлын төвд байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн асан, “Атарын III” аяныг санаачлагч Р.Содхүүтэй ярилцлаа.

-Өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар 100 мянган тонн улаан буудай импортлохыг УИХ-аар дэмжлээ. Харин үүнийг “буруу” гэсэн хүмүүсийг “Улстөржлөө” гэх болж. Үнэхээр зөв зүйл хийж байхад нь МАН- ынхан зүгээр л улстөржөөд байгаа хэрэг үү?

-100 мянган тонн удаан буудай импортлохтой холбоотой асуудлыг УИХ-аар хэлэлцлээ. Үүнийг газар тариалангийн салбарыг сайн мэдэх хүний хувьд ажиглахад УИХ-д “улстөржиж байна” гэх асуудал их ярьж байна. Надад бол аль нам, эвсэл байх нь хамаагүй. Төрийн түшээ байна гэдэг амар ажил биш л дээ. Өөрөөр хэлбэл, гишүүн болсон хүн дахин төрөх хэрэгтэй. Намын болон өөрийн ямарваа нэг эрх ашгаас илүүтэй төр, ард түнийхээ язгуур эрх ашгийн төлөө тэмцдэг хүн болж хувирах ёстой. УИХ-д тийм хүн цөөн байна. “Би чинь ард түмнийг төлөөлсөн төрийн түшээ боллоо шүү” гэдгээ бодох цаг болсон. Гэтэл “Хүмүүсийн идэх хоолоор битгий улстөржөөд бай” гэж хэлж байна л даа. Улстөржинө гэдгийг тэд утга учиргүй маргаан, хэрүүл гэж ойлгодог бололтой. Уг нь УИХ буюу Монгол Улсын төрд ард түмнээ хоолтой байлгахын төлөө л сууж байгаа биз дээ. Тиймээс мах, сүү, гурил гурвын төлөө дээд зэргийн улстөржих ёстой гэж би үздэг. Маргаан, мэтгэлцээн нь дээд цэгтээ хүртэл өрнөөд гарсан улс төрийн шийдэл нь эдийн засгийн шийдэл болж хувирах хэмжээнд асуудлыг авч үзэх хэрэгтэй. Хамгийн нягт, нямбай улстөржих асуудал чинь л энэ шүү дээ. Тийм байтал шууд л “Ард түмний төлөө битгий улс төржөөд бай” гэж хэлж байна. Энэ үгэнд нь миний хувьд сэтгэл дундуур байгаа.

-Та бас “Төр төрийн бодлогоо алдлаа” гэж хэлж байсан. Баримтлах ёстой бодлого нь яг юу юм бэ?
-Газар тариалангийн салбарт баталгаажих юм гэж бий. Өөрөөр хэлбэл, “Төрийн бодлого алдагдлаа” гэж яриад байна. Аль аль тал нь л “Төрийн бодлого” гэж яриад байгаа ч яг юу нь, хаана аа алдагдаад буйг ойлгож байна уу, үгүй юу. Монгол Улсын тариалангийн үйлдвэрлэл буюу гурилын хэрэгцээг хангах ёстой төр өөрөө төрийн бодлогоо алдаж эхэллээ. Учир нь Төрөөс ХХАА-н талаар баримтлах бодлого гэдэг үндсэн баримт бичиг бий. Энэ баримт бичгийн гуравдугаар зүйлд “ХХАА-н гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн мах, сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэхэд оршино” гэж заасан байгаа. Энэ чинь л төрөөс баримтлах бодлого байхгүй юу. Гэтэл 100 мянган тонн улаан буудай импортлох асуудал УИХ-д тавих үеэс л энэ бодлого алдагдсан. Тиймээс энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороо, Байгал орчин, хөдөө аж ахуйн бодлогын байнгын хороо дээрх заалтын дагуу авч хэлэлцэх ёстой.

