П.Оюунчимэг: УЕП-ын мөрдөнг татан буулгасан нь ухралт болсон
- 2014-05-26
- Улс төр
- 0
-Хүний эрхийн 13 дугаар илтгэлийг олон нийтэд танилцууллаа. Энэ илтгэлд
хүний эрхийг хангах чиглэлээр олон талын дүгнэлт туссан байна. Ер нь
манай улсад хүний эрхийг хангах асуудал ямар төвшинд байна вэ? -Бид хуулийнхаа дагуу жил бүрийн эхний улиралд багтаагаад Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг УИХ-д өргөн барьдаг. Энэ удаагийнх нь 13 дахь нь. Энд туссан сэдвүүд давхцсан тохиолдол олон бий. Яагаад гэвэл тэр асуудал болохгүй болоод л дахин дахин бичээд байна гэсэн үг шүү дээ. Энэ бүгдийг багтаасан илтгэлээ бид хууль тогтоох байгууллага буюу парламентад өргөн барьж байна. Өнөөдрийг хүртэл 13 илтгэл өргөн барьснаас 2-3 удаагийнхыг нь л УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн байдаг юм. Энэ дунд олон нийтийн сонирхоод байгаа эрүү шүүлттэй холбоотой илтгэл багтсан. Түүнчлэн 2006 оны тавдугаар сард бүтэн хоёр өдрийн турш хэлэлцсэний дүнд холбогдох тогтоол, шийдвэр гарч байсан удаатай. Өөрөөр хэлбэл, асуудал ерөөсөө шинэ биш. Учир нь, хүний амьд явах, эрүүдэн шүүлтээс ангид, халдашгүй байхаас гадна эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрх гээд шат шатандаа маш их баримт, тоотой. Дээрээс нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг нь хүртэл нэр устай нь бичиж оруулсан олон тохиолдол байгаа.
-Хүмүүсийн эрх, үүргийн талаар хангалттай ярьж ирсэн. Гэнэт өнөөдөр шинэ асуудал гараад ирсэн мэтээр яриад байгаад та шүүмжлэлтэй хандаж байх шиг байна. Нөгөө талаас энэ илтгэлүүдийг боловсруулж, Засгийн газарт хүргүүлснээр үр дүн нь хэр байна вэ?
-Өнөөдөр гараад ирсэн асуудал мэтээр яриад байгаа нь харамсалтай байна. Бид өнгөрсөн 14 жилийн хугацаанд үйл ажиллагааныхаа бараг 80 хувийг шүүхийн шийдвэр, цагдаагийн байгууллагын ажилтнуудын хүний эрхийн боловсролд зарцуулсан. Хяналт шалгалт, сургалт, сурталчилгааг хангалттай хийсэн. Нөгөө талаас 2001 оныхыг 2013 онтой харьцуулахад ямар ч байсан өрөөндөө хүн авчраад зодчихдог мөрдөн байцаагч байхгүй болсон. “Би чиний хянагч, би чамайг харж байгаа шүү” гээд дарамтлаад зодоод байдаг хянагч байхаа больсон. Энэ бол бид хүнээ боловсруулах, хүний эрхийн талаар мэдлэгжүүлэх үйл ажиллагаа явуулсны үр дүн. Гэтэл дээр нь суугаа хүмүүс нь үүнийг мэддэггүй. Гэсэн атлаа нэг асуудал гарангуут л бүхэл бүтэн байгууллагын ажилтнуудыг “Та нар юу ч хийдэггүй юм байна” гээд л захын хүн чичлээд эхэлдэг. Бодит байдалд бид энэ талаар байнга л хэлдэг. Нийгэм нэг талаас “Та нар ялтнуудыг хамгаалж, өмгөөллөө. Гэтэл цаана чинь эмнэлэг, сургууль болохгүй байна” л гээд байдаг. Тэгэхээр нь тэр хүмүүсийнх нь эрхийг гаргаж тавихаар “Хүмүүсээ чадавхжуулах ёстой” гэдэг. Нөгөө талд нь хөдөлмөрлөх эрх, жендерийн тэгш харилцаа болохгүй байна, албадан хөдөлмөр эрхлэх асуудал байна л гэдэг. Үнэндээ ингэж хүний эрхийн асуудал оруулсан байгууллага болгон нь өөр өөрийнхөө арьсыг хамгаалсан, өөрсдийнхөө хийж байгаа үйл ажиллагааг зөвтгөсөн эсрэг хандлагууд үүсгээд байдаг.
