Ц.Даваасүрэн: Ялсан нам дээр очоод бялуу хуваах гэж байгаа зүйл биш

 

        УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өчигдөр МАН-ын Бага хурлын үеэр намынхаа гишүүнчлэлийг сэргээсэн юм. Тэд энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өнгөрсөн долоо хоногт МАН-ын удирдлагаас бие даагч нарт хамтарч сонгуульд оролцох санал тавьсан. Судалгаанд оролцсон сонгогчдын 80 гаруй хувь нь бие даагчид шийдвэр гаргах түвшинд цөөдөөд байна гэсэн хариултыг өгсөн байсан. Үлдсэн хувь нь цаашид бие даагаад явах нь зөв гэж үзсэн. Сонгуулийн хууль, сурталчилгааны  хугацаа бага зэрэг нөлөөлсөн. Одоогийн сонгууль ширүүхэн болох улс төрийн нөхцөл байдал ажиглагдаж байгаа учраас цөөнхүүд нэгдэж орьё гэсэн үйл ажиллагааг зөв гэж үзсэн. Тэрнээс биш ялсан нам дээр очоод бялуу хуваах гэж байгаа зүйл биш. Сонгуульд хамтарч, хүчээ нэгтгэе гэж байгаа юм. Мөн аль нэг намаас гараад нөгөө намд орж байгаа зүйл огт биш. Үзэл бодлын хувьд зөрчилдөж байсан зүйл бий. Гэхдээ өнөөдөр эвлэрч, нэгдэх алхам хийгдсэн гэж ойлгож болно. Хагаралдаж, бутарснаас болоод 2012 оны сонгуульд амжилт гаргаагүй. Өнөөдрийн удирдлага ийм алхам хийж байгаа нь бидний намд хийж байсан шинэчлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байгаа юм. Мөрийн хөтөлбөрт бидний тавьсан саналуудыг оруулж байгаа. Ялангуяа жагсаалтыг байхгүй болгох асуудал дээр нэгдмэл байр суурьтай байя гэж үзэж байгаа. Мөн өрийн асуудлыг яах вэ, яаж төлөх вэ гэдэг дээр саналаа илэрхийлж мөрийн хөтөлбөртөө тусгана. Яаж эдийн засгийн хямралын ард гарах вэ, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн орон байх, Монгол мал хөтөлбөр, Малчдын талаар төрөөс барих бодлогын баримт бичгээ үргэлжлүүлээд явья гэдэгт санал нэгдэж байгаа. Орон сууцжуулалтыг хөдөөд түлхүү хийх санал дэмжигдсэн байгаа. Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, асуудлыг давхар шийдье гэвэл хөдөөд орон сууцыг түлхүү барих ёстой. МАН-ын удирдлагын хүлээн зөвшөөрсөн зүйл бол  биднийг удирдлагын түвшинд оруулж ажиллахаар болсон. Бид буцаад эвлэрсэн. Энэ намыг олон түмний итгэлийг хүлээсэн нам байлгах ёстой. Өмнөх удирдлагуудын алдаа олон түмнээсээ хэт тасарсан. Ард иргэдийн хамгийн дургүй байгаа зүйл жагсаалт байгаа. Цэц дээр шийдвэр гарах юм бол бид энийг дэмжинэ. Бие дааж орох уу гэж бодож байсан. Хоёр ч удаа бие даагчдын холбоо, бие даасан нам бүртгүүлэх гэж оролдсон боловч бүртгээгүй. Энэ нь ч нөлөөлсөн байх. Нэг хэсэг нөхөд маань нам байгуулах, өөр нам руу орсон. Бидний хувьд хуучин намын гишүүнчлэлээ сэргээгээд сонгуульд хамтарч оролцох шийдлийг гаргасан” гэлээ.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал яг өнөөдөр нэлээд ээдрээтэй байна. Хоёрхон сарын дараа сонгууль болох гэж байхад намууд оролцох уу, эсвэх үү эвсэхгүй юу гэдэг нь тодорхойгүй байна. Үүнийг дагаад намд итгэх итгэл урьд өмнөхөөсөө унасан. Ийм цаг үед яагаад бие даагчид намд орчихов гэж олон хүн асууж байгаа. Бид хоёрын хувьд МАН-ын гишүүн байсан. Хүний хуучин, дээлийн шинэ гэгч болсон байх. Хоёрдугаарт, намууд үзэл баримтлалаараа ялгаагүй болчихсон боловч цаашдаа улс орныг хүндрэлээс гаргахад боловсон хүчний нөөц чадамж, шинэчлэгдэх байдлаараа МАН бусад намуудыг бодвол арай дөнгүүр гэж хэлж болно. Энэ мэт шалтгаанаар бид МАН-ын гишүүнчлэлээ сэргээж сонгуульд хамтарч ажиллахаар шийдсэн юм. Хэдийгээр бид намд орж байгаа ч гэсэн бидний үзэл бодол огт өөрчлөгдөхгүй. Бид өнгөрсөн дөрвөн жилд байгалийн баялаг, ашигт малтмал, уул уурхайг зөв зүйтэй ашиглая, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлье, баялагаа ард түмний хүртээл болгоё гэсэн дуу хоолойг тодоос тод хэлж ярьж ирсэн. Энэ талаар намуудад хичээл заасан гэж хэлж болно. Магадгүй нам дотор энэ үзэл баримтлалаа улам их болгож, ажиллах болно гэдгээ хэлье” гэлээ.

 

Тэдний хувьд ирэх долоо хоногоос МАН-ын бүлгийн хуралдаа оролцоод явах юм байна.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.26.194.252)

    2016-04-20

    Зурагтаар энэ 2 бие даагч гишүүний яриад сууж байгаа байдал нь үнэхээр өрөвдмөөр царайтай байгаа нь ичмээр байдалтай харагдаж байна лээ.Хөвсгөлчүүдээ наад урвасан шарвасан Даваасүрэнгээ одоо сольж хаях цаг болжээ.

  • zochin (103.57.92.249)

    2016-04-19

    MASH ZUV SHUU. SHUUDAID HIISEN UHERIIN EVER SHIG BAIHUN OROND INGEED EVSEED, NEGDEED YAVBAL BID BUGDEEREE HOJINO.

  • (112.72.11.115)

    2016-04-19

    olgarhudtai temtcene geed baisan yu bolson.

  • МАН ын гишүүн (59.153.112.9)

    2016-04-19

    Бялуу хуваалцахыг хүсээгүй яасан юм...