“Хонгил” доторхи хуйвалдааны улс төр

 

        Ардчилсан намын "хонгил" доторхи хуйвалдаан

 

"Хаяаг нь бараадан зогсох ардчиллын алтан хараацай С.Зоригийн хөшөө санаа алдан уйлж байна" хэмээн нэгэн зохиолч Ардчилсан намын дотоод зодооныг зүйрлэн хэлжээ. Эрх баригч намын дотоод зөрчил хөндлөнгөөс, ард түмэнд ийм л муухай харагдаж байна. Ерөнхий сайд байсан хүн нь Ерөнхийлөгч рүүгээ нулимж, УИХ-ын дарга нь намын гишүүд рүүгээ нулимдаг ийм л увайгүй улстөрчдийг бид толгойдоо залчихаж. 2012 оны УИХ-ын сонгуулийн дүн Ардчилсан намд нааштайгаар эргэсэн нь өнөөдрийн улс төрийн хямралын гол үндэс суурь болсон гэж улс төр судлаачид дүгнэж байна. Ард түмэн "Улс шиг хөгжиж, хүн шиг амьдрах"-ыг л хүссэн. Энэхүү хүслийнх нь хариуд Ардчилсан намынхан дарангуйлал, эдийн засгийн хямрал, ядуурал, улс төрийн хямрал, баривчилгаа, айлган сүрдүүлэлт, нийгмийн бухимдлыг "бэлэг" болгож өгсөн. Тэгвэл шинэ долоон хоногийн супер дуулиан нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн мэдэгдэл байлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан "Битгий давар", "Шударга ёсны хямралыг зогсоож, шударга ёсыг жинхэнээр нь тогтоохын төлөө эцсээ хүртэл тэмцэх"-ээ албан ёсоор зарласан. Уг нь түүний толгойлдог "Алтангадас" фракц нам дотроо томд тооцогдоно. Бүр өдгөөгийн намын дарга, УИХ-ын даргын толгойлдог "Шонхор"-оос ч хүчтэй. Харамсалтай нь "Алтангадас" фракцийнх нь зарим нөхөд Ц.Элбэгдоржийн ивээлд орсноор Н.Алтанхуягийн толгойлдог фракцийн хүч суларсан. Энэ бол төлөвлөөгүй биш төлөвлөж хийсэн зүйл. Тодруулбал, Шинэчлэлийн Засгийн газрыг унагаж, "Алтангадас" фракцийн хүчийг сулруулах сонирхол хэнд байсан бэ гэвэл УИХ-ын даргад байсан. З.Энхболд намын даргын суудалд суухын тулд Ерөнхийлөгчтэй үгсэн хуйвалдаж Н.Алтанхуягийг унагаж улмаар "Алтангадас"-ыг дотроос нь "өтөнд идүүлж" чадсан юм. "Алтангадас"-ын хүчийг сулруулахад хамгийн их гавьяа байгуулалцсан хүмүүсийн тэргүүн эгнээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар орно. Тэдний хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн сэдэл дээр дөрөөлөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр төлөвлөгөөгөө өөрсдөөсөө тун чиг холуур биелүүлж чадсан нь гайхалтай.

 

Харин өнөөдрийн улс төрийн зураглалын гол дүр нь Ц.Элбэгдорж болж хувирлаа. Тэрбээр З.Энхболдыг намын даргаас нь шахан зайлуулах оролдлого хийж эхэлсэн нь Н.Алтанхуяг, З.Энхболд хоёрыг эвийн цавуу шиг нэгдэхэд хүргэв. Одоо хоёрын эсрэг нэг болж байна гэсэн үг. Н.Алтанхуяг Ерөнхий сайдаасаа буух хүртлээ ганцаардсан шиг одоо Ерөнхийлөгч ганцаардаж эхэлнэ. Ерөнхий сайд асан, УИХ-ын дарга хоёртой "зодолдоод" завгүй байхад журмын нөхөр, жүжигчин Д.Сосорбарам нь хошуу нэмэрлээд, хажуугаар нь жанхуу зуураад яваад байдаг. Аягүйдвэл сонгууль дөхсөн энэ үед хотын дарга Э.Бат-Үүл нь ч багын анд руугаа нулимахыг байх гэх газаргүй. Тэрбээр З.Энхболдоос "айж" байгаа. Учир нь өнөөдрийг хүртэл З.Энхболдын эсрэг ганц ч үг ган хийхгүй байгаа нь хүү Б.Чулуудайн балаг нь УИХ-ын даргын "хар дэвтэр"-т хав дараастай байгаатай холбоотой. Тийм биш бол амиа золин байж босгосон Ардчилсан намынх нь нэр хүндийг шороотой хутгаж байгаа З.Энхболдод хамгийн түрүүнд хатуухан үг чулуудах ёстой хүн нь Э.Бат-Үүл. Гэтэл ус балгасан юм шиг дуугүй суугаад байгаа нь хачирхалтай.