-Энэ байдлыг зохицуулах шийдэл нь юу юм бэ?
-Нэгдүгээрт, хүний эрхийн төлөв байдлын илтгэл ерөөсөө Монгол Улсад хүний эрхийн асуудал ямар салбарт болохгүй байна. Ямрынх нь эрх зүйн орчин, үйл ажиллагаа, дүрэм журам аль нь олон улсын өмнө үүрэг хүлээсэн байгууллагуудынхаа өмнө хариуцлага хүлээхгүй байна гэдэг асуудлыг тусгасан байгаа. Хоёрдугаарт, бид аль 1961 онд НҮБ- ын гишүүн орон болж, 53 жилийн турш хүний эрхийн 50 гаруй гэрээ конвенцид нэгдсэн. Эдгээрийн хэрэгжилтийг тайлагнаж байгаа явцыг харахаар дандаа л хууль тогтоомж дээр хийсэн илтгэлүүд байдаг. Сүүдэр илтгэл бол 2-3 удаа л явсан байдаг юм. Энд дурдахдаа манайх хуулиа ингэж өөрчилж байна, ингэж өөрчлөлт явуулж байна гэсэн байдаг. Ингээд ХЭҮК байгуулсан цагаас хойшхи илтгэлүүд дээр комиссын үйл ажиллагааг биччихсэн байдаг. Гэтэл комисс бол хараат бусаар бие даасан үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын байгууллага биш.Уг нь Засгийн газар өөрийнхөө харьяа яам, агентлагуудынхаа өмнө олон улсын гэрээний дагуу үүрэг хүлээж байгаа. Тийм болохоор Засгийн газар өөрийнхөө үйл ажиллагааг бичих ёстой. Гэтэл тэр нь дандаа ХЭҮК-ын хийсэн, хэлэлцэж байгаа асуудал болчихоор НҮБ- ын холбогдох хороодын зүгээс “Танай Засгийн газар үүнд ийм зүйл хийх шаардлагатай. ХЭҮК- ын үйл ажиллагааг бичихгүй” гэж шүүмжлээд байдаг. Хамгийн наад захын жишээ татахад, 2010 онд Монгол Улсын хүний эрхийн илтгэлийг НҮБ хүний эрхийн хороогоороо хэлэлцээд 129 зөвлөмжийг манай улсад өгсөн байдаг. Гэтэл өнөөдөр түүнийг хэрэгжүүлэх төсөв хаана байна. Салбар бүрт нь хувааж өгчихөөд “Та нар тийм зүйл хий” гээд шаардаад байдаг. Үүнийг бодлоготойгоор хэрэгжүүлээд, эрх зүйн орчноо өөрчлөөд, үйл ажиллагаагаа явуулж байгаа зүйл харагдахгүй байгаа. Энэ үнэхээр харамсалтай.
-Тэгэхээр яах ёстой вэ?
-Төр үүрэг хүлээсэн бол түүнийгээ биелүүлэх ёстой. Засгийн газар үүрэг хүлээсэн бол түүнийгээ ч бас биелүүл. Зөвхөн тайлан бичихийн тулд энэ үйл ажиллагааг эрчимжүүлдэг явдлыг болих хэрэгтэй. Нөгөө талаас хорих байгууллагуудын асуудал өчигдөр гараад ирсэн юм биш. 1980-1990 онд хорих газарт хоригдлууд 700-800-гаараа үхэж л байсан. Энэ ерөөсөө нууц биш, бүгд мэдэж байгаа. Өлсч, өвдөж үхэж байсан. Өнөөдөр нөхцөлийг нь өөрчлөөд өглөө, хүмүүсийг нь хариуцлагажууллаа. Гэтэл асуудал байсаар л байна. Гэхдээ би үүнийг зөвхөн хорих байгууллагатай холбож үзэхгүй байгаа. Хорихын ажилтан дураараа явж байгаа хүнийг аваачаад хорьчихсон юмуу гэвэл үгүй шүү дээ. Прокурор, мөрдөн байцаагч л хэн нэгнийг хорьж байгаа. Тухайн хэргийг эхнээс нь дуустал хяналт тавьж байгаа шүү дээ. Цаашлаад хэн нэгнийг хорих зөвшөөрлийг шүүгч өгч байгаа. Энэ хүмүүс юу хийж суугаа юм бэ. Жишээлбэл, 8-10 удаа “Бие муу байна” гэж өөрөө ч өргөдөл өгөөд, өмгөөлөгчөөрөө ч дамжуулаад хэлээд байж шүү дээ. Яагаад үүнд сэтгэл гаргахгүй байгаа юм бэ. Яагаад тухайн хүний эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг давхар хязгаарлаад байгаа юм. Ийм асуудал ургаж гарна биз дээ. Энэ бүхэнд яагаад хэн ч харицлага хүлээхгүй олон жилийн турш яваад байгаа юм. Товчхондоо, тогтсон практик өнөөдөр ийм байдалд хүргэж байгаа