С.Аригуун: Зөвшөөрөлгүй оршуулгын газарт тавьсан шарилыг нүүлгэн шилжүүлнэ
- 2014-05-26
- Улс төр
- 0

Улсын хэмжээнд жилд дунджаар 16 мянга гаруй иргэн нас бардаг. Үүнээс 6500-7500 иргэн нийслэлд нас бардаг гэсэн судалгаа бий. 2013 оны жилийн эцсийн байдлаар нийт нас баралтын 44 хувь нь чандарлах зан үйлээр, 56 хувь нь далд оршуулах хэлбэрээр нутаглуулдаг гэсэн тооцоо гарчээ. Газарт оршуулах зан үйлээр оршуулгын ажил хийхэд ойролцоогоор 15-20м. кв талбай шаардлагатай юм байна. Энэ хэмжээгээр тооцоход жил бүр нийслэлийн газар нутгийн 50-70 га газрыг оршуулгын ажилд ашиглаж байна. Зөвшөөрөлгүй оршуулгын газрууд, талийгаачийг ил задгай тавих зэрэг хотын ногоон бүс, байгаль орчныг бохирдуулан иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлсөөр байгаа юм.
Энэ талаар нийслэлээс ямар ажил хийхээр төлөвлөсөн, хуулийн ямар зохицуулалт байдаг талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуунтай ярилцлаа.
-Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмыг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн. Энэ журам хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Энэ сарын эхээр нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах журмын төслийг боловсруулж танилцуулсан. Үүнийг удирдлагууд дэмжиж нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Ирэх сарын эхээр тус хуралдаан болно. Энэ үеэр журмаа танилцуулаад батлуулна. Шинэ журмын хүрээнд тодорхой хэд хэдэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Нийслэлийн хэмжээн дэх оршуулгатай холбоотой хэд, хэдэн журмыг өнгөрсөн онуудад баталсан байдаг. Гэхдээ эдгээр журмууд нь салбарласан бие даасан шинжтэй жижиг журам. Эдгээрийг нэгтгээд нэг том журам болгох гэж байна. Мөн өмнөх журамд тусгаагүй зайлшгүй байх зүйлүүдийг нэмж өгсөн. Хариуцлага, торгуулийн тогтолцоо зэргийг тусгасан.
-Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хэчнээн оршуулгын газар байдаг вэ?
-Одоогоор зөвшөөрөлтэй, зөв- шөөрөлгүй, хаагдсан 20 гаруй оршуулгын газар нийслэлийн хэмжээнд байна. Тухайлбал, эдгээрээс “Далан давхар” хэдэн жилийн өмнөөс хаагдсан. Үүний дараа 2010 онд Баянзүрх, Гачууртын оршуулгын газрыг нэмж хаасан. Гэтэл эдгээр газруудад нууцаар хүн оршуулсаар байна. Зуслангийн ногоон бүс, бидний мэддэгээр 61-ийн гармаас баруун тийш уулын энгэр, амуудад хэд хэдэн оршуулгын газар байна. Мөн “Хүй долоон худаг”, Налайх, Гачууртын нутаг дэвсгэр дэх оршуулгын газар. Энэ бүгд зөвшөөрөлгүй. Тиймээс эдгээр зөвшөөрөлгүй оршуулгын газарт тавьсан бүх шарилыг шинэ журмаар зөвшөөрөлтэй албан ёсны оршуулгын газарт нүүлгэн шилжүүлнэ.
-Сүүлийн үед нас барсан хүнийг ил задгай оршуулах тохиолдол олширчээ. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Нас барсан хүнийг ил задгай тавихыг хуулиар хориглосон байдаг. Үүнийг оршуулга гэж үзэхгүй. Хууль бус үйлдэл гэж үздэг. Хэрвээ нас барсан хүнийг ил тавьсан байвал ар гэрийнхэн болон хариуцсан хэн нэгэн хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4-5 дахин нэмэгдүүлсэн хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг. Тухайн шарилыг зөөж, тээвэрлэхэд зарцуулсан зардал зэрэг бусад зүйлүүдийг нөхөн төлүүлэхээр тусгасан. Үйл ажиллагаагаа буруу явуулсан шаардлага, стандарт хангаагүй байгууллага, аж ахуйн нэгжийг 30- 40 дахин торгоно. Бүр цаашлаад үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах юм. Лам хуварга, сүм хийд зэрэг янз бүрийн шашны байгууллага үйл ажиллагаа буруу явуулсан журам зөрчсөн тохиолдолд бас торгуулийн арга хэмжээтэй. Энэ мэтчилэн олон заалтуудыг тусгасан.
