Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах уу

 

 

       Улс төр бужигнасан өдөр хоногууд өнгөрч, сонгуулийн тухай асуудлууд ар араасаа хөвөрсөөр байна. Манай Улс зургаа дахь удаагийн парламентын сонгуулиа холимог тогтолцоогоор явуулсан. Дэлхийн олон орон сонгуулиа явуулдаг энэ тогтолцоог манайх сайн жишиг, олон улсын хандлага руу явж байна хэмээн хэлэлцэн, маргалдаж байж 2012 оны сонгуулийн өмнө авсан ч ердөө дөрөвхөн жилийн дараа үүнийгээ өөрчлөхөөр маргалдаж, мэтгэлцэж сууна.

 

Тодруулбал, өнгөрсөн 2012 оны сонгуулиар намын жагсаалт гээчийг гаргаж ирэн нам тус бүр 28 хүнийг оруулсан билээ. Үүнээс парламентад авсан саналын тоогоор жагсаалтын түрүүч нь УИХ-д автоматаар орж ирсэн. АН-аас 10, МАН-аас 9, “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслээс 7, ИЗНН-аас 2 гишүүн жагсаалт нэрээрээ парламентад гарч, төрийн түшээ хийж явна.

 

Намын жагсаалт нэрээр халхавч хийн УИХ-д орж ирж байна гэх шүүмжлэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд байнга гарч байсан ч яг өөрчлөх дээрээ тулаад ирэхээр жагсаалтад “дуртай” түшээд олон байх. Үүнийгээ “дэлхий нийтийн чиг хандлага хувь тэнцүүлсэн тогтолцоо руу явж байгаа. Ардчилсан тогтолцоотой дэлхийн 79 орноос 52 нь хувь тэнцүүлсэн, 10 нь холимог, 17 нь можаритар тогтолцоогоор сонгуулиа явуулж байна. Нийгэм олон ургальч, олон өнгөтэй болж байгаа. Олонхийн ардчиллаас зөвшилцлийн ардчилал руу явж байна. Улс төрийн намуудыг хариуцлагажуулах асуудал ч бас бий. Энэ бүхнийг засахгүйгээр дэлхий нийтийн чиг хандлагаас ухарч байгаад харамсч байна” хэмээн байр сууриа илэрхийлэх болжээ.

 

Ерөөс энэ тогтолцоог ярихаас өмнө сонгууль болохоос хоёр сар дутуу байхад Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь манайд улс төрийн соёл, төлөвшил ямар байгааг илтгэж буй юм. Ард түмэн намыг дугуйлахдаа өөрийнхөө итгэл үнэмшлээр шууд сонгож байгаа. Түүнд хэн нэгэн нөлөөлөхгүйгээр дугуйлдаг. Түүний цаана нам өөрөө төлөвших бодлого явуулах ёстой байсан. Тэгж чадаагүйн гай.

 

Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх шатанд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан. Гэсэн ч эвслийн бүлэг хуралдасны эцэст Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэдэг дүгнэлтэд хүрсэн. Хүлээлт үүсгээд байсан “Шударга ёс” эвслийн бүлэг шийдэлд хүрсэн учир одоо Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах уу гэдэг л асуудал болон үлдлээ. Хэрэв энэ асуудлыг хүлээж авбал 28 гишүүнээ, тойргоо яаж хуваарилах вэ гэх асуудал нь энэ долоо хоногт шийдэгдэх юм. 

 

О.Заяа
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • иргэн (139.5.219.140)

    2016-05-02

    ЖАГСААЛТЫН АРД НУУГДАХ, ТОДОРХОЙ ТОЙРОГГҮЙ ЖАГСААЛТ ДОТОР ХҮН ДУГУЙЛАХЫГ АРДТҮМЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ. ЦЭЦ ШИЙДВЭРТЭЭ ТУУШТАЙ БАЙГААРАЙ. АРД ТҮМЭН ЦЭЦИЙН АРД БАЙГАА ШҮҮ.

  • (59.153.114.55)

    2016-05-02

    ЗӨВ ШҮҮ

  • (202.170.82.39)

    2016-05-02

    Тесо бол лаг компани шүү