юм. Ерөөсөө хорьж, цагдаж байгаа хүмүүсээс салгаж болдоггүй хэдэн эрх бий. Нэн түрүүнд хүний амьд явах эрхийг хэн ч, хэзээ ч салгаж болохгүй. Эрүүл мэндээ хамгаалуулах, төрөл садантайгаа уулзаж, эргэлт авах эрхийг хязгаарлаж болохгүй. Хэн нэгний гэм бурууг төрөл саданд нь тохож болохгүй. Дээрээс нь хууль зүйн туслалцаа авах эрх ч бий. Энэ бүх эрхийг хэн ч хязгаарлах ёсгүй юм. Ялангуяа амьд явах бол хүний заяамал эрх. Тиймээс цагдана хорино гэхээсээ илүү хүний заяамал эрх рүү халдах явдлыг таслан зогсоох ёстой.
-Энэ бүхнээс харахад манай улсад хүний эрх гэдэг зүйл байхгүй болчихсон юм биш үү. Хэн нэгний эсвэл нэг намын эрх ашиг гэдэг зүйлийг л түлхүү ярих болж дээ?
-Хүний эрх өөрөө нийтлэг. Түүнээс энэ эрхийг эдэлнэ, харин үүнийг эдлэхгүй гэдэг зүйл байхгүй. Хүн төрөхөөсөө эхлээд л заяамал эрхээ эдэлнэ. Сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах гээд маш олон эрх хүнд бий. Харин энэ эрхийг өөрөө яаж хангаж байна гэдгээсээ тухайн төр Засгийн үйл ажиллагааг үнэлж байдаг. Хууль тогтоомжоороо хангаагүй бол энэ буруу. Монгол Улсын дөрвөн удаагийн Үндсэн хуульд 1992 онд хүний эрх, эрх чөлөө гэсэн бүлгийг оруулж өгсөн байдаг. Энэ бол маш том дэвшил байсан. Хэн нэгэн дураараа загнаад, чиний амьд явах эрх хэнд ч хамаагүй гэж тунхаглаагүй юм. Тунхаглаад баталгаажуулж чадсан л бол үүнийг мөрдөж ажиллах ёстой.
-Хууль хяналтын байгууллагад хүний эрхийг зөрчдөг байдал байгаагийн нэг жишээ нь Д.Амарсайхан агсны хэрэг боллоо. Үүний цаана жирийн иргэн ч гэсэн энэ мэтээр хохироод байгаа юм биш биз дээ гэсэн айдас нийгэмд бий болчихоод байна?
-Мэдээлэл яаж түгж байгаагаас шалтгаалж массын дүгнэлт гарна. Нөцөл байдал ямар байсныг гаргаж тавих ёстой. Мэдээж эмч, хянагч, прокурор, мөрдөн байцаагчийн хэн нь буруутай нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болно. Энэ бол цаг хугацааны л асуудал. Хаана, хэн нь алдаа гаргасан нь удахгүй тодорхой болчихно. Ерөнхийдөө тогтолцооны хувьд хууль эрх зүйн орчин, хууль хэрэгжүүлэгч хоёр өөрчлөгдөх ёстой. Сэтгэлгээ, чадавхийн хувьд өөрчлөгдөх ёстой. Хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг хийгээд эхэлчихлээ. Хамгийн сүүлд Гэмт хэргийн тухай хуулийг хэлэлцүүлэхээр ярьж байна. Энэ бол хөдөлчихсөн галт тэрэг. Одоо үүнийгээ дагаад хууль хэрэгжүүлж байгаа албан хаагчид нь өөрчлөгдөх хэрэгтэй. Алийн болгон тогтсон практик шүтэж явах юм бэ. Хуулийн байгууллагын ямар ч ажилтан ”Би хуулийн дагуу л ажилладаг” гэдэг. Харин “Би алдаа гаргасан, хууль зөрчсөн” гэж хэлдэггүй. Гэтэл хүн л ажиллаж байгаа юм хойно үйл ажиллагааны явцад алдаа гардаг. Ялангуяа прокурорын байгууллага нэг талдаа ялладаг. Нөгөө талдаа цагаатгадаг. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн байцаан шийтэх ажиллагаа яллах, цагаатгах баримтыг цугтаа авч явах учиртай. Гэтэл үүнд итгэл үнэмшлээрээ улсын нэрийн өмнөөс ял өгөх гээд зогсож байгаа улсын яллагч анхнаасаа дуустал нь хяналт тавьж байгаа шүү дээ. Тэр хяналтын процессийг ганцхан мөрдөн байцаагчийн орж ирсэн арван өгүүлбэрийг хянаж суухын оронд тухайн хүний нөхцөл байдал дээр ч гэсэн хяналт тавихаар хуульчилсан юм шүү дээ.
