Ё.Отгонбаяр: Манай аймгийн хөрөнгө оруулалтын хэмжээ буураагүй нь давуу тал

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.

-Өнгөрсөн хугацаанд өргөн барьсан хуулийн төслүүдийнхээ талаар танилцуулаач. Хуулийн төслүүдийн цаад утга нь ард иргэдийн амьдралд бодит шинэчлэл болж байх ёстой гэдэг үүднээс асууж байна л даа?
-2013 оны хувьд УИХ дээр нэлээд ачаалалтай ажиллалаа. Хэд хэдэн хуулийн төсөл, тогтоолуудыг өргөн барьж, энэ асуудлуудаа хөөцөлдөн ажиллаж байна. Хамгийн гол нь манай Булганы хувьд мал аж ахуйн аймаг учраас малчдын асуудалд нэлээд анхаарал хандуулан ажиллаж байна. Одоогоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, малын хулгайтай тэмцэх эрх зүйн орчыг боловсронгуй болгох тухай асуудлыг өргөн барьчихаад байна. Одоо Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга дотор түүнийгээ суулгахаар Засгийн газрын ажлын хэсэгтэй тохироод явж байна. Мөн Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, малчдыг жижиг дунд үйлдвэрлэгчээр тооцож байх өөрчлөлтийн асуудлыг гишүүдтэйгээ хамтран өргөн барилаа. Хэрвээ малчдыг жижиг дунд үйлдвэрлэгчээр тооцоод ирвэл тухайн малчин хуулийн этгээд болоод гэрээ хэлцэл хийхээс өгсүүлээд хөнгөлөлттэй зээл, төслүүдэд хамрагдах боломж нь нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Түүнчлэн саяхан намын бүлгийн гишүүдтэйгээ хамтраад тэтгэврийн насыг урагшлуулах тухай асуудлаар хуулийн төсөл өргөн барьсан. Нэг талаас малчин хүн тэтгэвэр авч чадахгүй өнгөрчихөөд байгаа. Нөгөө талаас малчдын амьдралын нөхцөл сайжраад ирэхээр хөдөө орон нутагт ажилгүй байгаа иргэд малчин болж, хөдөө гарахыг хүснэ. Энэ боломжийг бүрдүүлэх ёстой гэж бид үзэж байгаа юм.

