"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө

Нийслэлд их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай орох трасс нь Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрөх юм. Энэ нь зөвхөн тээврийн шинэ шугам болохоос гадна хот байгуулалтын цогц хөгжлийг дэмжих ач холбогдолтой.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хүн ам 312 мянгад хүрч 20 хувиар өснө. Ажлын байр 60 мянгад хүрч 11 хувиар нэмэгдэж, худалдаа үйлчилгээний барилгажилт 3.90 сая ам метр хүрэх төлөвтэй хэмээн тусгагджээ. Тиймээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хүн амын нягтралыг тэнцвэржүүлэх зорилгоор Сэлбэ дэд төвийг байгуулж, орон сууц, худалдаа үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц хосолсон орчин үеийн хотын шинэ зангилаа болгохоор төслийг хэрэгжүүлж байна.  Өнөөдрийн байдлаар Сэлбэ дэд төвийн хүрээнд “Сэлбэ 20 минутын хот” төслийг хэрэгжүүлж, 80 техник 1632 мэргэжилтэн барилгын талбайд ажиллаж байна.

Трамвайн шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрснөөр иргэдийг төв рүү чиглэсэн автомашины хөдөлгөөнөөс хамаарал багатай, тав тухтай, тогтвортой нийтийн тээврийн сүлжээнд холбох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын тээвэр, хот төлөвлөлтийн бодлого уялдаж, Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орчин үеийн, тогтвортой хөгжлийн шинэ жишиг болох юм. Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл автобусаар явахад өнөөдрийн байдлаар 90 минут зарцуулдаг бол трамвайг ашигласнаар 29 минутад туулна. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн түлш, бензин ашиглалтын зардал буурч, замын түгжрэл багасах зэрэг олон давуу талтай.

“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд нийт 11 км урт, 16 зогсоолтой байна. “Сэлбэ 20 минутын хот” төслөөр нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж зэргийг барина.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)