Органик хүнсний тухай хууль батлагдлаа

 

        УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Засгийн газраас 2015 оны 6 дугаар сарын 10-нд өргөн мэдүүлсэн Органик хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 75.8 хувийн саналаар баталлаа.

 

Энэ хуулийн зорилт нь органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулахад орших юм. Мөн энэ хууль нь органик хөдөө аж ахуйн гаралтай хүнс болон боловсруулаагүй түүхий эд, бүтээгдэхүүн, байгалийн ургамал ашиглаж үйлдвэрлэсэн органик хүнс, мал амьтны органик тэжээл, органик бордоо, таримлын үр, суулгацад хамаарна. Харин ан амьтны гаралтай түүхий эдээр органик хүнс үйлдвэрлэх, нийтийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зохицуулахгүй юм.

 

Монгол Улсын 15-64 насны хүн амын 54,4 хувь нь илүүдэл жинтэй, 26-64 насны хүн амын 61,9 хувь нь цусан дахь нийт холестерины хэмжээ ихсэх эрсдэлтэй эсвэл ихэссэн гэх судалгаа гарчээ. Нярайн 10 амьд төрөлт тутмын нэг нь хорт хавдар болон төрөлхийн ямар нэг гажиг согогтой, генийн өөрчлөлттэй төрж байгаа, хорт хавдрын өвчлөл залуужиж дунджаар 35 нас болсон, таргалалт, тэжээлийн доройтол нэмэгдэж 9 хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй эсвэл жингийн алдагдалтай болсон зэрэг нь хөдөлгөөний хомсдол, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал алдагдсан органик бус хүнсний хэрэглээнээс үүдэлтэй юм. Энэ мэт олон хүчин зүйлсийн нөлөөллөөр хүний биед сөрөг нөлөөгүй, чанар сайтай хүнс хэрэглэх гэсэн иргэдийн хүсэл ихсэж, зах зээлийн эрэлт хэрэгцээ, нөгөө талаас түүнийг баталгаажуулсан эрх зүйн зохицуулалт шаардлагатай болж, жинхэнэ органик, экологийн цэвэр хүнс үйлдвэрлэгчдэд тавих нийтлэг шаардлага, хэм, хэмжээ тогтоох цаг болсон учир энэхүү Органик хүнсний тухай хуулийн төслийг боловруулан батлуулж байгаа юм.

 

Хуульд зааснаар “органик үйлдвэрлэл” гэж энэ хуульд заасан шаардлагад нийцүүлэн органик хөдөө аж ахуйн анхан шатны болон хүнсний боловсруулах үйлдвэрлэл эрхлэхийг хэлэх бөгөөд орцын 90 хувь болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай хүнс, тэжээл, бордоог органикт тооцно.

 

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Оюун танилцуулав. Уг хуулийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг зохицуулсан заалтад “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдийн Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулийг зөрчсөн албан тушаал нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны хуулиар хариуцлага хүлээлгэнэ” гэж байнгын хорооноос санал гаргасныг чуулганы хуралдаанаар дэмжлээ. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 75.8 хувийн саналаар Органик хүнсний тухай хуулийг батлав.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)