-Энэ бодлогын баримт бичгээ мэдэхгүй байна уу, эсвэл зориуд зөрчөөд байгаа юм болов уу?
-Мэдэхгүй байна л гэж би харж байгаа. Уг нь харж байхад УИХ- ынхан бодлого алдагдсан тухай яриад байгаа юм л даа. Гэхдээ яг ямар бодлого алдагдсанаа яриад асуудалд бодитой хандахгүй байна. Энэ бодлогоор ч зогсохгүй Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд бас нэг том заалт бий. Яахав, “стратегийн бүтээгдэхүүн” гэж гишүүд яриад байна л даа. Гэхдээ хуулийнхаа хүрээнд ярихгүй байна. Дээрх хуулийн 3.1.6.“стратегийн хүнс гэж Монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг хэлнэ” гэж заасан байдаг. Тэгэхээр Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хөдөө аж ахуйн бодлогын байнгын хороо л энэ зүйл, заалтыг ярих ёстой. ҮХАА-н сайдад “Энэ бодлого алдагдсан байна, яагаад тэр вэ” гэсэн шаардлага тавих ёстой шүү дээ. Өөрөөр хэлбэл, өөрсдийн орны хөрсөнд ургуулсан стратегийн бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх тухай заасан байхад яагаад гаднаас оруулж ирэх гээд байна вэ гэдэг асуудлыг тавих учиртай. Энэ талаар хоёр байнгын хороо хэлэлцээд, УИХ-ын төвшинд анхааралдаа аваад ер нь гаднаас буудай оруулж ирэх үү, үгүй юу гэдгийг хэлэлцэх нь чухал. Харин авах эсэхийг ярихад бас их учир бий. Одоо байгаа буудай болон гурилын хэрэгцээ, үлдэж буй хэрэгцээ, ирэх есөн сарын хугацаанд дотоодын хэрэгцээний гурилаа хангах эсэхийг эхлээд судлах ёстой байсан. Тэгж байж ярих нь зүйтэй.

-ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал “Өмнө нь манай улс улаан буудайг үргэлж л импортолж байсан” гэж ярьсан шүү дээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Таваарын будааг Монголд тэр дундаа төвийн бүс рүү сүүлийн гурван жилд импортлоогүй. Харин гурилыг бол өндөр татвартайгаар импортолж байгаа. Улаан буудайны хувьд баруун гурван аймагт гаднаас бага зэргээр оруулж ирсэн тал бий. Үүнийг төвийн бүсээр оруулж ирсэн мэтээр худлаа хэлж болохгүй. ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал гэдэг хүн манай улс бүх үед, “Атарын III” аян хэрэгжүүлж байхад ч импортолж байсан тухай худлаа ярьж байна лээ. “Монгол орон хэзээ ч өөрийгөө улаан буудайгаар хангаж байгаагүй” гэж хэлсэн. Ингэж хэлсэнд нь би тэдний өмнөөс ахмадуудаас ичиж байгаа. Хүний өмнөөс ичнэ гэдэг хэцүү. Яаж тэгж ярьж чадаж байна аа. Өнгөрсөн зууны 50 гаруй жилийн дотор Монголчууд өөрсдийгөө хангаад 850 орчим мянган тонн үр тариа хурааж авч байсныг үгүйсгэх ямар эрхтэй хүн бэ. Өөрөө орлогч сайд байхдаа “Монголын газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлсний хүч...” гэж хэлж байсан хүн шүү дээ. Гэтэл тэр хүн 400 гаруй мянган тонн улаан буудай хурааж аваад 200 орчим мянган тонныг нь хэрэглээд үлдсэн нь алга болчихож байсан юм шиг л яриад байна. Яг үнэнийг хэлэхэд 275 мянгаас доошгүй тонн үр тариа нь гурилын болон спиртийн үйлдвэрт очоод, 100-гаас доошгүй мянган тонн нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд хуримтлагдаж байсан. Ингээд бодохоор түүний хэлсэн тоо худлаа юм. Төрийн хариуцлагатай том алба хашиж буй хүн тийм хамаагүй худлаа, алдаатай тайлбар хийж болохгүй.

-“Манай улсад гурил будаа дутагдаж байгаа юм байна. Тэгээд биднийг өлсгөхгүйн тулд гаднаас оруулж ирэх гэснийг нь МАН-ынхан эсэргүүцээд байгаа бололтой” гэсэн ойлголт зарим хүнд суутал нь эрх баригчид яриад байх шиг?

