Пүрэв гарагийн улайссан улс төр

Долоо хоногийн пүрэв гарагт УИХ-ын чуулган хуралддаг. Энэ өдөр улс төрийн идэвх өндөр болдог. Энэ удаагийн пүрэв гарагт Ерөнхийлөгчийн өргөн барьсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль”-ийг хэлэлцэх эсэхийг шийдэх байсан тул улс төрийн идэвх бүр улайсах хэмжээндээ тулав. Уг хуулийг хэлэлцэхээр болсон гэдгийг бүгд дуулаа байлгүй. 101 гишүүн оролцож 55 гишүүн дэмжиж 56.4 хувиар уг хууль дэмжигдэв. Энэ хуулийг хэлэлцэх болсноор олон гишүүд мэдэгдэл хийсэн. Хамгийн гол нь ард түмний сонголтыг засварлах боломжтой болно гэсэн болгоомжлол их анхаарал татаж байна. Ингэснээрээ УИХ дахь олонх цөөнхөө үг хэлүүлэхгүй барих, жагсаалтын гишүүдийг татах эрх намын даргад үүссэнээр эрх баригч намын дарга хүчирхэгжих,УИХ-ыг дураараа залж болох боломж үүснэ гэсэн шүүмжлэл их гарч байна. Нэг ёсондоо парламент ёс байхгүй болох юм биш үү гэдэг бол уг хуулийн үзэл санаа ямар айхтар байна вэ гэдэг тал дээр гишүүд бодох байлгүй. Энэ талаар гишүүд бодлогогүй хандвал үр дүн нь дэглэм солих хэмжээний зүйл болох талаар болгоомжлуулсаар байна.

Ордонд ингэж бужигнаад зогсохгүй Сүхбаатарын талбайд мөн л жагсаал цуглаан бужигнаж өнжив. Ордны баруун хаалга дээр “тэтгэврийн доод хэмжээг нэг сая таван зуун төгрөг” болгох шаардлагыг ахмадууд шаардаж уриа лоозон болон зогсож байна. Энэ цуглаан бараг хагас жил болж байгаа ч тоож байгаа хүн алга. Тэд хэдэн лоозонгоо барьчихсан томоотой гэгч нь зогсож хажуугаар өнгөрч байгаа хүмүүсийн нүүр лүү асуусан байртай харна. Хүмүүс ч цөөхөн харагдана. Нээрэн ч нэмчихэд яах вэ дээ гэж бодогдмоор.

За ордны зүүн хаалга дээр БХБОС-ын сайд Э.Бат-Амгаланг огцруулах жагсаал бараг гурван сардаа үргэлжилж байна. Тэд зохион байгуулалттай хоороороо “Бат-Амгалан огцор” хэмээн хашхиралдадаг байсан ч энэ өдөр өөр жагсаалд цохиулсан уу дуу муутай зүгээр л лоозонгуудаа барьсаар жирийтэл эгнэн сууцгааж байлаа. Тэд “Зэсээ өөрсдөө зармаар байна. 40 тэрбум төгрөгөө авмаар байна” гэх зэрэг лоозон зоожээ.Яачихсан “амьтан” нь ингэж луйвар дээрэм хийчхээд гишүүн болоод бас болоогүй сайд болчихдог байна аа гэж бодмоор. Үнэн эсэхийг шүүдэг газар байдаг л байх даа. Нөгөө Ерөнхийлөгчийн өчигдөр хэлээд байсан “луйварчин дээрэмчин энэ их хуралд ороод үүрлэчихсэн” гэдэг нь ч юм уу гэж бодогдохоор аж.

Сүхбаатарын талбай дээр “Туул голоо хамгаалъя” цуглаан болж байлаа. Энэ удаа бас л цөөвтөр хүн цуглаж Туул голоо Туулын хурдны замаас хамгаалах тухай ярьцгааж байна. Энэ хурдны зам түгжрэлийг бууруулахгүй гэж цуглаанд оролцогчид баталж байна. Нэг жагсагч охины хэлж байгаагаар “Түгжрээд эхлэхээрээ за хурдны замд оръё гээд хотын төвөөс Баянзүрхийн товчоо руу явах юм уу” гэж асуугаад “Энэ утга үгүй зүйл” гэж хэлэхэд “Тэгвэл нээрэн яаж ч түгжрэл буурах билээ” гэж гайхаш тасармаар. Гэвч хотоос хөдөлгөөн татах дөрвөн ч зам тэр хурдны зам руу нийлдэг гэсэн зураг харснаа санахаас жагсагч охинд эргэлзээ өөрийн эрхгүй төрөх аж.

Энэ өдрийн хамгийн том бөгөөд сүртэй жагсаал нь эрчим хүчнийхний жагсаал бололтой. Тэд туг далбаа болон ордон тойрон гороолж “Эрчим хүчний цалин нэм” хэмээн дуу нийлүүлэн жагсан алхах нь сүртэй бөгөөд омогтой харагдаж байв. Нөгөө биднээс авсан тогны мөнгөний нэмэгдэл хаачсан юм бүү мэд. Энэ хүмүүст л лав очоогүй юм байна гэж бодохоос гол харлам. Яагаад гэвэл цалин нэмэх гээд бас дахиад тогны мөнгө нэмэх байх даа гэж бодохоос. Пүрэв гарагийн улс төр нэг иймэрхүү аястай байна.

Ө.Тойм

ӨДРИЙН СОНИН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)