Сонгуулийн хуулийг энэ долоо хоногт батална

Монгол Ардын Намын бүлгийн өчигдрийн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын зарим асуудлыг хэлэлцсэн байна.
Монгол Ардын Намын бүлгийн өчигдрийн хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын зарим асуудлыг хэлэлцсэн байна. Өнгөрсөн долоо хоногт батална гэж байсан хуулийн төсөл хойшилсон юм. Энэ нь АН-аас Монгол Ардын Намын бүлэгт ирүүлсэн мажоритар давамгайлсан 48 тойрог, пропорционалиар явуулах 28 тойрог хооронд нэр дэвшигчдийг шилжүүлэхтэй холбогдсон саналаас шалтгаалсан. АН-ын саналаар бол 48- аас бүрэн шилжилтийг хийх хэрэгтэй. Сонгогчдоос авсан саналын дагуу хэн, хэдэн хувийн санал авсан нь эрэмблэгдсэн байх  учраас үүнээс хамгийн олон санал авсныг нь оруулах ёстой гэж байгаа юм. Монгол Ардын Намын бүлэг уг саналыг хэлэлцэж, шилжилт байх нь зүйтэй. Гэхдээ АН-ын тавьсан 48-аас бүрэн шилжүүлэх саналыг 100 хувь хүлээн зөвшөөрөхөд учир дутагдалтай гэж үзсэн байна. Харин шилжилтийг яаж хийх вэ гэдэгт ойлголтын зөрүү байгаа аж. Өөрөөр хэлбэл, 76 хүний нэрийн жагсаалтаар улсын хэмжээнд нам тодорхой санал авна. Тухайн саналын хэмжээгээр 28 суудлыг хуваарилах заалттай. Ингэхдээ 28 суудалдаа 48 мандатын төлөө өрсөлдсөн 26 тойрог дээрх хүмүүсээс шилжүүлэх юм уу, эсвэл 48-аас гаднах 28 хүнээс оруулах юм уу. Хэрэв оруулсан тохиолдолд хэдэн хувиар оруулахыг нь тодорхой болгох хэрэгтэй хэмээн үзжээ. Иймээс тухайн шилжилтийг хийхдээ 48-аас, өөр хэн нэгнийг оруулахаа 28 дотроосоо шийдье. Үүнийг нь нам, төлөөллийн дээд байгууллагын хурлаараа шийдэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч, АНын бүлэгтэй ширээний ард сууж, энэ долоо хоногт сонгуулийн хуулиа батлах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд шийдвэрлэсэн байна. Сонгуулийн хуулийг тойрсон асуудлаар Монгол Ардын Намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулт өгсөн юм.

-Холимог тогтолцоог сонгохоор тойргуудад хуваарилагдах мандатын тоонд өөрчлөлт орж байгаа. Улаанбаатар хотод 14 мандат хуваарилна гэж байгаа. Үлдсэн аймгуудад хуваарилагдах мандат эцэслэгдсэн үү?

-Улаанбаатарт мандатын тоог нэмж 14 байхаар тохирсон. Хууль батлагдахаар СЕХноос УИХ-д мандатыг хэрхэн хуваарилах тухай тогтоолын төсөл орж ирнэ. Түүнийг нь УИХ тухайн үедээ хэлэлцэж шийдвэрлэнэ.

-Сонгогчдын хувьд саналаа өгөхдөө нэр дэвшигчийн нэрийг дугуйлах юм уу, эсвэл намын нэрийг дугуйлахаар болж байгаа юу?

Нам нь 76 нэр дэвшигчийн жагсаалтыг СЕХ-нд хүргүүлнэ. Үүнд тойрогт өрсөлдөх 48, мөн намаас санал болгох 28 хүн байна. Нийлээд нэг жагсаалт болох юм. Сонгогч зөвхөн намыг дугуйлна. нэр дэвшигчийн нэрийг дугуйлахгүй. Сонгогч хоёр хуудас авна. Нэг нь тухайн тойрогт өрсөлдөж буй хүмүүсийн нэр бүхий хуудас. Нөгөө нь 76 хүний нэр бүхий намуудын нэрийг жагсаасан хуудас байх юм. Сонгогч та эл 76 хүнийг дэмжиж байгаа бол энэ намыг дугуйл гэсэн сонголт бий. Жишээлбэл, Сонгогч Монгол Ардын Намаас дэвшиж буй 76 хүнийг илүү байна гэж үзвэл тухайн намыг дугуйлна. Үүнийг нь улсын хэмжээгээр нэгтгэж санал болгох юм.

-Намуудын босго оноог хэдээр тогтоох вэ. Тодорхой шийдвэр гарсан уу?

Хуулийн төсөлд долоо байсныг ажлын хэсгийн хүрээнд тав болгож бууруулахаар шийдсэн. Энэ асуудал Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орох ёстой.

-Парламентад суудалгүй намууд УИХ-ын сонгуулийн хуулийн төсөлд оруулахаар олон санал өгсөн. Хуулийн төсөлд уг саналууд хэр тусч байгаа вэ?

УИХ-д суудалгүй намуудаас олон санал гаргасан. Тухайн саналуудыг сонгуулийн ажлын хэсэг авч үзсэн. Олон санал нь тусч байгаа. Үүнээс 76 мандаттай нэг тойрог болгох, сонгуулийн тусгай шүүх байгуулах зэрэг зарчмын гэж болох саналуудыг хүлээж авах боломжгүй гэсэн хариуг өгсөн.

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталлаа гэхэд Үндсэн хуулийн цэцэд очоод унавал яах вэ?

-Тэр бол бидний асуудал биш. Бид хуулиа батлах ёстой. Цэцийн яаж шийдэх нь дараагийн ээлжийн иргэн болоод Үндсэн хуулийн цэцийн өөрийнх нь асуудал.


www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)