-Энэ хэрэгт улстөрчид төдийгүй улс төрийн намууд их ач холбогдол өгч яриад байна л даа. Ардын намын гишүүн хүн байсан учраас тэр байх. Гэтэл намаар нь ялгаварлаад “Дээрээс өгсөн тушаалын дагуу” гээд батлан даалтад гаргахгүй байсан гэх юм. Намын харьяалал, олны танил хүнд л ийм асуудал тохиолдчихов уу. Эсвэл ерөөсөө байдал ийм байгаа юм уу?
-Намын асуудлыг би мэдэхгүй. Гэхдээ аливаа хүнийг ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн хуулийн заалт бэлээхэн бий шүү дээ. Дээрээс нь ялгаварлан гадуурхахын эсрэг конвенцид манайх орчихсон. Товчхондоо, ялгаварлан гадуурхалт хаана ч байж болохгүй. Ер нь хэн ч байсан хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Тэр хүнийг нам, төрөөр ялгаварлан гадуурхах эрх хэнд ч байхгүй.
-Манай улс олон улсын маш олон гэрээ, конвенцид нэгдлээ л гэдэг. Гэтэл нөгөө талдаа зөрчлөө гэх мэдээлэл түүнээсээ ч олон гарах юм. Үүнийг ямар байдлаар зохицуулах ёстой юм бэ?
–Гэрээ, конвенцид гарч байгаа зөрчлийг хувь хүн юмуу байгууллага, улс зөрчсөн гэх асуудал гарахад зохицуулдаг НҮБ- ын механизм тодорхой. Олон улсын гэрээ конвенцид заасан эрхийг зөрчлөө гэвэл дотоодын бүх хуулийн байгууллагын шийдвэр эцсийн байдлаар гарах ёстой. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл НҮБ-аас тавьж байгаа шаардлагын хүрээнд хувь хүн өргөдөл гомдлоо, НҮБ-ын тодорхой хороонд өгч шийдүүлэх эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу л асуудлаа шийдүүлэх ёстой. Дотооддоо асуудлаа шийдүүлж чадаагүй, гадагшаа хандсан тохиолдол бий. Тухайлбал, 2008 оны долдугаар сарын 1-ны асуудлаар нэг иргэн НҮБ-д хандсан байдаг. -Ер нь иргэдийн өөрийнхөө эрхийг хамгаалах байдал хэр байна вэ. Үүнд танай комиссоос хэр анхаарч ажилладаг вэ? -Иргэд эрхээ эдлэх талд тун тааруу. Хот суурин газраас алслагдмал байгаа хүмүүс тэр талаар ойлголт муу байдаг. Бид жилд 10-аас дээшгүй аймагт очиж, сургалт мэдээлэл хүргэж байна. Ирж байгаа өргөдөл гомдлын талаар хууль зүйн зөвлөгөө өгдөг. Энэ бүх үйл ажиллаагаа дандаа хүний эрхийн сурталчилгаа байдаг. Танд ийм эрх бий, та энэ эрхээ эдлэх ёстой гэх мэтээр хэлж ярихаас гадна хэвлэмэл хуудас мөн олноор нь тарааж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагаар байнга сурталчлаад байна гэхээр төсөв мөнгөний хүрэлцээ тааруу л даа.