- “Далан давхар”-ын оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох тухай нэлээд ярьсан. Энэ ажлыг хэзээнээс хийж эхлэх вэ?
-Олон нийт цэцэрлэгт хүрээлэн гэхээр буруугаар ойлгож байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд хаасан хуучин оршуулгын газруудыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохоор тусгасан байдаг. Үүний нэг нь “Далан давхар”-ын оршуулгын газар юм. Энэ нь ямар нэгэн байдлаар хүүхдийн тоглоомын талбай, хосуудын болзооны цэцэрлэгт хүрээлэн болохгүй. Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газраас концессийн уралдаан зарласан. Гүйцэтгэгчийг нь шалгаруулах гэж байна. Хамгийн гол нь хог шороогүй, тохижилт, ногоон байгууламжтай, харуул хамгаалалттай дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох юм. Ингэхийн тулд одоо байгаа шарилын ар гэрийнхэнтэй нь холбогдож ёс заншлын дагуу чандарлах ажил хийнэ. Мөн алдагдаж, эвдэрсэн шарилыг нөхөн сэргээх ажил хийнэ.
-Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохын тулд хөрөнгө мөнгийг нь яаж шийдэх вэ. Нас барсан хүний ар гэрийхэнтэй нь яаж холбоо тогтоох бол?
-Танилцуулж буй шинэ журам батлагдсаны дараа бүх зүйл тодорхой болно. Одоогоор тодорхой мэдэгдэж байгаа 250- 300 мянган шарил байна. Ухаж төнхөгдсөн, чулуу нь алга болсон шарилууд нэлээд их байгаа. Үүнийг тодорхой болгох ёстой. Ерөнхийдөө 2015 оноос нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй холбогдож, тодорхой ажлуудыг хийж эхэлнэ.
-Жишээлбэл, “Цагаан даваа”-ны оршуулгын газар хогондоо дарагдчихсан, тэнд нь айл амьдарч байх юм. Энэ мэтчилэн нийслэл дэх оршуулгын газрыг хариуцах эзэн гэж байна уу?
-Оршуулгын газрыг хэн байгуулж, нээж, хаадаг нь тодорхойгүй. Мөн одоо нийслэлийн хэмжээнд байгаа бүх оршуулгын газар ямар ч хариуцах эзэнгүй байна. Харуул хамгаалалт ч алга. Тийм ч учраас хогондоо дарагдаж, хажуугаар нь айл амьдарч, хүмүүс ухаж төнхсөөр байгаа юм. Энэ талаар хэн ч ярьдаггүй. Ярихаасаа цэрвэдэг. Оршуулгын газрын хамгаалалтын бүсийг Монгол Улсын “Ариун цэврийн тухай хууль”-д оршуулгын газар нь суурьшлын бүсээс 300 метр зайд байна гэж заасан байдаг. Гэтэл суурьшлын бүсэд нэвтэрч ил задгай шарил тавьсан, зөвшөөрөлгүй газар оршуулга хийсэн иргэнд хариуцлага тооцох, түүнчлэн гомдлыг нь шийдвэрлэх боломжгүй. Ямар нэгэн эрх зүйн журам, заалт алга байна. Шинэ журам батлагдвал энэ бүх асуудал шийдэгдэж, хариуцах эзэнтэй болно. Оршуулгын газрын бүсэд амьдарч буй иргэдэд хариуцлага тооцох ёстой. Энэ нь тэдний ухамсрын асуудал болж байна. Өөрсдийн сайн сайхны төлөө үүргээ ухамсарлах хэрэгтэй.
С.Юмсүрэн

Сэтгэгдэл (3)
№ (202.126.91.171)
Үхсэн хүнээс хүртэл газрыг нь булаадаг цөвүүн засаг юм
zocnin (112.72.13.1)
cnandarlah uniig hyamdar uulj boldog gui im uu une mash ondor ucnir humuus uneiig ndiilehgui bna shuu dee
(124.158.75.9)
nowshnuuddaa etseg uwgudiig maani taiwan noirsuul yasan nowshiin hulgachid we