-Ард түмэн үнэн зөвийг нь ойлгож байгаа байх. Одоо бол ард түмэн хэн нь худлаа, хэн нь үнэн яриад буйг мэддэг болсон. Тийм ч учраас “Өөртөө будаа байгаа юм бол гаднаас авах шаардлага юу байна вэ” гэж хэлэх нь олон байна шүү дээ. Зарим нь “Өнөө л луйвраа хийх гэж байгаа биз” гэж байна. Гэтэл “Хүнсэн дээр улстөржлөө” гэж байгаа нь юу гэсэн үг вэ. Монголын ард түмний хүнс, хүсний аюулгүй байдлын тухай асуудал яригдаж байхад улстөржихгүй гэж зугтаад буй нь ямар учиртай юм бэ. Улстөржих гэдэг чинь ухаалаг мэтгэлцээнийг хэлдэг юм. УИХ тэр чигтээ улстөржилт шүү дээ.

-Тариаланчдаас энэ асуудлыг дэмжих хүн бий болов уу?

-Гаднаас 100 мянган тонн улаан буудай оруулж ирэхийг нэг ч тариаланч хэзээ ч дэмжихгүй. Үүнийг би баталгаатай хэлж чадна. Яагаад гэвэл зах зээлийн эдийн засаг, ардчиллын эхний үед хөдөө аж ахуйн салбар төрийн ямар ч дэмжлэггүй, тодорхой хэмжээнд хүмүүсийн сэтгэл зүй бэлтгэгдээгүй, зах зээлийн эдийн засаг руу хаяад газар тариалангийн үйлдвэрлэлийн уналт болсон юм. Ер нь газар тариалангийн уналтын гол шалтгаан нь энэ шүү дээ. Тариаланчид тариагаа тарьж чадахгүй хүчин мөхөстөөд, төрийн дэмжлэггүй болоод унаад ирэхэд Монголын зах зээлийг Орос, Хятадын улаан буудай эзэлсэн. Энэ нь манай тариаланчдын сэтгэл зүрхэнд айдас болоод суучихсан байгаа. Өөрөөр хэлбэл, 1990-2007 он хүртэл 17 жилийн турш тариаланчид дээрх хоёр орны гурилтай тулалдсан. Хэрэв одоо импортоор улаан буудай оруулж ирвэл дотооддоо тариална гэдэг ойлголт цаашид алга болно гэсэн үг. Би ч бас “Атарын III” аяныг эхлүүлэлцэж явсан хүний хувьд газар тариалангийн салбар уналтад орох гэж буйд айж байна. Үүнтэй холбоотой “Манайх яагаад рабс хайсан юм бэ” гэсэн нэг асуулт гардаг. Энэ бол тариаланчдын айдсаас болсон юм. Улаан буудайн үнэ яагаад унадаг вэ гэхээр нэгдүгээрт манай дотоодын хэрэгцээг гаднынхан эзэлсэн цагт, хоёрдугаарт тариаланчдынхаа тарьсан будааг төр нь үнэлэхгүй бол унадаг. 1990-ээд онд импортын гурилд цохигдож унасан бол сая Монголын төр үнээр нь дэмжээгүй учраас үнэ нь уналаа. Энэ хоёрыг ялгахгүйгээр асуудлыг ярьж болохгүй. Дээрх хоёр байнгын хороо оруулах эсэхийг шийдсэний дараа Төсвийн байнгын хороо хэлэлцэх ёстой.

-Шууд л Төсвийн байнгын хороо эхлээд хэлэлцсэн юм биш үү?
-Би одоо бүр учрыг нь олохгүй байгаа юм. Төсвийн байнгын хороо улаан буудайг импортлох асуудлыг хэлэлцдэг газар биш. Миний хувьд УИХ-ын гишүүн байхдаа Төсвийн байнгын хороонд найм, есөн жил явсан. Тэр чинь татвар нэмэх, чөлөөлөх, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг шийддэг газар. Үүнийг ард түмэн ойлгож “Энэ одоо юу болоод байгаа юм бэ” гэж олон хүн надаас утсаар асуусан. Гэтэл Төсвийн байнгын хорооныхон асуудлыг дэвэргэчихээд “Бид татварыг л ярьсан шүү дээ. Буда оруулах эсэхийг ер яриагүй” гэж цэвэрхэн бултаж байна. Ер нь Монгол Улсын төр асар том бодлогын алдаа гаргаж байна.