-Таны хувьд намынхаа бүлэгт эрүүл мэндийн салбарыг хариуцаж ажилладаг. Энэ утгаараа эрүүл мэндийн салбарыг шинэчлэх чиглэлд хувь нэмрээ оруулж байгаа гэж ойлгож болох байх. Түүнчлэн аймаг орон нутагт шинэ обьект нэмэх боломжгүй байгаа энэ үед танай аймагт шинэ обьект нэмэгдэх боломж хэр байгаа бол?
-Эрүүл мэндийн салбарт шинэчлэх чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж байна. Одоо эрүүл мэндийн даатгалын тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Энэ даатгалын асуудал шийдэгдсэнээр салбарын нэг л асуудал шийдэгдэж байгаа болохоос салбар нийтдээ өөрчлөлт, шинэчлэлтэд орж чадахгүй байна гэж үзэж байгаа учраас энэ салбарт нэлээд анхаарч ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Дээр дурдсан үндсэн асуудлуудаасаа гадна тойрогтой холбоотой ажлуудаа нэлээд хөөцөлдөж, шийдэж байна. 2014 оны улсын төсөв 2013 оны улсын төсвийн тодотгол дээр тойрогт байгаа хөрөнгө оруулалтууд дээр нэлээд анхаарч ажилласан. 2014 онд аймагт нийтдээ 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр туссан. Энэ бол улсын хэмжээнд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан үед манай аймгийн хөрөнгө оруулалт буурахгүй гарч байгаа нь давуу тал гэж бодож байгаа. Түүнчлэн аймгийн төвийн нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн асуудлыг шийдүүлж 2014 онд барилгыг нь эхлүүлэхээр болоод байгааг хэлье. Мөн ногоон хөгжлийн загвар болгох чиглэлээр УИХ дахь Ногоон бүлэгтэй хамтарч ажиллаад Архангай, Булган хоёрыг загвар аймаг болгох санаачилгыг аймгийн ИТХ-аар дэмжүүлж, оруулж байна. Энэ ажлын үргэлжлэл болгоод аймаг дээр нэлээд ажлууд хийгдэж байгаагаас гадна ямар ажлууд хийж болох вэ гэдэг дээр бас Улаанбаатар хотод аймгийнхаа сумдын дарга нарыг урьж, семинар сургалт хийснийг хэлэх нь зүйтэй байх. Манай аймагт баригдаж байгаа бүх обьектууд нэг нь ч зогсолгүйгээр үргэлжлэх юм. Нэг обьект бүр нэмэгдэж орсон. Мэдээж хэрэг төсөв хөрөнгөөс хамаараад одоогоор төсвийн тодотголоор яригдах хоёр обьект байгаа. Энэ нь Булган сумын төвд баригдаж байгаа цэцэрлэг. Аудитаар шалгаж байж хөрөнгийг нь тавина гэсэн. Нөгөөх нь Сэлэнгэ мөрний дээгүүр тавьж байгаа явган зорчигчийн гүүр. Үүнийг мөн л аудитаар шалгаж байж хөрөнгийг нь тавина гэсэн. Гэхдээ 2013 онд манайд 17.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол энэ жил энэ хөрөнгө оруулалтын хэмжээ буураагүй нь бусад газруудын төсөв хасагдчихаад байгаа үед харьцангуй амжилт гэж тооцож байгаа юм би хувьдаа.

-Таны дээр дурдсан хуулийн төслүүдийн бодит үр дүн иргэдэд хэрхэн хүрэх бол. Түүнчлэн өргөн барьсан хуулийн төсөл, тогтоолууд батлагдах магадлал хэр байна вэ?

-Малын хулгайтай тэмцэх асуудал Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн шинэчилсэн найруулга хаврын чуулганаар орж ирэхэд түүн дотор сууж явах юм. Ямар өөрчлөлт хийх вэ гэхээр үндсэндээ хоёр л өөрчлөлт байгаа юм. Нэг нь малын хулгайгаар хохирсон иргэдийн хохирол эргэн төлөгддөггүй. Тэгэхээр одоо Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санд малын хулгайг харьяалуулаад хулгайлсан хүн нь тогтоогдвол хохирлыг сангаас төлж барагдуулчихаад, хохирсон хүнээ хохиролгүй болгосны дараа хохирол учруулсан этгээдээс хохирлыг барагдуулах үүргийг төр хүлээхээр тусгасан байгаа. Хоёрдугаарт нь малын хулгайг давтан үйлдсэн буюу зохион байгуулалттайгаар үйлдсэн тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг чангатгая гэж оруулж байгаа. Ялангуяа манай аймгийг улсын чанартай хоёр ч зам дайран өнгөрдөг. Тийм болохоор засмал замыг дагаад сайн зүйл ирдэг ч саар нь ирж байгаагийн нэг нь дээр хэлсэнчлэн зохион байгуулалттай малын хулгайн асуудал болчихоод байгаа юм. Тийм болохоор зохион байгуулалттай малын хулгайг цэгцлэх талаар хуульд тусгасан байгаа.

-Малчдын тэтгэврийн насыг наашлуулах асуудлаар танай намын бүлгээс санаачилга гарган ажиллаж байгаа.