 

Төрийн гурван өндөрлөгийн "хонгил" доторхи хуйвалдаан

 

Ардчиллын анхдагчдын нэг, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал "Чингис, Самурай, Хөгжлийн банкны бондыг босгохдоо юунд зарцуулахаа мэдээгүй байхгүй юу. Энэ бол хамгийн бүдүүлэг алдаа. Эхлээд яагаад надад мөнгө хэрэгтэй байгаа юм бэ? Яагаад надад санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй байгаа юм бэ? гэдгийнхээ учир начрыг олчихоод, төслөө бэлэн болгочихоод, цаасан дээр буулгачихаад, тооцоо судалгаагаа гаргачихаад бонд босгох ёстой байсан юм" хэмээн эрх баригчдын босгосон хуудуутай бондын талаар үнэнийг өчсөн. Өнөөдөр гэнэт л энхийн цагаан тагтаа шиг харагдах гээд зүтгээд байгаа Н.Алтанхуяг эдийн засгийн хямралын эхлэлийг тавьсан гэдгийг эдийн засаг гадарладаг хүн болгон л ярьж, хэлж байна. Түүний сүр дуулиан болгож хийсэн мэдэгдэл ч үүнтэй холбоотой. Сонгууль дөхөөд ирэхээр урдах замаа засах маяг үзүүлж бохирдсон уснаас цэвэрхэн, хуурай гарах гэж зүтгэж байна. Түүний буруу ч биш... Н.Алтанхуягийг буланд шахсан хүмүүс нь Ц.Элбэгдорж, З.Энхболд хоёр гэдгийг дээр дурдсан. Бүр нарийн яривал, Н.Алтанхуяг одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шинэчлэлийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн яамыг нь толгойлж асан Н.Батбаяр нартай нийлж Монгол Улсын эдийн засгийг "алсан". Цаашилбал, тогтвортой өсч явсан эдийн засгийг "хулгайлчихсан" юм. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр одоо тэрбээр хонийн арьс хэдийг нөмрөөд ч тусыг эс олно. "Хулгайч хүн л хамгийн түрүүнд хулгайчийг бариарай" гэж хашгирдаг биз дээ...

 

Нөгөө талд ганцаардаж суугаа Ерөнхийлөгч ч нэг их ариун хүн биш. 2009 онд "Шударга байцгаая" гэсэн үг нь ард түмэнд таалагдаж, үнэхээр л бид шударга хүн сонголоо гэсэн ард түмний сэтгэл рүү ус цацсан. 2009, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ард түмэн хамгийн том сонголтоо хамгийн буруу хийжээ гэдгээ одоо л ухаарч байна. Хамгийн их шударга ёс ярьж, шударга шүүх ярьдаг тэрбээр өөрөө шударга ёс, шударга шүүхийн "хулгайч" болчихож. Ардчилсан намын "дарангуйллын" төрх, өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлын гол буруутан нь Ц.Элбэгдорж гэж Н.Алтанхуяг хэлсэн нь ч оргүй үг биш. Намаасаа татгалзаж ард түмний эв нэгдлийг хангаж ажиллана гэж тангараг өргөсөн бол тэр тангарагтаа үнэнч бай. Татгалзсан намынхаа дотоод үйл ажиллагаанд хэтэрхий их анхаарч, намын даргыг нь дур мэдэн сольсноор Ардчилсан намын хямрал гүнзгийрсэн. Хууль, шүүхийн байгууллагыг "халаасалж" халдсан нэгнээ барьж хорьдог, шүүхээр далайлгадаг энэ ёс зүй чинь шударга ёс шүүхийн зарчим уу, Ерөнхийлөгч өө... Ц.Элбэгдоржоос өмнө Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гурван хүн харин ч төрийн ноён нуруутай, тулхтай байсан нь өдрөөс өдөрт мэдрэгдэж байна. Нэгэн цагт УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Н.Энхбаярыг аюултай хүн л гээд байгаа. Явж явж Ц.Элбэгдорж чинь Н.Энхбаяраасаа ч аюултай хүн шүү дээ" гэж хэлсэн удаатай. Түүнийг ингэж хэлэхэд Ц.Элбэгдоржийг даган дууриагч, шүтэн бишрэгчид нь Ц.Нямдоржийг үзэн ядахын дээдээр үзэн ядсан. Харин Ц.Нямдоржийн хэлсэн үг өдрөөс өдөрт батлагдаж байгааг ард түмэн нүдээрээ харж, чихээрээ сонсож байна.