-Үүнтэй холбоотойгоор нэг зүйл асуухад ажлын байрны бэлгийн дарамт маш их болчихож. Гэтэл аль аль нь үүнийг байх ёстой мэтээр хүлээж авдгийг илтгэлийн тайлангийн үеэр ярьж байсан.
-Энэ ч мөн огт байхгүй биш байсан зүйл. Сүүлийн үеийн нэршил нь ажлын байран дахь бэлгийн дарамт. Тэгэхээр ажил олгогч ажилтан хоёрын хооронд гарах гээд байдаг зөрчил. Эсвэл хоёр ажилтны хооронд ч бий. Удирдах ажилтан өөрийнхөө доор ажиллаж байгаа албан тушаалтан хоёрын хоорондох зөрчил л дөө. Нийгэм өөрөө хүлээж авахгүй эмзэг асуудал учраас ажлын байрандаа бэлгийн дарамтад өртсөн хүмүүс асуудлаа гаргаж тавих нь ховор байсан. Гэхдээ Жендерийн тэгш эрхийн тухай хууль гарснаар ийм асуудал гарвал ХЭҮК ажилладаг гэдгийг мэддэг болсон. Бид дангаараа ажилладаггүй, Хүчирхийллийн эсрэг төв, Жендерийн тэгш эрхийн үндэсний хороотой хамтран ажлын хэсэг ажилладаг. Гэхдээ энэ бол эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа биш, идэвхтэй үйлдэл. Тийм учраас үүнийг тогтоох хэрэгтэй. Энэ төрлийн гомдол нэлээдийг шалгасан. Өргөдөл, гомдлыг судлах явцад эрүүгийн шинж чанартай асуудал гарсан учраас цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байгаа. Бэлгийн дарамт өөрөө олон төрөл. Үг, хэл, харц, яриагаар илэрхийлж байдаг. Тиймээс үг, хэл, харцыг бэлгийн дарамт учруулсан гэж үзэхгүй байгаа. Зөвхөн идэвхтэй үйлдэл байх ёстой. Цалин өгөхгүй гэж дарамтална, ажил албан тушаалаар нь дарамтална. Гэхдээ бид хүний нэр төрийн асуудал учраас тал бүрээс нь харж, судалдаг.
-Хуулийн байгууллагын шинэчлэлийг та хэрхэн харж байна вэ. Тухайлбал, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-т шилжүүлснийг буруу гэх хүн олон бий?
-Үүнийг би шинэчлэл гэж харахгүй байгаа. Хэдэн гишүүн нийлж байгаад л хуулийн төсөл өргөн барьсан юм гэсэн. Мөрдөн байцаах албыг татан буулгасан нь эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн дагуу хүлээсэн үүргээсээ Засгийн газар ухарч байгаа явдал. Бид энэ талаар илтгэлд дурдсан. НҮБ-ын зүгээс ч энэ асуудлыг хөндөж байгаа. Тиймээс ухарсан энэ үзүүлэлтээ засах байх гэж найдаж байна.

Сэтгэгдэл (5)
Тэмбvvжин (103.26.195.135)
Тэмбvvжингийн хийсэн ажил
ooo (222.118.243.86)
prokuroriin mordong tatan buulgasan ni mash zob undsen huulindaa niitssen shiidber prokuror ooroo haynaltaa tabihaa baiguullagtaigaa neg honjild orohoor huuli yu boloh uu bas ene prokuroruud oorsdoo mash ih abilgaa abdag hun daramtaldag huuliin baguullagii hamgiin muuhai yum ednaas garaad bna shu fe tiim uchraas mash zob shiidber bolson
ХЭҮК-д (202.179.23.242)
ХЭзээ ч хүний эрхийг хамгаалж яваагүй Хүний эрхийг хамгаалах үндэсний хороог өөрийг нь бүрэн солих өөрчлөж шинэчлэх ёстой
Зочин (103.11.192.34)
Оюунаадаа баярлалаа маш зөв шударга юм ярьжээ. Шоронд хүний эрх дэндүү зөрчигдөж байгаа гэсэн тэр дундаа бага ястангууд арай дэндүү байгаа гэсэн шүү
(202.21.113.138)
УЕП-н дэргэдэх Мөрдөн байцаах газрыг татан буулгасан нь Хүний эрхийг хамгаалах хяналт тавих боломжийг байхгүй болгосон.Миний бодол шүү.