-Бидний хийсэн судалгаагаар малчдын дундаж наслалт 57 байгаа юм. Тийм болохоор 60 насандаа тэтгэвэрт гарч байгаа хүний тоо маш цөөн. Мэдээж малчид тэтгэврээс гадна сайн дурын даатгалд хамрагдах ёстой. Хэрвээ малчин хүн эртхэн тэтгэвэрт гарах бололцоотой байна гэж үзвэл сайн дурын даатгалаар мөнгөө төлж байгаад эрт тэтгэвэрт гарах боломжтой. Гэхдээ мэдээж тэр хүн тэтгэвэрт гарчихлаа гээд малаа маллахаа зогсоохгүй нь ойлгомжтой. Өнөөдөр амьдрал дээр ямар байдал үүсч байна гэхээр нас нь жаахан яваад эхлэхээр хүний бие мууддаг. Энэ үед үндсэндээ малаа харж чадахаа болиод хүүхдүүдийнхээ эрхэнд орж байна. Дээрээс нь ямар ч тэтгэвэр байхгүй байдал үүсчихээд байгаа юм. Тиймээс энэ байдлыг нь шийдэхийн тулд тэтгэврийн насыг урагшлуулах асуудлыг тавьж байгаа юм.

-Цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж танай намын бүлгээс үзэж байгаа. Төсвийн тодотголд шаардлагатай хөрөнгийг оруулах боломжтойг ч хэлж байгаа. Ийм боломж мэдээж байна гэж үзсэн байх л даа?
-Бид энэ асуудлыг тавьчихаад байгаа. Цагаан сар болох гэж байгаа энэ үед цалин тэтгэвэр, тэтгэмжээ 30 хувиар нэм гэж байгаа юм. Энэ тоо яагаад яригдаж байна гэвэл 2012 оны таван сараас хойш цалин, тэтгэвэр ерөөсөө нэмэгдээгүй байгаа. 2012- 2014 оныхоо мөнгөний инфляцийг тооцоод үзэхээр 30 хувь гарч байгаа юм. Тэгэхээр тэрнээс давуулахаа байг гэхэд энэ 30 хувиар нэмээчээ л гэж байгаа юм л даа. 2014 оны төсөвт 35 тэрбум төгрөгийг цалин, тэтгэврийн нэмэгдэл гэж тооцоод суулгачихсан байгаа. Яахав 30 хувьд хүрэхгүй гэвэл төсвийн тодотголоор үлдсэн мөнгийг нь оруулж ирээд боломжийг нь судалж байгаад нэмэх бололцоотой гэж манай намын бүлэг үзэж байгаа. Засгийн газар бол цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ гээд зарлачихаар дагаад бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихнэ гэж тайлбарлаад байгаа. Манай нам засаг толгойлж байхдаа 2009-2011 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн хувийг тухайн жилийн инфляцтай харьцуулж үзвэл дорж хаяж 2-3 дахин өндөр нэмсэн байгаа юм. Тийм болохоор цалин, тэтгэвэр нэмсэн цагт инфляци өсдөг юм биш. Түүнчлэн бид хамтарч нэг хуулийн төсөл өргөн барьсан нь цалин, тэтгэврийг индексжүүлэх хуулийн төсөл. Энэ хуулийг баталчихвал цалин, тэтгэврийн нэмэгдлийг Засгийн газар заавал зарлаад байх шаардлагагүй. Тухайн сарынхаа инфляциар автоматаар нэмэгдээд явчихдаг болгочихож болох юм гэж бид үзсэн. Нэг үгэээр бол энэ хуулийн төсөл хэрэгжээд эхэлбэл эрх баригчдын болгоомжлоод байгаа үнийн өсөлт байхгүй болох учиртай юм.