-100 мянган тонн буудайг импортоор оруулаад ирвэл манайд илрэх хамгийн том хор уршиг нь юу байх вэ?

-Бодлогоо зөрчөөд оруулаад ирсэн тохиолдолд нэгдүгээрт манай улс ХХАА-н талд баримтлах бодлогоо алдна. Одоо 100, ирэх онд 300 мянган тонн орж ирнэ. Хэрэв ингэвэл үндсэндээ газар тариалангийн салбар унана. Энэ будаагаа ирэх зургадугаар сарын 1 гэхэд оруулж ирнэ гэж яриад байна. Тариаланчид будаагаа тариалах гэж байхад оруулж ирэх нь. 100 мянган тонн улаан буудай гэдэг бол манай тариаланчдын жилдээ тариалдаг буудайн гуравны нэг хэмжээ. Дээр нь гурилын үйлдвэрүүдэд 200 мянган тонн бий. Тэгэхээр ирэх намар тариаланчдын хурааж авсан буудайнд зах зээл байхгүй болно гэсэн үг. Хамгийн том хор уршиг нь энэ. Нэг цоороод муудсан шуудайг хэчнээн нөхөөд ч арга авахгүй шүү дээ. Тэгэхээр цаашид импортоор гурил ч, улаан буудай ч орж ирсээр байх нь.

-Би бас нэг зүйлийг гайхаад байна. Газар тариалангийн бүс нутаг буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон хоёр гишүүн буудай импортлохыг дэмжлээ. Яагаад тэр юм бол?
-Уг нь УИХ-ын гишүүн Эрдэнэбат, Баярцогт хоёр үрийн тухай л ярьж байсан юм. Гэтэл яагаад тэгснийг нь мэдэхгүй байна. Яагаад дэмжив гэдгийг өөрсдөөс нь асуусан нь дээр байх. Хамгийн гол нь улстөрчийн хариуцлага гэдэг нэг юм бий. Тариаланчдын эрх ашгийг хамгаалах тухай ярьж сонгогдчихоод одоо юу хийж байна вэ. Хэрэв Сэлэнгийн тариаланчдыг хоолгүй болговол хэн хариуцах юм. Тэр хоёр хариуцах юм уу.

-Уг нь Ерөнхий сайд үргэлж л “Импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ” гэж яриад байгаа. Гэтэл тэр яриад байгаа нь үйлдвэрлэлийн нэг нь улаан буудай мөн биз дээ?

-Ам ажлын алд дэлэм зөрүүг эндээс харж болохоор байгаа. Хурал болгондоо өөрсдөө үйлдвэрлэдэг болох тухай яриад байна. Тэгсэн хэр нь гаднаас улаан буудай импортлох талаар хэлэлцээд байх юм. Хэрэв дотоододоо үйлдвэрлэх гэж байгаа л юм бол энэ жил тэсэх ёстой. Манай улс 668 мянган га эргэлтийн талбайтай. Үүнээс жилд 300 гаруй мянган га-д нь тариалалт хийгээд үлдсэн нь уриншлагддаг. Тухайлбал, 2012 онд 306 мянган га-д тариалалт хийж, 295 мянган га-д уринш хийсэн байна. Ер нь нийт эргэлтийн талбайдаа л баригдна шүү дээ. Гэтэл өнөөдөр ҮХААЯ-наас гаргаж буй тоогоор бол 375 мянган га-д үрт тариа, 79 мянган га-д рабс тарьсан, 311 мянган га-д уринш хийсэн гэвэл 700 гаруй мянган га талбайтай болж таарч байна. Байхгүй эргэлтийн талбайг гаргаж ирээд байна шүү дээ. Үүнээс харахад 668 мянган га-д бариулаад 79.4 мянган га-д нь рабс тариулсан чинь 32 мянган га цэвэр дутаж байгаа байхгүй юу. Тэгэхээр буудайны өнөө 275 мянган га талбай хасагдаж 240 мянган га-д тариалсан болж таарч байна. Эсвэл 240 мянган га-д улаан буудай тариад дээр нь рабс нэмж тарьсан болж таарна. Уг нь ямарваа юм хайрцагт баригдана биз дээ. Гэтэл эргэлтийн талбайгаасаа илүү гараад байгаа юм.

