Н.Ганбямба: “Чингис” бондын хүүнд 100 сургууль барих мөнгийг өгч байна


    УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбатай ярилцлаа.

-Эдийн засгийн нөхцөл байдал анхаарлын төвд байна. эндээс яриагаа эхлэх үү?


-Монголын эдийн засаг маш хүнд байдалд орчихлоо. Эдийн засгийг хүнд байдалд оруулсан бодит шалтгааныг эрх баригчид олж чадахгүй байна. Хэрэв оношоо зөв тавих юм бол гарах гарц бий. Гэтэл эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өмнөх жилүүдийнхээс ухарчихлаа. Бид эдийн засгийн өсөлт нь 17.5 хувьтай, ДНБ-ний хэмжээ 10 тэрбум ам.доллар давсан үзүүлэлттэй эдийн засгийг хүлээлгэж өгсөн. Жилийн дотор 17 хувийн өсөлт 11 болтол буурлаа. Түүгээр ч зогсохгүй төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасарч байна. Өнгөрсөн жил үнэ тогтворжуулах нэрийдлээр гурван их наяд төгрөг зарцууллаа. Үүн дээр нэмэгдээд “Чингис” бондын 1.5 сая ам.доллар, “Самурай” бонд гээд олон төсөл хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрүүд нь эдийн засгийг сайжруулах биш сөрөг байдалд шилжүүлчихлээ. Нэг төслийнх нь мөнгөөр сурагчийн дүрэмт хувцсыг санхүүжүүлэхээр болсон. Даавууны материалыг нь гаднаас авсан. Ингэхээр гадаад валютын эрэлтийг нэмэгдүүлээд байна. Ноднин над уруу танидаг хүмүүс ам.доллар 1500 төгрөгт хүрэх нь гэж утасдаж байсан. Одоо ам.долларын ханш бүр 1800 гарчихлаа. Ийм огцом өсөлт ер нь ховор доо. Уг нь Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах эрхэм зорилготой байгууллага. 1996-2000 онд манайх нэг иймэрхүү хүнд байдалд байсан юм. Тухайн үед манайх Монголбанкны Ерөнхийлөгчийг томилж, найман жил ажиллуулсан. Эдийн засгийн нөхцөл байдлаас болоод 11 банк дампуурч байсан үед нэг төгрөгтэй харьцах ам.долларын ханш маш бага хэлбэлзсэн. Үүнийг л тогтвортой байдал гэж нэрлэнэ дээ. Эдийн засаг хүндрэхэд валютын ханшийн савалгаа их нөлөөлсөн шүү. Дээрээс нь төсвийн орлогоо цуглуулж чадахаа болчихлоо.

-Энэ Засгийн газрыг нүсэр бүтцээр ажиллаж байна гэж шүүмжлэх хүн олон бий. Ерөнхийлөгчөөс эхлээд ухаалаг төр рүү шилжих уриалга гаргасан ч ажил хэрэг болохгүй байна. Энэ байдал эдийн засагт ачаа болж байгаа болов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Яам, агентлагийн захиргааны зардал бүр хэрээс хэтэрлээ. Монгол Улс 19 сайдтай байсан түүх байхгүй. Жасрай гуайн үед 10 орчим сайдтай байсан. Энэ жилийн баталсан төсөв зургаан триллион төгрөгийн орлоготой. Үүний 5.3 нь урсгал буюу захиргааны зардалд зарцуулж байна. Шинэчлэлийн Засгийн газрын 19 сайдын зарим нь хоёр дэд сайдтай. Дэд сайд нарыг оруулаад тоолохоор 40 хүрчихэж байгаа юм. Өмнө ийм нүсэр бүтцээр ажиллаж байгаагүй. Ямар ч хэрэггүй зардал. Дарга нарын тоог нэмнэ гэдэг хүнд суртлын шат дамжлагыг нэмэгдүүлж байгаагаас ялгаагүй. Энгийн иргэн төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд яамны мэргэжилтэн, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, газрын орлогч, газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд гээд өчнөөн олон шат дамжлага дамжиж байна. Энэ чинь маш олон шат дамжлагыг өөгшүүлсэн төсөв болчихоод байна. Захиргааны зардлаар баялаг бүтээхгүй. Ёстой хайран мөнгө. Яамны том дарга, сайд нар хажуудаа зөвлөх, туслах гээд баахан дагуултай. Хамгийн хэрэггүй юм энэ. Ерөнхийдөө улсын төсөвт ашиггүй зардал их байна. Ийм их захиргааны зардалтай төсөв баталчихаад орлогоо авч чадахгүй. Он гараад улсын орлого 400 тэрбумаар тасарчихаад байна. Гэтэл гаднаас зээл аваад байдаг. “Чингис” бондын хүүнд гэхэд жилд 72 сая ам.доллар үрж байна. Эдийн засгийг зээлээс зээл, өрөөс өрийн хооронд авч явж болохгүй. Жилд 100-аад сургууль барих мөнгийг гаднаас авсан мөнгөнийхөө хүүнд өгөөд сууж байна. Дараагийн Засгийн газартаа маш том өрийн дарамт бий болгож байна. Ер нь өр их байх нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг.