-Та уул уурхайн сайдад хэдэн асуулга тавьсан байсан. Танай аймагт уул уурхайтай холбоотой асуудал харьцангуй бага баймаар юм. Асуулгын агуулга ямар учиртай юм бэ?
-Уул уурхайтай холбоотой асуудал манай аймагт харьцангуй гайгүй. Манайх бол хөгжлийнхөө бодлогыг мал аж ахуй, газар тариалангаар төсөөлж ирсэн аймаг. Гэтэл уул уурхайтай холбоотой асуудлууд бас үүсээд байна. Тиймээс би Уул уурхайн сайд Д.Ганхуягт гурван ч асуулт бүхий асуулга хүргүүлсэн. Нэг нь Бүрэгхангай сумын нутагт Холчийн хөндийд төмрийн хүдэр угаах үйлдвэр байгуулахаар яригдаж усны хайгуул хийж эхлээд байгаа. Үүнтэй холбоотой асуудлыг салбарын сайдад нь тавиад шалгуулсан. Үүний дүнд ямар ч байсан тэнд байгаа цөөхөн хэдэн гол горхиноос нь ус авахгүй, Туул голоос ус авахаар шийдлийг нь гаргуулсан. Үйлдвэрлэлийн хэмжээний усыг Бүрэгхангайд байгаа цөөхөн хэдэн горхиноос аваад эхэлбэл тэр хөндийд хүн, мал байх аргагүй болох юм. Гэтэл яг тэр Дулааны өврийн хөндий тухайн сумын нутагт өвөлжилт хүндэрсэн тохиолдолд малчид ирж өвөлждөг гол бэлчээр нутаг нь юм. Энэ мэтийг харгалзаж үзээд дээрх асуулгыг тавьсан. Нөгөөх нь Хишиг-Өндөр сумын нутагт Мөнгөн уул гэдэг нутгийн иргэдийн шүтэж биширдэг газарт керамзит олборлох талаар яригдаж байгаа. Үүнд хоёр ч удаа миний бие асуудал тавьж, үйл ажиллагааг нь зогсоосон. Одоо цаашдаа батлагдах гэж байгаа соёлын өвийг хамгаалах тухай хуулиар хэрвээ нутгийн иргэдийн 80-аас дээш хувь нь энэ газрыг тусгай хамгаалалттай байх ёстой гэж үзэж байгаа бол хамгаалалтад авах тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Тэгвэл заавал мэргэжлийн байгууллага нь очилгүйгээр Булган ширээт ламын булшаа тусгай хамгаалалтад авч, шүтэж биширч байх боломжтой болох юм. Бас Гурван булаг сумын нутагт Их бэрх уулын орчимд хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа компанийн үйл ажиллагааг шалгуулж, сайдаас нь асуусан. Үүний дагуу бидэнд хариу ирэхдээ цаашдаа энэ асуудлыг гүнзгийрүүлж, судалж тавих талаар орон нутгийнхаа удирдлагуудтай ярьж байгаа гэсэн.