-Тэгвэл цаашид тариалангийн салбарыг унагахгүйн тулд яах ёстой вэ?

-Энэ алдагдсан бодлогоо эртхэн засч залруулах хэрэгтэй. Богино хугацаанд алдаагаа засах нь чухал. Бид өнгөрсөн хугацаанд атарын нийт гурван аян зарлалаа. Одоо харин хэзээ ч төрийн бодлого алдагддаггүй төвшинд авч явах арга механизмыг олж хийх хэрэгтэй. Тиймээс Засгийн газар, ҮХААЯ энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Хэзээ ч дуусдаггүй аян, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Улс бүхэн хүнсний аюулгүй байдлыг хангасан төрийн хатуу бодлоготой байдаг. Одоо төрийн хатуу бодлогыг л хэрэгжүүлэх цаг болсон. Тайвань, Япон, Солонгос руу нэг уут цагаан будаа аваад ороод үзээрэй. Тэгвэл бараг толгойгоо авахуулна. Ойртуулах ч үгүй. Эдгээр улс 299 хувийн импортын татвартай байдаг. Гэтэл манайх юу болж байна вэ. Алдагдалтай байсан ч дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжээд урамшуулж, улам сайжрууах хэрэгтэй. Гадны гурилаар хангадаг болвол хүнсний аюулгүй байдал алдагдана. Өмнө нь бид хугацаа нь дууссан, хаях гэж байсан хорхой шавьжтай будааг оруулж ирээд шигшээд иддэг байсан шүү дээ. Одоо газар тариалан унавал яг л тийм байдал руу шилжинэ.

-Ер нь тариаланчдыг хамгийн нэгдүгээрт юугаар дэмжих хэрэгтэй вэ?

-Хамгийн нэгдүгээрт цогц бодлого гаргаж ирэх нь зүйтэй. ҮХАА-н сайдын хувьд унасан салбарыг худалдаж аваад ч гэдэг юм уу босгодог хүн гэж би хувьдаа хардаг. Энэ чанарт нь найдах тал байна. Тэр бизнес сэтгэлгээгээ ашиглаад газар тариалангийн салбараа босгох зүйл хийх хэрэгтэй шүү дээ. Энд би таван зүйлийг дурдъя. Хамгийн түрүүнд хэзээ ч дуусдаггүй төслийг хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Энэ нь заавал атарын гэхгүй зүгээр л хүнсний аюулгүй байдлыг хангах төсөл байг л дээ. Төслийн нэгдүгээрт, газар тариалангийн программ байх ёстой. Ингээд газар тариалалт эрхлэх талбайг 800 мянган га-д хүргээд тэр дундаа улаан буудай тариалах талбайг 350 мянган га-гаас доошгүй байлгах хэрэгтэй. Хоёрдугаарт, талбайнхаа чанарыг сайжруулах нь чухал. Одоо манай тариалангийн талбай хумигдаж байна. Ер нь талбайн соёлыг сайжруулах хэрэгтэй. Үржил шимийг сайжруулах бордоог чанаржуулах ёстой. Өндөр үнээр худалдаж авах биш бордоог юугаар ч хийж болно. Гуравдугаарт, дээрх хоёртойгоо уялдуулаад техник, тоног төхөөрөмжөө сайжруулах техникийн бодлогыг гаргах ёстой. Өнөөдөр манайд 11 улсын 11 төрлийн техник явж байна. Нэг хүн гарч ирээд л баахан өөр техник оруулж ирээд байж болохгүй. Нөхөн хангалт оруулах техникийн бодлого байхаас шинэчлэл нэрээр эвдэрснээ хаяад шинийг оруулж ирдэг байж болохгүй. Дөрөвдүгээрт, мэргэжилтнээ бэлтгэх ёстой. Сайн яам, Засгийн газар байгаад тариа тарихгүй. Социализмын үеийн баатар гавьяатууд маш цөөн үлдсэн. Сангийн аж ахуй гэж байхад түүнийг есөн хүн удирдаж байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, САА-н дарга, орлогч, ерөнхий инженер, агарном, зоо техник, малын эмч, эдийн засагч, нягтлан бодогч, мөн авто засвар хариуцсан хүн гээд удирдаж байлаа. Одоо бол тракторчин, комбайнчин байхгүй болсон. Тавдугаарт, төр засгаас эрх зүйн асуудлыг нь шийдэж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан бодлого, хуулийг хэрэгжүүлэх ёстой. Улаан буудайн үнийг рабсын үнэд аваачих хэрэгтэй биз дээ. Эдийн засгийн агуулгаараа бол одоо улаан буудайн үнийг 850 төгрөгт хүргэж байж тариа тариулна шүү дээ. Рабс, улаан буудай хоёрын зөрүүг арилгах нь чухал. Тариаланчдад төрийн дэмжлэг байхгүй учраас хурдан эргэлттэй рабс тариалж буй нь тэдний буруу биш. Ер нь төрийн бодлогын хяналт байхгүй байна. Би МХЕГ-ын дарга байхдаа 2012 онд тариалалт эрхэлж буй бүх аймагт хяналт хийж байсан. Хэчнээн га-д буудай, рабс тариалав, ямар үр ашиглав гэдгийг гаргаж байсан шүү дээ. Тухайн үед 10 гаруй мянган тонн муу үрээр тарьсан нь тогтоогоод хэрвээ ургац муу гарвал хариуцлага тооцно гэдгийг хэлж байсан. Гэтэл одоо бодлогыг хэрэгцүүлэх төрийн тийм хяналт алга. Тарьсан талбай, хураасан ургацынхаа хэмжээг ч мэдэхгүй байна. Худлаа л яриад байгаа нь илт байна шүү дээ.

