Тультраа буюу шулга ярих нь эмгэг мөн үү
- 2016-01-20
- Эрүүл мэнд
- 0
Тультраа буюу шулга ярьдаг хүн олон байдаг. Бага насны хүүхдийн хувьд хэл ярианы хөгжил хараахан гүйцээгүй, эсвэл эх эцэг нь эрхлүүлэн өөрсдөө тультраатан дуурайсан зэргээс болоод нэг хэсэгтээ л шулганах нь бий. Тэд өсөж томрон сургуульд орох үедээ аажмаар засарчихдаг. Тультраа хүмүүс “р” үсгийг “л” гэж хэлэх ба ийм үсэг ороогүй үгийг зүгээр хэлдэг нь түлхүү талдаа. Сүүлийн үед иргэдийн гадаад хэлний мэдлэг өссөн тул “р” үсэг хэлж чадахгүй тультраатах нь харин ч “моод” болох маягтай. Яагаад гэхээр англи хэлэнд “р” үсгийг тод хэлдэггүй болохоор тэр. Тультраатах нь олон шалтгаантай байх бөгөөд эхнийх нь дээр өгүүлсэн төрөлхийн биш, засрах хэлбэр. Гэхдээ л хэл яриаг нь залруулахын тулд эцэг эх, багш нар нь анхаарч өөрсдөө тультраатахгүй ярихын хамт хурдан хэллэг, хэлэхэд хэцүү, олон “р” үсэг орсон үгүүдийг хэлүүлж сургах, зөв хэлсэн үед нь урамшуулах зэргээр засах нь зүйтэй.Тультраа хүүхэд арслан, нохойг дуурайн архираатах гэвэл “р” үсгийг зүгээр хэлээд байдаг. Энэ бол тультраа нь түр зуурын буюу засрах магадлалтай гэсэн үг. Эдгээр оролдлого хийсэн ч засрахгүй бол тультраатах шалтгаан нь хэл ярианд оролцдог аль нэг эрхтэнд гажиг өөрчлөлт байна гэж оношилоно. Ихэнх тохиолдолд шүдний буруу ургалт давхар, дотогшоо их цөмөрсөн, хэлийг хатгахаар хурц үзүүртэй г.м хэлний чөлөөтэй хөдөлгөөнд саад болохоор байрласан, тагнай нь төрөлхийн хавтгай, эсвэл цоорхой, цаашаа их хонхойсон, зөөлөн тагнай болон хэлний төрөлхийн , олдмол саа өвчин зэргээс болж шулга ярьдаг. Цөөнгүй тохиолдолд сонсголын сулралтай, дүлий хүмүүс дутуу мэдрэмжээсээ болоод тультраатдаг талтай. Түүнээс гадна зүв зүгээр ярьдаг байсан хүмүүс төв мэдрэлийн системийн өвчин, голдуу цус харвалтын дараа тультраатах нь элбэг бөгөөд энэ тохиолдолд зөвхөн “р” ч биш бусад үсгийг ч буруу хэлээд байдаг нь гар, хөл нь салганах, сааждагтай адил бусад эрхтэн ч тийм байдалтай болчихдог юм. Оношлоход түвэгтэй биш ч төрөлхийн болон саажилтаас болсон тультрааг засахад нэлээд түвэгтэй.
Юуны өмнө тультрааг үүсгэж байгаа шалтгааныг засах эмчилгээ хийнэ. Тухайлбал буруу ургасан шүдийг авах, тэгшлэх бэхэлгээ хийх, тагнайн гажгийг мэс заслын аргаар нөхөх, цус харвалтын үр дагаврыг эмчлэх, хэлний байнгын дасгал хийлгэх зэргээр эмчилгээний төрлийг сонгон хэрэглэнэ. Гэхдээ тультрахаас өөр зовиур шаналгаа байхгүй бол заавал засах гэж оролдох шаардлагагүй гэхэд болно. Цөөнгүй тохиолдолд тультраатах нь удамших хандлагатай байдаг. Зарим тультраа хүмүүс дуу дуулахдаа зүгээр болчихдог шүү дээ. Тийм хүмүүсийн хувьд засрах магадлалтай. Харин сургуулийн бага ангийн хүүхэд тультраа бол багш нар нь онцгой анхаарч, бусад хүүхдүүддээ найз нөхрөө шоолж ичээхгүй байх талаас нь санаа тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол хүүхэд ичиж, бас сэтгэл санаагаар унан дуугаа хурааж, жожгирох, мэддэг хичээлээ ч хариулахаас татгалзах зэргээр ганцаардаж, улмаар сэтгэцийн эмгэгтэй болж мэдэшгүй. Тэдэнд тультраа ярих нь муу зүйл биш. Манай төрийн томчуул хүртэл ингэж ярьдаг. Ийм хүмүүс гадаад хэлийг илүү сайн сурах боломжтой гэх ч юм уу, Япон хүмүүс бүгд “л” үсэг хэлж чаддаггүй шүү дээ гэхчлэн сэтгэл засал аргыг оновчтой хэрэглэх нь үр дүнгээ өгнө. Ялангуяа дөрвөөс дээш ангийн хүүхэд шоолох, доромжлохыг маш эмзэг хүлээж авдаг нь насны онцлог юм. Нас бие гүйцсэн хүмүүсийн хувьд санаа зовох зүйл биш. Гэхдээ яахав олны өмнө үг хэлдэг, улс төрч, урлаг соёлынхон засах гээд оролдоод үзэхэд гэмгүй.
Олхонууд ШААБАР


Сэтгэгдэл (0)