-Тулгамдсан асуудал гээд тоочоод байвал мэдээж барагдахгүй байх. Гэхдээ дээр дурдсанаас гадна зайлшгүй шаардлагатай шийдчих асуудал мэдээж байгаа л байх?
-Тэгэлгүй яахав. Тулгамдсан асуудлыг тоочоод байвал барагдахгүй шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд боловсролын салбарт харьцангуй хөрөнгө оруулалт сайн байсан. Одоо эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулах шаардлагатай гэж би үзэж байгаа. Сумын эмнэлгүүдийн байр савны асуудал нэлээд хүндрэлтэй байгаа. Энэ жилийн хувьд шинэ обьект орж болохгүй байгаа учраас таван суманд сургууль, цэцэрлэг соёлын төвтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлж өгсөн. Мөн малын үүлдэр угсааг сайжруулах төсөл маань 2014 оноос хэрэгжихээр болж байгаа нь аймагт нэлээд давуу талтай ажил болж байгаа юм. Аймгийн малын үүлдэр угсааг сайжруулах асуудлыг нэлээд эртнээс яриад үлгэр жишээ болгох төсөл анх хэрэгжүүлж эхэлсэн. Үзэмчин хуцаар монгол малынхаа үүлдэр угсааг сайжруулах төсөл 2014 онд дуусна. Энэ төслийн хүрээнд одоогоор 55 мянган мал хээлтүүлчихсэн байгаа учраас хээлтүүлэгчийн тоо хангалттай болсон. Цаашдаа иргэд хоорондоо хээлтүүлэгчээ солиод малынхаа үүлдрийг сайжруулах бүрэн боломж бүрдсэн гэж холбогдох хүмүүс нь үзсэн. Түүнчлэн 2012 оноос бид Сэлэнгэ үүлдрийн үхрийг сэргээх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үүлдрийн үхрийн амьдын жин бусдаасаа 20-35 хувь илүү байдаг байсан бол сүүлийн 20 жил үүлдэр угсаа сайжруулах ажил яваагүйгээс болоод бараг устаж үгүй болох дээрээ тулаад байсныг 100 гаруй үржлийн тугалтай болгоод авсан байна. Энэ төсөл цаашдаа үргэлжилнэ. Эхлээд аймгийн хойд бүс буюу хуучин Сэлэнгэ үүлдрийн үхэр байсан бүсүүдэд буцаж үүлдэр угсааг нь сэргээх ажлыг хийгээд дараа нь аймгийн хэмжээнд хийхээр төлөвлөгдсөн төсөл юм. Энэ мэтээр үхэр, хонь хоёрын үүлдэр угсаа сайжирчихвал бэлчээрийн даац хэтрэлт зэрэг асуудал цэгцрэх юм.

-Монголчуудын уламжлалт сар шинийн баяр дөхөж байна. Энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ. Тойргоороо явж, золгуут хийдэг байх?
-Монголын ард түмний уламжлалт баяр цагаан сар дөхөж байна. Энэ завшааныг ашиглаад нутгийнхаа ахан дүүст ирэх ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түмэн амгалан байж морин жилдээ морины хийморьтой адилхан цог золбооой явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Мэдээж хэрэг цагаан сарын үеэр би аймагтаа очиж, золгуут хийдэг. Хамгийн гол нь өндөр настай ахмадуудаараа орж, золгодог. Энэ жил ч мөн тэгж золгоно. УИХ-ын чуулган цагаан сарын дараа завсарлахаар байгаа. Энэ завсарлагааны үеэр сумдаар орж, ард иргэдтэйгээ уулзан, хийсэн ажлаа танилцуулж, хэлэлцэгдэж байгаа хууль, тогтоомжууд дээр тэднийхээ саналыг авч, ажиллана гэсэн бодолтой байна.

М.ӨНӨРЖАРГАЛ



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (202.21.111.43)

    2014-01-24

    shorond yavuulakh khvnees yariltslaga avaad nogookh ni yariltslaga ogood l ichdeggvi yum bkhdaa Ekhnertei tsug shoronluu ni yavuulaachee ardiin namiin avilgachiig

  • (49.0.195.14)

    2014-01-23

    Худлаа худлаа бид нарын татварын мєнгийг їхтлээ идчихээд одоо ичихгїй бас юугаа яриад байгаа юм бэ Отгонбаярааа

  • (202.126.91.159)

    2014-01-23

    Хуултйг гууль болгодгийн жишээ болсон нөхөр. Нөгөө монголд байхгүй их авлигын сураг гараад байсан яалаа. Бүтэн жил нам гүм байсан хүн Ойрын үед цор цор гээд байх болж.БОДВОЛ АРГАЛСАН ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ. Булганаас сонгогдсон товарищ. Булганыхан угаасаа улаан ыг сонгодог. Ерөөсөө хөгждөггүй газар.Очсон хүн мэднэ.Говьалтай бас тийм байсан . Одоо Ардчиллыг сонголоо. Хөгжиж эхэлнээ

  • (24.18.223.230)

    2014-01-23

    Ene nohor odoo boltol yal shiitgelgui yavna uu? Ih hural gej gemt heregtnuudiin uur uurhai yumaa