-Ямар нэгэн асуудал үүсэх бүрт л ТББ олноор гарч ирэх юм. Ер нь ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд ямар байр суурьтай байдаг юм бэ?
-ТББ-ын хувьд их чухал юм. Өмнө нь ганц холбоо байсан л даа. Харин өнөөдөр олон холбоотой болж. Уг нь ийм олон холбоо хэрэггүй л дээ. Нэгдсэн нэг холбоо байхад л болно. Тариаланчид гурил үйлдвэрлэгчид хоорондоо маргаад, зөрчилдөөд байх хэрэггүй. Энэ хоёр эв нэгдэлтэй байвал будааныхаа үнийг хангана. Хямд будаа аваад өндөр үнээр гурилаа зарж ашиг олох гээд байдаг гурилын үйлдвэр байж болохгүй. Миний бодлоор гурилын үйлдвэрийнхэн тариалантай, тариаланчид гурилын үйлдвэртэй байгаасай гэж бодож байгаа юм. Гурилын үйлдвэрийн ашгийг хувааж авдаг тариаланчидтай байвал зүгээр сэн. Ингэсэн тохиолдолд үнийн хайч гараад дундуур нь хүн орж тоглоод байхгүй. ТББ-ууд үүнийг л зохицуулдаг байх хэрэгтэй. Үүнээс гадна өөрсдөө хуулиа мэддэг байгаад төрийн байгууллагад шаардлага тавьж байх ёстой. Ер нь төрийн бодлого, татварыг хөнгөлөх, чөлөөлөх хоёр өөр шүү гэдгийг эцэст нь дахин хэлье.

М.НАРАНБОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • сод (122.254.127.67)

    2014-01-16

    атрын аяныг энэ хүн хиисэн боловоодоо

  • laalaa laalaa (84.129.153.40)

    2014-01-14

    za en ch yu ch hiij medek gar daa, hyanaltand baih hun ingeed baij bolkuush dee

  • Хоорхий доо (103.26.194.98)

    2014-01-14

    Хоол хунсийг аюулгуй болговол наймаачид бизнесийнхэн бухимдах байлгуй тэд нарт чухам ашиг олох нь л туйлын чухал тэр ашиг оруулж байгаа хоол хунс бараа ямар байх нь тэд нарт огт хамаагуй дээ тэд нарт хумуулэг хунлэг сэтгэл гэж байхгуй дээ худалдан авагч ард иргэд эруул хоол хунстэй байж тэд нарт ашиг оруулна гэдгийг мэдэхгуй тийм л ахархан л хумуус шуу дээ Нудэнд нь их зоос ашиг харагддаг тийм л хумуус