 

"Хонгил" доторхи хуйвалдааны улс төрөөс Монгол Улс, ард түмэн юу хожив. Эдийн засгийн хямрал, өрийн хямрал, улс төрийн хямрал, ядуурал, нийгмийн доройтлыг л "хожлоо". Н.Алтанхуяг гэнэт гарч ирээд Ерөнхийлөгчид хаягласан үг хэлээд Монгол Улс хөгжихгүй. Ерөнхийлөгч нь эдийн засгийн форум дээр даварсан хулгайчууд гээд нэгнийгээ чичлээд ч Монгол Улс хөгжихгүй. АН-ын дарга, УИХ-ын дарга нь үг хэлж байхад оймсоо шидээд Монгол Улс хөгжихгүй. Төрийн гурван өндөрлөг нь дээгүүрээ эвтэй, айл өрх нь гэр дотроо эвтэй, иргэд нь ажил дотроо эвтэй, намын нөхөд нь нам дотроо эвтэй, улстөрчид нь ордон дотроо эвтэй байвал Монгол Улс хөгжинө. Ардчилсан нам шиг хагарсан шаазан шиг байвал бусдын л олз болно. Хулгайч хулгайчаа бариарай гэж хашгираад монголчуудад юу ч наалдахгүй.

 

С.ОГТОРГУЙ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • zocin (112.72.11.106)

    2016-04-06

    яг зөвхэллээ. ГЭХДЭЭ ХУЛГАЙЧ НАР ХООРОНДОО ХЭМЛЭЛДЭЖ БАЙЖ Л ХУЛГАЙ НЬ ИЛЭРНЭ. ХООРОНДОО САЙН ХЭМЛЭЛДЭХ ХЭРЭГТЭЙ. ЭНХБАЯРЫГ ОРОЛДОЖ БАЙЖ СҮ БАТБОЛДЫН МАНАН БАЙГУУЛЖ 5 ТОЛГОЙГ ХУВААЖ ИДСЭН ХЭРЭГ ИЛЭРСЭНТЭЙ АДИЛ...

  • Zochin (59.153.113.214)

    2016-04-05

    Goltoi dugneltuud baina. Ediin zasag unaj, ujd bajigdaj, ajilguidel, yaduural gaarsanii gol buruutan Ajtanhuyag shuu dee. Bas Altanhuyag turiin albiig tujliin bolgoj AN-iinhnaar duurgesnee gaviya geh bolovch,nuguuduul ni buh shatand ajil unagaj beleg bariv. Odoo buh buruugaa Ebed tohoh sanaatai ch Altanhuyagt ard tumen ogt itgehgui.

  • Zochin (202.179.10.18)

    2016-04-05

    Ц. Элбэгдорж гэсэн нь яг ард түмний сэтгэгдэлтэй таарч байна. Буруу хүн сонгосондоо одоо ч харамсаж байна. Монгол, орон даяараа шоуны орон боллоо. Худлаа ярьж чадсан нь хожиж, үнэн цагаанаараа явсан нь хохирч байна. Яаж хүн бүр элбэгээ шиг худлаа ярьж сурах вэ? 3 саяулаа худлаа яриад сурчихвал хэн нь ажил хийх вэ?