-УИХ-ын чуулганаар Өрийн удирдлагын хуулийг хэлэлцэж байгаа. Эрх баригчид өрийн босгийг нэмэгдүүлэх сонирхолтой байна. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-ДНБ-нд харьцах өрийн хэмжээг 70 хувьд хүргэх хууль батлахаар хэлэлцэж байна. Олонхиороо түрий барьж, эрх мэдлийг ашиглана гэдэг их аюултай.Түүгээр ч зогсохгүй зарим өрийг өрөнд тооцохгүй гэсэн агуулгатай хууль боловсруулж байна. Дэндүү арга ядарсан арга.

-Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унасан нь эдийн засаг хүндрэхэд нөлөөллөө гэж зарим гишүүн тайлбарлаж байгаа. Энэ хэр бодитой үндэслэл вэ?

-Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн дарга Алтансүх гэж хүн саяхан зурагтаар “Эдийн засгийн нөхцөл байдал гадаад хүчин зүйлтэй холбоогүй.Манай нүүрсний эрэлт гадаадад хэвээрээ” гэж ярьж байна лээ. Тэгэхээр гадаад тал бол тийм их нөлөөлөөгүй байх. Нөгөөтэйгүүр, “Чалко”-д нүүрсээ хямдхан өгч байна гэж шүүмжилж байсан эрх баригчид нүүрсний үнээ бүр хямдхан болгочихсон байх юм. Хямд гээд голоод байсан үнээсээ доогуур үнээр борлуулж байна. Болохгүй бүхнийг гадаад нөхцөл байдалтай холбож болохгүй л дээ. Биднээс шалтгаалах юм их бий.

-Гадаадын хөрөнгө оруулагчид манайхаас “дайжчихлаа” гэх юм. Уг нь Хөрөнгө оруулалтын тухай хууль батлаад эрх зүйн орчинг сайжруулахаар ажиллаж байгаа. Яг юунаас болоод ахиц дэвшил харагдахгүй байна вэ?

-Монгол Улс эдийн засгийн тогтвортой байдлын үзүүлэлтээр 78, өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 11 байраар ухарсан. Ерөөсөө төрийн бодлого тогтворгүй байгаагийн илрэл энэ. Өмнөх Засгийн газрынхаа хийж, хэрэгжүүлснийг дандаа үгүйсгэдэг залгамж чанаргүй явж байна. Энэ мэт шалтгаанаас болоод гаднын хөрөнгө оруулагчид манайхаас жийрхэж байх шиг байна. Сонгуулийн жилээс хойш гадаадын хөрөнгө оруулалт 55 хувиар буурлаа. Ямар ч хууль батлаад нэмэр алга.Тэгэхээр Монголын төр, засагт итгэхгүй байх шиг. Тогтворгүй бодлоготой газар хамаг хөрөнгөө оруулахыг боддоггүй. Зөвхөн хөрөнгө оруулалт, төсвийн орлого буураад байгаа юм биш. Бүх үзүүлэлт буурч байна. Наад зах нь манайд ирдэг жуулчдын тоо багассан байна шүү дээ.

-МАН-ынхан хоёр сайдыг огцруулах төсөл өргөн барьж, Ерөнхий сайдад шаардлага хүртэл хүргүүлсэн ч үр дүнд хүрэхгүй юм?

-Эрх баригчид ардчиллын үндсэн зарчмыг уландаа гишгэж байна. Намын харьяаллаар ажлаас нь халж байна гэдэг үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж байна гэсэн үг. Өмнөх парламентын үед цөөнх нь олонхи болсон намынхаа толгойд гарчихсан байж. Тиймээс санал хураах хар машиныг хүртэл хуульчилж чадсан. Харин одоо болохоор цөөнхөө үл ойшоосон маягтай харилцаж байна. Ерөнхий сайд МАН-ын бүлгийн шаардлагыг хүлээж авахгүй байх нь аргагүй. Учир нь эрх баригчид нэгэндээ хариуцлага тооцож чадахгүй байна. АН-ын олон бүлэглэлийн эрх ашгийн асуудал байдаг учраас дотроо хариуцлага ярихгүй байна.

Ц.Оюунтунгалаг
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • d (217.31.69.163)

    2014-07-22

    49.0.132.223-- hun eron ajila sain hiih yostoi, yamar negen huni ner hunded haldii gevel sain sudalj baij imerhu setgegdel bichere, ene hun chin ogt arhi uudagui hun shuu dee :)

  • иргэн (112.72.11.121)

    2014-06-02

    Зээл юм болохоор хүү төлж л таараа. Гэхдээ энэ мөнгө улсад маань энэ цаг үед маш их нэмэр болж байгааг бид харж л байна. элдэв шадтаг тоочилгүй эх орноо хөгжүүлий гэж бодлвол боломж, гарц, санаачлага байдгийн нэг жишээ. Харин бид хяналтаа л улс төржилгүй зөв тавих хэрэгтэй. Ингэхэд Та арай хүнээс зүгээр юм аваад байдгийн биш биз ???

  • (49.0.132.223)

    2014-05-31

    ZA GANBYAMBA BOL UTSAN HUUHELDEI .SURGUULI DEEREE GANTSAARAA ARHI UUGAADL SUUJ BAIDAG NUHUR SHUU DEE.